Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/022

 

 

*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, хянан шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2314000000242 тоот хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ...... багт оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, ******* овогтой *******гийн *******, /РД:******* /,

Шүүгдэгч Р.******* нь согтуурсан үедээ “...2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ иргэн *******тай үл ялих зүйлээр буюу “чиний адуу ирэх жилийн 100 жилийн ойгоор хасагдана” гэж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед гараараа нүүрэн тус газарт цохиж, мөн хөрөөгөөр нуруу хэсэгт нэг удаа, толгой хэсэгт хоёр удаа, гар луу нь нэг удаа тус тус цохиж, *******гийн биед дагзны хуйх, зүүн шууны шарх, зүүн бугалга, дал, нуруу, зүүн чихний зулгаралт, баруун гуяны цус хуралт буюу олон тооны шарх, гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогтой *******гийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч ******* овогтой *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 2.692.892 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 1.874.000 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хохирогч ******* нь шүүхэд хандан 3,900,000 төгрөгний хохирол учирсан талаар дурдсан боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.    Харин шүүгдэгч ******* нь хохирогчид эмчилгээний зардалд зориулж 1,207,108 төгрөгийг төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Хохирогч ******* нь гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн зардлыг ЭМДС аас 1,874,000 төгрөг гаргасан болох нь иргэний хариуцагчийн нэхэмжлэлээр тогтоогддог. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хохирогч талаас нотлох баримтаа гаргаж өгөхийг шаардсан ба хохирогч нь энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Мөн хохирогчийг ямар эмчийн дүгнэлтээр, ямар газар эмчлүүлсэн, энэ эмчилгээ нь зайлшгүй шаардлагатай байсан эсэх талаар баримт гаргаагүй байхад хохирол гаргуулсан нь энэ хэсэгт дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр үндэслэл муутай болсон гэж үзэхээр байна.

******* нь хохирогч *******д эмчилгээний зардалд 1,207,108 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 1,874,000 төгрөг төлөхөөр болсон нийтдээ 3,081,108 төгрөгийг төлөхөөр болсон.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар хохиролд 2,692,892 төгрөгийг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү..гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.*******д анхан шатын шүүхээс торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршиг, хувийн байдалд тохирсон.

Харин анхан шатны шүүхээс хохирол 2,692,892 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй.. гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар хохиролд 2,692,892 төгрөгийг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү..гэв.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах гомдолд үндэслэн хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Р.******* нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ иргэн *******тай үл ялих зүйлээр буюу “чиний адуу ирэх жилийн 100 жилийн ойгоор хасагдана” гэж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед гараараа нүүрэн тус газарт цохиж, мөн хөрөөгөөр нуруу хэсэгт нэг удаа, толгой хэсэгт хоёр удаа, гар луу нь нэг удаа тус тус цохиж, *******гийн биед дагзны хуйх, зүүн шууны шарх, зүүн бугалга, дал, нуруу, зүүн чихний зулгаралт, баруун гуяны цус хуралт буюу олон тооны шарх, гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд

Хавтаст хэргийн 7-8 дугаар талд авагдсан ... Би тухайн үед юунаас болж маргалдаад яагаад намайг зодсон талаар санахгүй байна, согтуу байсан болохоор. Бид хоёр хоорондоо урьд өмнө ямар нэгэн зүйл дээр маргалдаж маргаан хийж байгаагүй. Хөрөөгөөр миний толгой болон гарын шуу болох зүүн хөлний гуя хэсэгт хөхөрсөн байсан. Миний толгой хэсэгт 4 оёдол, гарын шуу хэсэгт 8 оёдол тавьсан байгаа. Хуулийн дагуу ямар нэгэн арга хэмжээ байдаг юм тэр арга хэжээг нь авахуулмаар байна...” гэх хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан “... ******* ахын эхнэр Цэцэгмаа эгч над руу залгаад танай нөхөр манай нөхөр хоорондоо маргалдаад зодоон хийгээд байна гэж над руу залгасан тэгээд би мал руугаа явж эргүүлчхээд гэртээ иртэл Жамбалбавуу ахын эхнэр Лхагва утсаар залгаад Энхтайван хүнд зодуулсан манай гэрт гүйгээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд би машинаа унаад Жамбалбавуу ахын гэрт очоод цусыг нь тогтоох гээд бараагүй тэгэхээр нь Лхагва эгчийн хамт сумын төв рүү эмнэлэг дээр ирсэн...” гэх гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 25-26 дугаар талд авагдсан “... ******* нь манай нөхөр Энхтайваныг гартаа нэг юм барьчихсан зодож байсан тэгэхээр нь би дундуур нь ороод хөрөөг нь булаагаад авсан. Намайг булааж авахад хөрөөний иш салаад ойчсон, тэгээд би нөхрөө чи хүн алчихлаа гэсэн чинь манай нөхөр ухаан орж байгаа бололтой хойшоо суугаад Энхтайван мотоциклио унаад зугтаад гэр лүүгээ явсан тухайн үед гэртээ очоогүй Жамбалбавуугийн гэрт очсон байсан тэгээд тэд нар эмнэлэгт хүргэсэн байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 29-30 дугаар талд авагдсан “... Энхтайван явах гээд гэрээс гарсан тэгснээ гэрийн гадаа Энхтайван та нар намайг зодчихлоо дахиад зод гээд байсан, тэгсэн ******* гараад явсан араас нь Цэцэгмаа гарснаа удалгүй “чи хүн алчихлаа” гэж Цэцэгмаа орилсон тэгээд би гэрээс гарахад Энхтайвангийн толгойноос нь цус гоожсон мөн гараас цус гоожсон байдалтай байсан тэгэхээр нь би Цэцэгмаагийн хамт хөрөөг нь булааж авсан Энхтайван манайх руу гүйгээд явсан байсан тэндээс өөрийнх нь эхнэр Одсүрэн ирээд сумын эмнэлэг рүү манай эхнэрийн хамт аваад явсан байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 61-63 дугаар талд авагдсан “... “танайх юутай байсан юм бэ” гээд орилоод гараад ир гэсэн тэгэхээр би гэрийн үүдний унинд байсан хөрөөг аваад айлгах санаатай аваад гарсан чинь намайг зүүн талын чих рүү цохисон тэгэхээр нь би барьж байсан хөрөөгөөрөө цохисон тухайн үед харанхуй байсан болохоор хэдэн удаа цохисноор санахгүй байна тэгээд манай эхнэр чи хүн алчихлаа ш дээ гээд бид хоёрыг салгасан Энхтайван яваад өгсөн. Бид гурав нийтдээ дөрвөн литр монгол архи уусан байсан...” гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 42-44 дүгээр талд авагдсан “... Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 451 дугаартай шинжээчийн... *******гийн биед дагзны хуйх, зүүн шууны шарх, зүүн бугалга, дал, нуруу, зүүн чихний зулгаралт, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ир үзүүртэй хүчин зүйлийн 7 удаа, мохоо хүчин зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “…Прокуророос *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон…” нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал гэдэгт хүний биед гэмтэл учруулах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн зэрэг обьектив талын шинж байх бөгөөд эдгээр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон” .. нөхцөлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульд тусгасан.

Хэдийгээр шүүгдэгч *******гийн үйлдлээс шалтгаалж хохирогч *******ы биед олон тооны шарх гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа ч гагцхүү энэхүү гэмтэл шархыг учруулсан шалтгаан нөхцөл, сэдэлт, арга зэрэг нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шалгуур шинж болохыг анхаарах нь чухал бөгөөд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох  ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******аас “...Анхан шатны шүүх *******гаас  2,692,892 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтанд үндэслээгүй, үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох..” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд анхан шатны шүүх хохирогч *******ы эмчилгээний төлбөр, зардалд 2,692,892 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тодорхой тайлбарлаагүй, нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд үндэслээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно… гэснээс үзвэл шүүх иргэний нэхэмжлэлийг хангах эсэхийг шийдвэрлэхдээ “түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдал”ыг харгалзан үзэхийг заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрт 2,692,892 төгрөгийн хохирол учирсан тухай тайлбарлаж, нэхэмжилж байгаагаа илэрхийлж байх ч холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй байхад 2,692,892 төгрөгийг *******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин ******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх болон бусад хохирол, зардал нэхэмжлэх шаардлагатай гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдав.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын хохирол гаргуулсан хэсэгт өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 2.692.892 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 1.874.000 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...гэснийг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 1.874.000 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай....гэж өөрчилсүгэй. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ы нэхэмжлэлээс 2,692,892 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож, цаашид эмчилгээ хийлгэх болон бусад хохирол, зардал нэхэмжлэх шаардлагатай гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гомдлыг хангасугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

           

 

 ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Л.НЯМДОРЖ