Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/024

 

 

 

*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******ад холбогдох эрүүгийн 2314001500292  дугаар хэргийг 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ......................... тоотод оршин суудаг, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар:*******,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 06 сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “******* *******” ХХК-нд “сарлагийн хөөвөр нийлүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “*******мөрөн” ХХК-иас 5 удаагийн үйлдлээр нийт 58,000,000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт  холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн  2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг  2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас  46,500,000 төгрөг гаргуулж, хохирогч байгууллагын төлөөлөгч од  олгож,

Шүүгдэгч *******ын улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоот орон сууцны шилжилт хөдөлгөөний хязгаарласан.... Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн №88 дугаартай прокурорын зөвшөөрлийг  хэвээр үлдээж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:                    

Миний бие хэргийн тогтоолтой танилцаж үзлээ. Би цагдаад мэдүүлэг өгөхдөө бүх үнэнээ хэлсэн. Зарим зөрүүтэй зүйлүүдийг нягталж өгнө үү. оос 2022 оны 6 дугаар сард 8,000,000 төгрөг авч хөөвөр авсан. Өөр зүйлд зарцуулаагүй.   Тухайн хөөврийг явуул, ачуул гэж хэлээгүй. Над дээр 1 жил өнжөөд 2023 оны 5 дугаар сараас нэмж хөөвөр авч эхэлсэн. Нийт 3-тн хөөвөр авсан байсныг захын бүх ченжүүд гэрчилнэ. Тэгээд 1000 төгрөгийн зөрүүн дээрээс болоод өөр хүнд зараад мөнгийг нь цувруулж аваад тоглоомд алдсан. Энэ явдал 2023 оны 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 10-нд болсон. Хэргийн тогтоолд дээрх үйл явдал зөрүүтэй байгааг нягталж өгнө үү. Би 2023 оны 9, 10, 11, 12 саруудад ажил хийж од нийт 11,500,000 өгсөн байгаа үлдэгдэл мөнгийг 2 хуваан төлөхөөр тохирсон байгаа эдгээр зүйлийг хянаж хэргийн зүйл ангийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.                                                                                              

Шүүгдэгч *******ад анхан шатын шүүхээс 2 жилийн хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршиг, хувийн байдалд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 06 сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “сарлагийн хөөвөр нийлүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “*******мөрөн” ХХК-иас 5 удаагийн үйлдлээр нийт 58,000,000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд

Хавтаст хэргийн 71-73, 74-75 дугаар талд авагдсан “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* над руу залгаад яаралтай 8,000,000 төгрөг шилжүүлээч, Сарлагийн хөөвөр авах шаардлагатай байна гэсэн. Тэр үед нягтлан гадуур ажилтай шилжүүлэх боломжгүй байна гэхээр нь өөрийн Голомт банкны 2705146789 тоот данснаас *******ад хөөврийн үнэ гэсэн утгаар явуулсан. Тэгээд дараа нь хөөврөө яасан гээд *******тай холбогдоход хүмүүсээс хөөвөр ирээгүй байна гэсэн, тэгснээ сүүлд нь манай хүүхэд Япон улс руу явах гээд 8,000,000 төгрөгийг чинь хэрэглэсэн би удахгүй төлнө гэсэн. Хөөврийг жил бүрийн 05 дугаар сараас 06 дугаар сарын 20-ны хооронд бэлтгэдэг, улирал сар нь тэгж таардаг. Тэгээд нөгөө 8,000,000 төгрөгөө өгөөгүй байж байснаа дахин надтай 2023 оны 05 дугаар сарын 14-ний үед холбогдоод хөөврийн урьдчилгаа авмаар байна 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь за чи өмнөх 8,000,000 төгрөгтэйгөө нийлүүлээд өгөөрэй гэж хэлээд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “******* *******” ХХК-ийн Голомт банкны 2505144204 тоот данснаас *******ын ХААН банкны 5249139998 дансанд 10,000,000 төгрөг, дараа нь 10,000,000 төгрөгийг дээрх дансаар 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр,  2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөн данс руу 10,000,000 төгрөг авсан. Ингэхдээ хөөвөр яг ирэх гээд байна, хөдөө гадаа руу мөнгө шилжүүлэх гэж байна гэж хэлж авсан. Ингээд өмнөх мөнгөтэй нийлээд 30,000,000 төгрөг болохоор нь ******* руу яриад хэдэн тонн хөөвөр болов гэтэл 1.500 тонн хөөвөр болсон байгаа дахиад мөнгө хэрэгтэй байна гэсэн. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ярихаар нь 20,000,000 төгрөг түүн рүү шилжүүлсэн.  2023 оны 06 дугаар сарын 10-ны үед ярихад хөөвөр бэлэн болж байгаа, удахгүй ачна гэж надад хэлсэн. Тэгээд байж байснаа ханш өндөр болчихлоо өмнө нь 1 кг 18,000-21,000 төгрөгөөр бодож авдаг байсан, тэгсэн бүр 27,000-28,000 болчихлоо, дахиад мөнгө хэрэгтэй байна авах уу гэж асуухаар нь  нягтлантайгаа ярихад нийт 58,000,000 төгрөг өгсөн талаар хэлсэн. Тэгээд *******аас өгсөн мөнгөндөө хөөврөө авъя гэтэл тонн хөөвөр өнөөдөр ачих гэж байна гээд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  байх над руу залгасан. Тэгээд 1 хоноход хөөвөр хот руу ирдэггүй, 2 хоноход *******ын утас дуудаад утсаа авдаггүй, ингээд 6 хоноод 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* надад руу үнэхээр баларсан юм хийчихлээ би 100,000,000 төгрөгөөр тоглоод алдчихлаа найз байж байгаарай би удахгүй зохицуулна  гэж мессеж бичсэн байсан,...Тэгээд сураг ажиг болоод өөр рүү нь 10 хоногийн хугацаатай мэдэгдэл түүн рүү өгсөн 2023 оны 07 дугаар сарын 03-нд мэдэгдлийн хугацаа дуусаад хаана байгаа нь мэдэгдэхгүй Баянхонгор аймагт ирээд гэрт нь очоод уулзахаар ирэхэд эхнэр нь үнэхээр ******* тоглоод алдсан байна, өмнө нь тоглоод байхаар нь мэдээд чамд хэлэх гэж бодсон, тэгтэл нөхөр ******* нь Амарболд бид хоёрын дунд битгий гай болоорой, би Амарболдыг гомдоохгүй гэсэн тэгээд хэлж чадаагүй гэхээр нь яагаад 50,000,000 төгрөг болтол нь хэлээгүй юм гэсэн.... Сүүлд *******ад өгсөн 58,000,000 төгрөгийг бол олон жилийн итгэлцлийн үндсэн дээр өгсөн, бид хамтраад 13 жил болж байгаа юм... ******* ер нь бол хөөвөр бэлэн болчихлоо гэж байсан. Тэгээд ачуулаач гэхэд ачих машин харж байна гэсэн. Дараа нь ханш нь 27.000 төгрөг болоод өсчихлөө гэж хэлсэн.  Тэгсэн удаа ч үгүй хөөврөө хот руу ачуулчихлаа гээд алга болсон. Тэгснээ мөрийтэй тоглоом тоглоод алдчихлаа гэсэн тайлбар өгсөн. Тэрнээс биш *******ын зүгээс хөөврийг 1 кг-ийг 27.000 төгрөгөөр хэн нэгэн хүнд зарах гэж байгаа болон зарсан талаараа ерөөсөө хэлээгүй. *******ын зүгээс нийт 3,000,000 төгрөгийг хохирлоос төлсөн, одоо үлдэгдэл 55,000,000 төгрөг төлөөгүй байгаа...” гэх хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 81-82 дугаар талд авагдсан “ ...Манайхаас *******ад ноолуур, хөөвөр авна гэж түүнд 2023 оны 05 дугаар сараас эхэлж доод тал нь 1.000.000-20.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна.  Ер нь өдөр, өдрийн ханшаар нь бодоод манайх түүхий эдийг нь авдаг. Өдөр болгон өөр мөнгөн дүнгээр урьдчилан мөнгөө аваад, авсан түүхий эдийг нь өдөр өдөрт нь манайд авчирч өгдөг байсан. Хөөврийг бол та хурааж бай, нийлүүлээд нэг мөсөн авъя гэж хэлсэн. Тэгээд би ******* ах руу Хөөвөр юу болж байна гээд 2023 оны 06 сар гаргаад ярьсан тэгэхэд “зарим нь ирээгүй байна, 2 тонн гаран болсон гэж байсан. Тэгээд авахаар болж 1 кг-ийг нь 27.000 төгрөгөөр өгнө гэхээр нь тэр дүнгээр нь тооцоо хийгээд 3 орчим тонн хөөвөр авсан санагдаж байна. Тэгээд өмнө өгч байсан мөнгөө тооцоод үлдэгдэл 10.000.000 төгрөгийг өгөөд дуусгасан. ******* ахаас 2.7 тонноос хэтрээгүй байх, тэгэхээр 1 кг 27.000 төгрөгөөр тооцож авсан. Бодоход нийт 72,000,000 төгрөгийг өгсөн. Ингэж өгөхдөө хувааж өгч байсан. Зарим үед хөөвөртэй хүнийг дагуулж ирээд тэр хүнийх нь данс руу мөнгийг нь шууд хийдэг байсан...” гэх гэрч гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 116-118 дугаар талд авагдсан “Би Амарболдоос үнэнээ хэлж мөнгө авсан. Би 2019 оноос гар утсан дээрээ Покер ар гэх аппликейшн татсан байж байгаад тоглож эхэлсэн, тэгтэл их бол алддаггүй л байсан. Амарболдтой бол 18 жил хөөвөр өгч авалцсан байдаг. Түүний ******* мөрөн ХХК-ийн хөөврийн 10 хувийг би Баянхонгор аймгаас нийлүүлдэг байсан. 2022 оны 06 дугаар сарын сүүлчээр 3 тонн хөөврийг Амарболдод Улаанбаатар хотод 19 дүгээр хороололд компанийн газарт нь аваачиж өгчхөөд аймагт ирээд хүмүүс хөөвөр өгье гээд байхаар нь  Амарболд руу яриад хөөврийн мөнгө хийх үү 200-300 кг хөөврийн мөнгө хийчих гэж хэлсэн. Тухайн үед 1 кг хөөвөр 25,000-26,000 төгрөгийн хооронд байсан. Над руу 8,000,000 төгрөг хийсэн байсан. Түүнд нь би 300 кг хөөвөр авсан надад байгаад байсан явуул гэж Амарболд хэлээгүй. Тэгээд хоёрын хооронд жоохон хөөвөр гэж бодоод өнгөрсөн. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс авхуулаад хөөвөр нэмээд авч эхэлсэн. Амарболдоос нийтдээ 50,000,000 төгрөгийг авсан 2 тонн хөөвөр авсан байсан. Би хөөврийг аймгийн төвөөс 1 кг нь 25,000-26,000 төгрөгөөр авсан. Амарболд руу “ийм үнээр авчихлаа, чи надад 1000 төгрөгийн зөрүү гаргаж өгөх үү” гэтэл Амарболд амжихгүй байхаа гээд 26,000 төгрөгөөр авах гээд байсан. Тэгэхэд нь аймагт түүхий эд авдаг Эрдмаад 2,7 тонн хөөвөр 1 кл 27,000 төгрөгөөр зарсан, тэгээд түүнээс авсан мөнгөө хэд хоног Рокег 2 гээд мөрийтэй тоглоомын тухайн үед найзууд байж байгаад Venetain нэртэй болоод одоо нэр нь өөрчлөгдөөд las vegas болсон тоглоомын сайт, мөн Их ноёд, Гоёог, Авдар гэсэн сайтуудад тоглож мөнгөө алдсан. Их ноёд клубд тоглохдоо 500.000-1.000.000 төгрөгөөр техас покер, Найзууд байж байгаад Venetain нэртэй болоод одоо нэр нь өөрчлөгдөөд las vegas болсон тоглоомын сайт 1.000.000 төгрөгийн  тоглоом тоглож алдсан, бусад сайтуудад доод тал нь 200.000 төгрөгөөр цэнэглэлт хийж тоглодог дээд тал нь 1.000.000 төгрөгөөр цэнэглэлт хийж тоглодог байсан. Тухайн мөнгийг авсан нь үнэн, одоо төлье гэхээр бэлэн мөнгө олдохгүй байгаад байгаа. Манай хүү 2022 оны 06 дугаар сарын 20-ны үед Япон улс руу явсан санагдаж байна, тухайн үед би Амарболдоос 8000000 төгрөгийг нь авсан байсан, авсны дараа би түүгээр нь хөөвөр авсан байсан. Тэгж байгаад манай хүүхэд Япон улс руу явах гэж байгаа “мөнгө байна уу” гэхэд боломжгүй байна гээд өгөөгүй, би түүнд 8,000,000 төгрөгийг хүүхдээ Япон улс руу явуулахад зарцуулсан гэж хэлээгүй.  Амарболдоос авсан хөөврийн мөнгийг 2022 оны 06 дугаар сарын 10-аас 2022 оны 07 дугаар сарын 10-ны хооронд тоглоод алдсан...” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн өр барагдуулж төлөх баталгаа, хохирлын мөнгө шилжүүлсэн талаарх ХААН банкны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.  

Прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг бөгөөд өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх зэрэг тодорхой үйлдэл хийснийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 06 сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр урьдын гэрээний харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “сарлагийн хөөвөр нийлүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “*******мөрөн” ХХК-иас 5 удаагийн үйлдлээр нийт 58,000,000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, түүний үйлдэлд хөөвөр нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэн, итгэл эвдэж Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохирол учруулсан болох нь баримтаар нотлогджээ.

Шүүгдэгч ******* нь “...оос 2022 оны 6 дугаар сард 8,000,000 төгрөг авч хөөвөр авсан. Өөр зүйлд зарцуулаагүй тул хохирлын үнийн дүнгээс хасч, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн агуулгаар гомдол гаргасан.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр ******* нь оос 2022 оны 06 сард авсан 8,000,000 төгрөгийг хөөвөр худалдан авахад зарцуулж, хөөврөө ачуулахаар хадгалж байсан, улмаар үнийн зөрүү гаргахаар бусдад худалдсан зэрэг нь нотлогдохгүй байх тул 8,000,000 төгрөгийг нийт хохирлоос хасах нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн..” бол залилах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор заасан. *******ын залилах гэмт хэргийн улмаас *******мөрөн ХХК-д 58,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохирлын доод хязгаар нь 50,000,000 төгрөг түүнээс дээш хэмжээ байхаар заасан тул шүүгдэгчийн гаргасан гомдол нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц үндэслэл болохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын “хохирлын хэмжээг бууруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх”-ээр бичсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ 

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Л.НЯМДОРЖ