| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0478/З |
| Дугаар | 128/ШШ2025/0587 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2025/0587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо
Маргааны төрөл: Тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон захиалагчийн мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийг оролцогчийн гомдлоор хянаж хариу өгсөн Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхийг даалгуулахаар шаардлагаа тодорхойлсон захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Э.Б******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Э.Болортуяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тендер шалгаруулалтын хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулж, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхийг даалгуулах.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Спорт заалны барилга БТСУХ/ дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг www.tender.gov.mn цахим сайтад байршуулсан даруйд хүлээн авч танилцахад тус тендерт санал болгосон Цахилгааны мэргэшсэн инженер А.Мгийн эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийг хавсарган ирүүлээгүй нь шаардлагад хангаагүй гэсэн.
Улмаар Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гомдлоо гарган шийдвэрлүүлсэн бөгөөд Сангийн яам гомдлыг хангаж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Тус хариунд ...хавсралтаар ирүүлсэн байх тул дээр асуудлыг нягтлан үзэх нь зүйтэй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна гэсэн.
Сангийн яамны шийдвэрийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг үргэлжлүүлж, дахин үнэлэх үүрэгтэй. Гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар мэдэгдлийг ирүүлсэн нь тендерт оролцогч Ө******* ХХК-ийн эрхийг ноцтой зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны үндсэн болон тусгай зарчмуудыг хуульчилсан.
Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхийг даалгаж шийдвэрлэнэ үү гэв.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн зүгээс Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлээ ихэсгэсэн, багасгасан, өөрчилсөн зүйл байхгүй. Ө******* ХХК-ийн хувьд барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан спорт заалны барилга ******* аймгийн ******* суманд барих ажлын тендерт оролцож *******жин өргөө ХХК-тай хамт материалаа өгсөн. Тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. Мэдэгдэлтэй холбоотой гомдлыг Сангийн яаманд гаргаж шийдвэрлүүлсэн. Мэдэгдлээр татгалзсан үндэслэл нь үндэслэлгүй буюу тендерт оролцогч нь хуульд заасан шаардлагыг хангасан материалыг хүргүүлсэн гэх гомдлыг Сангийн яаманд гаргаж, Сангийн яамнаас гомдлыг үндэслэлтэй бөгөөд дахин үнэлэх шаардлагатай гэж тус мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Ийнхүү дахин үнэлэх байх гэж бодсон боловч 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дугаар албан бичгээр санхүүжилтгүй болсон учраас тендерийг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Энэ мэдэгдэл нь хуулийн үндэслэлгүй, хуульд энэ талаар зохицуулалт байхгүй. Хуулиар зохицуулаагүй агуулга бүхий мэдэгдэл өгч тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байгаа.
Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийг хүчингүй болгоогүй байсан бол Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлгээг дахин явуулах журамтай. Нэхэмжлэлд дурдсан Үндсэн хуульд заасан хууль дээдлэх үндсэн зарчим болон Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх тусгай зарчмуудыг зөрчсөн. Төрийн захиргааны байгууллага нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй. Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулиар зохицуулагдаагүй байхад маргаан бүхий мэдэгдлийг гаргасан гэж үзэж байна. Ингэснээр тендерийг үнэлүүлэх, шударгаар дүгнүүлэх оролцогчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж нэхэмжлэл гаргасан.
Даалгах шаардлагын хувьд хэрэв захиалагчийн тендерийг хүчингүй болгох тухай мэдэгдэл хүчингүй болсон тохиолдолд Сангийн яамны шийдвэр биелэгдэж үнэлгээний хороо хянан үзэж, дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байна. Энэ нь хуульд заасны дагуу зайлшгүй хийгдэх ёстой ажиллагаа гэв.
2.3. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар хариу тайлбартаа: Тус газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулан 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан тендер шалгаруулалтыг нийтэд зарласан.
Дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарлаж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 10 минутад нээлтийг хийсэн бөгөөд тендер шалгаруулалтад нийт 2 компани тендер ирүүлсэн. Эдгээр компаниудаас ирүүлсэн үнийн санал, тендерийн баталгааг цахим системээс татаж, нээлтийн тэмдэглэл хөтлөн дараах байдлаар баталгаажуулсан. Үүнд:
| Д/д | Тендерт оролцогчийн нэр | Тендерийн үнийн санал | Тендерийн үнийн хөнгөлөлт | Тендерийн баталгаа ирүүлсэн эсэх |
| 1 | *******жим өргөө ХХК | 2,388,131,786.0 | - | Ирүүлсэн |
| 2 | Ө******* ХХК | 2,400,000,000.0 | - | Ирүүлсэн |
Үнэлгээний хороо уг төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу оролцогч нарт мэдэгдлийг албан бичгээр нэгэн зэрэг хүргүүлсэн.
Тендерт оролцогч "Ө*******" ХХК нь Сангийн яаманд холбогдох гомдлыг гаргасан.
Сангийн яам гомдлыг хянан үзэж, оролцогч тал буюу гомдол гаргагч "Ө*******" ХХК-ийн цахилгааны инженерээр санал болгосон Аы М нь Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул тус газраас тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.1-д заасан холбогдох зөвшөөрөл авах боломжгүй бөгөөд 2024 оны 11 дүгээр сард "К" ХХК-д нийгмийн даатгалын кодоор шимтгэл төлсөн талаар дурдаж Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалын хуулбар болон Төрийн үйлчилгээний цахим системээс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр авсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт"-ыг хавсралтаар ирүүлсэн байх тул дээрх асуудлыг нягталж үзэх тухай хариу албан бичгийг ирүүлсэн.
Үнэлгээний хороо дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад оролцогч Өлке Констракшн" ХХК-ийн цахилгааны инженерээр санал болгосон Аы М нь 2024 оны 09 дүгээр сард "Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газар болон К ХХК-д тус тус кодоор нийгмийн даатгал төлсөн, 10 дугаар сард "Баян- Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газар-т кодоор, К ХХК-д кодоор, 11 дүгээр сард К ХХК-д кодоор тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь тогтоогдсон. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл, код-ын дагуу код нь Өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан (энгийн) гэж, Шимтгэл тооцох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /ХХТАОЛ"-Д ХХТАО-оос, код нь Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан, "Шимтгэл тооцох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /ХХТАО/-д Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэж заасанг тус тус үндэслэн "ТШЗ 19.2 Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг.
1. Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд:
д) Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтныг санал болгох тохиолдолд мөн хуулийн 18.5.3-т заасан удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийг хавсарган ирүүлнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 зүйлд заасны дагуу зэрэгцээ хөдөлмөр эрхлэх тохиолдолд ажил олгогчоос олгосон зөвшөөрлийг мөн хавсарган ирүүлнэ" гэж заасны дагуу кодоор нийгмийн даатгал төлж байгаа байгууллагаас авсан зөвшөөрөл хавсарган ирүүлээгүй тул татгалзсан.
Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага болон үндэслэл нь дараах байдлаар няцаагдана.
1. Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2-т заасан "Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ". Үүнд:
а) Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно
в) Тендерт оролцогчийн үндсэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг цахим системээр дамжуулан шалгана. Бусад ажилтны хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байх шаардлагатай.
д) Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтныг санал болгох тохиолдолд мөн хуулийн 18.5.3-т заасан удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийг хавсарган ирүүлнэ Хөдөлмөрийн тухай хуулийн 57 зүйлд заасны дагуу зэрэгцээ хөдөлмөр эрхлэх тохиолдолд ажил олгогчоос олгосон зөвшөөрлийг мөн хавсарган ирүүлнэ гэж тус тус заасны дагуу хянан үзнэ
Оролцогч Ө******* ХХК-ийн Цахилгааны инженерт санал болгосон А.Мг цахим системээр дамжуулан санал болгосон байх бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим системээс шалгахад 2024 оны 09 дүгээр сард Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газар болон К ХХК-д тус тус кодоор нийгмийн даатгал төлсөн, 10 дугаар сард Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газар-т кодоор, К ХХК-д кодоор нийгмийн даатгал төлсөн мөн 11 дүгээр сард К ХХК-д кодоор нийгмийн даатгал төлсөн байна. Иймд ТШЗ 19.2-ийн д) Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтныг санал болгох тохиолдолд мөн хуулийн 18.5.3-т заасан удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийг хавсарган ирүүлнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 зүйлд заасны дагуу зэрэгцээ хөдөлмөр эрхлэх тохиолдолд ажил олгогчоос олгосон зөвшөөрлийг мөн хавсарган ирүүлнэ гэсний дагуу зөвшөөрөл ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй болно.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамны гомдол хянасан талаар дурдаж байна. Сангийн яамнаас нягталж үзэх нь зүйтэй байна гэж өмнөх 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгосон. Гэхдээ оролцогч талаас тендерийн үнэлгээний хороонд ирүүлсэн материалын хүрээнд үнэлгээ хийхэд нэг ажилтан нь нийтийн албан тушаалтан байсан тул татгалзсан шийдвэрийг гаргасан.
Түүнчлэн ямар нэгэн байдлаар тухайн ажилтан өмнөх ажлаасаа гарсан тухай мэдэгдэл, баримт ирээгүй учраас ажиллаж байгаа гэж үзээд давхар ажиллах зөвшөөрөл ирүүлэх шаардлагатай боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй учраас татгалзсан. Сангийн яам нэхэмжлэгч компаниас ажлаас чөлөөлөгдсөн тухай мэдэгдлийг гаргуулан авч түүнийг нягтлан үз гэдэг байдлаар шийдвэрлэсэн.
Гэтэл ямар нэгэн байдлаар тухайн ажилтан нь өмнөх ажлаасаа гарсан тухай мэдэгдэл эсхүл давхар ажиллах зөвшөөрөл олгосон тухай баримтыг ирүүлээгүй учраас татгалзсан. Үнэлгээний хороо нь ирүүлсэн материалын хүрээнд үнэлгээ өгсөн. Тухайн материалд ажилтныг өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн тухай баримт мэдэгдэл байгаагүй. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд энэ талаар дурдагдсан байдаг.
Албан бичиг тушаал нь гараагүй байсан ч гэсэн өмнөх нийтийн албандаа ажиллахгүй байгаа гэдэг цаасан дээр мэдэгдсэн ч мэдэгдэл байхгүй учраас ажиллаж байгаа гэж үзээд татгалзах шийдвэр гаргасан. Сангийн яамнаас нэмэлт материал хавсаргаж гомдол гаргасныг хянаж үзээд нягталж үзэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Үүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дараагийн мэдэгдэл гарсан. Тухайн үед уг төсөл арга хэмжээ нь улсын төсөвт тусгагдаагүй учраас санхүүжилт байхгүй болсон. Тендер шалгаруулалт нь батлагдсан төсвийн хүрээнд явагддаг бөгөөд санхүүжилтгүй болсон учраас тендер хүчингүй болох тухай мэдэгдлийг оролцогч нарт хүргүүлсэн гэв.
2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйл явдлын тухайд үнэлгээний хороо нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тендерийг зарлаж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тендерийг нээлтийг хийхэд тус тендерт 2 компани оролцсон. Нэг нь Ө******* ХХК, нөгөө нь *******жин өргөө ХХК байгаа. Үнэлгээний хорооноос 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийж 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус тендерээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргаснаар тендерийг түдгэлзүүлсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гомдол хянасан албан бичиг ирсэн. 12 дугаар сарын 31-ний өдрөөс 01 дүгээр сарын 14-ний хооронд захиалагч ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу ажиллагаа түдгэлзсэн. Манай байгууллага гомдол хянасан албан бичгийг хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2 байгууллагад болон А1-136 дугаар албан бичгээр тендер шалгаруулалт хүчингүй болсон тухай мэдэгдсэн.
Тус төсөл арга хэмжээ нь Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар хавсралтаар батлагдсан заасан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх төсөв арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалд тусгагдаагүй бөгөөд санхүүжилтийн эх үүсвэргүй болж худалдан авах ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул дахин тендер шалгаруулалт зарлаагүй бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй, бүтээн байгуулалтыг хийж эхлээгүй болно гэж манайх хариу тайлбартаа дурдсан. Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор заасан байдаг. Энэ төсөл арга хэмжээ нь 2024 онд батлагдсан Төсвийн тухай хуулиараа зохицуулагдаж байгаа.
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ гэж заасан байдаг.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасны дагуу хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны үндсэн болон тусгай зарчмыг хуульчилсан бөгөөд захиргааны байгууллагаас хуульд үндэслээгүй шийдвэрийг гаргасан гэж нэхэмжлэлдээ дурдсан. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэгт Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно. гэж заасны үндэслэн явуулсан. Манай байгууллага хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, тогтоогдсон үйл баримтыг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тендер шалгаруулалтын хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулж, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хэрэгт авагдсан баримтаар, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарласан БТСУХ/ дугаартай XXVI.1.33 Спорт заалны барилга /*******, ******* сум/ УТ******* төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад нэхэмжлэгч Ө******* ХХК болон *******жим өргөө ХХК-иуд оролцож, Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-ээр тус компаниудын ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж, шийдвэрийг Ө******* ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн , *******жим өргөө ХХК-д мөн өдрийн А-1/4685 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн байна.
2. Нэхэмжлэгч Ө******* ХХК-иас дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд хандан гаргасан гомдлыг хянаад 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тоот албан бичгээр гомдолд цахилгааны инженерээр санал болгосон Аы М нь Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул тус газраас тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.1-д заасан холбогдох зөвшөөрөл авах боломжгүй бөгөөд 2024 оны 11 дүгээр сард К ХХК-д нийгмийн даатгалын кодоор шимтгэл төлсөн талаар дурдаж, тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг хавсралтаар ирүүлсэн байх тул дээрх асуудлыг нягталж үзэх нь зүйтэй гэж үзээд захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Харин Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай дугаар албан бичгээр тус төсөл арга хэмжээ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдаагүй, санхүүжилтийн эх үүсвэргүй болж худалдан авах ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй байна. Иймд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож байгаа талаар нэхэмжлэгч Ө******* ХХК-д мэдэгджээ. Мөн энэ тухай тендерт оролцогч *******жим өргөө ХХК-д 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж тус тус заасан.
5. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл хангагдах нөхцөл нь тухайн захиргааны акт хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, шүүхийн шийдвэрийн үр дүнд уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай.
6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Сангийн яамны шийдвэрийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг үргэлжлүүлж, дахин үнэлэх үүрэгтэй, гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож байгаа нь тендерт оролцогч Ө******* ХХК-ийн эрхийг ноцтой зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хуульд хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг болон Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх зарчмуудыг зөрчсөн... гэж,
Хариуцагчаас ...нэхэмжлэгч компанийн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2-т заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тус төсөл арга хэмжээ нь Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдаагүй, санхүүжилтийн эх үүсвэргүй болж худалдан авах ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, дахин тендер шалгаруулалтыг зарлаагүй, гүйцэтгэгч сонгон шалгаруулаагүй, бүтээн байгуулалтын ажлыг хийж эхлээгүй гэж тус тус тайлбарлан маргасан.
7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй, 30.6-д Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно гэж заасан.
8. Дээрх хуулийн агуулга нь захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд захиалагч нь худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглох буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалт явуулахыг хориглосон.
9. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчийн тендер шалгаруулалтыг үргэлжлүүлж, дахин үнэлүүлэхээр маргаж буй Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БТСУХ/ дугаартай XXVI.1.33 Спорт заалны барилга /*******, ******* сум/ УТ******* төсөл, арга хэмжээ, тендер шалгаруулалт нь санхүүжилтийн эх үүсвэргүй болсон буюу Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдаагүй талаар хэргийн оролцогчид маргаагүй, энэхүү үйл баримт нь Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль[1], Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль[2], Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт[3] (эдгээр нь нийтэд илэрхий баримтууд болно) зэргээр нэгэнт тогтоогдож байхад шүүхээс санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлж, дахин үнэлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй. Өөрөөр хэлбэл бодит байдалд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
10. Учир нь санхүүжилтийн эх үүсвэргүй Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендер хянах үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах зэргээр аливаа үйл ажиллагааг цааш хэрэгжүүлэх боломжгүй байхад шүүх маргаан бүхий дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, улмаар Сангийн яамны дугаар шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.
11. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа, түүний хүрээнд гарч буй шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үр нөлөөтэй байх тусгай зарчмыг баримтлах хуулийн зохицуулалттай. Тодруулбал, Захиргааны шийдвэр нь тухайн зорилгод нийцүүлэх үүднээс бодит нөхцөлтэй тулгарч, үндэслэлтэй, үнэн зөв байх шаардлагатайг илэрхийлэх тул энэ тохиолдолд хариуцагчаас бодит байдалд нэгэнт хэрэгжих боломжгүй болсон тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлснийг хууль бус гэж үзэхгүй.
12. Харин хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тендер шалгаруулалтын хүчингүй болгох тухай тус мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д заасанд нийцсэн гэж үзэхээр байна.
13. Нэгэнт тендерийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх санхүүжилтгүй болж, цаашид маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулах боломжгүй болсон нь илэрхий баримтаар тогтоогдсон төдийгүй шүүхээс нэхэмжлэгчийн Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд хариуцагчид тухайн тендерийг дахин үнэлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тендер шалгаруулалтын хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулж, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхийг даалгуулах-аар тодорхойлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд ...бид тендерээ Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлүүлэх хүсэлтэй байгаа, Үнэлгээний хороо Ө******* ХХК-ийн тендерийг үнэлээд ямар шийдвэр гаргах нь дараагийн асуудал хэмээн тайлбарласан тул шүүх нэхэмжлэгчийн тендер шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д заасныг тус тус баримтлан Ө******* ХХК-иас хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тендер шалгаруулалтын хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулж, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА