2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/04800

 

2025              06             04                                                 192/ШШ2025/04800                                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, С овогт Г.Ц /РД*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * байрлах, Х-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Ц 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Х-ийн харьяа Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирлын туслах, бичиг хэргийн ажилтнаар түр томилон ажиллаж байгаад, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс байр аж ахуйн эрхлэгчийн албан тушаалд үндсэн орон тоонд ажилласан. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байр, аж ахуйн эрхлэгчийн албан тушаалд томилогдоод ажиллаж байх хугацаандаа захирлын туслах буюу бичиг хэргийн ажилтан албан тушаалыг хавсаргаж гүйцэтгэж байсан. Тус эдийн засаг, бизнесийн сургуулийн захирлаар н.Э солигдсоноос хойш тухайн сургуульд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байсан, аж ахуйн эрхлэгчийн албан тушаал, захирлын туслах бичиг хэргийн ажилтан албан тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т хэсгийг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болж байгаа мэдэгдлийг өгсөн. Х-ийн захирал 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/75 тоот тушаалаар ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ажлаа хийж байхад нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгөхдөө ажил үүргээс нь чөлөөлөөд, өмнө хийж байсан хоёр ажлын байрыг нийлүүлээд захиргааны ажилтан болгосон. Тэр ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан гэх боловч сонгон шалгаруулалтыг нэр төдий авсан бөгөөд өмнө Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын тэнхимийн туслах байсан Л.Б гэх хүнийг сонгон шалгаруулалтаар ажилд авсан болно. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тус дүүргийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар гурван талт хороонд хандсан. Хөдөө аж ахуй их сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/75 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэж, тушаалыг хүчингүй болгож, Г.Ц-г Х-жилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсарган гүйцэтгэж байсан олгоогүй цалингийн хэтэрсэн хоног тутмын 0,3 хувийн алдангийг нөхөн олгохыг даалгаж гурван талт хорооноос шийдвэрлэсэн боловч тухайн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд хуулийн хугацаанд хандаж гомдол гаргасан. Өмнө нь эрхэлж байсан Х-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/26 тоот тушаалаар энэ хоёр ажлын байрыг нэгтгээд нэршлийг нэг болгосон. Захиргааны ажил албан тушаал гэж нэг болсон энэ албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан цалин хөлсийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас халсан тушаал гарсан өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалтыг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 6 их сургуулийн дундах удирдах зөвлөл хуралдсан байдаг. Энэ хурлын протоколоор зарим арга хэмжээг шийдвэрлэсэн. Төрийн өмчийн 6 их сургууль нь бүтэц орон тоо, захиргааны орон тоо, бусад ажилчдын орон тоог оновчтой тогтоохыг төрийн өмчит 6 их сургуульд үүрэг болгосон байдаг. Энэ тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 51/80 тоот албан бичгээр Х-д хүргүүлсэн. Энэ төрийн өмчийн 6 их сургуулийн тогтоолыг үндэслээд Х-ийн удирдах зөвлөл нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор Х-ийн хэмжээнд 43 ажлын байрыг цомхотгосон. Г.Ц-ийн хувьд байр, аж ахуйн эрхлэгчийн албан тушаал, захиргааны ажилтны орон тоо 43 ажлын байрны цомхотголд багтсан. Үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон тооны цомхотгол хийгээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8 дахь хэсэгт зааснаар Г.Ц-йн эрхэлж байсан ажил хасагдсан учраас хуульд зааснаар 30-аас доошгүй хоногт мэдэгдлийг хүргүүлсэн. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шинээр бий болсон ажлын байр болох захиргааны ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. Х-ийн дотоод журамд байгаа. Дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар багш, ажилтнууддаа шинээр бий болсон ажлын байранд сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулагдсан. Нэгэнт ажлын байр цомхотгож байгаа учраас шинээр бий болсон ажлын байранд гаднаас хүн авахгүй, дотооддоо ажиллаж байсан хүмүүсээс сонгон шалгаруулалт хийсэн. Энэ шалгаруулалтад Г.Ц оролцсон. Хэдийгээр оролцсон ч Г.Ц хангалтгүй, 56 оноо авсан. Үүнд н.Б нь 91 оноо авч тухай ажлын байранд томилогдсон. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сонгон шалгаруулалтын шийдвэрийг үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж өгч ажлаас чөлөөлсөн. Эдгээр баримтууд хавтас хэрэгт авагдсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байгууллага бүтэц орон тооны цомхотгол хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Шинээр бий болсон орон тоонд Г.Ц оролцоод тухайн шаардлагад нийцээгүй байгаа учраас нэхэмжлэгч тухайн ажлын байранд томилогдох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага тухайн хуучин ажиллаж байсан ажлын байранд томилуулах гэсэн байсан. Тухайн ажлын байр нэгэнт байхгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тооцооллын хувьд дундаж цалингаас нь бодох нь буруу юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Г.Ц-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.02.14-ний өдрийн Х*-ийн Б/75 дугаар Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаал, 2023.02.15-ны өдрийн Х-ийн захирлын А/20 дугаар Цалин нөхөн олгох тухай тушаал, 2023.02.03-ны өдрийн 01/20 дугаар цалингийн нэмэгдлийг нөхөн олгох тухай албан бичиг, 2022.12.28-ны өдрийн мэдэгдэл, Г.Ц-йн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.03.13-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан Г.Ц-ийн гомдол, 2023.03.27-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, монгол шуудангийн баримт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд, Х-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-37/

Хариуцагчаас: Х-н хуулийн этгээдийн гэрчилгээ, 2023.05.11-ний өдрийн 01/126 дугаар итгэмжлэл, 2023.03.09-ний өдрийн төлбөрийн даалгавар, 2023.06.08-ны өдрийн итгэмжлэл, 2023.01.25-ны өдрийн А/15 дугаар сонгон шалгаруулалтын ажлын хэсэг батлах тухай тушаал, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, 2020.10.09-ний өдрийн Б/239 дүгээр албан бичиг, 2022.08.25-ны өдрийн Б/228 дугаар ажлаас чөлөөлөх, ажиллуулах тухай албан бичиг, 2014.07.09-ний өдрийн А/245 дугаар Э-ийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах, ажилд томилох тухай тушаал, 2022.11.07-ны өдрийн 11 дугаар зөвлөлийн хурлын тогтоол, 2022.12.28-ны өдрийн А/290 дугаар захирлын тушаал, 2022.12.28-ны өдрийн Г.Ц-д өгсөн мэдэгдэл, 2023.02.03-ны өдрийн Х-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайлан, 2023.01.27-ны өдрийн 01 дүгэр өдрийн Х-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, Х-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээ, 2023.02.01-ний өдийн 02 дугаар өдрийн Х-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, 2023.02.02-ны өдрийн 03 дугаар өдрийн Х-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, 2023.02.14-ний өдрийн Б/75 дугаар Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаал, ажлаас чөлөөлөгдсөн ажилчдын тэтгэмж, 2023.10.27-ны өдийн 1/781 дугаар итгэмжлэл, Х-с 2023.11.27-ны өдрийн 1/847 дугаар албан бичиг, цалингийн карт, цалин олгох хүснэгт, 2022.01.03-ны өдрийн Б/01 дугаар захирлын тушаал, Э-йн ажилтнуудын нэрс, албан тушаалын зэрэглэл, шатлал 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/290 дугаар захирлын тушаал, Х-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ 2021, Х-ийн захиргаа, ҮЭ-ийн хооронд байгуулсан хамтын гэрээ, 2019.10.01-ний өдрийн А/269 дүгээр Журам батлах тухай захирлын тушаал, 2023.02.15-ны өдрийн А/20 дугаар Цалин нөхөн олгох тухай захирлын тушаал, 2023.02.03-ны өдрийн 01/20 дугаар Х-ийн захиргаанд Цалингийн нэмэгдлийг нөхөн олгох тухай албан бичиг, 2023.02.08-ны өдрийн А/26 дугаар Бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах, ажилд томилох тухай тушаал, Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилтны нэрс, 2023.01.02-ны өдрийн А/01 дүгээр захирлын тушаал, Э-ийн бүтэц дэх ажлын байр, орон тоо, 2024.02.16-ны өдрийн 1/118 дугаар албан бичиг, 2023.02.08-ны өдрийн А/26 дугаар Бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах, ажилд томилох тухай захирлын тушаал, Х-ийн багшийн цалингийн зэрэглэл, Х-йн шинээр байгуулагдах нэгжүүд, 2022.11.07-ны өдрийн 11 тоот Х-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоол, 2023.02.15-ны өдрийн А/20 дугаар Цалин нөхөн олгох тухай тушаал, 2022.01.03-ны өдрийн Б/01 дүгээр Х-ийн багш, ажилтны нэрс, албан тушаалын зэрэглэл, шатлалыг тогтоох тухай, 2019.10.01-ний өдрийн А/269 дүгээр журам батлах тухай захирлын тушаал, Цалингийн карт, 2023.02.03-ны өдрийн Х-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайлан, 2023.01.27-ны өдрийн 01 дүгэр өдрийн Х-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, Х-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээ, 2023.02.01-ний өдийн 02 дугаар өдрийн Х-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, 2023.02.02-ны өдрийн 03 дугаар өдрийн Х-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, 2022.10.27-ны өдрийн 6/5180 дугаар Боловсрол, Шинжлэх ухааны яамны албан бичиг, 2022.10.05-ны өдрийн №01УЗ/05 дугаар Дундын удирдах зөвлөлийн тогтоол, Х-ийн удирдах зөвлөлийн дүрэм зэрэг баримтыг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 40-43, 48-80, 86, 92-136, 148-198 тал/

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2023.01.30-ны өдрийн А/18 дугаар Сонгон шалгаруулалтад орох ажлын байрны тодорхойлолт батлах тухай тушаал, уг тушаалын хавсралт болох бичиг хэргийн ажилтан, захиргааны ажилтны ажлын байрны тодорхойлолт, 2023.01.02-ны өдрийн А/01 дугаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Бүрэлдэхүүний сургуулийн бүтэц дэх албан тушаал, орон тоо болон цалингийн хэрэглэлийг батлах тухай тушаал, 1-6 дугаар хавсралт, 2023.06.02-ний өдрийн А/177 дугаар Захиргааны бүтцийн нэгжүүдийн албан тушаал, орон тоо, цалингийн зэрэглэл батлах тухай тушаал, 1-4 дүгээр хавсралтын хамт, 2023.02.08-ны өдрийн А/26 дугаар Бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах, ажилд томилох тухай тушаал, хавсралтын хамт, 2022.12.28-ны өдрийн А/290 дугаар Хөдөө аж ахуйн их сургуулийн бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан албан тушаал, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт, 2022.11.11-ний өдрийн А/254 дүгээр Захиргааны бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан албан тушаал, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтын хамт, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/291 дүгээр Сонгон шалгаруулалтад орох ажлын байр, орон тоог батлах тухай тушаал хавсралтын хамт, эдгээр баримтуудын бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Х-д холбогдуулан тус сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн байр аж ахуйн эрхлэгчийн албан тушаал, хавсран гүйцэтгэж байсан захиргааны туслах, бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан олгоогүй цалингийн хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алдангийг нөхөн олгуулсан тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...өмнө хийж байсан хоёр ажлын байрыг нийлүүлээд захиргааны ажилтан болгосон. Тэр ажлын байранд сонгон шалгаруулалтыг нэр төдий явуулж Л.Б-ийг ажилд авсан. Үүнийг зөвшөөрөхгүй байгаа тул Х-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/75 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Г.Ц-г Х-ийн захиргааны ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажуулах, бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэж олгогдоогүй байсан цалингийн 126 хоногийн алдангид 966,506 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй...” гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч тушаал хуульд нийцсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Ажил олгогч Монгол Улсын Х-ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Б/239 дүгээр Ажиллуулах тухай тушаалаар Г.Ц-г Эдийн засаг, бизнесийн сургуулийн бичиг хэргийн ажилтнаар /Г.Б-ын хүүхэд асрах чөлөөний хугацаанд/ 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэж, улмаар захирлын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/228 дугаар Ажлаас чөлөөлөх, ажиллуулах тухай тушаалаар Г.Ц-г Эдийн засаг, бизнесийн сургуулийн бичиг хэргийн ажилтнаас 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн чөлөөлж, Эдийн засаг, бизнесийн сургуулийн байр аж ахуйн эрхлэгчээр 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.  /1-р хх-ийн 59-60, 17-18 тал/

 

5.2. Ажил олгогч Монгол Улсын Х-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/75 дугаар Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тул Г.Ц-г Эдийн засаг бизнесийн сургуулийн Байр аж ахуйн эрхлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

 

5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор, энэ тохиолдолд ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэйг мөн зүйлийн 80.4-т зохицуулсан.

 

5.4. Төрийн өмчийн зургаан их сургуулийн Дундын удирдах зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01УЗ/05 дугаар Засаглалыг сайжруулах зарим арга хэмжээний тухай тогтоолоор “...Төрийн өмчийн зургаан их сургуулийн захиргааны түр бүтэц, орон тоог Оюуны хөгжил, үйлчилгээ, Захирлын ажлын алба, Сургалт, Цахим шилжилт, Эрдэм шинжилгээ, инновац, Санхүү, хөрөнгө оруулалт гэсэн бүтцийн үндсэн нэгжтэй байхаар өөрчлөн зохион байгуулж батлуулахыг төрийн өмчийн зургаан их сургуулийн захирлуудад даалгаж, энэ заалтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу их сургуулийн захиргааны албан хаагч болон багш нар, бусад ажилтны тоон харилцаа зэргийг олон улсын жишигт нийцүүлэн оновчтой тогтоохыг үүрэг болгосугай...” гэжээ. /1-р хх-ийн 196/

 

5.5. Дээрх тогтоолыг үндэслэн Монгол Улсын х-лийн Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаар тогтоолоор сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн тогтоож, Х-ийн захиргааны 57, үйлчилгээний 56, нийт 113 ажлын байр, орон тоог баталж, 41 ажлын байр орон тоог цомхотгож, тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 66-67/

 

5.6. Улмаар Х-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/290 дугаар Х-ийн бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан албан тушаал, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын 5 дугаар хавсралтаар Эдийн засаг бизнесийн сургуулийн нийт орон тоог 96 байхаар баталсны дотор “Байр аж ахуйн эрхлэгч” гэх албан тушаал байхгүйн дээр уг албан тушаалын нэршлийг “Захиргааны ажилтан” болгон өөрчилсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.7. Түүнчлэн, захирлын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаартай тушаалаар ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, удирдамжийг баталж, Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргааны ажилтан гэсэн 1 албан тушаалд 3 хүн оролцож Л.Б 91 оноо, С.А 80 оноо, Г.Ц 56 оноо тус тус авсан болох нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайлан, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ажлын байрны сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээ гэх баримтаар тогтоогдож байна. /1-хх-ийн 72-73, 75/

 

5.8. Ажил олгогч нь батлагдсан бүтэц, ажилчдын орон тооны дагуу ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй бөгөөд Х-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/26 дугаар бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах, ажилд томилох тухай тушаалаар сонгон шалгаруулалтад  тэнцсэн ажиллагсдын нэр албан тушаалыг баталж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалаар бүрэлдэхүүн сургуулийн бүтэц дэх албан тушаал, орон тоо болон цалингийн зэрэглэлийг баталсан, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.  

 

5.9. Дээрх баримтаас дүгэхэд, ажилтан Г.Ц-ийн ажиллаж байсан “Байр аж ахуйн эрхлэгч” гэх ажлын байр, орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, байгууллагын дүрэмд тодорхойлсон үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхэд онц шаардлагагүй тийм ажил үүргийн орон тоог бүтцийн үндсэн нэгжээс гаргах явдлыг орон тоо хасах гэж ойлгох бөгөөд ажилтан Г.Ц нь өөрийн ажлын байрыг хасагдсаныг хүлээн зөвшөөрч Х-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/290 дугаар Х-ийн бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан албан тушаал, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Захиргааны ажилтан”-ны орон тоонд шалгалт өгсөн боловч тэнцээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

5.10. Уг сонгон шалгаруулалтыг нэр төдий явуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

5.11. Ажил олгогчоос 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох мэдэгдлийг ажилтан Г.Ц өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх ба маргааны эрх зүйн бичиг баримт болох ажил олгогчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/75 дугаар Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан журмыг баримталсан, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

5.12. Х-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/20 тушаалаар байр аж ахуйн эрхлэгч Г.Ц-ийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар 16-ны өдрийг хүртэл Бичиг хэргийн ажилтан хавсран гүйцэтгэсэн ажлын хөлсийг нөхөн тооцож олгохоор шийдвэрлэсэн байна.

 

5.13. Нэхэмжлэгч нь бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэж олгогдоогүй байсан цалингийн 126 хоногийн алдангид 966 506 төгрөг гаргуулахаар шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах 90 хоногийн хугацаа өнгөрсөн тул хангах үндэслэлгүй.

 

5.14. Дээрх үндэслэлээр, нэхэмжлэгч Г.Ц-ийн хариуцагч Х-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэж олгогдоогүй байсан цалингийн 126 хоногийн алдангид 966 506 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.15. Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц-ийн хариуцагч Х-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэж олгогдоогүй байсан цалингийн 126 хоногийн алдангид 966 506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ