Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0647

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* овогт Т******* О******* /РД:*******/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э*******,

Хариуцагч: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О**************, Э.Ө, Ч.Н, Н.А нарын хоорондын  “Т.О******* миний цалин хөлсийг олгохгүй байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О******* надад Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай" захирамжаар шилжүүлсэн 21,563,413 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, цалин хөлс олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О**************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/536 тоот тушаалаар тус газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газрын харилцааны хяналтын улсын байцаагчаар Т******* О*******ыг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн томилжээ.

1.2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/347 дугаар тушаалаар Т.О*******д 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон.

1.3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор “Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасан”.

1.4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2797 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагад шилжин ажиллах албан хаагчдын жагсаалтыг хүргүүлсэн байх бөгөөд уг хавсралт 7-д “Т.О******* /Д/ гэж Т.О*******ы хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэж М.Дг Нийслэлийн Байгаль орчны газар” гэсэн.

1.5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/40 дугаар тушаалаар Т******* О*******ыг тус газрын Салбарын хяналт шалгалтын хэлтсийн Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон.

1.6. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дугаартай тушаалд “... Т.О*******ы ирүүлсэн хүсэлтийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосугай” гэж, мөн даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар Т.О*******ы ирүүлсэн хүсэлтийн дагуу хүүхэд асрах чөлөөг 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгасугай” гэжээ.

1.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0210 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “... Т.О*******ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О*******ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж шийдвэрлэсэн.

1.8. Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Т.О******* миний цалин хөлсийг олгохгүй байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О******* надад Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай" захирамжаар шилжүүлсэн 21,563,413 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, цалин хөлс олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Т.О******* би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/536 дугаартай тушаалаар тус газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтэст Байгаль орчин, газрын харилцааны хяналтын улсын байцаагчаар томилогдон эзэмшсэн мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/347 дугаар тушаалаар 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатай хүүхэд асрах чөлөөтэй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанаасаа өмнө буюу 2023 оны 01 дүгээр сараас эхлэн ажилдаа орох хүсэлтэй байсан. Гэвч Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасантай холбоотойгоор миний мэргэжлийн биш байгууллагад намайг шилжүүлж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл явдал болсон.

Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсантай холбоотойгоор салбарын хяналтын чиг үүргүүд холбогдох яам, төрийн захиргааны байгууллага, агентлагууд руу шилжсэн. Энэхүү шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох яам, агентлаг руу санал өгч, албан хаагчдыг шилжүүлэхдээ миний ажиллаж байсан албан тушаалын нэрийг буруу өгснөөс үүдэн намайг эхлээд Нийслэлийн байгаль орчны газарт шилжүүлж, дараа нь чиг үүрэг таарахгүй гэж Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлсэн байдаг. Нийслэлийн энэ 2 агентлагт намайг Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэсэн албан тушаалын нэрээр, мэргэжлийн бус чиглэлээр ажиллуулахаар болгоод байсан. Би мэргэжлийн чиглэлээрээ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт ажиллах ёстой юм. Гэвч миний орон тоо болон цалин хөлсний төсөв тус байгууллагад байхгүй, нийслэлийн төсөвт байсан юм. Ингээд би 2023 оны 01 дүгээр сараас ажилдаа орохыг хүссэн ч дээрх нөхцөл байдлын улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, мэргэжлийн чиглэлээрээ ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах эрх минь зөрчигдөж байсан тул Засгийн газар, түүний эрхлэх газар, Нийслэлийн Засаг дарга гээд холбогдох шатны яам, агентлагт хүсэлт гомдол гаргасны эцэст 2023 оны 05 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд миний нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0210 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.Үүнийг дагуу Нийслэлийн Засаг даргаас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” захирамж гарч, захирамжийн хавсралтын 9-д бичигдсэнээр Т.О******* миний цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нийт 21,563,413 төгрөгийн төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт шилжүүлсэн боловч тус газраас цалин хөлс олгохгүй байгаад гомдолтой байна. Мөн энэхүү шилжүүлсэн 21,562,413 төгрөгийн төсөвт миний 2 дахь хүүхдийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж багтсан байгаа.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14-т “Энэ хуулийн 7.4.5-д заасан эх, эсхүл эцгийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө” гэж заасан. Үүний дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны Б/40 дугаартай тушаалаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс намайг тус газар улсын байцаагчаар томилсноос хойш болон өмнөх хугацааны хүүхэд асрах чөлөөний хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнан, сар бүр шимтгэлийг минь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас төлж байгаа. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14-т заасан зохицуулалт нь намайг 2023 оны 01 дүгээр сараас ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан хугацаа буюу хөдөлмөрийн эрх зөрчигдсөн, цалин хөлс авах боломжтой байсан хугацаанд хамаарахгүй. Энэ хугацаанд би хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны буюу сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бус ажил хөдөлмөр эрхэлж авах ёстой байсан цалин хөлснөөсөө тооцуулан холбогдох шимтгэл, татвар төлж, цалин хөлс авах ёстой юм.

Харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 07 өдрийн 128/ШШ2024/0210 дугаартай шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт шилжүүлсэн цалин хөлсний төсөв нь 2023 оны 01 дүгээр сараас буюу миний ажил хөдөлмөрөө эрхлэх боломжтой байсан хугацаанаас хойших хөдөлмөрийн эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор надад олгохоор шийдвэрлэсэн цалин хөлс юм. Тус шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-т “Т.О*******ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Т.О*******ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О*******ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж заасан. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь цалин хөлс олгох ёстой. Миний бие уг асуудлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргахад өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3,800,000 төгрөг шилжүүлсэн боловч эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөж төлөөгүй, цалин хөлс олгоогүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна. Иймд Т.О******* миний цалин хөлсийг олгохгүй байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О******* надад Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” захирамжаар шилжүүлсэн 21,563,413 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, цалин хөлс олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Т.О******* 2014 онд Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, байгаль орчин, газрын харилцаа хяналтын улсын байцаагчаар ажилласан. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаатай хүүхэд асрах чөлөөтэй байсан. 2022 оны 12 дугаар сард Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаад энэ хүний оронд М.Д хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажиллаж байсан. Татан буугдсаны дараагаар 2023 оны 08 дугаар сард хүүхэд асрах чөлөө дуусах байсан боловч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд ажилдаа оръё гэсэн хүсэл сонирхолтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулиар нээлттэй байдаг. Тэгээд хүсэлт, өргөдлөө гаргасан боловч ажил мэргэжил, чиг үүрэг нь тохирохгүй байгууллага, нийслэлийн агентлагууд, нийслэлийн Байгаль орчны газар, агаар орчны бохирдолтой тэмцэх газар гэсэн байгууллагууд руу шилжүүлэх боломжгүй байсан тул Т.О*******ы зүгээс ажилдаа оръё гэдэг хүсэлтээ Барилга, хот байгуулалтын сайд болон тухайн үед геодези, зураг зүйн газарт гаргасан. Нийслэлийн Засаг дарга, Барилга, хот байгуулалтын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гээд холбогдох байгууллагуудад өргөдөл хүсэлтээ гаргаад яваад сүүлд нь шүүхэд хандсан. Шүүхэд хандаж явсны эцэст төсөвгүй бол ажилд авах боломжгүй гэсэн. Геодези, зураг зүйн газраас чиг үүргийн дагуу авъя гэдэг. Гэхдээ төсөв нь байхгүй учраас манайх яаж авч ажиллуулах бэ гэдэг асуудал ярьж байсан. Тэр нь ч бас үндэслэлтэй зөв байсан. Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаад шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс гарсан 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Т.О*******ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоогоод шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдсэн.

... Шүүхэд ирсэн баримтуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирсэн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн бичиг, мөн хавсаргасан баримтуудаас үзвэл Геодези, зураг зүйн ерөнхий газар программаар 21 сая гаран төгрөгийн тооцоолол гаргаад нэхэмжлэх үүсгэсэн байгаа. Нийслэлийн Засаг даргад цалин хөлсийг манайд олгооч гээд өөрсдөө нэхэмжлэлүүд программаар үүсгэсэн. Өөрсдөө нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт үүсгээд цалин хөлсний тооцооллыг нь гаргаад явуулсны дагуу Нийслэлийн Засаг даргаас төсвийг шилжүүлсэн байхад өгөхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлсийг нь гаргуулахаар шийдсэн учраас олгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “1. Т.О*******ы албан тушаалд томилогдсон болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг дараах хүснэгтээр харуулав. Үүнд:

Д/Д

Тушаалын дугаар

Албан тушаал

Огноо

Тайлбар

1

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Б/536 дугаар тушаал

Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль, орчин, газрын харилцааны Хяналтын улсын байцаагч

2010.10.30

Анх ажилд томилогдсон

2

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Б/347 дугаар тушаал

Хүүхэд асрах чөлөө олгох тухай (2021.10.16-

2023.10.18)

2021.10.14

Хүүхэд асрах чөлөө авсан

3

Газар  зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Б/40 дүгээр тушаал

Салбарын хяналт шалгалтын хэлтсийн Газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч

2024.02.29

Ажилд томилогдсон

4

Газар  зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Б/41 дүгээр тушаал

Хүүхэд асрах чөлөө олгох тухай (2024.03.01-

2025.10.25)

2024.02.29

Хүүхэд асрах чөлөө авсан

2. Байгууллагын бүтэц, чиг үүрэг өөрчлөгдсөнийг дараах хүснэгтээр харуулав. Үүнд:

Д/д

Байгууллагын нэр

Албан тушаал

Огноо

Тайлбар

1

Хууль хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай (Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 417 дугаар тогтоол )

 

2022.11.23

Мэргэжлийн чиглэлийн дагуу салбарын яамдад шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах тухай

2

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газрын харилцаа (Монгол Улсын Засгийн газрын 469 дүгээр тогтоол )

Хяналтын улсын байцаагч

2022.12.21

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдаж, чиг үүрэг нь салбарын яамдад шилжсэн тухай

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газрын харилцааны Хяналтын улсын байцаагч Т.О*******д ажиллах хугацаанд нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон байна.

Монгол Улсын Засгийн газрын Хууль хэрэгжүүлэх талаар авах арra хэмжээний тухай 2022 оны 417 дугаар тогтоол, Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 2022 оны 469 дүгээр тогтоолоор тус байгууллага татан буугдаж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ХЭГ/3162 дугаар албан бичиг, Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/6197 дугаар албан бичгээр Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Барилга, хот байгуулалтын яамны харьяа газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт албан хаагчдыг мэдээллийг тус тус шилжүүлсэн байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 86 орон тоог 93 болгон өөрчлөхдөө иргэн Т.О*******ы хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан М.Дг үлдээж, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлсэн байна.

Дараах баримт бичгүүдийн хуулбар хувийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд он, цагийн дарааллаар ангилан авч үзвэл:

А.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын ажилд томилсон тушаал, тодорхойлолтын бүртгэл

1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/40 дүгээр тушаал, 2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” Б/41 дүгээр тушаал, 3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/583 дугаар тодорхойлолт,

Б. Монгол Улсын Засгийн газрын 469 дүгээр тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдаж, чиг үүрэг нь салбарын яамдад шилжсэн албан хаагчдын бүртгэл

1. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамнаас Газар зохион бүртгэлийг илгээсэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/6197 дугаар албан бичиг

В. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт холбогдуулан гаргасан өргөдөл, хүсэлтийн бүртгэл

1. Иргэн Т.О*******оос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандсан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн өргөдлийн хуулбар (Агуулга- М.Дг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн Хяналтын улсын Байцаагчаар томилуулах), 2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн хариу, 3. Иргэн Т.О*******оос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандсан 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн өргөдөл (Агуулга-Сул орон тоонд үндсэн чиг үүргийн дагуу томилогдох, хүүхэд асрах чөлөөгөө үргэлжлүүлэн авах), 4. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас иргэн Т.О*******ы гомдлыг Төрийн албаны зөвлөлд уламжилсан бөгөөд Засгийн газрын тогтоол болон санхүүжилтийг шилжүүлээгүй тул сул орон тоо гартал хүлээх тухай 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн хариу, 5. Иргэн Т.О*******оос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хандсан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт (Агуулга-Газар, геодези, зураг зүйн Улсын байцаагчаар томилогдох, хүүхэд асрах чөлөөгөө үргэлжлүүлэн авах), 6. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас зохион байгуулалтын бүтэц хийгдсэний дараа шийдвэрлэхээр 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн хариу, 7. Иргэн Т.О*******оос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хандсан хүсэлт (Агуулга-Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай), 8. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хандсан хүсэлтэд шүүхийн шийдвэрийн 20-д зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг нөхөн тооцсон хариу хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/676 дугаар албан бичиг, 9. Иргэн Т.О*******оос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хандсан 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хандсан гомдол (Агуулга Ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах шүүхийн шийдвэр биелүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаар захирамжийг үндэслэн цалин хөлс, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах), 10. Иргэн Т.О*******оос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хандсан 2025 оны 4 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт (Агуулга-Жирэмсний Болон амаржсаны тэтгэмжээ 3,811,050 төгрөгөө авах), 11. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хандсан гомдол, 2025 оны 4 дугаар сарын 28-ны өдөр хандсан хүсэлтэд хариу хүргүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1058 дугаар албан бичиг (Агуулга-Нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг нөхөн тооцсон. Тус иргэн дахин хүүхэд төрүүлсэн тул Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт жирэмсэн амаржсаны тэтгэмж олгуулахаар уламжлан хандсан байна).

Г.Чиг үүргийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт холбогдуулан гаргасан өргөдөл, хүсэлтийн бүртгэл

1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандсан 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/3635 дугаар албан бичиг (Агуулга-Тус иргэний 2023 оны 1-12 сар, 2024 оны 1-2 дугаар сарын хугацааны нийгмийн даатгалын нөхөн тайлагнасан тайланг хүргүүлэх тухай), 2. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хандсан 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1/169 дугаар албан бичиг (Агуулга-Нөхөн тайланг баталгаажуулсан бөгөөд жирэмсэн болон амаржсаны тэтгэмж 3,811,050 төгрөг олгох боломжгүй тухай), 3. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамнаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хандсан 2023 оны 1 дүгээр сарын 25-ны 3/287 дугаар албан бичиг (Агуулга-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Сангийн яам руу албан тушаалын судалгааг хүргүүлэхдээ тухайн иргэнийг үлдээсэн тул чиг үүргийн дагуу шийдвэрлэх тухай), 4. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас иргэн Т.О*******д хариу хүргүүлсэн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1/258 дугаар албан бичиг (Агуулга-Чиг үүрэг, орон тоог шилжүүлсэн тогтоол, шийдвэрийн дагуу Тухайн албан тушаалтныг шилжүүлэн томилох эсхүл орон тоо, төсвийг шилжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах тухай), 5. Төрийн албаны зөвлөлөөс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хандсан 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4/859 дугаар албан Бичиг (Агуулга-Т.О*******ы эрх зүйн байдлыг дүгнэж, М.Дг албан тушаалыг нь хэвээр хадгалах, хууль тогтоомжийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай), 6. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Төрийн албаны зөвлөлд хариу хүргүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1/897 дугаар албан бичиг (Агуулга-Байгууллагын бүтцийн өөрчлөлт, тус иргэнийг ажилд томилуулахаар уламжилсан болон албан тушаалын томилгоо, томилоогүй үеийн цалин хөлс олгох боломжгүй тухай), 7. Иргэн Т.О*******оос Монгол Улсын Засгийн газарт хандсан 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн гомдол, 8. Монгол Улсын Засгийн газарт хандсан 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн гомдолд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын хариу хүргүүлсэн 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2/610 дугаар албан бичиг (Агуулга-Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсэн мөнгийг олгуулах тухай).

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, бусад байгууллагад хандаж уламжлан шийдвэрлэгдсэн өргөдөл, хүсэлтийг судалж үзэхэд 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажилд томилуулахаар хандсан байна. Шүүхийн шийдвэрээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг тооцуулахаар дүгнэсэн байна. Тус иргэний ажлын орон тоог орхигдуулсан асуудал нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байгууллага хооронд шилжүүлэхдээ үлдээсэн байдаг бөгөөд эрх зүйн байдлыг дордуулахгүйн хүрээнд байгууллагаас батлагдсан орон тоонд ажилд томилуулах гэхээр ажлын орон тоо байхгүй, төсөв нь шийдэгдээгүй, шалгуурт тэнцэхгүй байгаа тул холбогдох байгууллагад уламжилсан байдаг. Ингээд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр А/40 дугаар тушаалаар ажилд томилсон байна. Тухайн өдрөө А/41 дүгээр тушаалаар хүүхэд асрах чөлөөг нь үргэлжлүүлэн олгосноос харахад эрх ашгийг нь хөндөөгүй байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2024/1917 дугаар шүүгчийн захирамжаар “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн орон тоог нэгээр нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт даалгах, Т.О*******ыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар томилуулахыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Мөн шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0210 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т.О*******ы ажлын орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд. нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус иргэний ажлын орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Тухайн иргэний ажлын байрыг шүүхийн шийдвэрт “... Т.О*******ы төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдаж, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор захиргааны байгууллага, албан тушаалтан хангах үүрэгтэй” гэж дурдсан байна. Шүүхийн шийдвэрийн 20-д “... хугацааны тухайд, 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх буюу нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны үед нь тохирох цалин хөлснөөс тооцсон хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх”-ээр тусгасны дагуу нөхөн тооцсон байна. Иргэн Т.О*******д шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогчийн зүгээс 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд шимтгэлийн тайланд даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн төрөлд залруулга хийж. 2023 онд 627,000 (зургаан зуун хорин долоон мянга) төгрөг, 2024 онд 316,800 (гурван зуун арван зургаан мянга найман зуу) төгрөгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон олгосон байна. Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2,636,539 (хоёр сая зургаан зуун гучин зургаан мянга таван зуун гучин ес) төгрөг, 1,174,511 (нэг сая нэг зуун далан дөрвөн мянга таван зуун арван нэг) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 70,000 (далан мянга) төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Нэхэмжлэл үүсгээд мөнгөө шилжүүлээд авчхаад яагаад өгөхгүй байгаа юм гэж байна. Цалин хөлс гэдэг нь ажилласныхаа хөлсөнд авч байгаа. Энэ мөнгө улсын мөнгө. ... Т.О*******ыг ажиллаагүй байхад нь цалин хөлс байдлаар шилжүүлбэл бид нар өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээнэ. Буцааж Сангийн яам татах мөнгө. Барилга хот байгуулалтын яаманд ажиллах хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сард гаргасан гэж байна. Хүүхэд асрах чөлөөг дуусгаад чиг үүргийн дагуу ажилдаа орох хүсэлт байна гэж байна. Хүүхэд асрах чөлөө хэзээ дуусах гэхээр 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дуусна. Нэхэмжлэгч юу нэхэмжилж байгаа гэхээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нэхэмжилж байгаа. Хүсэл сонирхлын илэрхийлэл нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бус Нийслэлийн Мэргэжлийн хяналтын даргын Б/347 дугаар тушаалыг дуусгах буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүсэл сонирхлын илэрхийлэл нь харагдаж байна. Манай байгууллага болон бусад байгууллагад өгсөн өргөдлөөс харахад миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал тасалдаж байна, төрийн байгууллагын чиг үүрэг, буруутай үйл ажиллагаа гэж байгаа. Энэ нь бол зөв. Төрийн байгууллага буруутай үйл ажиллагаа гаргасан уу гэвэл гаргасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага судалгаа явуулахдаа Т.О*******ы нэрийг явуулаагүй. Явуулаагүй нь бодит хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу арилгаад байгаа. Т.О*******ы эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийгдсэн. 2 дахь хүүхдийн амаржсаны болон жирэмсний тэтгэмжийг олгосон. Нэхэмжлээд байгаа 21 сая төгрөгөөс бүгд хийгдсэн. Жирэмсний амралтыг авбал давуу эрхтэй, хэзээ ч хүсэлтээ өгөөд орж болно. М.Д Т.О*******ы оронд түр томилогдсон албан тушаалтан. Өөрөө хүссэн үедээ би томилогдъё гэхэд хүссэн үедээ томилогдох эрхтэй байсан. Т.О******* М.Дг томилж байж дараа нь Т.О******* хэзээ ч гаргах эрхтэй байсан гэж байгаа юм. Үгүй. М.Д төрийн жинхэнэ албан хаагч биш. Тийм учраас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллага руу М.Дг томилж өгнө үү гэдэг байдлаар хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийг харвал албан тушаалаа хадгалж үлдье, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт ажиллая, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн бүрдүүлбэр болоод 2 дахь хүүхдийн амаржсаны болон бусад тэтгэмжийг авах хүсэл сонирхол байсан гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас цаг хугацаа, холбогдох нотлох баримт, эдгээр зүйлсийг харвал 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэл сонирхол нь нотлох баримтуудаар хангагдахгүй байна. Т.О*******ыг төрийн жинхэнэ албан хаагч болохоор мэдэж байгаа гэж бодож байна. Даргатай уулзахаасаа эхлээд өргөдлөө бичиг хэргээр заавал оруулдаг, бичиг хэрэг авахгүй байх үндэслэл байхгүй. Өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу төрийн байгууллага авч бүртгэх ёстой. Тийм бүртгэл байхгүй. Өргөдөл гомдол өгсний дараагаар цохолт хийсний дараа ямар асуудалтай байна гээд даргатай юм уу, холбогдох мэргэжилтэнтэй уулздаг. Тэрнээс биш өргөдлөө бариад юм уу, аман байдлаар ямар нэгэн асуудлыг шийдэх гээд дарга дээр очдоггүй. Бичиг хэрэг шилжилт юмнууд явуулаад хариуцсан мэргэжилтэн төслөө оруулаад даргад танилцуулдаг ийм процесс ажиллагаа явуулдаг. Тийм учраас аман байдлаар гаргасан юм уу, даргатай уулзсан гэдгийг нотлох баримт гэж авагдаагүй учраас хүсэл сонирхлын илэрхийлэл нь харагдахгүй байна гэж үзэж байна. 2023 оны 04 дүгээр сард Барилга, хот байгуулалтын яаманд гаргасан өргөдлийг харвал чиг үүргийн дагуу ажиллах хүсэл сонирхол нь байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүрэг хадгалагдах ёстой. Бусад өргөдлүүдэд ч гэсэн Мэргэжлийн хяналтын даргын Б/347 дугаар тушаалыг дурддаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа цалин хөлсний цаг хугацаа хоорондоо давхцахгүй байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сар хүртэлх цалин хөлсийг нэхэмжилж байгаа. Гэтэл 4 дүгээр сард Барилга, хот байгуулалтын яаманд хүүхэд асрах чөлөө дуусвал чиг үүргийн дагуу ажиллана гэж байна. Нийслэлээс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын нэхэмжлэлийг үндэслээд мөнгө шилжүүлсэн. Манайх тухайн мөнгийг шууд захиран зарцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Буруу зарцуулалт хийвэл өөрсдөө аудитын шалгалтад орно. Т.О******* томилогдоогүй, ажиллаагүй учраас цалин хөлсийг шийдэх боломжгүй байна. Т.О*******ыг ирж уулзахад хууль зүйн хувьд шилжүүлэх ямар ч боломж алга. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд шилжүүлж болно гэсэн хариуг өгсөн” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Т.О*******оос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт холбогдуулан “Т.О******* миний цалин хөлсийг олгохгүй байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О******* надад Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” захирамжаар шилжүүлсэн 21,563,413 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, цалин хөлс олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “нийслэлийн Засаг даргын тамгын газраас орон тоо, цалингийн санг бүхэлд нь шилжүүлсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдахад миний албан тушаалын чиг үүргийг буруу байгууллагад шилжүүлснээс миний албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан албан хаагчийг ажилд томилоогүй, улмаар миний бие ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан хугацаандаа ажиллаж чадаагүй буюу хөдөлмөрийн эрх зөрчигдсөн”  гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Т.О*******оос

3.1.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг газрын даргад хандаж:

3.1.1.1. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр“... мэргэжлийн чиг үүргийг минь харгалзан үзэж, цалингийн төсвийг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэж, М*******ын Дг газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар томилж өгнө үү” /1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх талд/,

3.1.1.2. 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “... төрийн албаны зөвлөлөөс хүргүүлсэн албан бичгийн дагуу үндсэн чиг үүргийн дагуу ажиллах хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн тасарсан асуудлыг шийдвэрлэж, хүүхэд асрах чөлөөг минь үргэлжлүүлэн олгож өгөхийг хүсье” /1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дахь талд /,

3.1.1.3. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “... намайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар томилж, ажилд авч өгнө үү ... ажилд томилсон тушаал гарсны дараа миний бие хүүхэд асрах чөлөө авах хүсэлттэй байгаа болно” /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь талд/,

3.1.1.4. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “... харилцан өөр хоорондоо хүндрэл учруулахгүйгээр, хууль, шүүхийн шийдвэрийг биелүүлж миний цалин хөлсийг олгож өгнө гэдэгт найдаж байна” /1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь талд/,

3.1.1.5. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “... Т.О******* миний цалин хөлс, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгож өгнө үү”,

3.1.1.6. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “... миний жирэмсэн болон амаржсаны тэтгэмж болох 3,811,050 төгрөгийг олгох нь зүйтэй гэсэн тул тус мөнгийг Хаан банкны 3000******* тоот дансанд шилжүүлж өгөхийг хүсье”,

3.1.1.7. 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “... 2025 оны 10 дугаар сарын 24 хүртэл чөлөө олгох тушаалтай байгаа тул уг тушаалыг өөрчилж 2026 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаагаар хүүхэд асрах чөлөөг олгож тушаал гаргаж өгөхийг хүсэж байна” гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргажээ.

3.1.2. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Засаг даргад хандаж “... 128/ШШ2024/0210 дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу миний 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 01, 02 сар хүртэлх тасарсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг манай байгууллагаас гаргасан цалингийн тооцооллын дагуу тус дансанд шилжүүлж, бичгээр хариу өгнө үү” гэсэн,

3.1.3. Барилга, хот байгуулалтын сайдад хандаж “...01/2139 тоот бичгийн хавсралтын 960 дугаарт заасан алдааг хянан үзэж цалингийн төсвийг газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шилжүүлэн М.Дг чиг үүргийн дагуу тус газарт газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар шилжүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний бие хүүхэд асрах чөлөөгөө дуусган, чиг үүргийн дагуу ажиллах хүсэлтэй байгаа” гэсэн /2 дугаар хавтаст хэргийн 84-85 дахь талд/,

3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0210 шийдвэрээр “... хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шилжүүлсэн төрийн захиргааны албан хаагчийн ажлын байрны зардлыг төсөвт тусган шийдвэрлэх үүрэгтэй ... Т.О*******ы төрийн алба дахь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдаж хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор захиргааны байгууллага, албан тушаалтан хангах үүрэгтэй” гэж дүгнээд “Т.О*******ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О*******ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн.

3.3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/40 дугаар тушаалаар Т.О*******ыг тус газрын Салбарын хяналт шалгалтын хэлтсийн Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар томилж, мөн өдрийн Б/41 дугаартай тушаалаар “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон”.

3.4. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай захирамжид “…шүүхийн шийдвэрийн дагуу хавсралтад дурдсан иргэн, хуулийн этгээдэд олгох олговор болон улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нийт 831,369,841 (найман зуун гучин нэгэн сая гурван зуун жаран есөн мянга найман зуун дөчин нэг) төгрөгийг олгохоор шийдвэрлэсний 9-д “128/ШШ2024/0210 дугаар шүүхийн шийдвэрээр Т.О*******д олгогдох 21,563,413 төгрөг” гэж  тусгагдсан.

3.5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дээрх 21,563,413 төгрөгийг нийслэлийн Засаг даргын тамгын газраас шилжүүлсэн байна.

3.6. Хариуцагч захиргааны байгууллага нь Т.О*******ы 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлөх сарын 550,000 төгрөгөөр, 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 02 дугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд сарын 660,000 төгрөгөөр тус тус тооцож нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд өөрчлөлт оруулсан болох нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/373 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн тайлангийн маягтаар тогтоогдов.

4. Т.О******* нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин амаржсан байх ба тухайн хугацаанд хамаарах жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3,811,050 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан болох нь дансны хуулга, төлбөрийн хүсэлт гэсэн баримтуудад тусгагдсан байна.

5. Мөн тэрээр 2 дахь хүүхдээ төрүүлснээс хойш ажилдаа орох, хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгох талаар аливаа хүсэлтийг гаргаагүй тухайдаа маргаагүй.

6. Нэхэмжлэгч Т.О*******ы 2023 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаа/2 дахь хүүхдээ төрүүлэхээр жирэмсний амралт авах хүртэлх/-ны цалин хөлсийг олгоогүй гэх эс үйлдэхүйн тухайд:

6.1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” төрийн албан хаагч гэж тодорхойлсон ба мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж зааснаар цалин хөлс авах эрхтэй байхаар, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж тус тус зохицуулжээ.

6.2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “"ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ”, 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:”, 43.2.1-д “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх”, 137 дугаар зүйлийн 137.1-т “Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно”, 139 дүгээр зүйлийн 139.1-д “Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна”, 139.2-т “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна” гэж тус тус зохицуулжээ.

6.3. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр цалин хөлс олгогдох зарчим хэрэгжихээр байх ба тухайн тохиолдолд Т.О******* албан үүргээ гүйцэтгээгүй, ажил эрхлээгүй, хүүхэд асрах чөлөөтэй байсны зэрэгцээ хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

6.4. Өөрөөр хэлбэл, ажил эрхэлсэн тохиолдолд цалин хөлс олгох, хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болсон, эсхүл чөлөөг хугацаанаас өмнө дуусгавар болгож ажилдаа орох хүсэлт гаргасан бол ажилд томилох зарчмуудын хүрээнд цалин хөлс олгох хууль зүйн үндэслэл бүрдэх тул албан үүргээ гүйцэтгээгүй, хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусахаас өмнө албан үүргээ гүйцэтгэх талаарх хүсэлт гаргаагүй тохиолдолд түүнд цалин хөлс олгохоос татгалзсанд хариуцагчийг буруутгах боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нийслэлийн Засаг даргын тамгын газраас шилжүүлсэн цалин хөлс нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд албан үүргийг гүйцэтгэж байгаа хүнд олгогдох зохицуулалттай, албан үүргийг өөр албан хаагчаар гүйцэтгүүлээгүй тохиолдолд цалингийн санг буцаадаг” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгчээс “Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдах үед татан буулгах комиссоос миний ажлын байрыг буруу шилжүүлснээс болж миний албан үүргийг гүйцэтгэж байсан М.Дг ажилд шилжүүлэн томилоогүй, улмаар шүүхэд маргаан үүссэнтэй холбоотойгоор албан үүргээ гүйцэтгээгүй нь өөрөөс үл хамаарсан” гэх агуулгаар тайлбарлах боловч түүнээс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандаж гаргасан дээрх 3.1.1 дэх хэсэгт дурьдсан хүсэлтүүд нь хүүхэд асрах чөлөөг хугацаанаас өмнө дуусгавар болгох, ажилдаа орох гэсэн агуулгагүй, харин төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсантай холбоотойгоор өөрийн эрхэлж байсан ажлын байр, цалингийн санг эрхэлж байсан чиг үүргийн дагуу холбогдох байгууллагад шилжүүлэх, өөрийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Дг ажилд томилуулах замаар төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өөрт хуулиар олгогдсон нэмэгдэл баталгааг эдлэх, өөрөө хүүхэд асрах чөлөөгөө хуульд заасан хугацаагаар үргэлжлүүлэн эдлэх агуулгатай байх тул Т.О*******д цалин хөлс олгогдоогүй нь хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас хамаараагүй гэж үзнэ.

8. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны хүүхэд асрах чөлөө авах хугацааг хүүхдийг 3 нас хүртэл гэж заасан, харин хүүхэд 3 нас хүрэхээс өмнө ажилдаа орох бол ажилтан хүсэлтээ гаргах замаар чөлөөг дуусгавар болгохоор зохицуулсан байхад Т.О******* нь 2023 он/өргөдөлд 2021 оны гэж бичсэн боловч бүртгэл хяналтын картад 2023-04-21 16:43:32 гэж бүртгэгдсэн/-ы 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтдээ хүүхэд асрах чөлөөг үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ тодорхой бичсэн байх тул хугацаанаас өмнө хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож “ажилдаа орох” хүсэлтээ илэрхийлсэн гэж үзэхээргүй байна.

9. Түүнчлэн Т.О******* нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Т.О*******ы орон тоо, цалин хөлс, хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын төсвийг шилжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О*******ы орон тоо, цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төсвийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргаж маргахдаа албан тушаалд шилжүүлэн томилоогүйтэй холбоотой маргаагүйгээс үзвэл хүүхэд асрах чөлөөг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэл зориггүй байсан гэж үзэхээр байна.

10. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

11. Т.О*******оос гаргасан хүсэлт/дээрх 3.1.1.4-т дурьдсан/-д Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2/610 тоот албан бичигт “...Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн дугаар шийдвэрт таны өргөдөлд дурдсан “...цалин хөлсийг олгохгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна” гэснийг ерөнхий газарт даалгаагүй байна” гэснээс үзвэл, хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагаас эс үйлдэхүй тогтоогдсонгүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна /1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь талд/.

12. Дээрхээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллагаас хууль бус эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүйн зэрэгцээ Т.О******* нь хүүхэд асрах чөлөөгөө хугацаанаас өмнө дуусгавар болгож албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх хүсэлтээ гаргаагүй байх тул цалин хөлс олгохыг даалгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй гэж үзнэ.

13. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс Барилга хот байгуулалтын сайдад хандаж гаргасан өргөдөлд “Миний бие хүүхэд асрах чөлөөгөө дуусган, чиг үүргийн дагуу ажиллах хүсэлтэй байгаа” гэснийг “ажилдаа орох” хүсэл зоригийн илэрхийлэл хэмээн тайлбарлах боловч түүний хүсэлт дэх өмнөх өгүүлбэрт “М.Дг чиг үүргийн дагуу тус газарт газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар шилжүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэж бичигдсэн байгааг сүүлийн өгүүлбэртэй нь хамтатган авч үзэхэд хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хийгдсэн төрийн байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлтөөс хамааран өөрийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо гээгдэхээс сэргийлж М.Дг уг албан тушаалд томилуулах, улмаар өөрийн чөлөөтэй байх хугацаа дуусахаар “ажилдаа орох” утгыг илэрхийлж байхын зэрэгцээ тухайн тохиолдолд Барилга, хот байгуулалтын сайд нь түүний шууд ажил олгогч биш байх тул энэ хүсэлтэд дурьдсан агуулгаар нэхэмжлэлийг хангах боломжгүй.

14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаартай шийдвэр нь “Т.О*******ы төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдаж, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор захиргааны байгууллага албан тушаалтан хангах үүрэгтэй” гэж дүгнэснээс үзвэл, энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон  тоо/ажлын байр/-г хадгалах зорилгоор гарсан шийдвэр гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч талын “шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын тамгын газраас цалин хөлсийг шилжүүлсэн байхад олгохгүй байгаа” гэх тайлбараар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 139 дүгээр зүйлийн 139.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.О*******оос Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Т.О******* миний цалин хөлсийг олгохгүй байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.О******* надад Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1245 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай" захирамжаар шилжүүлсэн 21,563,413 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, цалин хөлс олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ