Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/001323

 

“Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 101/ШШ2016/04464 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1509 дүгээр магадлалтай,

“Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Албан журмын даатгагчдын холбоо” ТББ, Ц.Октябрь, Б.Түвшинжаргал нарт холбогдох,

6.640.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагч “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Октябрь нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 58-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 05-01 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан. Тус 05-01 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц.Баттөмөр нь тээврийн хэрэгслээ “Бодь даатгал” ХХК-нд даатгуулсан байсан тул даатгуулагчийн нэхэмжилснээр  5.491.800 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Ингэснээрээ Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгуулагчаас шаардах эрхийг шилжүүлэн авч, иргэн Ц.Октябрьтай Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч тэрээр төлбөрөө төлөөгүй. Иргэн Б.Түвшинжаргал нь Ц.Октябрийн Төлбөр барагдуулах гэрээнд батлан даалт гаргаж, Ц.Октябрь төлөхгүй бол төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3-д заасны дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй жолооч, иргэний гаргасан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Хариуцагч Ц.Октябрь нь жолоочийн хариуцлагын даатгалгүй байсан тул энэхүү асуудлаар тус байгууллагаас нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч уг байгууллага нөхөн төлбөр олгохоос татгалзсан ба манай компанийн зүгээс дээрх нөхөн төлбөрийн асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ч бидний гомдлыг хангаагүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаар тодорхойлсон этгээдүүд хамтран хариуцагч бөгөөд “Бодь даатгал” ХХК нь төлбөрийг тус этгээдүүдийн хэн алинаас шаардах эрхтэй. Мөн хариуцагч Ц.Октябрь нь даатгагчтай байгуулсан Төлбөр барагдуулах гэрээгээр тогтоосон графикийн дагуу төлбөр төлөөгүй тул түүнээс гэрээний 1.7, 1.5-д тус тус заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүн болох 4.297.800 төгрөгөөс алданги шаардах эрхтэй. Алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 2.148.900 төгрөгийн алдангийг нэмж нэхэмжилж байна. Иймд “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-аас үндсэн төлбөр 4.491.800 төгрөг, алдангийн 1.148.900 төгрөгийг Ц.Октябриас, үлдэх 1.000.000 төгрөгийг батлан даагч Б.Түвшинжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ шүүхэд гаргасан тайлбартаа: Жолоочийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т энэ хуулийн 18.1 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр олгох зориулалтаар жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах”-аар, мөн хуулийн 23.2 дахь хэсэгт “жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг энэ хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан. Жолоочийн даатгалын тухай хуулийн 18.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн аль нэг нь байвал жолоочийн даатгалын сан нь хохирогчийн өргөдлийг үндэслэн нөхөн төлбөр олгохоор хуульчилсан бөгөөд тус хуулийн 3.1.10-т зааснаар хохирогч гэдгийг ойлгоно. Гэтэл хохирогчийн зүгээс тус холбоонд хандаж даатгалын тохиолдлын талаар мэдэгдсэн болон нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл гаргасан талаарх нотлох баримт болон бүртгэл байхгүй байна. Дээр дурдсан хуулийн 13.6 дахь хэсэгт даатгуулаагүй жолооч энэ хуулийн 13.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг жолооч өөрөө хариуцна гэж заасан байх ба мөн хуулийн 13.2.2-т зааснаар даатгалын тохиолдлын талаар шуурхай албанд мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, даатгуулаагүй жолоочийн нөхөн төлбөрийг тус хуулийн 20.1.2-т зааснаар даатгагч буюу “Бодь даатгал” ХХК нь жолоочоос нэхэмжлэх нь зүйтэй юм. Жолоочийн даатгалын тухай хуулийн 21.1 дэх хэсэгт жолоочийн даатгалын сан нь Даатгалын тухай хуулийн 12.3.3-т заасан албан журмын даатгалын сангийн бүрдэл хэсэг бөгөөд албан журмын бусад даатгалын сангаас тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна гэж заасан байх тул “Бодь даатгал” ХХК-аас даатгуулагчтай байгуулсан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу олгосон нөхөн төлбөрийг тус холбооноос барагдуулах нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын албан журмын даатгагчтай холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Октябрь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас одоо хүртэл төлөөгүй. 2015 оны 06 дугаар сард уул, уурхайн хайгуулын компанид ажилтнаар орж, хөдөө орон нутагт ажиллаж байхад ажлын талбайд осол гарсны улмаас ажил явуулахыг зогсоосон юм. Ингээд уг компаниас 6.000.000 төгрөгийн цалингаа авч төлбөрөө барагдуулах гэсэн боловч тус компани нь бидэнтэй маргаан үүсгэсэн учраас Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Одоогоор би ажилгүй учир уг нэхэмжлэлийг барагдуулж чадахгүй байна. Иймд дээр дурдсан цалингийн асуудал шийдэгдэхгүй байсан ч надад боломж олгож cap бүр 500.000 төгрөгөөр төлж барагдуулах санал байна. Би “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжилсэн 4.491.800 төгрөг болон алданги 2.148.900 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, гагцхүү cap бүр 500.000 төгрөг төлөх замаар барагдуулах тухай саналыг минь харгалзаж  хугацаа өгнө үү. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөгийг алданги гэж “Бодь даатгал” ХХК-нд төлсөн гэжээ.

Хариуцагч Б.Түвшинжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Октябрь болон  “Бодь даатгал” ХХК-ийн хооронд үүссэн төлбөрийн маргаанд батлан даагчаар оролцсон нь үнэн. Ц.Октябрь тодорхой шалтгааны улмаас төлбөрөө төлж барагдуулаагүй нь ажлын байр нь хаагдсан, тогтмол орлогогүй болсон юм. Хариуцагч Ц.Октябрь төлбөрөө барагдуулах сонирхолтой, төлбөр төлөх хугацааны талаар тайлбар гаргасан, үлдсэн төлбөр 4.491.800 төгрөгийг Ц.Октярбь өөрөө төлнө гэж байгаа. Үүнээс илүү нэхэмжилсэн алдангийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 101/ШШ2016/04464 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч Ц.Октябриас гэм хорын хохиролд 4.091.800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-д холбогдох хэсэг болон Ц.Октябрь, Б.Түвшинжаргал нарт холбогдох алданги 2.148.900 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Октябриас 80.420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1509 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/04464 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 458 дугаар зүйлийн 458.1 зааснаар хариуцагч Ц.Октябрь, Б.Түвшинжаргал нараас 6.240.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-д олгож, Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-нд холбогдох “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “80.420,0” гэснийг “114.801” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн төлсөн 121.210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр, магадлалын эс зөвшөөрч: “Албан журмын даатгагчдын холбоо” Төрийн бус байгууллагаас 4.491.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэг.

Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч буй үндэслэл: Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулиуд болох Иргэний хуулийн 443.7 дахь хэсэг, 491.6 дахь заалтуудыг хэрэглэсэнгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Албан журмын даатгагчдын холбоо” Төрийн бус байгууллагаас 4.491.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийн тус заалт нь жолоочийн даатгалын сангаас зөвхөн зам тээврийн ослын хохирогчид нөхөн төлбөр олгох, түүнээс бусад этгээдэд төлбөр олгохгүй байх буюу төлбөр шаардах эрхийг шилжүүлэн авах боломжгүй байх агуулгыг илэрхийлэхгүй юм.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт зам тээврийн ослын хохирогчид учирсан хохирлыг заавал барагдуулах зарчим баримталсан. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүрийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, жолоочийн даатгалд хамрагдаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар журам тогтоосон нь хууль тогтоогчийн зүгээс зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг даатгагчид шилжүүлэх замаар зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий этгээдийн санхүүгийн чадваргүй байдлаас болж хохирогчид учирсан хохирол төлөгдөхгүй байх нөхцөл гарахаас сэргийлсэн хэрэг. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй жолооч зам тээврийн осол гаргасан нөхцөлд учирсан хохирлыг “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ нь жолоочийн даатгалын сангаас төлөх агуулгыг Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад заасан.

Хуулийн тус заалт нь анхан болон давж заалдах шатны шүүхээс тайлбарласан шиг жолоочийн даатгалын сангаас төлбөр нэхэмжлэх эрх бүхий этгээд нь зөвхөн зам тээврийн ослын хохирогч байх агуулгатай биш юм. Шүүхийн тайлбарууд нь хуулийн 18.1 дэх хэсэгт “... хохирогчийн өргөдлийг үндэслэн” гэж заасныг үгчлэн тайлбарлаж хэрэглэсэн, буруу тайлбар болно.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 491.6 дахь заалтуудыг хэрэглэх ёстой талаар: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын харилцаа нь иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах хувьдаа тус харилцаанд иргэний эрх зүйн суурь хэм хэмжээ болох Иргэний хууль үйлчлэх юм. Иргэний эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээ нь ерөнхий зохицуулалт нь тусгай зохицуулалтад нэгэн адил үйлчлэх агуулга бүхий хашилтийн аргачлал дээр тулгуурладаг билээ. Энэ үүднээс Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалт, Иргэний хуулиар тогтоосон даатгалын гэрээний зохицуулалт нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын харилцаанд нэгэн адил үйлчлэх юм. Хууль тогтоогч аливаа харилцааг зохицуулахдаа дан ганц нэг хуулиар тухайн харилцааг бүхэлд нь зохицуулдаггүй. Харин ерөнхий хэм хэмжээ нь тусгай харилцаанд нэгэн адил үйлчлэх аргачлалын дагуу тусгай харилцааг зохицуулсан хуульд ерөнхий харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг давхардуулан заадаггүй. Иргэний хуулийн 443.7 дахь заасны дагуу бид Ц.Октябрийн гаргасан зам тээврийн ослын хохирогч, манай компанид тээврийн хэрэгслээ даатгуулсан даатгуулагч Ц.Баттөмөрт тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр олгосноор түүний шаардах эрхийг шилжүүлэн авсан.

Мөн Албан журмын даатгагчдын холбооны өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй этгээд болох “Бодь Даатгал” ХХК Албан журмын даатгагчдын холбооны Жолоочийн хариуцлагын тухай хуульд зааснаар Ц.Баттөмөрт нөхөн төлбөр олгох үүргийг гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 491.6 дахь хэсэгт заасны дагуу олгосон нөхөн төлбөрийг “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-аас шаардах эрхийг үүсгэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагын “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-д холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хууль болон Жолоочийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль  ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК нь хариуцагч “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-с даатгалын нөхөн төлбөрт 4.491.800 төгрөг, алдангид Ц.Октябриас 1.148.900 төгрөг, Б.Түвшинжаргалаас 1.000.000 төгрөг тус тус гаргуулахаар шаарджээ /хавтаст хэргийн 74-75 дугаар тал/. 

Хариуцагч “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ болон Б.Түвшинжаргал нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн бол хариуцагч Ц.Октябрь шүүхэд гаргасан тайлбартаа “... сар бүр 500.000 төгрөг төлөх замаар төлбөрийг барагдуулах боломжтой” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Ц.Октябрь нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн үед Л.Сүхболдын эзэмшлийн “Киа оптима” маркийн 58-62 маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 2.7 дах заалтыг зөрчсөнөөс Ц.Баттөмөрийн жолоодож явсан Тоёота ланд крузер маркийн 05-01 УБӨ дугаартай машиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан ба тэрээр жолоочийн даатгалд хамрагдаагүй байжээ.

“Бодь даатгал” ХХК нь Ц.Баттөмөртэй байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 5.491.800 төгрөг төлсөн, Ц.Октябрь нь уг төлбөрийг “Бодь даатгал” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хэсэгчлэн төлөх, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон ба Ц.Октябрь үүргээ гүйцэтгээгүй бол Б.Түвшинжаргал төлбөрийг хариуцахаар батлан даалтын гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж заасныг нэхэмжлэгч шаардлагын эрх зүйн үндэслэл болгожээ.

Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн 2 төрөлтэй бөгөөд Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “албан журмын даатгалын эрсдэл, нөхцөлийн талаархи нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна”, 121.1-т “албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан даатгагч нь Албан журмын даатгагчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-нд гишүүн болох үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг Жолоочийн даатгалын тухай хуулиар зохицуулах бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “хохирогч” гэж даатгалын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг ойлгоно гэжээ.

“Бодь даатгал” ХХК нь Ц.Баттөмөрт учирсан гэм хорыг нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжсэн, энэ тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар тус компанийг хохирогч буюу даатгуулагч гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргаснаас учирсан хохирлыг жолоочийн даатгалын сангаас шаардах эрхтэй.

Гагцхүү жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох нөхцөл шаардлага бүрдсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл бий болох учиртай.

Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөрийг олгоход хуульд заасан нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Тухайлбал, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.6-т зааснаар даатгалын тохиолдол гаргасан даатгуулаагүй жолооч нь жолоочийн даатгалд даатгуулаагүй тухайгаа хохирогчид, даатгалын тохиолдлын талаар шуурхай алба, цагдаагийн байгууллагад тус тус мэдэгдэж, даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг даатгалын тохиолдол гарсан даруйд бөглөж, гарын үсэг зурах ба энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг жолооч өөрөө хариуцна.

Хариуцагч “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-ын “...хохирогчийн зүгээс тус холбоонд хандаж даатгалын тохиолдлын талаар мэдэгдсэн болон нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл гаргаагүй” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хуулийн 16, 17 дугаар зүйлд зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилж, хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлох ажиллагааг явуулах бөгөөд энэхүү ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхой бус байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэд хэдэн даатгагч хамтарч энэ хуульд заасны дагуу байгуулсан санг “жолоочийн даатгалын сан” гэж тодорхойлсон ба уг сангийн хөрөнгийг энэ хуулийн 23.1-д зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хоригложээ.

Хуульд заасан дээрх нөхцөл бүрдээгүй тохиолдолд хариуцагч “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-с 4.491.800 төгрөг нэхэмжилсэн “Бодь даатгал” ХХК-ийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хариуцагч “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-с төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн атлаа уг шаардлагыг шийдвэрлээгүй, мөн тус холбооноос шаардсан төлбөрийг хариуцагч Ц.Октябриас гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүйгээс гадна хариуцагч Ц.Октябрь, Б.Түвшинжаргал нараас алданги гаргуулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Октябрь, Б.Түвшинжаргал нараас даатгалын нөхөн төлбөр шаардаагүй өөрөөр хэлбэл үндсэн үүрэг шаардаагүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагч нараас алданги гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Бодь даатгал” ХХК нь хариуцагч Ц.Октябриас даатгалын нөхөн төлбөр шаардахад энэхүү тогтоол саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 101/ШШ2016/04464 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1509 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-с 4.491.800 төгрөг, Ц.Октябриас 1.148.900 төгрөг, Б.Түвшинжаргалаас 1.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дугаар сарын 29-ны өдөр төлсөн 86.820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ