Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 317/ШШ2025/00841

 

 

 

 

   2025       06        09                                          317/ШШ2025/00841                           

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, .. дүгээр баг, Сэрүүн дэнжийн .. дүгээр байр, .. тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Д.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Баянцагаан сум, .. дүгээр баг, ... гэх газарт суух хаягтай, регистрийн дугаар .., Д.Б,

Хариуцагч: Төв аймаг, Баянцагаан сум, .. дүгээр баг, .. гэх газарт суух хаягтай, регистрийн дугаар .., Д.Д нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байр, ... тоотод оршин суух, регистрийн дугаар .., Д.О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Төв аймаг, Зуунмод сум, ... дугаар баг, ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Б.М,

Дундын эд хөрөнгө болон өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг 174.206.667 төгрөг гаргуулах, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, дундын эд хөрөнгө болон өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг буюу тээврийн хэрэгсэл, орон сууц, хашаа, байшингаас нийт 32.666.666 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Базардорж, Б.Сонинбайгаль, хариуцагч Д.Б, Д.Д, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Жигмэддорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Оюунбат, Б.Мөнгөнчимэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Д.Б, Д.Д нарт холбогдуулан “Дундын эд хөрөнгө болон өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг 174.206.667 төгрөг гаргуулах, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. “Миний бие талийгаач Б.Ц 2006 онд танилцаж, 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Ц.А, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин Ц.Н, 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ц.Анар тус тус төрсөн. Гэтэл нөхөр Б.Б 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн ... суманд авто ослын улмаас нас барсан. Бидний хамтын амьдралын хугацаанд үүссэн хөрөнгө болох 58 адуу, 31 үхэр, 1240 хонь, 218 ямаа, нийт 1547 тооны малтай байсан нь малын А дансны хуулгаар тогтоогдоно. Хамтын амьдралын хугацаанд үүссэн дээрх хөрөнгө нь гэр бүлийн 5 гишүүний өмч бөгөөд нөхөр Б.Б нь 5-ны нэг хувийн өмчлөгч юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй байдаг. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нөхөр Б.Ц нас барснаас хойш жилийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн тойргийн нотариатч Ч.Наранцэцэгээр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэсэн үйлдлийг Нотариатын тухай хууль зөрчсөн гэж үзэж, тус өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нэгэнт өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Д.Т, Ц.А, Ц.Н, Ц.А нарын хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шийдвэрлээгүй тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Б.Ц хууль ёсны өвлөгчөөр Д.Т, Ц.Х, Ц.Н, Ц.Х нарыг тогтоож өгнө үү. Түүнчлэн дээр дурдсан 1547 тооны малын 5 хуваасны нэгийг өмчлөх эрхтэй өвлүүлэгч Б.Ц хөрөнгийг Д.Т, Ц.Х, Ц.Г, Ц.Ц, аав Д.Б, ээж Д.Д нар тэнцүү хэмжээгээр өвлөх бөгөөд тухайн малыг хадам аав, ээж 2 маллаж байгаа. Ингээд бидний хооронд маргаан гарсан бөгөөд 1547 тооны малыг эрх бүхий этгээд 186.650.000 төгрөгөөр үнэлсэн. Тус эд хөрөнгийн үнэ 186.650.000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүнд хуваахад нэг хүнд 37.330.000 төгрөг ногдох ба Д.Т, Ц.Амгаланбаатар, Ц.Г, Ц.Анарт 149.320.000 төгрөг ногдохоор байгаа. Харин Б.Ц ногдох хэсэг 37.330.000 төгрөгийг Д.Т, Ц.А, Ц.Г, Ц.Аболон нөхрийн эцэг Д.Б, эх Д.Д нарт хуваахад нэг хүнд 6.221.666 төгрөг, нийт 12.443.333 төгрөг ногдохоор байна. Бидний дундаас төрсөн хүүхдүүд насанд хүрээгүй, эрх зүйн бүрэн чадамжгүй байгаа тул тэдгээрийг төлөөлж, Д.Т миний бие нэхэмжлэл гаргасан ба гэр бүлийн дундын эд хөрөнгийн үнэлгээ 186.650.000 төгрөгөөс Д.Б, Д.Д нарын ногдох хэсэг 12.443.333 төгрөгийг хасаж тооцвол 174.206.667 төгрөг гарах бөгөөд үүнийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

 

2. Хариуцагч Д.Б, Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигмэддорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Д.Б, Д.Д нарын хүү Б.Ц 1985 онд төрж, багаасаа эцэг, эхийн хамтаар мал маллан амьдарч байсан. Б.Ц 2007 онд Д.Ттэй гэр бүл болж, 3 хүүхдийн эцэг, эх болсон бөгөөд өрх гэр тусгаарласан цагаас хойш 15 жил болжээ. Энэ хугацаанд талийгаач өөрийн эцэг, эхийн хамтаар мал маллан амьдарч байсан ба эцэг, эхийн хувьд хүүгийнхээ 3 хүүхдийг нь харж хандаж, тус гэр бүлд тус дэм болон ирсэн. Цэл залуухан хүүгээ цаг бусаар алдсан эцэг, эх, хань ижил, үр хүүхдүүдэд нь бүгдэд нь хүнд байгаа. Д.Т том хүүгээ сургуульд орсон цагаас хойш аймгийн төвд амьдрах болсон бөгөөд хамтын амьдралын 15 жилийн сүүлийн 10 жилд мал тооллого болох үед огт байгаагүй, харин Б.Цэрэндүгээ нь хотондоо байгаа бүх малыг мэддэг байсан учраас эгч, дүү нарын малыг хамтад нь өөрийнхөө нэр дээр тоолуулдаг байсан. Түүнчлэн хүүгээ 1000-т малчин болгох, аймаг, сумын сайн малчин болгох үүднээс гэр бүлээрээ хамтын шийдвэр гаргаж, Б.Ц нэр дээр бүх малаа тоолуулдаг байсан. Гэхдээ эгч, дүү нарын мал өөр им тамгатай. Б.Ц нас барах үеэр мал тооллого явагдсан ба Д.Б, Д.Д нар малын тоог бодитоор тоолуулаагүй, өмнөх жилийн мал тооллогын баримтад дурдсан хэмжээгээр нь бичүүлснээс үүдэн нэхэмжлэгч тухайн мал тооллогын А дансанд байгаа малын тооны хэмжээгээр нэхэмжлэл гаргасан байна. Мөн нөхрөө нас барснаас хойш малаа зарж борлуулж, өөрөө мөнгөө авсан боловч 2021 оны малын А дансны тоогоор нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна. Мөн малаас олон тооны мал үрэгдсэн. Хүүгээ амьд байх үед Д.Б, Д.Д нар Төв аймгийн Зуунмод сумын .. дүгээр баг, .. дугаар байранд 2 өрөө байр, Ланс багт хашаа, байшин, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл зэргийг малын үр шимээр худалдан авч өгсөн бөгөөд энэ бүгд нэхэмжлэгчийн өмчлөлд үлдсэн. Иймд Б.Цэрэндүгээгийн өмчлөлд байсан 69-06ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Д.Т 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу өв нээлгэсэн өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба уг тээврийн хэрэгслийг 13.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Иймээс тухайн тээврийн хэрэгслийн үнэ  13.000.000:6=2.166.666 төгрөг ба Д.Б, Д.Д нарт ногдох хэсэг 4.333.333 төгрөг, Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг, Хийдийн 7/1 /шинэчилсэн хаяг 9005/ тоотод байрлах газар болон тухайн газарт байгаа байшин нь талийгаачийн өмчлөлд бүртгэлтэй байсан. Том хүү Ц.А сургуульд орох жил буюу 2013 онд 15.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоогийн зах зээлийн үнэлгээ нь 25.000.000 төгрөг ба үүнийг 6 хүнд хуваахад нэг хүний ногдох хэсэг 4.166.666 төгрөг, 2 хүний 8.333.333 төгрөгийг гаргуулах, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Сэрүүн дэнжийн 32 дугаар байр, 17 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг хүүдээ 2020 онд худалдан авч өгсөн ба одоо зах зээлийн үнэлгээ нь 60.000.000 төгрөг юм. Үүнийг 6 хүнд хуваахад нэг хүнд 10.000.000 төгрөг, Д.Б, Д.Д нарт ногдох хэсэг 20.000.000 төгрөг болно. Тиймээс талийгаачийн нэр дээрх бүртгэлтэй байсан дээрх хөрөнгөөс Д.Б, Д.Д нарт ногдох хэсэг 32.666.666 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ... Д.Б, Д.Д нар анхнаасаа Д.Т болон хүүхдүүдийг хууль ёсны өмлөгч болохыг хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргаагүй. Үндсэн нэхэмжлэлд гуравдагч этгээд нарын мал хөрөнгийг оролцуулан нэхэмжлэл гаргасан ба одоо нэхэмжлэлд дурдсан тооны мал байхгүй. Д.Т хариуцагч нарт мэдэгдэхгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг нээлгэж, хууль ёсны эрхэд нь халдсан. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тухайн өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тул дахин нотариатад хандан өвлөх эрх нээлгэх санал тавьсан боловч хүлээн аваагүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар уг хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О, Б.Б болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.М миний бие 10 адуу, 200 тооны хонь, ямаатай ба адуугаа буруу гуяндаа саран дэвсгэртэй сэрээ тамгаар, хонь, ямааг зөв чихэнд нь урдаасаа эрхэм, буруу чих нь араасаа ухам эмээр эмлэж, тамгалдаг. Өөрийн малаа төрсөн дүү Б.Ц нэр дээр малын А дансанд тоолуулдаг байсан. Шалтгаан нь манай дүү бидний бүх малыг маллаж, өсгөж үржүүлдэг байсан ба аймаг, сумын аварга малчин болоход малын тоо маш чухал гэж үзсэн. ... Д О миний бие өөрийн өмчлөлийн хоёр чихэндээ ганзага эмтэй 250 хонь, мөн хоёр чихэндээ ганзага эмтэй 80 ямаа, мөн хоёр чихэндээ ганзага эмтэй 16 үхэр, мөн зөв гуяндаа саран дэвсгэртэй сэрээ тамгатай 20 адуутай. Уг малаа Б.Ц болон ах Д.Б нараар маллуулж байгаа. Миний малыг төрсөн ахын хүү Б.Ц өөрийн нэр дээр тоолуулж байсан. Гэтэл түүний эхнэр Д.Т миний малыг өөрийнхөө гэр бүлийн хөрөнгө гэж маргаан үүсгэн шүүхэд хандсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ... Бид өөрсдийн бүх малаа ах Б.Ц нэр дээр тоолуулж байсан бөгөөд ах маань нас барсны дараа эхнэр Д.Т нь өв нээлгэхдээ биднийг оролцуулаагүйгээс болж уг маргаан үүссэн. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон ба өвлөх эрхийн гэрчилгээг шинээр хийлгэх хэрэгтэй болсон тул Д.Тгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Д.Б, Д.Д нарын хооронд 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “Д.Тгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, Д.Д нарт холбогдох “Дундын эд хөрөнгө болон өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг 174.206.667 төгрөг гаргуулах, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Дундын эд хөрөнгө болон өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг буюу тээврийн хэрэгсэл, орон сууц, хашаа, байшингаас нийт 32.666.666 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид бид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Д.Б, Д.Д нар 100.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Т нь “Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай болон 74.206.667 төгрөг гаргуулах тухай” шаардлага, хариуцагч Д.Б, Д.Д нар “32.666.666 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж байна. Хариуцагч Д.Б, Д.Д нар 100.000.000 төгрөгийг хувааж буюу 70.000.000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 30.000.000 төгрөгийг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Д.Тд төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Д.Б, Д.Д нарт холбогдуулан ““Дундын эд хөрөнгө болон өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг 174.206.667 төгрөг гаргуулах, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай” үндсэн нэхэмжлэл, хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан “Дундын эд хөрөнгө болон өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг буюу тээврийн хэрэгсэл, орон сууц, хашаа, байшингаас нийт 32.666.666 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

 

3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээнд зааснаар нэхэмжлэгч Д.Т нь “Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай болон 74.206.667 төгрөг гаргуулах тухай” шаардлага, хариуцагч Д.Б, Д.Д нар “32.666.666 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч Д.Б, Д.Д 100.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2 хувааж буюу 70.000.000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 30.000.000 төгрөгийг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Д.Тд төлж барагдуулахаар тохиролцсон.

 

4. Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.091.200 + 75.203 + 156.079 + 70.200 = 1.392.682 төгрөг, хариуцагч Д.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.284 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Д.Д нараас 657.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тд олгоно.

 

6. Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Т нь “Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай болон 74.206.667 төгрөг гаргуулах тухай” шаардлага, хариуцагч Д.Б, Д.Д нар “32.666.666 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч Д.Б, Д.Д 100.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2 хувааж буюу 70.000.000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 30.000.000 төгрөгийг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Д.Тд төлж барагдуулахаар тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.392.682 төгрөг, хариуцагч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.284 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Д.Д нараас 657.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ГЭРЭЛТУЯА