Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2021/00026   

 

А.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2021/00176 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 4 дүгээр баг, Их булан 7 дугаар гудамж, 3 тоотод оршин суух Х овогт А-н М-ын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух Т овогт Х-ны С-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Х.С /цахим сүлжээгээр/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын материалын үнэ 3.736.000 төгрөг гаргуулах тухай. 

Нэхэмжлэлд: “Миний бие Өлгий сумын 5 дугаар багт байршилтай барилгын материалын худалдааны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг Жигер дэлгүүрийг ажиллуулдаг. Х.С нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт OWL SKY зочид буудал, рестораныг барьж байгуулахад манай барилгын дэлгүүрээс зээлээр барилгын материал авдаг байсан. Тухайн үед барилгын материал авснаас үлдэгдэл 3736000 төгрөг үлдсэн. Хариуцагч Х.С-д зээл олгосноос хойш түүнд боломж олгож өнөөдрийг хүртэл хүлээсэн. Би түүнээс одоо зээлээ шаардах гэхээр миний утсыг авахгүй байна. Иймд Х.С-ээс барилгын материалын үнээс үлдсэн 3736000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: “Би 2016-2018 оны хооронд барилга барих явцад А.М-аас зээлээр барилгын материал авч байсан нь үнэн. Тухайн үед авсан бараа материалыг бичүүлээд бөөгнөрүүлж байгаад өгч байсан ба барилга барьж байсан ажилчдаас ирж бичүүлээд гарын үсэг зураад авч байсан. 

Нэлээн их мөнгө төлсний дараа НӨАТ-ын баримт өгөхийг шаардсан боловч дараа өгнө гэж нэг ч удаа НӨАТ-ын баримт өгөөгүй. Би өөрийн тооцоолж байснаар 20,000,000 /хорин сая /төгрөгийн бараа аваад 18,000,000 /арван найман сая/ төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг НӨАТ-ын баримт өгсөн тохиолдолд өгнө гэсээр зөндөө хугацаа өнгөрсөн. Тухайн үед би барилгын материал авсан ажилчдаас падаан бичээд гарын үсэг зуруулан 1 хувийг надад олгох талаар хэлж байсан ч падаан өгөөгүй зарим ажиллаж байсан ажилчид хэн дуртай нь гарын үсэг зураад авч байсан байна. Би 2020 оны 10 дугаар сарын 20-нд аймгийн татварын хэлтэст А.М-ын нөхөр М.Таттинбекийн нэр  дээр НӨАТ-ын баримтаа нөхүүлэн гаргуулах талаар гомдол гаргасан ба НӨАТ-ын баримт олгоогүй нь нотлогдсон боловч Зөрчлийн тухай хуулийн  1.1.5-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх өнгөрсөн учир миний гомдлыг хүлээж авахаас татгалзсан хариу өгсөн. Иймд А.М нь миний авсан барилгын материалаас зарим буцааж өгсөн барилгын материалын үнэ, надаас герман улсад захиалж авхуулсан гутлын үнэ, мөн сантехникийн ажил хийж байсан  Мухтарын авсан бараа материалын үнэ зэргийг тус тус хасаж үлдэгдэл мөнгийг үнэн мөнөөр нь  нэхэмжлэх ба миний урьд төлсөн мөнгөн дүнд НӨАТ-ын баримтаа олгосны дараа би үлдэгдэл мөнгийг төлөх болно.

А.М-аас авч байсан барилгын материалын жагсаалтын бүгдийг нь нэмж шалгасан ба нийт үнийн дүн нь  21277750 /хорин нэг сая хоёр зуун далан долоон мянга долоон зуун тавин/ төгрөг гарсан. Үүнээс Мухтарын авсан монгол утас 260,000 хоёр удаа давхардсан, Мухтар хувиараа авсан 1.177.000 төгрөгийн материал,  өөртөө захиалгаар авсан 150,000 төгрөг, 600,000 төгрөгийг төмөр хавтанг буцааж өгч байсан. Нийт 2187300 төгрөгийг нэхэмжилсэн үнээсээ хасаж нэхэмжилнэ үү” гэжээ.   

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2021/00176 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан  хариуцагч Х.С-ээс  барилгын материалын үнээс үлдсэн  3382000 /гурван сая гурван зуун наян хоёр мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгож, илүү нэхэмжилсэн 354000 /гурван зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид  69062 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бус, бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч А.М нь тухайн үед миний худалдан авалт хийсэн үнийн  дүнд НӨАТ-ын буцаан олгоогүй учраас би үлдэгдэл мөнгийг төлөөгүй.

Мөн миний өмнөөс өөр хүн буюу Мухтар хувьдаа худалдан авалт хийж, үнийг нь бэлнээр төлснийг давхар нэхэмжилсэн, буцаасан барилгын материалын үнийг нь хасаж нэхэмжлээгүй, өөрөө хувьдаа гутал захиалан аваад тооцоо хийгээгүй зэрэг хууль бус асуудлуудад гомдолтой байна. Би одоогоор Улаанбаатарт хотод хөлөө гэмтээж, гипстүүлснээс болж явах боломжгүй, эмчилгээ хийлгэж байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлынхоо хууль зүйн үндэслэлийг цаашид дэлгэрэнгүй тайлбарлан тайлбар гаргах болно. Анхан шатны шүүх хуралдаанд Улаанбаатар хотоос онлайнаар оролцсон учир хурлын явцын зарим үг яриаг сайн сонсоогүйн улмаас ойлгоогүй байж магадгүй. Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Х.С-д холбогдуулан барилгын материалын үнээс үлдсэн 3.736.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч А.М-аас хариуцагч Х.С нь 2016 оны 5 дугаар сарын 21-ээс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг  хүртэл хугацаанд зочид буудлын зориулалтаар барилга барихад зориулж барилгын материал худалдан авдаг байсан нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн хувийн тэмдэглэлийн дэвтэр, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” 15 дугаартай тогтоол, гэрч С.Мухтарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа хэмээн зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нийт 3.382.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэхдээ хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүсэж, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дууссан гэж үзэхээр байгаа боловч хэргийн 14 дэх талд авагдсан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” 15 дугаартай тогтоол болон хариуцагч болон нэхэмжлэгчийн өр төлбөрөө байнга нэхэмжилж байсан гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар “хариуцагч бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэж, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “Ауез С” гэж бичигдсэн тэмдэглэлийн дэвтэрт 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдөр  хүртэл хугацаанд нийт 22.236.000  (462000 + 562900 + 315600 + 2571200 + 3253600 + 849400 + 441900 + 504300 + 888300 + 1075000 +  670500 + 409000 + 1277800 + 177600 + 521000 + 1077800 + 254800 + 330700 + 513800 + 2315100 + 779200 + 303800 + 187050 + 553500 + 817000 + 467850 + 272500 + 204000 + 178800) төгрөгийн барилгын материал хариуцагч авснаас 18.500.000 (арван найман сая таван зуун мянган) төгрөгийг төлсөн тухай бичилт хийгдэж, 3.382.000 / гурван сая гурван зуун наян хоёр мянга / төгрөгийг Х.С нь нэхэмжлэгчид төлөх төлбөртэй болох нь тогтоогджээ.

Мөн тус тэмдэглэлийн дэвтэрт гэрч С.Мухтарын авсан 354.000 төгрөгийн барааг тэрээр хувьдаа авч байсан тухай бичилт болон нэхэмжлэгч, хариуцагч, гэрч С.Мухтар нарын шүүхэд гаргасан тайлбараар дээр дурдсан хугацаанд нийт 22.236.000 /хорин хоёр сая хоёр зуун гучин зургаан мянган / төгрөгийн барилгын материал авсан нь нотлогдож байгаа тул шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хувийн тэмдэглэлийн дэвтрийг зохигчийн тайлбаруудтай харьцуулан үнэлж, хариуцагч Х.С нь нэхэмжлэгчид 3.382.000 / гурван сая гурван зуун наян хоёр мянга / төгрөгийг барааны үнийн төлбөртэй нь нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нотлох баримтад тулгуурласан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 69.062 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2021/00176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.062 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

                       

С.ӨМИРБЕК