| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2314001210253 |
| Дугаар | 2024/ДШМ/023 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/023
Н.Дэлгэрцэцэгт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Цогням,
Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Дэлгэрцэцэгт холбогдох эрүүгийн 2314001210253 дугаар хэргийг 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ...................... тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Наваанчогдонгийн Дэлгэрцэцэг / РД: ВИ89041001 /,
Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2023 оны 6 дугаар сарын 18- ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .................... байрны гадна урьдын таарамжгүй харилцаагаар шалтаглан иргэн А.Дуламхандтай маргалдаж, улмаар үсдэлцэн, зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацар, духны зүүн төвгөр, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөр, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Н.Дэлгэрцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Наваанчогдонгийн Дэлгэрцэцэгийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгт оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгээс 303.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
... Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Миний бие нь мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр хохирогчтой эвлэрэн Баянхонгор аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан. Хэргийг хялбаршуулах журмаар бус энгийн хэргээр шийдсэн.
Мөн Дэлгэрцэцэг би өрх толгойлсон /нөхөр 2019 онд авто ослоор өөд болсон/ бага насны 2 хүүхэдтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг, сард 779,000 төгрөгийн зээл төлдөг тул энэ байдлыг минь харгалзан үзэж өөрчилж өдрийн 8 цагаар 240 цаг нийтэд тустай ажил хийх шийтгэлийг өөрчилж өгнө үү гэжээ.
Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгт анхан шатын шүүхээс 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршиг, хувийн байдалд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2023 оны 6 дугаар сарын 18- ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................................. байрны гадна урьдын таарамжгүй харилцаагаар шалтаглан иргэн А.Дуламхандтай маргалдаж, түүний үснээс зулгаах, газар унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хацар, духны зүүн төвгөр, хүзүү, баруун өвдөгний зулгаралт, зүүн мөр, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Хавтаст хэргийн 17-18 дугаар талд авагдсан “... Манай нөхөр Энхбаатар Дэлгэрцэцэгтэй гэр бүлийн гадуурх харилцаа үүсгээд 2 жил явсан. Би тэр хооронд боль гэж зөндөө хэлээд болихгүй болохоор нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Н.Дэлгэрцэцэгийн гэрийн гадаа очоод уулзаад байж байсан чинь Дэлгэрцэцэгийн ах нь юм уу, дүү нь юм уу нэг залуу гарч ирсэн. Тэгээд тэр залууд танай Дэлгэрцэцэг чинь манай нөхөр Энхбаатартай явалдаад байна. Надад зураг, бичлэг нь байгаа гээд харуултал намайг Дэлгэрцэцэг хажуугаас орж ирээд үснээс зулгаагаад газар унагаагаад чирсэн. Тэгсэн чинь тэнд байсан залуу бид хоёрыг салгасан.
Би ганцаараа очсон юм. Тэгээд Дэлгэрцэцэг, бид хоёрыг салгасан нэг залуу байсан. Өөр хүн байгаагүй. Миний үснээс зулгаагаад чирсэн. Миний мөр өвдөгт цус хурсан байсан. Бас шанаа хүзүү зулгарсан байсан. Одоо гайгүй болсон. Миний сэтгэл санааны хувьд хямралтай хохирогч байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх хохирогч А.Дуламхандын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 75-76 дугаар талд авагдсан “... Дэлгэрцэцэг үүдэн дээрээ нэг эмэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан... манай эгч Дэлгэрцэцэг тэр эмэгтэй хүнтэй үсдэлцээд авахаар нь би боль гээд салгасан. Тэгээд цагдаа ирсэн...Хоорондоо л хэрэлдээд зодолдоод байсан... Тухайн үед Дэлгэрцэцэг, Дуламханд бид 3 байсан...” гэх гэрч Н.Дэлгэрдалайн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 67-68 дугаар талд авагдсан “...Тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээч Б.Маралын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 132-133 дугаар талд авагдсан “... 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдөр баруун бүс худалдааны төв дээр ажил дээрээ байж байсан чинь Дуламханд ирээд миний нүүр рүү цохиод авсан тэгснээ намайг үсдээд лангууны булан руу намайг шахаад миний нүд рүү дайраад байсан. Тэгэхээр нь би өмнөөс нь үсдээд авсан чинь хүмүүс ирээд салгах гэсэн чинь дийлэгдэхгүй ба хамгаалагч ирээд хөөж гаргасан. Тэгээд би гэртээ ирээд байж байсан манай хажуу лангууны хүн над руу залгаад нөгөө хүүхэн чинь дахиж ирээд лангууны төмрийг чинь нураагаад хувцсыг чинь гишгэж орилж байгаад гараад явлаа гээд над руу ярихаар нь би лангуу руу явах гээд гарсан чинь манай гадаа ирчихсэн. Манайх руу алхаж байхаар нь таараад намайг янхан гээд хэл амаар доромжлоод байхаар нь би үсдээд тэгээд зодолдсон миний хажууд манай дүү байсан тэгээд манай дүү салгасан.
Манай дүү Бөмбөгөр сумаас ирчихсэн байсан юм. Би А.Дуламхандын биед халдсан зүйл болсон. Би 285 дугаартай дүгнэлттэй танилцсан санал нийлэхгүй байгаа. Би тухайн өдрөөс хойш Дуламхандтай уулзаж холбоо барьсан зүйл байхгүй.
Хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Дуламханд над дээр ирж хэрүүл маргаан үүсгэж бид 2 нэгнийхээ үснээс татаж доогуураа өшиглөсөн зүйл болсон. Би өөрөө очиж зодоогүй болохоор санаатай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 36-37 дугаар талд авагдсан “...1. А.Дуламхандын биед зүүн хацар, духны зүүн төвгөр, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөр, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Шинэ гэмтэл байна...” гэх Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Прокуророос шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгээс “... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял ногдуулсныг өөрчилж хөнгөн ялаар сольж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2023 оны 6 дугаар сарын 18- ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............ байрны гадна урьдын таарамжгүй харилцаагаар шалтаглан иргэн А.Дуламхандтай маргалдаж, түүний үснээс зулгаах, газар унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хацар, духны зүүн төвгөр, хүзүү, баруун өвдөгний зулгаралт, зүүн мөр, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шүүгдэгчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан, үйлдэл, үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгт ял шийтгэл ногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 д заасан ялын сонгох төрлүүдээс “Нийтэд тустай ажил хийлгэх” ялыг сонгон хэрэглэсэн шалтгаан үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой тайлбарлаагүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон атлаа тухайн зүйл хэсэгт заасан хүнд төрлийн ял ногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд нийцэхгүй байна.
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх зорилгоор цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох хавтаст хэргийн 96-113 талд авагдсан Н.Дэлгэрцэцэгийн нэр дээрх банкны дансны хуулгуудаар тэрээр тогтмол мөнгөн орлого, хадгаламжтай, торгуулийн ял шийтгэлийг биелүүлэх боломжтой болох нь тогтоогдож байна.
Шүүх торгох ялыг ногдуулахдаа гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх бөгөөд торгох ял нь ялтны зөвхөн материаллаг эрх ашгийг хөнддөг тул эрүүгийн хариуцлагын зорилго болох цээрлүүлэх шинжээрээ харьцангуй хөнгөн ялд тооцогдох учир давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс ногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ял ногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгийн “..анхан шатны шүүхээс ногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх..” агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Наваанчогдонгийн Дэлгэрцэцэгийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй..” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Наваанчогдонгийн Дэлгэрцэцэгийг “..дөрвөн зуун тавин нэгжтэй / 450 /тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй..” гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгт оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай..гэж,
Тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай... гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай..гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Л.НЯМДОРЖ