| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/05953/И |
| Дугаар | 192/ШШ2025/04799 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/04799
2025 06 04 192/ШШ2025/04799
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоот хаягтай, М овогт Б.А /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягтай, Д овогт Ш.М /РД:*/-д холбогдох,
Гэрээ цуцалсны үр дагавар 4 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч, хариуцагч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов. Нэхэмжлэгч хүндэтгэх шалтгаанаар хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар шүүхэд мэдэгдсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ш.М-тэй ТҮЦ худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 03 дугаар сард байгуулан 35 000 000 төгрөг шилжүүлсэн боловч ТҮЦ нь миний нэр дээр шилжиж ирээгүй. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, хэрэг шалгагдаж байх хугацаанд хариуцагч нь 31 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Баянзүрх дүүргийн прокурорын газраас хэрэг хаах тогтоол гаргасан. 4 000 000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй байх тул Ш.М-ээс гаргуулж өгнө үү...” гэжээ.
2.Хариуцагчийн хариу тайлбартаа: “...2023 оны 03 дугаар сард Ц.А болон түүний ээжтэй нотариат дээр гэрээ байгуулах үед уулзсан. Та ТҮЦ-ийн талаар мэдээллүүдээ бүгдийг нь авсан уу, 12 дугаар сард шинэчлэгдсэн гэрээ хийгдэж, таны нэр дээр шилжиж очно, тэр болтол миний нэр дээр байгаа ТҮЦ дээр үйл ажиллагаа явуулах боломжтой гэж би Ц.А-д ойлгуулж хэлсэн. Нотариатч ч энэ нь зөвхөн ТҮЦ худалдах, худалдан авах гэрээг зохицуулж байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, газартай холбоотой ямар нэгэн зохицуулалт байхгүй гэж тайлбарласан. Үүнийг хүлээн зөвшөөрөөд гэрээгээ байгуулсан. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ц.А над руу холбогдоод ТҮЦ миний бодсон шиг ашиг орлоготой биш байна, тэгэхээр ТҮЦ-ийг буцаана гэсэн. 8 сард түлхүүрийг өгсөн. 2023 оны 11 дүгээр сард намайг залилан мэхэлсэн хэргээр Баянгол дүүргийн Цагдаагийн газарт өгсөн байсан, би цагдаад очиж мэдүүлэг өгсөн, шалгагдаж байх явцад Ц.А-тай удаа дараа уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлаж өгсөн. Түрээсийн төлбөр, ашиглалтын зардлуудыг бүгдийг нь би өөрөө төлөөд тойрох хуудсаа бичүүлж авсан. Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэрэг шийдэгдтэл үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн. Түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөг суутгаж авахаар тохиролцоод, үлдэгдэл 31 000 000 төгрөгийг нь шилжүүлээд гомдол санал гаргахгүй гэж Ц.А бичиж өгөөд дууссан. Ц.А-ийн ТҮЦ ажиллуулж байх хугацааны түрээс болон ашиглалтын зардлуудыг би өөрөөсөө төлсөн, 2024 онд огт ажиллуулж чадаагүй ч түрээсийн төлбөр төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.08.29-ний өдрийн дугаар * тоот Баянзүрх дүүргийн Прокрорын газрын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.08.13-ны өдрийн Б.А-ийн БЗД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, Ш.М-ийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, Б.А-ийн эзэмшлийн дансны хуулга, 2023.03.13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ эдгээр баримтуудын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбарыг өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ш.М-д холбогдуулан 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...худалдах худалдан авах гэрээний үүргээс татгалзсан, гэрээний дагуу шилжүүлсэн 35 000 000 төгрөгийн үлдэгдэл 4 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй...” гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар маргаагүй, харин гэрээ хэрэгжиж байх үед гарсан ашиглалтын зардлыг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн гэх үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргав.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр хариуцагч Ш.М нь зөөврийн сууц /ТҮЦ/-ыг 35 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч Б.А-д худалдахаар тохирсон байна.
4.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4.3. Хүчин төгөлдөр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь гэрээний талуудын эрхээр тодорхойлогдох бөгөөд маргааны эрх зүйн баримт бичиг болох 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч буюу худалдан авагч татгалзсаныг хариуцагч зөвшөөрч төлбөрийн төлбөрийн тодорхой хэсгийг буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
4.4. Тодруулбал, гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 35 000 000 төгрөгөөс 31 000 000 хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь ТҮЦ-ийг хариуцагчид буцаан шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.
4.5. Хариуцагч “...нэхэмжлэгч нь ТҮЦ-ийг 4 сар ажиллуулсан. Энэ хугацааны тог, газрын түрээсийн төлбөрт 2 600 000 төлбөрийг би төлсөн...” гэж тайлбарлаж байх боловч төлбөр төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
4.6. Иймд гэрээнээс татгалзлын үр дагавар буюу үлдэгдэл 4 000 000 төгрөгийг хариуцагч Ш.М-ээс гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
4.7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.М-ээс 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 78 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ