Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 619

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий нарыг оролцуулан иргэн Я.М*******гийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: Я*******ны М*******

 

Хариуцагч: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Хуульчдын гудамж 13-1 

Нэхэмжлэлийн шаардлага: 2001 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулахгүй, 2006 оны 9 дүгээр сараас хойших тэтгэврийн зөрүүг нөхөн олгохгүй байгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцон 2009 оны 6 дугаар сараас хойших тэтгэврийн зөрүүг нөхөн олгохыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Я.М******* 1950 онд төрсөн бөгөөд 1973 оноос 2010 он хүртэл ерөнхий боловсролын сургуульд багшаар тасралтгүй 37 ажилласан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2001 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд тэтгэвэр тогтоолгосноос хойш буюу 2001-2006 онд “Т*******” сургуульд, 2006-2010 онд ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар ажиллаж, ажлаа үргэлжлүүлэн хийсэн.

2016 оны 01 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргахад 2006-2009 онд 2 дугаар сургуульд ажилласан хугацаагаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцуулан тэтгэврээ шинээр тогтоолгосон боловч “Т*******” сургуульд багшаар ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд тооцуулан тэтгэврээ тогтоолгож чадсангүй.

Нийгмийн даатгалын хэлтэс 2001 онд миний тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно” гэсний дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 26 жилийг харгалзан тогтоожээ. 

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан 5 жил 3 сарын (2001-2006 он) хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан дахин тэтгэврээ тогтоолгох, өнгөрсөн хугацаанд авах ёстой байсан тэтгэврийн зөрүүг нөхөн гаргуулах хүсэлтэй байна.

Ажилласан жил нэмэгдүүлэх тухай өргөдлөө 2006 болон 2009, 2012 онуудад Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж байсан бөгөөд тэтгэврийг нэмсэн байх гэж бодож явтал нэмээгүй болохыг 2015 оны 8 дугаар сарын 26-нд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Улаанбаатар хотын ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн хувийн хэргээ шилжүүлэн авчрахдаа мэдсэн. Улмаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргасан боловч дарга тамгаа аваад явсан гэсэн шалтгаанаар хариу өгөөгүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргахад улсын байцаагчаас “Таны өргөдөлд дурдсан асуудал нь орон нутагт хамаарахгүй нэг сангаас олгогддог тул манай байгууллагаас таны асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн тайлбар хийж “Т*******” сургуульд ажилласан 3 жил 7 сарыг хугацааг нийгмийн даатгалын шимтгэлд оруулан тооцож тэтгэврийг маань нэмэгдүүлэх бичгийг 2016 оны 1 дүгээр сард ******* дүүргийн тэтгэврийн байцаагчид хүргүүлсэн боловч үлдэх 1 жил 6 сарын хугацааг тус хугацаанд оруулсангүй.

Улмаар ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын гомдлын шаардлагын зөвлөлд тус тус гомдол гаргасан ба хамгийн сүүлд Нийгмийн даатгалын өрөнхий газраас 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Тэтгэврийн нэмэгдлийг тэтгэврийн даатгалын сангаас нөхөн олгох боломжгүй байна” хэмээн татгалзсан хариу өгсөн болно. Хэрвээ энэ хэвээрээ үлдвэл нэхэмжлэгч миний бие 2001 оноос 2006 онд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл надад үр ашгаа өгөхгүй бөгөөд “НИЙГМИЙН ДААТГАЛ”-ын иргэний нийгмийн баталгааг хангах зорилго хэрэгжихээргүй нөхцөл бүрдээд байна.

Иймд миний бие тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байсан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохгүй, 2006 оноос хойших тэтгэврийн зөрүүг нөхөн олгохгүй байгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасан шийдвэр гаргуулахаар мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан журмын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 3 дахь хэсэгт “нийгмийн даатгалын сан” гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг” гэж тодорхойлсон бөгөөд улсын хэмжээнд төвлөрсөн мөнгөн хөрөнгө бүхий нэг л нийгмийн даатгалын сан байх юм. Тус нийгмийн даатгалын сангаас тооцож нөхөн олговор олгох асуудал Нийгмийн даатгалын ерөнхий газрын эрх хэмжээнд хамаарах тул тус байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* дүүргийн 20 дугаар хорооны иргэн Я.М*******гаас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан “2001 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулаагүй, 2016 оны 09 дүгээр сараас хойших тэтгэврийн зөрүүг нөхөн олгохгүй байгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, 2009 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүүг нөхөн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Я.М******* нь анх 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт тэтгэврээ тогтоолгосон ба ******* дүүргийн 20 дугаар хороонд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шилжин ирсэн бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэврээ үргэлжлүүлэн авч байна. Шилжин ирэхэд нийт ажилласан жил 31 жил З сар байсан ба хувийн хэргийн тэмдэглэлд Баянхонгор аймгийн улсын байцаагч Н.Б******* нь тэтгэвэр авагчийн 2009 онд өгсөн өргөдлийг нягтлан үзээд 2001-2005 онд түүний ажиллаж байсан “Т*******” сургууль Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй өртэй улмаас хүчингүй болгосон байсан тул ажилласан жилийн нэмэгдэл хийхгүй гэсэн тайлбар хийжээ. Тус байцаагчтай утсаар холбогдон лавлахад байгууллага нь Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй шүүхээр шийдвэрлүүлсэн тул ажилласан жилийг тооцох боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Тэтгэвэр авагч Я.М******* нь ажилласан жилээ нэмэгдүүлэх хүсэлтээ 2016 оны 01 дүгээр сарын 13-нд Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргасан ба Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн лавлагааг үндэслэн холбогдох хариуг өгч байсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-аас хойш хүлээж авсан бол дараа сарын 01-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно гэсэн заалтыг үндэслэн ажилласан 5 жилийн хугацааг нэмж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн нэмэгдлийг олгож байна. Я.М*******гийн улсад ажилласан нийт хугацаа нь 36 жил 3 сар болсон. 

Иймд Я.М*******гийн нэхэмжлэлд дурдсан “2001 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулаагүй, 2016 оны 9 дүгээр сараас хойших тэтгэврийн зөрүүг нөхөн олгохгүй байгаа...” гэсэн шаардлага үндэслэлгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.М******* нь 27 жил, 3 сар, 28 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлж, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр анх тэтгэвэр тогтоолгосон байна. Үүнээс хойш тэрээр 2001 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд “Т*******” дунд сургуульд 5 жил, 3 сарын турш, 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2011 оны 02 дугаар сарын хооронд “Номгон” ахлах сургуульд 4 жил, 6 сарын турш тус тус ажиллаж, анх тэтгэвэр тогтоолгосноосоо хойш нийт 9 жил 9 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хууль, журмын дагуу төлж байсан байна. Тэрээр 2016 оны 01 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж 2006-2009 онд Номгон ахлах сургуульд ажилласан хугацаагаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцуулан тэтгэврээ шинээр тогтоолгосон боловч “Т*******” сургуульд багшаар ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд бүрэн тооцуулан тэтгэврээ тогтоолгож чадаагүй гэх үндэслэлээр шүүхэд маргаж, нэхэмжлэл гаргасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно”, 5 дугаар зүйлийн 2-т “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Я.М******* нь дээрх 9 жил 9 сарын хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцуулан, тэтгэврээ шинэчлэн тогтоолгох эрхтэй юм. 

Нэхэмжлэгч Я.М******* нь ажилласан хугацаагаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаанд тооцуулж, тэтгэврээ шинэчлэн тогтоолгуулахаар хүсэлтээ дараах байдлаар гаргаж, шийдвэрлүүлж байсан байна. Үүнд:

Нэгдүгээрт. 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчид хүсэлт гаргахад нийгмийн даатгалын хэлтэс 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 2 жилээр нэмэгдүүлэн тэтгэврийг шинэчлэн тогтоосон байна. Энэхүү хүсэлтийг гаргах үед Я.М******* нь 2001 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 8 жил 5 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхад тус хугацааг 2 жилээр нэмэгдүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

Хоёрдугаарт. 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчид хүсэлт гаргахад нийгмийн даатгалын хэлтэс 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дахин 2 жилээр нэмэгдүүлэн тэтгэврийг шинэчлэн тогтоосон байна. Энэхүү хүсэлтийг гаргах үед Я.М******* нь 2001 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 02 дугаар сарыг хүртэл 9 жил 9 сарын хугацаанд (үүнээс 2 жилийг нь 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцон нэмэгдүүлсэн) нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхад тус хугацааг дахин 2 жилээр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна. 

Гуравдугаарт. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус хүсэлт гаргахад нийгмийн даатгалын хэлтэс 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэрлэж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 5 жилээр нэмэгдүүлэн тэтгэврийг шинэчлэн тогтоосон байна. Энэхүү хүсэлтийг гаргах үед Я.М******* нь 9 жил 9 сарын хугацаанд (үүнээс 4 жилийг нь 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцон нэмэгдүүлсэн) нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхад тус хугацааг 5 жилээр нэмэгдүүлсэн нь мөн үндэслэлгүй шийдвэр болжээ. 

Дээрхээс дүгнэхэд иргэн Я.М******* нь улсад 37 жил 28 хоног ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 36 жил, 3 сар, 27 хоногоор тооцсон болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд дутуу тооцсон 9 сарын хугацааг шимтгэл төлсөн хугацаанд тооцон тэтгэврийг шинэчлэн тогтоох нь зүйтэй байна. 

Мөн иргэн Я.М******* 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа нэмүүлэхээр хүсэлт гаргах бүрт нийгмийн даатгалын хэлтэс шимтгэл төлөгчийн эрхийг зөрчиж, шимтгэл төлсөн хугацааг бүрэн тооцож нэмэгдүүлээгүй байна. Хэрэв анх хүсэлт гаргах үед 8 жил, 5 сарын хугацаагаар, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гаргах үед үлдэх 1 жил 4 сарын хугацаагаар (нийт 9 жил 9 сарын хугацаагаар) шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлсэн бол нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байжээ. 

Тодруулбал дээрх байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтэд дурдсанаар ажилласан жилийн нэмэгдлийг тооцуулж, тэтгэвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүссэнийг анхааралгүйгээр 2016 онд дээрх хүсэлтийг анх удаа гаргаж байгаа мэтээр ойлгож асуудлыг шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д “тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно” гэж тус тус заасанд нийцээгүй байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газар 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойших нэхэмжлэгч Я.М*******гийн авах ёстой байсан тэтгэврийн зөрүүг нөхөн олгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх нь зүйтэй байна. 

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот “Авлагын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор батлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн найдваргүйд тооцон хүчингүй болгож данс бүртгэлээс хасах авлагын жагсаалтад “...2007 онд ... татан буугдсан “Т*******” ХХК-ийн 2006 онд үүссэн 1,832,945.00 төгрөгийн...” шимтгэлийн авлагыг найдваргүйд тооцож хүчингүй болгожээ. 

Баянхонгор аймгийн “Т*******” сургууль хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн сургуульд төлж байсан шимтгэл нь нийгмийн даатгалын санд ороогүй, тухайн компани татан буугдсан гэх үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш бөгөөд түүний тэтгэврийн нэмэгдлээ шинэчлэн тооцуулах эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл “Т*******” ХХК-ийн 2001-2006 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажиллаж байсан даатгуулагчдад хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тооцсон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хууль зөрчсөн үйлдэлд нэхэмжлэгч Я.М*******г буруутгах, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх ёсгүй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа “нэхэмжлэгч ажилласан жил нэмэгдүүлэх тухай өргөдлөө 2009, 2012 онуудад Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж байсан бөгөөд тэтгэврийг нэмсэн байх гэж бодож явтал нэмээгүй болохыг 2015 оны 8 дугаар сарын 26-нд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Улаанбаатар хотын ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн хувийн хэргээ шилжүүлэн авч ирэхдээ мэдсэн. Учир нь тэтгэврийн карт банкинд нээлгэсэн байсан тул тухай бүрт яг хэдэн төгрөг олгогдож байгааг мэдэхгүй байсан...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 3 дах хэсэгт “нийгмийн даатгалын сан” гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг” гэж тодорхойлсон бөгөөд улсын хэмжээнд төвлөрсөн нэг нийгмийн даатгалын сан байдаг тул нэхэмжлэгчийн 2001 оноос хойш ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, 2009 оноос хойших тэтгэврийн зөрүүг нөхөн олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. 

Хариуцагчийн тайлбарт дурдсанаар 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчээс хүсэлт гаргасны дагуу тэтгэвэр тогтоолгосноос хойш Т******* сургуульд ажилласан 5 жилийн хугацааг нэмж тооцсон гэх тайлбараар хуульд заасан үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээсэн гэж үзэхгүй. 

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан 9 жил 9 сарын хугацаагаа шимтгэл төлсөн хугацаанд бүрэн тооцуулан нэмэгдүүлэх эрхтэй бөгөөд “Т*******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөөгүй хууль бус үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. 

Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг шинэчлэн тогтоогоогүй, авах ёстой байсан тэтгэврийн зөрүүг нь зохих журмын дагуу нөхөн тооцож олгоогүй эс үйлдэхүй нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул нэхэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүсэлт гаргасан Я.М*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 35 жил 8 сар 28 хоногоор, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 37 жил 28 хоногоор тус тус тооцон, 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойших авах ёстой байсан тэтгэврийн зөрүүг нөхөн олгох нь зүйтэй байна. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 1, 1 дэх хэсгийн 4, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Я.М*******гийн 2001 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 02 дугаар сар хүртэл ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд бүрэн тооцож оруулаагүй, 2009 оны 11 дүгээр сараас хойших тэтгэврийн зөрүүг нөхөн олгохгүй байгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Т*******” дунд сургууль, “Номгон” ахлах сургуульд ажилласан 9 жил 9 сарын хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд бүрэн оруулан тооцож, 2009 оны 11 дүгээр сараас хойших авах ёстой байсан тэтгэврийн зөрүүг тооцон нэхэмжлэгч Я.М*******д нөхөн олгохыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДОЛГОРСҮРЭН