| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/06116/И |
| Дугаар | 192/ШШ2025/03288 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/03288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Х овогт Ц Т /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, Б овогт Г Б /РД: /-д холбогдох,
45,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц, хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Г.Бд холбогдуулан 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Хариуцагч Г.Бг богино хугацаанд мөнгө зээлүүлээч гэсэн хүсэлтийн дагуу түүнд 2021 оны 11 сард 45,000,000 төгрөгийг зээлсэн. Ц.Т нь уг 45,000,000 төгрөгийг дараах байдлаар хариуцагчид шилжүүлэн өгсөн болно. Үүнд: Хариуцагчийн мөнгө өгөөрэй гээд явуулсан хүмүүс болох Г.Бгийн эхнэрийн дүү У.Хболон түүний нөхөр Б.Бд 2021 оны 8 сард бэлнээр 30,000,000 төгрөгийг, өөрийн хаан банкин дахь * тоот данснаас Г.Бгийн эзэмшлийн Хаан банкны * тоот данс руу 2021 оны 11 сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Г.Бтэй худ ургийн харилцаатай тул миний бие түүнд итгэж зээлийн гэрээ бичгээр байгуулалгүй, амаар зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн боловч Г.Б нь хугацаандаа мөнгөө төлөхгүй байсан тул миний бие мөнгөө төлөхийг шаардаж, удаа дараа гуйсан боловч зээл авснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй, төлбөр төлөхөөс зайлсхийсээр өнөөдрийг хүрлээ. Иймд Г.Бгээс зээлийн төлбөр болох 45,000,000 төгрөгийг гаргуулж Ц.Тт олгож өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Г.Б хариу тайлбартаа: “...Миний бие хадам талын холбоотой эхнэрийн дүү болох Ц.Хгийн нөхөр Б.Б нарт хувиараа дэлгүүр түрээслэн ажиллуулах зорилгоор надад хандахад Ттэй ярьж тэр хоёрыг хооронд уулзуулж Ц.Т өөрийн биеэр 30,000,000 төгрөгийг Б.Бид өгсөн. Миний бие хөдөө ажилтай болсон тул цуг байгаагүй, удалгүй 10 сард дахин нэмж 15,000,000 төгрөгийг би өөрийн дансруу авч энхэр нь болох Хгийн дансруу шилжүүлсэн. Б.Б нь ярьсан хугацаандаа мөнгөө өгөхгүй, Ттэй нотариатаар ор гэсэн боловч оролгүй 2023 оны 10 сараас сураггүй алга болсон. Тухайн үед хууль хэлцэл хугацаа дуусч магадгүй гэсэн үндсэн дээр СБД-ийн цагдаагийн газар гэмт хэргийн шинжтэй өргөдөл гэж 2023 оны 6 сарын 15-ны өдөр өгсөн. 2024 оны 5 сарын 20-нд Б.Б сураггүй алга болсон тул эхнэртэй нь сар бүрийн 20-нд 1,000,000 төгрөг өгч байхаар нотариат орсон. 2024 оны 8 сард СБД-ийн Цагдаагийн хэлтсээс таны хэрэг өөр байцаагчид шилжсэн гэж ярьсан. Б.Бийг 9 сард гадагшаа яваагүй Монголд байна олсон гэсэн. Иймд Б.Б болон түүний эхнэр хоёр сар бүр мөнгө өгөхгүй болсон тул тэр хоёрыг шүүхэд өргөдөл гаргах хүсэлтэй байгаа.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.09-ний 101/ШШ2024/01884 дүгээр шийдвэр, Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Г.Бгийн баталгаа, Итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.03.11-ний өдрийн 184/ШЗ2024/06154 дүгээр захирамж зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн Хариу тайлбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024.4.23-ны өдрийн Төлбөр барагдуулах талаар иргэд хооронд байгуулсан хэлцэл, хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Бид холбогдох хэргийн бүх оролцогчдын мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагчийн мөнгө өгөөрэй гээд явуулсан хүмүүс болох Г.Бгийн эхнэрийн дүү У.Хболон түүний нөхөр Б.Бд 2021 оны 8 сард бэлнээр 30,000,000 төгрөгийг, Г.Бгийн эзэмшлийн данс руу 2021 оны 11 сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Г.Бд итгэж амаар зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн боловч Г.Б нь хугацаандаа мөнгөө өгөөгүй тул түүнээс 45,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ.
3. Хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Эхнэрийн дүү болох Ц.Хгийн нөхөр Б.Б нарт хувиараа дэлгүүр түрээслэн ажиллуулах зорилгоор надад хандахад Ттэй ярьж тэр хоёрыг хооронд уулзуулж Ц.Т өөрийн биеэр 30,000,000 төгрөгийг Б.Бид өгсөн. Миний бие хөдөө ажилтай болсон тул цуг байгаагүй, удалгүй 10 сард дахин нэмж 15,000,000 төгрөгийг би өөрийн дансруу авч Хгийн дансруу шилжүүлсэн. Б.Б нь ярьсан хугацаандаа мөнгөө өгөхгүй, сураггүй алга болсон. Би мөнгийг захиран зарцуулаагүй.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Ц.Төөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Г.Бд 15,000,000 төгрөгийг tuugii гэх гүйлгээний утгаар шилжүүлжээ. Харин нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сард У.Хболон Б.Б нарт 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Энэхүү шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг гэж тайлбарласан. /хх-7/
5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг зээлийн зориулалтаар хариуцагчид шилжүүлсэн эсэх асуудал байна.
6. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулсанд тооцно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг тодорхойлсон бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч 2 талын харилцан нийцсэн саналын үндсэн дээр нэг тал нь мөнгө зээлэх, эсхүл зээлдүүлэх гэрээ байгуулах санал гаргасныг нөгөө талын хүлээн зөвшөөрч хүлээн авсан хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагддаг талаар хуульд заажээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох”-оор заасан, хариуцагч нь дэлгүүр ажиллуулна гэж нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийн зээлийг хүсч хүсэл зоригоо илэрхийлэн өөрийн дансаар шилжүүлэн авсан байх тул 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Г.Б нарын хооронд 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан болох нь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.
7. Талууд 15,000,000 төгрөгийн зээл олгох талаар амаар гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагчийн гаргасан хүсэлтэд үндэслэн зээлийг хэлэлцэн тохирч, мөнгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, гэрээ хүчин Т гэж үзнэ.
8. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч Ц.Т 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч Г.Б зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
9. Харин нэхэмжлэгчээс “...Г.Бгийн богино хугацаанд мөнгө зээлдүүлээч гэсэн хүсэлтийн дагуу түүний эхнэрийн дүү У.Хболон Б.Бд 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн тул үүнийг хариуцагчаас шаардах эрхтэй.” гэж тайлбарласан атлаа, хариуцагчид уг 30,000,000 төгрөгийг хэзээ хүлээлгэн өгсөн, ямар хугацаагаар зээлдүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг зээлэх хүсэл зориг байсан эсэх бодит үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба энэхүү үйлдэл нь зээлийн гэрээний мөн чанар болон агуулгад нийцээгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Ц.Төөс 30,000,000 төгрөгийг Г.Бд бэлнээр өгөөгүй, тэр үед хариуцагч хөдөө ажилтай байсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.Бид холбогдуулан гаргасан гомдол дагуу гэрч Б.Бийн мэдүүлгээр хариуцагч нь мөнгийг нэхэмжлэгчээс зээлж аваагүй...” гэх тайлбар, хариуцагчид 30,000,000 төгрөгийн зээл олгосон болон зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчаас 30,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.
10. Иймд хариуцагч Г.Бгээс зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тт олгож, нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бгээс 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тт олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ