| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0041/Э |
| Дугаар | 00041 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 00041
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Б.Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Б. Б т холбогдох эрүүгийн 1715002590021 дугаартай, 163/2018/0041/Э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 3, эх Чойжилын Долгорсүрэн, 5 настай хүү Б ын Баярбаясгалан нарын хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бовогт Б Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Ууганбаатарын толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байхад Ууганбаатар, Жанлав-Ойдов 2 манайд ирж архи уусан. Тэгээд хоорондоо зодолдоод гэр орон нураачих гээд байхаар нь гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд гадаа гараад дахиад дээр, доороо ороод зодолдоод байхаар нь салгах гэтэл Ууганбаатар чамайг ална гээд хутга бариад дайрсан. Тэгээд би арагшаа ухарч байгаад хөлд мод таарахаар нь тэр модыг аваад толгой руу нь цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
1715002590021 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Р.Ууганбаатарын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын төвд Б.М, Р.Г бид гурав 5 литр пиво хувааж уусан. Д.Жруу залгахад Б.Б ын гэрт байна гэхээр нь Б.М бид хоёр очсон. Б.Б , Д.Ж нар архи уугаад сууж байсан. Ингээд бид хамт архи уугаад байж байтал Д.Ж над руу юунаас болсыг нь мэдэхгүй агсарч байгаад намайг алгадсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа дахин намайг алгадахаар нь Б.Б ын гэрт зодолдсон. Ингэж зодолдохдоо Б.Б ын гэрийг буулгасан. Энэ үед Б.Б уурлаад миний толгой руу гараараа цохьсон. Ингээд гэрээс нь гарсан чинь Д.Ж , Б.Б хоёр миний хоёр талаас дайраад байхаар нь гэр лүү нь зугтааж орсон. Түүний гэрт ороход хонь хариулж байсан ах хутга бариад зогсож байхаар нь хутгыг нь авч Б.Б , Д.Ж нарыг айлгах гэж оролдсон. Энэ үед Б.Б 1 мерт орчим бургасан модоор толгой руу нэг удаа цохьсон..., бүгд л согтуу байсан. Харин Б.Б гайгүй байх шиг байсан. Б.Бүүтэйбаатар малын хашааны шон модоор хойд талаас нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Тухайн гэмт хэрэг болохоос өмнө 2 хүнтэй 2.5 литрийн савтай 2 ширхэг уусан байсан. Б.Б ын гэрт очиж архинаас 1-2 хундага уусан. Болсон үйл явдлыг бүгдийг мэдэж байна. Хохирол төлбөрийг барагдуулчихвал Б.Б т ямар нэгэн гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-17 хуудас/,
Гэрч Р.Г ын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сумын төв дээр Б.М бид хоёр миний мотоцикльтой адуундаа явах гэж байтал Р.У бага зэрэг архи уусан байдалтай мотоцикль унаад явж байхад нь тааралдсан. Бид гурав 2.5 литрийн 2 ширхэг пиво дэлгүүрээс авч уусан. Дахиад дэлгүүр ороход Д.Ж бага зэрэг согтуу байсан ба Р.У түүнтэй ярилцсан. Үүний дараа Д.Ж явсан бөгөөд удалгүй араас нь Б.М миний утсаар Д.Ж руу залгаад хаана байгааг нь асуугаад байсан. Харин би гэр рүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Гэрч Б.М өгсөн: 2017 оны 12 дугар сарын 16-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын төвд Р.Г той хамт явж байсан чинь Р.Ууганбаатартай тааралдсан. Ингээд бид гурав 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво хоёрыг дэлгүүрээс авч сумын төвөөс гарч уусан. Бид дэлгүүрээс авсан пивоо ууж дуусчихаад буцаад сумын төв орсон чинь Д.Ж той дэлгүүрийн үүдэнд тааралдсан. Д.Ж Р.Ууганбаатарт 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч өгсөн бөгөөд өөрөө биднээс салаад явсан. Үүний дараа Р.У Д.Ж руу залгаж хаана байгааг нь асуухад Б.Б ын гэрт байна гэж хэлсэн. Б.Б ын гэрт очиход 0.75 литрийн Ерөөл нэртэй архи уугаад дуусах үед Д.Ж Р.У руу агсарч эхэлсэн. Д.Ж агсарч байгаад Р.Ууганбаатарыг хоёр ч удаа алгадсан. Үүний дараа Р.У Д.Ж ыг нэг удаа цохьсон. Энэ үед Д.Ж Б.Б ын гэрт байсан бурхан тахил болон бусад эд зүйлийг нураагаад газарт унагаачихсан. Ингээд Б бид хоёр тэр хоёрыг салгаад хоёр талдаа суулгаад байж байтал Жанлав-Ойдов дахин Ууганбаатарт хандаж “чи намайг цохидог хэн бэ” гээд агсарч эхэлсэн. Энэ үед Ууганбаатар нь Жанлав-Ойдовыг сууж байсан сандалаараа нуруунд нь цохиод авсан. Энэ үед нь би сандлыг нь булааж аваад салгах гэсэн боловч дийлдэхгүй болохоор нь та хоёр гэрээс гарч зодолд гээд Б бид хоёр гэрээс гаргасан. Араас нь Б бид хоёр гартал Жанлав-Ойдов нь Ууганбаатарын доор нь орчихсон зодуулж байсан. Энэ үед Б нь Ууганбаатар дээр очоод Ууганбаатарыг гараараа нэг удаа цохиж аваад салгах гэж оролдсон чинь өөдөөс нь Ууганбаатар агсарч эхэлсэн бөгөөд Б ыг зодох гэж байна гэж ойлгоод Ууганбаатар тэр хоёр дээр доороо ороод ноцолдож эхэлсэн. Энэ үед миний бие тэр хоёр дээр очоод салгах үед Ууганбаатар гэр лүү гүйн орж хаалга татах шиг л болсноо хутга аваад гараад ирсэн. Тэгээд л “та нарыг ална” гэж хэлээд Б луу дайрсан энэ үед Б түүнээс зугтааж арагшаа хэд алхаад газарт байсан 1 м орчим урттай гарын шуу хэрийн мод аваад Ууганбаатарын толгой руу цохиод авсан...,Р.У зугтаад явсан. Б.Б архи уусан байсан. Гэхдээ нэг их согтуу байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,
Гэрч Ш.Б өгсөн:...Р.У, Д.Ж нар маргалдаж эхэлсэн бөгөөд дараа нь хоорондоо зодолдсон. Б.Б ын гэрийн хамаг эд хогшил, бурхан тахил, ширээ, сандал болон бусад эд зүйл эмх цэгцээ алдсан..., тэгээд тэд гэрээс гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Д.Ж ын өгсөн: ... Р.У Б.Б тай маргалдаад барьцалдаад авсан...,Р.У Б.Б ыг “ална” гэх шиг болсон. Тэгэхээр нь би орилоод гэрээс гарсан чинь Р.У зугтаагаад явсан. Бид нар гэрт ороод нураасан эд зүйлийг янзлаад байж байтал Р.У гаднаас орж ирсэн бөгөөд толгой хагарсан юм шиг байна гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Р.Ууганбаатарын биед хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 27-28 хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7 хуудас/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 33-35 хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 58 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Ууганбаатарын толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт буюу үйл баримт нотлогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн... Ууганбаатар чамайг ална гээд хутга бариад дайрсан. Тэгээд би арагшаа ухарч байгаад хөлд мод таарахаар нь тэр модыг аваад толгой руу нь цохьсон гэх, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Р.У...Б.Б , Д.Ж нарыг айлгах гэж оролдсон. Энэ үед Б.Б 1 мерт орчим бургасан модоор толгой руу нэг удаа цохьсон гэх, гэрч Б.Мөнх-Эрдэний...өөдөөс нь Ууганбаатар агсарч эхэлсэн..., Б ыг зодох гэж байна гэж ойлгоод Ууганбаатар тэр хоёр дээр доороо ороод ноцолдож эхэлсэн...,Ууганбаатар гэр лүү гүйн орж хаалга татах шиг л болсноо хутга аваад гараад ирсэн..., тэгээд “та нарыг ална” гэж хэлээд Б луу дайрсан..., 1 м орчим урттай гарын шуу хэрийн мод аваад Ууганбаатарын толгой руу цохиод авсан гэх, гэрч Д.Ж ын...Р.У Б.Б ыг “ална” гэх шиг болсон. Тэгэхээр нь би орилоод гэрээс гарсан чинь Р.У зугтаагаад явсан. Бид нар гэрт ороод нураасан эд зүйлийг янзлаад байж байтал Р.У гаднаас орж ирсэн бөгөөд толгой хагарсан юм шиг байна гэсэн гэх мэдүүлэг, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтээр...Р.Ууганбаатарын биед хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогч Ууганбаатар шүүгдэгчийг “ална” гэж хутга барин дайрсан болох нь хавтас хэрэгт авагдсан гэрч Б.Мөнх-Эрдэний мэдүүлэгээр нотлогддог. Үүнээс үзэхэд шүүгдэгч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар...”амьд явах эрхтэй” гэж зааснаар уг эрхээ эдлэхийн тулд өөрт тулгарсан довлогооны эсрэг өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн байх ба энэ нь аргагүй хамгаалалтын шинжтэй байна гэж мэтгэлцэж байгаа хэдий ч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М , Д.Ж нарын мэдүүлэгүүд, Булган аймгийн Шүүх Шинжилгээний албаны 2018.01.09-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтээр...2017.12.17-ны MED TRAUMA эмнэлэгийн КТГ-н шинжилгээнд: Баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнд гадна хэсэгт 1,6х1,3х1,9 см хэмжээтэй тархины эдийн цус хуралт няцралын зонтой..., тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэж бичигдсэн зэргээс дүгнэхэд Б.Б т холбогдох хэргийг хэлэлцээд тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн тогтоосон, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Б.Б т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэхь хэсэгүүдэд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч нь …”Б ын өөдөөс Ууганбаатар агсарч эхэлсэн..., хутга аваад гарч ирээд та нарыг ална гэж хэлээд Б луу дайрч эхэлсэн...гэх мэдүүлэгээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан зүй бус байдал гаргасан болох нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгээр нотлогддог.
Хэдийгээр шүүгдэгч нь Б.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч шүүгдэгийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал /хх 41-45 хуудас/ зэргийг харгалзан хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг төлсөн ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай хар иштэй хутга нэг ширхэг, 97 см урттай, 3 см өргөнтэй мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б овогт Б. Б ыг мөн хулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 2018 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг, 11 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сард 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 2.000.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сард 2.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сард 2.000.000 төгрөгийг тус тус хэсэгчлэн 3 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай хар иштэй хутга 1 ширхэг, 97 см урттай, 3 см өргөнтэй мод 1 ширхэгийг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.500.000 төгрөг төлсөн, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН