| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00028/Э |
| Дугаар | 00033 |
| Огноо | 2018-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Гд холбогдох 1832000000026 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгын Сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт * тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №111 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №29 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Мөнхүүев овогт Мөнхтөгсийн Г.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
М.Г нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн №124 тоотод өөрийн гэртээ эхнэр Б.Арг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эхнэр Б.Аргийн биед хөнгөн хохирол учруулсан. Эхнэр бид хоёр, 2 долоо хоногийн өмнө Сэлэнгэ аймаг руу эхнэрийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж сунгалтаар явна гээд ярьж байсан. Тэгээд би тухайн өдөр ажлаасаа тарчихаад төрсөн аав, ээжийнхээ гэрт очсон. Тэгтэл Ар юу ч болоогүй байхад уйлсан. Тэгээд Сүнжидмаа гэдэг хүн рүү утсаар ярьж манай ээжийн талаар ярьсан. Тэгэхэд нь миний уур хүрээд утсыг нь авч газар савтал хөлийг нь оносон байсан. Би уг нь цохиж гэмтээе гэж бодоогүй айлгах гэж шидэхэд хөлийг нь оночихсон байсан. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Б.Ар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 03 сарын 11-ний өдөр би Сэлэнгэ аймаг руу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж сунгалтаар явах болоод нөхөр Гаас миний өвчний түүхийг аваад Сэлэнгэ аймаг руу яваад ирээч гэж гуйсан юм тухайн үедээ ээжээс асуугаад хэлье гэж хэлээд, ээж дээрээ оччихоод ирэхдээ ээжид хэлсэн чинь “Ээж очиж хангинахаас” гэж байна гэхээр нь би яасан гэж танай ээжид загнуулдаг юм бэ, би танай ээжид гэм хийгээгүй танай ээж намайг үзэж чадахгүй юм гэхэд миний гар утсыг булааж газар саваад утас эвдээд зайл гичий минь, тэр шилжүүлгийг чинь хот руу хийгээд өгчий, чамайг ална гээд миний хоёр хөлний шилбэ рүү хоолны халбага, бурхны өмнө байсан аяга, жаазтай бурхан, цайны халуун сав, цахилгаан тогоо нүдэнд харагдсан бүх зүйлээ над руу шидээд байхаар нь би айгаад гадагшаа гарч зугтаагаад хажуу талын айлын утсаар цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/
2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №45 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: …
1. Б.Аргийн биед баруун, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын алганы ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 13 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 22 дугаар хуудас/, Шүүгдэгч М.Гын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /24 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 27-37 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Г нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн №124 тоотод өөрийн гэртээ эхнэр Б.Арг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Аргийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №45 дугаартай Шинжээчийн дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Гыг хохирогч Б.Аргийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Г нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн №124 тоотод өөрийн гэртээ эхнэр Б.Арг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар Б.Аргийн биед баруун, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын алганы ар хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мөнхүүев овогт Мөнхтөгсийн Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан М.Гын торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.