Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                  Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                                Д.Уранчимэг

 Хохирогч                                                        Э.Д, Э.М

 Хохирогчийн өмгөөлөгч                                Б.Бадамгарав

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Х.Сэргэлэнбат

 Иргэний хариуцагч                                            Л.БЭ

 Иргэний хариуцагчийн өмгөөлөгч                 Ч.Мөнгөнцэцэг, Б.Цолмон-Эрдэнэ

             Шүүгдэгч                                                      С.Мө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Уранчимэгээс /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Мөд холбогдох 201618020200 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1983 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №38 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах хариуцах чадвартай, Боржигон овогт Сүхбаатарын Мө /РД:*/.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Монгол зоог” цайны газрын баруун талд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэл дэх төв хатуу хучилттай зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 11-ээс 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед С.Мө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “20-33” СЭҮ улсын дугаартай  Toyota Landcriuser 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. ”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Э.Дийн эзэмшлийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мө мэдүүлэхдээ: … 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагт найз БЭийн “20-33” СЭҮ улсын дугаартай  Toyota Landcriuser 80 загварын машиныг гуйж аваад хөдөө явсан. Тэгээд орой 22 цагийн үед ирээд найз БЭд машинаа авах уу гэхэд өглөө авъя хашаанд аваачаад тавьчих гэсэн. Тэгээд машиныг нь тавьчихаад өөрийнхөө машиныг унаад Булганаас ирсэн найзтайгаа уулзах гээд гарах гэтэл миний машины акумьлятор суучихсан асахгүй байсан. Тэгэхээр нь БЭийн “20-33” СЭҮ улсын дугаартай  Toyota Landcriuser 80 загварын машиныг унаж “Хүрэл” дэлгүүрийн гадаа очиж найзтайгаа уулзаж 5 литр тогооны архийг хувааж уусан. Тэндээс 00 цаг өнгөрч байхад би “20-33” СЭҮ улсын дугаартай  Toyota Landcriuser 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодон “Тэс Петролиум” ШТС орж түлш авах гээд эргэтэл том оврын ачааны авто машины гэрэлд цохиулаад тэгээд замынхаа баруун талаараа гарах гэтэл Prius-11 маркын машинтай мөргөлдөн осол гаргаж, М, Д нарын бие мах бодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу, хохирол төлбөрийг төлж барагдуулна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.М мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний орой Улаанбаатар хотоос Дийн хамт Оросын холбооны улсын Улаан-Үүд хотоос бараа авахаар явсан. Тэгээд Баянгол сумын цагдаагийн пост өнгөрөөд өргөн хурд хязгаарлагчийг даваад гарахад өөдөөс Toyota Landcriuser 80 загварын машин ирээд мөргөсөн. Тэгээд нэг сэрэхэд зам дээр хэвтэж байсан. Ослын улмаас миний түнх мултарч, хавирга хугарсан, тархи доргилт гэмтэл учирсан. Одоо би түнхээ зайлшгүй солиулах шаардлагатай болсон. Хайлалт явагдаж байгаа. С.Мөгээс хохирол төлбөрөө нэхэмжилнэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Д мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Оросын холбооны улсын Улаан-Үүд хотруу бараанд явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт буюу Монгол зоог гэдэг хоолны газарт цайлчихаад би ядраад байсан болохоор Маар машинаа бариулаад дөнгөж хөдлөөд удалгүй гэрэл гялбах шиг болсон. Тэгээд осолдсон байсан. Ослоос болж миний тархи, толгой, цээж, умдаг яс, гэмтсэн. Одоо ослын улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хариуцагч Л.БЭ мэдүүлэхдээ: ...  2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 9 цагийн үед намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулагт явж байхад найз С.Мө утсаар залгаад машинаа өгөөч гэсэн. Тэгээд би найздаа машинаа өгөхөөр зөвшөөрсөн. Тэгээд оройн нь 22 цагийн үед гэртээ байж байхад Мө надруу залгаад машинаа авах уу гэсэн. Тэгэхээр нь би өглөө авъя өөрийнхөө хашаанд тавьчих гэсэн. Тэгээд удалгүй С.Мө машиныг чинь хашаанд тавьчихлаа гэсэн. Тэгээд шөнө 1, 2 цагийн үед С.Мөгийн эхнэр Гүндэгмаа над руу залгаад Түвшөө осол хийчихлээ гэсэн. Тэгэж би энэ ослын талаар мэдсэн. Миний 20-33 СЭҮ улсын дугаартай  Toyota Landcriuser 80 загварын авто машин дээр С.Мө жолоочийн хариуцлагын даатгалд бүртгэлтэй байдаг. Тийм болохоор би машинаа өгөхийг зөвшөөрсөн. Намайг иргэний хариуцагчаар татсанг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

                 Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд өөрийн найз Э.Мын хамт ОХУ-н Хиагт руу бараа татахаар Улаанбаатар хотоос миний “18-93” УНХ улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу орж байхдаа замд зогсож машиндаа цай унд уучихаад хөдлөхдөө Дархан хот хүртэл Э.М машин жолоодохоор болоод би хажууд нь суугаад хөдөлсөн. Тэгээд Баянгол сумын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал “Монгол зоог” рестораны урд асфальт зам дээр явж байтал өөдөөс машины гэрэл тусаад ирсэн. Тэгсэн Э.М “Өө гэлүү юу гэлээ” нэг юм хэлээд жолоогоо дарах шиг болсон байх өөдөөс машин ирээд мөргөөд осол болсон... гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос Э.Д бид хоёр ОХУ-н Улаан- Үдээс бараа татахаар Э.Дийн “18-93” УНХ улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгслийг Э.Д жолоодоод гарсан. Сэлэнгэ аймгийн Баянгол сум орохоос өмнө Хараа голын гүүрний ойролцоо цайны газрын тэнд зогсож би тамхи татаад хэсэг байж байгаад хөдөлсөн. Би жолоо бариад миний хажууд Э.Д суугаад явсан. “Монгол зоог” рестораны урд талын асфальт зам дээр явж байтал өөдөөс маш хурц гэрэлтэй машин гэнэт гарч ирээд миний жолоодож явсан машиныг мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Л.БЭ мэдүүлэхдээ: ... Тоyota Landcriuser 80 загварын “20-33” СЭҮ улсын дугаартай хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд явж байхад С.Мө утасдаад хөдөө явах гэсэн юм машинаа өгчих гэхээр нь гэрээс очоод авчих гээд зөвшөөрөөд өгсөн юм. 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 02 цагийн үед С.Мөгийн эхнэр миний утас руу залгаад С.Мө зам тээврийн осол гаргасан талаар хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/

                 Мөрдөн байцаалтанд гэрч Г.Гүндэгмаа мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймаг Баянгол сумын эмнэлгээс миний утас руу залгаад танай нөхөр С.Мө осол гаргасан байна. Нөгөө 2 хүний биеийнх нь байдал муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол С.Мө байж байсан. Нөгөө хоёр хүнийг нь Дархан руу эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/

                 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний акт №12776

                 1.Дийн биед умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 41 дүгээр хуудас/

                 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний акт №12777

                 1.Э.Мын биед баруун 3,4,5,7-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун талын хөндийд бага хэмжээний хий, шингэн хуралдалт, зүүн уушгины эдийн олон тооны няцрал, тархи доргилт, зүүн түнхний мултрал, зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 54 дүгээр хуудас/

                 Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Сүхбаатарын гаргасан №63 тоот дүгнэлт:

                 1. Тоёота ланд крузер 80 маркийн “20-33” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Боржигон овогт Сүхбаатарын Мө Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн. “Toyota Prius-11”  маркийн “18-93” УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 61 дүгээр хуудас/

                  Мөрдөн байцаалтанд  С.Мө мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 10 цагийн орчим өөрийн найз Л.БЭтэй утсаар яриад түүний эзэмшлийн “20-33” СЭҮ улсын дугаартай Тоёота ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг нь гуйж аваад хөдөө явчихаад тус өдрийн 21 цагийн үед Баруунхараад гэртээ ирсэн. Тэгээд тус өдрийн 23 цагийн үед манай найз Бандиа Булганаас ирж байна гэхээр гарч Хүрэл-Өлзий төвийн гадаа уулзсан. Намайг очиход уг төвийн гадна машинтай сууж байсан тэгээд Булганы айраг авчирсан гээд хийж өгөхөөр нь 0,5 литрийг уусан мөн Монгол архи хийж өгөхөөр нь уучихаад юм ярьж сууж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад бензин хийхээр “Тэс петролиум” шатахуун түгээх станц руу Монгол зоог ресторан өнгөрөөд асфальт замаар явж байтал өөдөөс ачааны машин гэрлээ шилжүүлэхгүй ирсэн. Тэгсэн гэрэл нь гялбаад зам харагдахгүй баримжаа алдахаар нь жолоогоо баруун гар тийш дартал замаас гарах гэж байсан. Тэгэхээр нь эргүүлээд сандрахдаа зүүн гар тийш жолоогоо дарсан чинь эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж байсан “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн... /ХХ-ийн 85 дугаар хуудас/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-8-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 11-14-р хуудас/, Жолоочийн согтуурлын хэмжээ 0,48 гарсан тэмдэглэл /ХХ-ийн 15-р хуудас/, Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /ХХ-ийн 63-68-р хуудас/, Тоyota Landcriuser 80 загварын “20-33” СЭҮ улсын дугаартай авто машиныг 10 сая төгрөгөөр үнэлж битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-н 20-р хуудас/.

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: С.Мө нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 94 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 86 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Мө нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Монгол зоог” цайны газрын баруун талд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэл дэх төв хатуу хучилттай зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 11-ээс 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “20-33” СЭҮ улсын дугаартай Toyota Landcriuser 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. ”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Э.Дийн эзэмшлийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

                 Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд өөрийн найз Э.Мын хамт ОХУ-н Хиагт руу бараа татахаар Улаанбаатар хотоос миний “18-93” УНХ улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу орж байхдаа замд зогсож машиндаа цай унд уучихаад хөдлөхдөө Дархан хот хүртэл Э.М машин жолоодохоор болоод би хажууд нь суугаад хөдөлсөн. Тэгээд Баянгол сумын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал “Монгол зоог” рестораны урд асфальт зам дээр явж байтал өөдөөс машины гэрэл тусаад ирсэн. Тэгсэн Э.М “Өө гэлүү юу гэлээ” нэг юм хэлээд жолоогоо дарах шиг болсон байх өөдөөс машин ирээд мөргөөд осол болсон... гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/,

                 Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос Э.Д бид хоёр ОХУ-н Улаан-Үдээс бараа татахаар Э.Дийн “18-93” УНХ улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгслийг Э.Д жолоодоод гарсан. Сэлэнгэ аймаг Баянгол сум орохоос өмнө Хараа голын гүүрний ойролцоо цайны газрын тэнд зогсож би тамхи татаад хэсэг байж байгаад хөдөлсөн. Би жолоо бариад миний хажууд Э.Д суугаад явсан. “Монгол зоог” рестораны урд талын асфальт зам дээр явж байтал өөдөөс маш хурц гэрэлтэй машин гэнэт гарч ирээд миний жолоодож явсан машиныг мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

                 Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Л.БЭ мэдүүлэхдээ: ... Тоyota Landcriuser 80 загварын “20-33” СЭҮ улсын дугаартай хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд явж байхад С.Мө утасдаад хөдөө явах гэсэн юм машинаа өгчих гэхээр нь гэрээс очоод авчих гээд зөвшөөрөөд өгсөн юм. 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 02 цагийн үед С.Мөгийн эхнэр миний утас руу залгаад С.Мө зам тээврийн осол гаргасан талаар хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/,

                 Мөрдөн байцаалтанд гэрч Г.Гүндэгмаа мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймаг Баянгол сумын эмнэлгээс миний утас руу залгаад танай нөхөр С.Мө осол гаргасан байна. Нөгөө 2 хүний биеийнх нь байдал муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол С.Мө байж байсан. Нөгөө хоёр хүнийг нь Дарханы эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/,

                 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний акт №12776 1.Дийн биед умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 41 дүгээр хуудас/,

                 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний акт №12777 1.Э.Мын биед баруун 3,4,5,7-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун талын хөндийд бага хэмжээний хий, шингэн хуралдалт, зүүн уушгины эдийн олон тооны няцрал, тархи доргилт, зүүн түнхний мултрал, зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 54 дүгээр хуудас/,

                 Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Сүхбаатарын гаргасан №63 тоот дүгнэлт: 1. Тоёота ланд крузер 80 маркийн “20-33” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Боржигон овогт Сүхбаатарын Мө Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн. “Toyota Prius-11”  маркийн “18-93” УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 61 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Мөг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. ”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Э.Дийн эзэмшлийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дийн бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан буюу /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар зүйлчлэн тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Мөд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дэх хэсэг болгон өөрчилөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.Мөг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. ”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс болж зам тээврийн осол гаргаж Э.Мын биед баруун 3,4,5,7-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун талын хөндийд бага хэмжээний хий, шингэн хуралдалт, зүүн уушгины эдийн олон тооны няцрал, тархи доргилт, зүүн түнхний мултрал, зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шуу, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүнд гэмтэл, Э.Дийн биед умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан нь тогтоогдож байх тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа боловч хохирогч нар нь гомдолтой, бусдад учирсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

С.Мөгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, гэмт хэргийн хор уршиг, эмчилгээний зардалд:  КТГ-ын цээж толгойн зураг авхуулсан зардал 160000 төгрөг /ХХ-н 105-106-р хуудас/, “Нахиа импекс” ХХК-эм тарианы зардалд 35000 төгрөг, “Баруун зүүн эх” сувилалд эмчилгээний зардалд 300000 төгрөг, “Баруун зүүн эх” сувилалд эмчилгээний зардалд 450000 төгрөг, “Баруун зүүн эх” сувилал шинжилгээний зардалд 57000 төгрөг,   Петростар ХХК шатахууны зардалд 20000 төгрөг, Магнай петролиум ХХК шатахууны зардалд 50000 төгрөг, Эмнэлэгт хэвтэж эчилгээ хийлгэсэн зардалд 525000 төгрөг /ХХ-н 158-р хуудас/, Мөнгөн гүүр эмнэлэг зураг авхуулсан зардалд 45000 төгрөг, эмчийн үзлэгийн зардалд 20000 төгрөг, Петростар ХХК шатахууны зардалд 15000 төгрөг, Алхана трейд ХХК шатахууны зардалд 80000 төгрөг /ХХ-н 163-р хуудас/,  эмч эмнэлэг, мөрдөн байцаагчтай утсаар ярьсан гэх зардалд 50000 төгрөг, эмийн сангаас авсан эм тарианы зардал, утсаар ярьсан зардалд, шатахууны зардалд нийт 378890 төгрөг /ХХ-н 164-167-р хуудас/, өмгөөлөгчид төлсөн зардал 450000 төгрөг /ХХ-н 168-р хуудас/ зэргийг нэхэмжилж дээрхи нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн ба эдгээр нь агуулгын хувьд хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдэгч С.Мөгээс хохирогч Э.Мд 2016 оны 10-р сарын 06-нд 1500000 төгрөг бэлнээр төлсөн /ХХ-н 107-р хуудас/, 2017 оны 01-р сарын 13-нд 500000 төгрөг төлсөн /ХХ-н 184-р хуудас/, 2017 оны 05-р сарын 10-нд 253000 төгрөг төлсөн / ХХ2-н 36-р хуудас/, 1 хонь /150000 төгрөгөөр үнэлсэн/, мөн 230000 төгрөг төлсөн нийт 2633000 төгрөг төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаах тул дээрхи нэхэмжилсэн хохирол төлбөр төлөгдсөн байна гэж үзлээ.

Харин “Мед Монгол” ХХК-н тодорхойлолт, 2016 оны 11-р сарын 15-ны С.Мө, Э.М нарын хооронд харилцан тохиролцож байгуулсан хохирогч Э.Мын зүүн түнхний хиймэл үений хагалгаанд орох, хиймэл үений протезийн төлбөрт 9600000 төгрөгийг С.Мө хариуцаж төлөх тухай гэрээ /ХХ2-н 51-52-р хуудас/, өмгөөлөгчид төлсөн хөлс 250000 төгрөг /ХХ2-н 55-р хуудас/, “Мөнгөн гүүр” эмнэлэгт түнхний яс хайлалтын зураг авхуулсан зардал 45000 төгрөг, шүүх хуралд ирсэн шатахууны зардал 41000 төгрөг, нотариатын зардал 4800 төгрөг /ХХ2-н 56-р хуудас/, “Багш нарын амралт” шавар эмчилгээний зардалд 210000 төгрөг, шүүх хуралд ирсэн зардалд 50000 төгрөг /ХХ2-н 57-р хуудас/, нөхөн сэргээх эмчилгээний зардалд 111000 төгрөг /ХХ2-н 58-р хуудас/ нийт 10311800 төгрөгийг нэхэмжилж дээрхи нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан ба эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдэгч С.Мөгээс дээрхи хохирол төлбөрийг гаргуулж хохирогч Э.Мд олгох нь зүйтэй байна.

  С.Мөгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, гэмт хэргийн хор уршиг, эмчилгээний зардалд: “Хос стандарт” ХХК-ийн /Toyota Prius-11 18-93 УНХ улсын дугаартай/ үнэлгээгээр тогтоогдсон дүн 5490000 төгрөг /ХХ-ийн 63 дугаар хуудас/, Samsung Galaxy J7 гар утасны буюу эд зүйлийн үнэлгээ 500000 төгрөг /ХХ-ийн 70 дугаар хуудас/, АШУШИС-ийн нэгдсэн эмнэлэгийн эмчилгээ, оношилгооны төлбөр 463600 төгрөг /ХХ-ийн 109 дүгээр хуудас/, ГССҮТөвийн КТГ-ийн цээж, толгойн зураг авахуулсан төлбөр 160000 төгрөг /ХХ-н 110-р хуудас/, Нарантуул-2 зардлын баримт 233500 төгрөг /ХХ-н 111-112-р хуудас/, Нарантуул-2 зардлын баримт 90000 төгрөг /ХХ-н 111 дүгээр хуудас/ Энхэс ХХК-иас авсан эм тарианы үнэ 76800 төгрөг /ХХ-ийн 113 дугаар хуудас/, Хүрмэн төв Ааг фармаас авсан эмийн зардалд 45251 төгрөг /ХХ-ийн 113 дугаар хуудас/, “Анко” ХХК-н 2016 оны 02-р сарын 17-ны  /лангуу ажиллуулдаг нь үнэн гэх/ тодорхойлолт /ХХ-н 114-р хуудас/, Төрийн банк, Э.Д нарын хооронд 2013 оны 10-р сарын 01-нд байгуулсан орон сууцны зээлийн, барьцааны гэрээнүүд /ХХ-н 115-120-р хуудас/, Нарантуул-2 худалдааны төвд лангуу ажиллуулах түрээсийн гэрээ /1 сар нь 108000 төгрөг зэргийг үндэслэн Орон сууцны зээлийн төлбөрт 8039832 төгрөг, Гар дэвтэрийн /бичмэл/ хуулбарууд /ХХ-ийн 116-132 дугаар хуудас/, Төрийн банкны 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №3406/19 дугаартай зээл төлөх тухай мэдэгдэл /ХХ-ийн 186 дугаар хуудас/, Өмгөөлөлийн хөлс 400000 төгрөг /2-р ХХ-ийн 9 дүгээр хуудас/, Банк хоорондын гүйлгээ 2000 төгрөг /2-р ХХ-ийн 10 дугаар хуудас/, Өмгөөлөлийн хөлс 245000 төгрөг /2-р ХХ-ийн 10 дугаар хуудас/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /2-р ХХ-ийн 22 дугаар хуудас/, ОХУлсад хийгдсан авто машины даатгалын зардал 207000 төгрөг /2-р ХХ-ийн 19 дүгээр хуудас/, Ч.Хүслэний сурч буй дунд сургуулийн сургалтын төлбөрт 2692000 төгрөг /2-р ХХ-ийн 21 дүгээр хуудас, Шатахууны зардал, утасны төлбөр, ахуйн болон эмчилгээний зардалд нийт 2570405 төгрөг /2-р ХХ-ийн 12-25-32- дугаар хуудас/ Өмгөөлөгчийн зардал 250000 төгрөг /2-р ХХ-ийн 59 дүгээр хуудас/, Шатахууны зардал 198000 төгрөг /2-р ХХ-ийн 60 дугаар хуудас/, ЭМЖЖ-иас авсан эм тариа болон эмчилгээний зардал 195900 төгрөг /2-р ХХ-ийн 61 дүгээр хуудас/, Шүүх хуралдааны шатанд шинээр Өмгөөлөгчийн хөлсөнд 1000000 төгрөг өгсөн баримт, ЭМЖ-ийн 15000 төгрөг төлсөн баримт, Нийслэлийн өргөө амаржих газрын баримтаар 23750 төгрөг, ЭЭТНХ-иас төлбөрийн баримт 80000 төгрөг зэрэг нотлох баримтуудаар дээрхи хохирол төлбөрийг нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн ба шүүгдэгч С.Мөгээс хохирогч Э.Дт 500000 төгрөг бэлэн мөнгөөр, мөн 2 хонь /тус бүр нь 150000 төгрөг нийт 300000 төгрөгөөр үнэлсэн/, Toyota Prius-11 /4850000 төгрөгөөр үнэлсэн/ авто машин тус тус авч өгсөн /ХХ-ийн 133 дугаар хуудас/, дансаар 800000 төгрөг шилжүүлсэн /2-р ХХ-ийн 37 дугаар хуудас/, нийт мөнгөн дүнгээр 1600000 төгрөг төлж, Toyota Prius-11 авто машин авч өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрхи нэхэмжилсэн хохирол төлбөрийн зарим хэсэг төлөгдсөн байна гэж үзлээ.

Харин ОХУлсад хийгдсан авто машины даатгалын зардал 207000 төгрөг /2-р ХХ-ийн 19 дүгээр хуудас/, Ч.Хүслэний сурч буй дунд сургуулийн сургалтын төлбөрт 2692000 төгрөг /2-р ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Samsung Galaxy J7 гар утасны үнэ  500000  төгрөг /ХХ-ийн 70 дугаар хуудас/ нэхэмжилсэн зэрэг нь нотлох баримтын хуульд заасан шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээс үлдэх 11989038 төгрөгийн нотлох баримтууд нь агуулгын хувьд хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч С.Мөгээс дээрхи хохирол төлбөрийг гаргуулж хохирогч Э.Дт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Мө нь шүүх хуралдаан дээр хохирогч Э.М, Э.Д нартай харилцан тохиролцож, хохирол төлбөрт хохирогч Э.Мд 10311800 төгрөг, хохирогч Э.Дт 11989038 төгрөгийг тус тус төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд хохирогч нарт сар бүр 1500000 төгрөгийг төлж  барагдуулахаа бичгээр илэрхийлсэнг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Боржигон овогт Лхагвын БЭийг иргэний хариуцагчаар татсан байх бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”, 502 дугаар зүйлийн 502.1, 502.2 дахь хэсгүүдэд тээврийн хэрэгслийн эзэмшигч эсхүл өмчлөгч нь тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад учирсан гэм хорыг өөрөө гэм буруутай эсэхээс үл хамааран хариуцахаар тус тус заасан ч тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн эзэмшилд шилжүүлэх болсон шалтгаан, зам тээврийн осол гарахад түүний шууд болон шууд бус нөлөө бий эсэх, эд хөрөнгийн хувьд хохирсон байдал зэргийг харгалзан үзэж дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Тухайлбал: Мөрдөн байцаалтанд өгсөн Л.БЭий мэдүүлэгт: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд явж байхад С.Мө утасдаад хөдөө явах гэсэн юм машинаа өгчих гэхээр нь гэрээс очоод авчих гээд зөвшөөрөөд өгсөн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/,

 Мөрдөн байцаалтанд өгсөн С.Мөий мэдүүлэгт: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 10 цагийн орчим өөрийн найз Л.БЭтэй утсаар яриад түүний эзэмшлийн “20-33” СЭҮ улсын дугаартай Тоyota Landcriuser 80 маркийн тээврийн хэрэгслийг нь гуйж авсан гэх мэдүүлэг /ХХ-н 85 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Л.БЭ мэдүүлэхдээ: ...  2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 9 цагийн үед намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулагт явж байхад найз С.Мө утсаар залгаад машинаа өгөөч гэсэн. Тэгээд би найздаа машинаа өгөхөөр зөвшөөрсөн. Тэгээд орой нь 22 цагийн үед намайг гэртээ байж байхад Мө надруу залгаад машинаа авах уу гэсэн. Тэгэхээр нь би өглөө авъя өөрийнхөө хашаанд тавьчих гэж хэлсэн. Тэгээд удалгүй С.Мө машиныг чинь хашаандаа тавьчихлаа гэсэн. Тэгээд шөнө 1, 2 цагийн үед С.Мөгийн эхнэр Гүндэгмаа над руу залгаад Түвшөө осол хийчихлээ гэсэн. Тэгэж би энэ ослын талаар мэдсэн. Миний 20-33 СЭҮ улсын дугаартай  Toyota Landcriuser 80 загварын авто машин дээр С.Мө жолоочийн хариуцлагын даатгалд бүртгэлтэй байдаг. Тийм болохоор би машинаа өгөхийг зөвшөөрсөн. Намайг иргэний хариуцагчаар татсанг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэх

 “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын” гэрээ хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Л.БЭий эзэмшлийн “Toyota Landcriuser 80” загварын 20-33 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох жолоочид С.Мөгийн нэр бичигдсэн /2-р ХХ-ийн 119 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мө мэдүүлэхдээ:...2016 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагт найз БЭийн “20-33” СЭҮ улсын дугаартай  Toyota Landcriuser 80 загварын машиныг гуйж аваад хөдөө явсан. Тэгээд орой 22 цагийн үед ирээд найз БЭд машинаа авах уу гэхэд өглөө авъя хашаанд аваачаад тавьчих гэсэн. Тэгээд машиныг нь тавьчихаад өөрийнхөө машиныг унаад Булганаас ирсэн найзтайгаа уулзах гээд гарах гэтэл миний машины акумьлятор суучихсан асахгүй байсан. Тэгэхээр нь БЭийн “20-33” СЭҮ улсын дугаартай  Toyota Landcriuser 80 загварын машиныг унаж “Хүрэл” дэлгүүрийн гадаа очиж найзтайгаа уулзаж 5 литр тогооны архийг хувааж уусан...гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд С.Мө нь уг тээврийн хэрэгслийг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор Л.БЭий зөвшөөрснөөр хэрэг гарсан өдрийн өглөө түүнээс авч замын хөдөлгөөнд оролцоод орой нь Л.БЭд тээврийн хэрэгсэлийг нь гар утсаар холбогдон ярьж хүлээлгэж өгсөн байна. Өөрөөр хэлбэл Л.БЭ гар утсаар С.Мөд ”...машинаа өглөө авъя, хашаандаа тавьчих...” гэж хэлсэн үед иргэний хариуцагч Л.БЭ өөрийн өмчлөлийн “20-33” СЭҮ улсын дугаартай “Toyota Landcriuser 80” загварын машиныг С.Мөий эзэмшилд шилжүүлсэн харилцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч С.Мө нь Л.БЭий өмчлөлийн тээврийн хэрэгсэлийг түүний зөвшөөрөлгүйгээр авч, жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэн, зам тээврийн осол гаргаж энэхүү гэмт хэргийг үйлдсэн, мөн Л.БЭий өмчлөлийн тээврийн хэрэгсэлд “Хос стандарт” ХХК-н үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр 1829000 төгрөгний хохирол /ХХ-н 67-р хуудас/ учруулсан нь Л.БЭий хариуцлагагүй үйлдлээс болоогүй, тухайн үйл явдлыг Л.БЭ мэдээгүй байх тул түүнийг иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоол /ХХ-ийн 136 дугаар хуудас/-ыг хүчингүй болгож, Л.БЭийг иргэний хариуцагчаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Боржигон овогт Лхагвын БЭийг иргэний хариуцагчаар татсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, Л.БЭий  эзэмшлийн “Toyota Landcriuser 80” загварын 20-33 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 29 өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч С.Мөгээс нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 184 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, С.Мөгийн ¹ 433637 дугаартай B,С,D,Е ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх зэргийг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Мөд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 болгон өөрчилж, Боржигон овогт Сүхбаатарын Мөг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.Мын эрүүл мэндэд хүнд, Э.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар С.Мөгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар С.Мөд оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Мөгээс 10311800 төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 26-р хороо 3-682 тоотод оршин суух Энэбишийн Мд, шүүгдэгч С.Мөгээс 11989038 төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 69-1001 тоотод оршин суух Энхтуяагийн Дт тус тус олгосугай.

5. Энэ хэрэгт Боржигон овогт Лхагва овогтой БЭийг иргэний хариуцагчаар татсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, Л.БЭий  эзэмшлийн “Toyota Landcriuser 80” загварын 20-33 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 09 сарын 29 өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг тус тус хүчингүй болгосугай.

6. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурьдсугай.

7. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мөий энэ хэрэгт цагдан хоригдсон 184 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож энэ тогтоолоор оногдуулсан зургаан сарын хорих ялыг эдэлсэнд тооцсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.Мөий  №433637 дугаартай жолоочийн “В.С.D.E” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Мөд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.