2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/03211

 

 

 

 

 

 

 

 

     2025            04             22                                          192/ШШ2025/03211

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, * дугаар баг, * гудамж,* тоотод оршин суух, *ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, * тоотод оршин суух, С*-д холбогдох

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, *давхар, * тоотод байрлах, *ХХК /РД:2591987/

31,834,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*, хариуцагч *, хариуцагчийн өмгөөлөгч *, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, гэрч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.  

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:* нь 2024 оны 07 дугаар сараас эхлэн цистерн чиргүүл сонирхож худалдан авахаар хайж эхэлсэн. Чиргүүл авахаар худалдан борлуулж байгаа чиргүүлүүд үзэж сонирхож байгаад *дугаартай * гэх хүнтэй холбогдож худалдан борлуулах гэж байсан чиргүүлийг нь очиж үзсэн. Тухай чиргүүлийг худалдан авах сонирхолтой байгаагаа хэлж талууд худалдан авах үнэ дээрээ тохирч * арлын дугаартай Ногоон алаг өнгийн * ГЧ улсын дугаартай цистерн худалдан авахаар шийдсэн. Чиргүүлийг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч талтай тохирсон. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр миний төрсөн эцэг * нь өөрийн ХААН банкны * тоот данснаас чиргүүлийн урьдчилгаа 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд тус өдөр би Сонгинохайрхан дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан чиргүүлийг чирч авч явсан. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны * тоот данснаас 2024 оны 09 сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Ингээд тохирсон үнийг 2 удаагийн гүйлгээгээр бүрэн төлж барагдуулсан. Тус чиргүүлээр тээвэр хийхийн тулд мэргэжлийн байгууллагаас Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах мөн хянан баталгаа хийлгэх шаардлагатай байдаг учраас эдгээр мэргэжлийн байгууллагаас нийт 934,000 төгрөгийн үйлчилгээ авч холбогдох баримт бичгийг авсан. Тухай чиргүүл нь гагнуур хийх шаардлагатай байсан бөгөөд хэд хэдэн хэсэг газарт гагнуур хийж засварлахаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гагнуур хийлгэсэн. Тус гагнуурын төлбөр 1,500,000 төгрөг болсон бөгөөд талууд ярилцаж 50 50 хувиар хувааж төлөхөөр болсон. Миний хувьд гагнуур хийсэн *гэх ахад 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 450,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Хариуцагч талаас 750,000 төгрөгийг нь шилжүүлсэн байдаг. Тус гагнуурыг хийлгэсэн ч дахиад гагнуур хийх шаардлагатай байсан учраас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин 150,000 төгрөг шилжүүлж нэмэлт ажилбар хийлгэсэн. Ингээд нийт гагнуурт миний зүгээс 900,000 төгрөг есөн зуун мянга/-ийг зарцуулсан.

Тухайн үед чиргүүлийн бичиг баримтыг шилжүүлж өгөхийг шаардсан бөгөөд * нь энэхүү машин нь компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа хэд хоногоос шилжүүлж өгье гэж хэлсэн. Худалдан авсан *улсын дугаартай чиргүүл нь *ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. Тухайн чиргүүлийг авч явсан 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн захирлын хүү гэх үл таних залуу ирж манайх 7-14 хоногийг дараа шилжүүлж өгөх боломжтой одоо наад машин чинь шүүх дээр асуудалтай байгаа тэрийг нь зохицуулаад өгнө гэхээс өөр тайлбарыг хэлээгүй. Хариуцагч талаас удаа дараа бичиг баримт шилжүүлж өгөхийг хүссэн боловч *ХХК-ийн хүнтэй уулзуулж өгсөн өөрөө учраа олж аваарай, ямар арчаагүй хүн вэ гэх мэтээр доромжлож утсаар элдэв янзаар харааж зүхэж харьцсан. *ХХК-ийн тухайн өдөр ирсэн хүнтэй холбогдож утсаар ярьсан. Гэтэл шүүхийн асуудалтай байгаа мөн төлбөр мөнгөний ч асуудалтай байгаа шилжүүлж өгөх боломжгүй гэсэн хариу хэлсэн. Иймд тухайн * улсын дугаартай чиргүүлийг буцаан *т хүлээлгэн өгч өөрийн шилжүүлсэн төлбөр болон бусад зарцуулсан хохирлоо төлүүлэх хүсэлттэй байна. Иймд * ГЧ чиргүүлд шилжүүлсэн 30,000,000 төгрөг, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авахад зарцуулсан 934,000 төгрөг, гагнуурын хөлс 900,000 төгрөг нийт 31,834,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Холбогдох баримтыг нотлох баримтаар хэрэгт хавсарган өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий чиргүүлийг буцаан өгөөд, өгсөн мөнгөө буцаан авахаар эвлэрэн хэлэлцэх боломжтой.

Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө *ХХК-тай гэрчилгээг нь шилжүүлээд өгөөч гэж холбогдсон юм. Тэгтэл манай байгууллагад төлбөрийн асуудалтай байгаа учраас машины гэрчилгээг шилжүүлж өгөх боломжгүй гэдэг тайлбарыг утсаар надад мэдэгдсэн тул машины нэр шилжигдэхгүй, ашиглах боломжгүй, бичиг баримтын асуудалтай, эрхийн зөрчилтэй юм байна гэж үзээд өгсөн авснаа буцаая гэж байгаа юм.

Хариуцагч өөрийнхөө хариу тайлбарт 7-14 хоногийн дотор *ХХК маань шилжүүлж өгнө гэж хэлээд*ыг явуулсан гэж байна. Шилжилт хөдөлгөөн хязгаарлагдсан байсан гэдгийг*т хэлээгүй.* нь тухайн ёонкс *ХХК-ийн нэр дээр байсан юм байна гэж итгээд хэлсэн данс руу нь мөнгийг нь хийх гэтэл манай дүү байгаа юм гэж * гэх хүний данс руу мөнгийг хийлгэсэн. Манайхаас чиргүүлийг худалдаж авсан 25,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг гээд 2 удаагийн гүйлгээг Мөнхзоригт гэх хүний данс руу шилжүүлүүлж өрөө төлчхөөд миний данс руу ороогүй шүү дээ гэдэг тайлбарыг хэлээд зогсож байгаа нь үндэслэлгүй, өөрөө мэдсээр байж өөрийнхөө үйлдлийг үгүйсгээд байгаа мэтээр тайлбарлаж байна. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэдгийг хариуцагч 2023 оны 11 сарын 24-ний өдөр буюу*т чиргүүлийг зарахаас 8 сарын өмнө мэдсэн мөртлөө*т хэлэлгүй, бичиг баримтыг нь 7-14 хоногийн дотор шилжүүлж өгнө гэж хэлээд зарсан. Үнэхээр шилжилт хөдөлгөөн нь хязгаарлагдсан энэ чиргүүлийн бичиг баримтыг шилжүүлэх боломжгүй юм гэдгийг анхнаасаа зарын дагуу очоод үзэхэд хэлсэн бол тухайн чиргүүлийг авахгүй, өөр газраас сонголтоо хийх боломж нь байсан. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т худалдсан эд хөрөнгийг гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаарх худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасан байна. Гэтэл гуравдагч этгээдийн тайлбарт тухайн чиргүүлийг 8,000,000 төгрөгөөр зарсан. 4,000,000 төгрөгийг нь өгөөгүй байгаа. Бид нар мөнгөө бүтэн төлөөгүй учраас чиргүүлийн бичиг баримтыг нь шилжүүлэхээс цааргалж байсан гэдэг тайлбарыг өгчихсөн. Гэтэл өөрсдөө өмнөх наймаагаа дуусгаагүй байж эрхийн зөрчилтэй гэдгийг мэдсээр байж энэ чиргүүлийг*т зарчихсан байгаа юм. Хариуцагч талаас наймаа буцах байсан юм бол яагаад энэ чиргүүлийг авч явсан юм бэ гэдэг асуудлыг хөндөж байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т гэрээнд баталгаат хугацаа тогтоогоогүй бол доголдолтой холбоотой шаардлага гаргах хуулийн хугацаа нь 6 сар байна гэж заачихсан. Бид тухайн чиргүүлийг эрхийн доголдолтой гэж үзээд баталгаат хугацаандаа шүүхэд гомдлоо гаргасан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-т эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж байгаа юм. Угаасаа эрхийн зөрчилтэй доголдолтой тээврийн хэрэгсэл зарсан, бид нар буцаагаад өөрсдийн хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Хариуцагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасныг үндэслээд доголдлыг арилгах, нэхэмжлэгч талд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээсэй гэж хүсэж байна.

Тухайн чиргүүл 2023 оны 08 сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод байсан. 2024 оны 09 сарын 04-ний өдөр гагнуур хийлгэсэн. Нэг удаа Өвөрхангай аймаг руу түлш зөөсөн. Тэрнээс хойш ямар нэгэн тээвэрлэлт хийгээгүй. Яагаад гэвэл манай талаас энэ чиргүүлийг авахын тулд зээл авсан. Зээлийг эргүүлж төлөгдөх нь чиргүүлээрээ ажил хийж мөнгөө олж төлөх  ёстой байтал түлш зөөдөг компаниуд маань тухайн чиргүүл заавал өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байж тээвэрлэлт хийлгэнэ гэсэн. Одоогийн байдлаар Улаанбаатараас Өвөрхангай рүү нэг тээвэрлэлт хийгдсэн. Тэрнээс хойш тээвэрлэлт хийгдээгүй. Анх * нь өөрийн албан ёсны цахим фейсбүүкээсээ тухайн чиргүүлийг худалдаж борлуулна гэж зар тавьсан. Энэ зарын дагуу 9600-9890 гэсэн дугаар луу залгахад * гэдэг хүн анх*той холбогдоод чиргүүлийг үзүүлсэн. Үзүүлэхдээ 3-4 удаа үзээд энэ хооронд чиргүүлийн чанар байдал, стандартыг хангаж байна уу гэдгийг* үзсэн. * энэ бүх процесст өөрөө биечлэн байлцаж үзүүлж байсан.

Анх чиргүүлийг хүлээн авах үед *гээс хуучин чиргүүл аваад засаж сайжруулаад зарж байгаа, миний дүү гагнуур хийх асуудал байгаа шүү гэж хэлсэн байдаг. Тэрийг нь үндэслээд бид нар гагнуурын газарт очоод гагнуураа хийлгэсэн. Гагнуур хийлгэхдээ* нь *т хандан эгчээ танаас авсан чиргүүл хуучин учраас гагнуур хийх шаардлагатай юм байна, мөнгийг нь яах вэ гэсэн. Эгч нь эргээд холбогдъё гэх хариуг өгсөн байдаг. Тэгэхээр * нөхөртөө хэлээд нөхөр нь гагнуур хийсэн хүний данс руу 750,000 төгрөгийг шилжүүлсэн. Бүх асуудлыг *той утсаар холбогдож шийдвэрлэж байсан. Нэг ч удаа *тэй холбогдсон зүйл байхгүй. Гэрчүүд болон *ХХК-ийн захирлын хүү гэх хүмүүс*т хэн нь ч захиран зарцуулах эрхгүй, худалдан борлуулах боломжгүй гэдгийг хэлсэн бол тухайн чиргүүлийг авахгүй байх байсан.  *ХХК-аас 7-14 хоногийн дараа чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсэн үгэнд нь итгээд үлдэгдэл төлбөрөө шилжүүлсэн юм. Тухайн үед *ХХК-аас тухайн чиргүүлийг шилжүүлэх боломжгүй гэдгийг хэлсэн бол үлдэгдэл мөнгийг шилжүүлэхгүй.

Худалдан авагч талаас биет байдлын доголдолгүй, өмчлөх эрхийн зөрчилгүй чиргүүлийг хүлээж авах ёстой байсан. Гэтэл худалдагч тал манайд эрхийн зөрчилтэй буюу баримт бичгийн зөрчилтэй маргаан бүхий чиргүүлийг зарсан. Зараад мөнгийг нь бүтэн авсан. Талуудын нэг нь харилцан тохиролцсон төлбөрийг төлөх нөгөө нь эрхийн зөрчилгүй бие даалтын доголдолгүй чиргүүлийг хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл худалдагч тал тэр үүргээ биелүүлээгүй. Чиргүүлийн бичиг баримт шилжүүлэх боломжгүй учраас ашиглах боломжгүй байна. Яагаад гэвэл чиргүүл нь шатамхай бодис тээвэрлэх зориулалттай буюу цистерны зориулалттай, энгийн том тэргийг бодвол мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргадаг тусгай зориулалттай техник учраас хэрэглэх боломжгүй байгаа юм. Ийм учраас доголдолтой чиргүүл зарсан учраас чиргүүлээ буцаагаад үндсэн төлбөр болон тухайн чиргүүлд зарцуулсан гагнуурын төлбөр, мэргэжлийн байгууллагаас гаргасан баримт бичгийн төлбөр, улсын тэмдэгтийн хураамж зэрэг нийт 31,834,000 төгрөгийг бүхэлд нь *оос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч * шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

 Миний хувьд дээрх цистерн буюу чиргүүлийг зарахаар зар тавьсан нь үнэн бөгөөд гол яриа тохиролцоо нь*, манай нөхөр *нарын хооронд болсон. Мөн 2 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн гэх боловч мөнгө нь миний болон манай нөхрийн дансруу ороогүй, * гэдэг хүний дансруу шилжүүлсэн.* нь өмнө нь чиргүүлд хэд хэдэн гагнуур хийлгэсэн талаар надад болон манай нөхөрт хэлж байгаагүй бөгөөд нэг удаа надруу холбогдоод гагнуур хийлгэх шаардлагатай болоод хоёулаа төлбөрөө хуваагаад төлье..." гэхээр нь би нөхөртөө энэ талаар хэлэхэд манай нөхөр түүн рүү 750,000 төгрөг шилжүүлсэн байдаг.

Дээрх чиргүүлийг манай нөхөр * нь*т худалдахаас өмнө "*" ХХК-иас амаар тохиролцож, худалдан авч байсан бөгөөд тухайн үед тус компанийн нэр дээр бүртгэлтэй, нэрээ шилжүүлээгүй явж байсан. Учир нь тус компаниас манай нөхөрт нэрийг нь шилжүүлж өгнө гэсэн боловч шилжүүлж өгөөгуй байсан юм. Чиргүүлийг худалдахаас өмнө манай нөхөр * нь*т хандаж "...ах нь энэ чиргүүлийг худалдаж аваад ашиглаагүй байгаа учраас нүх сүв, доголдол байхыг үгүйсгэх арга байхгүй шүү, хуучин чиргүүл аваад будаж, янзлаад зарж байгаа шүү..." гэдгийг хэлсэн. Мөн тэрээр төлбөр мөнгийг шилжүүлэхээс өмнө тухайн чиргүүл нь "Аpц суварга" ХХК-ийн нэр дээр байдаг талаар өөрөө мэдсэн бөгөөд энэ үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүнд эх хувиар нь үзүүлж өгсөн. Тэгээд*т чиргүүлийг хүлээлгэн өгөх үед манай нөхөр * болон түүний эгч *6 "*" ХХК-ийн захирлын хүү гэх нэрийг нь мэдэхгүй залуу нар байсан гэх бөгөөд тухайн залуу нь*т хандаж "...манай компани энэ чиргүүлийг * гэх энэ хүнд өмнө нь худалдсан, гэрчилгээний нэрийг нь шилжүүлж амжаагүй байгаа, манайх 7-14 хоногийн дараа таны нэр дээр шилжүүлж өгөх боломжтой..." гэж хэлсэн талаар манай нөхөр надад хэлсэн. Тухайн үед манай нөхөр * нь чиргүүлийн татвар, оношилгоо гэх мэт шаардлагатай төлбөрийг нь төлсөн ба* нь чиргүүлийг чирээд аваад явсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Чиргүүлийг аваад чирч явахад нь манайхаас ойр зуур юмыг хийлцэж өгье, танайх чиргүүлээ чирч байгаа бол хянан баталгаанд орохдоо танайх зардлыг нь гаргачих, манай тал бусад зардлуудыг гаргаж өгье гээд чиргүүлээ чирээд аваад явсан. Хянан баталгаагаар орохдоо надтай холбогдож хянан баталгаагаар орох гэсэн чинь бичиг баримт нь тийм байна, ёонксоо жоохон цэвэрлэчих гэсэн, би нөхөртэйгөө яваад очъё миний дүү тэгээд хоёулаа ёонкосоос цэвэрлээд баталгаандаа оруулчихъя гэж хэлээд маргааш нь хянан баталгаанд оруулаад чиргүүлээ чирээд явсан.* нь 7 хоногийн дараа бичиг баримт шилжүүлэх гэсэн юм, товчоогоор гаргахгүй байна гэж надтай холбогдсон. Тэгэхээр би манай нөхөр болон эгчтэй маань яваад чиргүүлийн нэрээ шилжүүлэх авчих гэж хэлээд манай нөхөр болон эгчтэй цуг “*” ХХК-ийн захирлын хүүтэй уулзаад бичиг баримтыг нь 7-14 хоногийн дараа шилжүүлж өгье, бид 2-ын зүгээс татвар, оношилгоо зэргийг нь хийж өгье гэж явуулсан байгаа. Манай нөхөр бичиг баримтаа шилжүүлээд *ХХК-аас 14 хоногийн хугацаатай бичиг баримтаа шилжүүлж өгье гэж над руу ярьсан. Тэгээд *ХХК-ийн захирлын хүүтэй яриад ямар ч асуудал байхгүй байна гэж хэлэн ёонксыг аваад явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би тухайн чиргүүлийг худалдаж авч явахад нь*т чиргүүлийн өмчлөх эрх нь *ХХК-д байгаа. Манай нөхөр * нь тухайн чиргүүлийг битүүмжлэгдсэн байгаа талаар болон холбогдох мэдээллүүдийг нь өгсөн. Үүний дараа би*оос асуухад 7-14 хоногийн дараа бичиг баримтыг маань шилжүүлж өгнө гэж хэлсэн. Авто тээврийн үндэсний төвд очиж татвар даатгалыг төлөх үед би хамт байгаагүй, би зөвхөн зар тавьсан. Нөхөр маань анх *ХХК-иас дүүтэйгээ нийлж уг ёонксийг авсан. Хавар түлшинд явах гэтэл чирч явах машингүй болоод заръя гэж шийдээд нөхөр маань намайг зар тавьчих гэж хэлсэн.  Анх чиргүүлийг зарна гэж фейсбүүк дээр зар тавихдаа *ХХК-ийн нэр дээр байсан гэдгийг мэдээгүй. Манай нөхөр авчирсан учраас манай юм л гэж ойлгосон байсан. Тухайн чиргүүлийн нэр *ХХК-ийн нэр дээр байгаа гэдгийг*оос гэрчилгээгээ шилжүүлээд өгөөч эгчээ гэж холбогдоход би нөхөр лүүгээ яриад нөхөр маань эгчтэйгээ Авто тээврийн үндэсний төвд очоод мэдсэн.* нь тухайн чиргүүлийг авч явахдаа бүтэн, сэвгүй цэвэрхэн юм авч явсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би өөрөө завгүй байсан. Авто тээврийн газарт нэр шилжүүлэхэд нь өгөх юм байна гэж ойлгон хүүгээ явуулахад тухайн өмч нь хоригтой байгаа юм байна гэх тайлбарыг өгсөн байдаг. Ямар наймаа хийгээд, хоорондоо мөнгө төгрөг нь яасан гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн чиргүүлийг бид 8,000,000 төгрөгөөр зарсан. Автомашины төлбөр гэж 4,000,000 төгрөг л орж ирсэн. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа.

* нь манайтай худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. Нэр шилжүүлэх албан бичиг хийж өгсөн. Мөнгөө нэр шилжүүлэх болохоороо өгнө гээд чиргүүлээ тухайн үед аваад явсан. Тэр газраа очсон юм уу, очоогүй юм уу гэдгийг би мэдэхгүй. Надаас өмнө нь 2 техник аваад 8,000,000 төгрөгийг өгөөд нөгөө машин дээрээ 4,000,000 төгрөгийг өгөөд явсан. Араас нь би зөндөө мөнгөө нэхсэн. 2024 оны 08 сард цаашаагаа хүнд зарсан гэж сонсогдсон. Тухайн үед шилжилт хөдөлгөөн хязгаарлагдсан гэдгийг мэдээгүй байсан. Мэдсэн бол албан бичиг өгөхгүй байх байсан. Мэдээгүй учраас нэр шилжүүлэх албан бичиг хийж өгсөн.  

Нэхэмжлэгч хариуцагч нар нь чиргүүлийн нэрийг шилжүүлэхээр Авто тээврийн үндэсний төвд очоод нэр шилжих боломжгүй гэдгийг бүгд мэдсэн. Бидний зүгээс 7-14 хоногийн дараа шилжүүлж өгнө гэж хоног хугацаа хэлээгүй. Төлбөрийн үлдэгдлээ төлөөд чиргүүлийн нэрээ шилжүүлчих юм бол бид нарын зүгээс ямар нэгэн асуудал гаргахгүй.  * дугаарын эзэмшигч * гэх хүнтэй л наймаа хийж, үнэ хөлсөө тохирсон. Хамгийн сүүлд 2024 оны 08 сард шүүхийн шийдвэрээр шилжүүлж болохгүй гэдгийг мэдэж авсан. 2023 оны 11 сарын 30-ны өдрөөс хойш үлдэгдэл мөнгөө нэхэж байгаа асуудал байгаа гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:

 Нэхэмжлэгчээс итгэмжлэл, * тоот *ы харилцах дансны харилцагчийн хуулга, *ГЧ улсын дугаартай техникийн лавлагаа, Галын аюулгүй байдлыг дүгнэлт, *ГЧ улсын дугаартай чиргүүлийн фото зураг зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.

 

Хариуцагчаас хариу тайлбар,*тоот *ийн харилцах дансны харилцагчийн хуулга,* тоот *гийн харилцах дансны хуулга, * тоот *ын харилцах дансны харилцагчийн хуулга, *тоот харилцах дансны харилцагчийн хуулга итгэмжлэл, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн * дугаартай шинэ өрнөх бүтээмж ХХК-ийн лавлагаа, *ГЧ улсын дугаартай чиргүүлийн фото зураг, хууль зүйн гэрээ, зэрэг нотлох баримтыг хэрэгт бүрдүүлсэн байна.

 

Шүүхээс шүүх хуралдааны шатанд гэрчээр *, * нарыг асууж мэдүүлэг авсан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч* нь *т холбогдуулан 31,834,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч* болон хариуцагч * нар нь  2024 оны 08 сарын 30-ны өдөр *арлын дугаартай, ногоон алаг өнгийн * ГЧ улсын дугаартай цистерн чиргүүлийг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй боловч амаар дээрх нөхцөлөөр талууд хэлэлцэн тохиролцож худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Улмаар нэхэмжлэгч* нь чиргүүлийг  2024 оны 08 сарын 30-ны өдөр хүлээн авч, төлбөрөөс 25,000,000 төгрөгийг мөн өдрөө *ы * тоот данснаас ХААН банк дахь * тоот дансанд,*ын * тоот данснаас ХААН банк дахь *тоот дансанд 2024 оны 09 сарын 04-ний өдөр тус тус шилжүүлэн өгсөн байна. Дээрх ХААН банк дахь * тоот дансны эзэмшигч * нь нэхэмжлэгч*ын аав, мөн*оос мөнгийг шилжүүлэн өгсөн ХААН банк дахь * тоот данс нь хариуцагч * болон түүний нөхөр * нарын нэрлэн заасан түүний хамаарал бүхий этгээд болох *ын эзэмшдэг данс болох нь хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулгууд болон гэрч *гийн гаргасан  “...*мөнгийг ямар данс руу хийх вэ гэхээр нь манай хүргэний данс руу хийчих гэж хэлсэн, ...2024 оны 08 сарын 30-ны өдөр*оос 25,000,000 төгрөгийг аваад, ёонксоо өгч явуулсан..., ... үлдэх 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөд наймаа дууссан...” гэх тайлбар мэдүүлэг, гэрч *ийн “...чиргүүлийн нийт төлбөр 30,000,000 төгрөг манай нөхрийн данс руу орсон болохоор би сайн мэдэж байна...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогддог.

Хариуцагчийн гаргасан мөнгө миний болон манай нөхрийн данс руу ороогүй гэх тайлбар няцаагдаж байна. Иймд худалдан авагч буюу нэхэмжлэгч* гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан.

Улмаар нэхэмжлэгч* чиргүүлийг хүлээн авч, эзэмших эрх буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг хариуцагчаас шаардахад бичиг баримт нь гуравдагч этгээд болох Арч суварга ХХК-ийн эзэмшил өмчлөлд бүртгэлтэй байгаа талаар мэдэгдэж, шилжүүлэн өгөхөд 7-14 хоногийн хугацаа хэрэгтэй гэх тайлбарыг гаргасан болох нь талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогддог.

Хариуцагч заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, биелэгдэх боломжгүй болсон нь цаашид нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхгүйгээр тус тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцож, ачаа тээвэр хийх боломжгүй болсон гэх үндэслэл зааж, гэрээнээс татгалзаж, эд хөрөнгийг буцаан өгч, өөрийн өгсөн мөнгөө эргүүлэн авч, гарсан зардлыг нэмж нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч* уг тээврийн хэрэгсэл буюу * ГЧ улсын дугаартай цистерн чиргүүл нь шатахуун тээвэрлэх зориулалттай бөгөөд замны хөдөлгөөнд оролцоход мэргэжлийн байгууллагуудаас галын аюулгүй дүгнэлт гаргуулах, хянан баталгаа хийлгэх шаардлагатай байдаг тул эзэмшилдээ авснаар холбогдох байгууллагуудаас дүгнэлт, зөвшөөрөл, баталгаа гаргуулахад нийт 934,000 төгрөгийг зарцуулсан. Цистерн чиргүүлийг хариуцагч талаас хүлээн авч засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан ба нийт 1,500,000 төгрөгийг гагнуурыг хийлгэж, уг төлбөрийг 50, 50 хувиар тэнцүү хуваан төлөхөөр тохиролцсон уг мөнгөнөөс хариуцагч 750,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш 2024 оны 10 сарын 16-ны өдөр дахин 150,000 төгрөгийн нэмэлт засвар хийлгэж нийт 900,000 төгрөгийн зардал гаргасан. Иймд нийт * ГЧ улсын дугаартай цистерн чиргүүлийн үнэ 30,000,000 төгрөгийг дээрх гаргасан зардлыг тооцон 31,834,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

* ГЧ улсын дугаартай цистерн чиргүүл нь *ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогддог.

Харин талуудын хооронд худалдах худалдан авах гэрээг байгуулагдах үед эрхийн зөрчилтэй байсан, бусдын өмчлөлд бүртгэлтэй хөрөнгө болохыг мэдэж байсан эсэх талаар маргаж, хариуцагч нэхэмжлэгч*ыг анхнаасаа *ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болохыг мэдэж байсан, *ХХК-иас хариуцагчийн нөхөр * 4,000,000 төгрөгөөр худалдан авч, 20,000,000 төгрөгийн засвар хийсэн ч чиргүүлийг чирч явах толгой тээврийн хэрэгсэлгүй болсны улмаас худалдан борлуулахаар болсон гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр *ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан ба 2023 оны 11 сарын 24-ний өдөр мөн хариуцагч талтай худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг цистерн чиргүүлийг худалдсан боловч *ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй уг хөрөнгийг бусдад шилжүүлэх боломжгүй, шилжих хөдөлгөөнийг шүүхийн шийдвэрээр хязгаарласан байсныг*ын хүсэлтээр бичиг баримт шилжүүлэхээр Авто тээврийн үндэсний төвд очиж мэдсэн гэх тайлбарыг гаргасан. Талууд гуравдагч этгээдийн энэхүү тайлбартай маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Нэхэмжлэгч* уг тээврийн хэрэгсэлд нэмэлт засвар үйлчилгээ хийлгэж, гагнуурын хөлсөнд * тоот дансанд 300,000 төгрөг, 450,000 төгрөг, 150,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн гэж тайлбарлан өөрийн дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гарган ирүүлсэн. Уг мөнгийг гагнуур хийхэд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар шууд нотлогдон тогтоогдохгүй боловч, талуудын тайлбар болон гэрч нарын мэдүүлгээр зохих нэмэлт засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан талаар маргадаггүй бөгөөд засвар хийхэд гарсан зардлыг тэнцүү хэмжээгээр хуваан төлөхөөр тохиролцсон болохоо талууд хүлээн зөвшөөрч хариуцагчаас 750,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн тул энэ хэмжээгээр зардал гарган засварласан гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэгч*оос 750,000 төгрөгийг зардал гаргасан гэж үзэхээр байна. Харин нэмж гагнуур хийлгэхэд гаргасан зардалд тооцон нэхэмжилсэн 150,000 төгрөгийг ямар завсар үйлчилгээ хийсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс галын аюулгүй байдлын дүгнэлт болон хянан магадалгаа, баталгаажуулалтын гэрчилгээг холбогдох байгууллагуудаас гаргуулахад нийт 934,000 төгрөгийн зардал гарсан болох нь түүний дансны хуулга, баталгаажуулалтын гэрчилгээ, галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбараар тус тус тогтоогдож байна. Талууд дээрх гарсан зардлыг хуваан хариуцах, нэхэмжлэгч шаардлагатай холбогдох байгууллагуудаас авах зөвшөөрөл, дүгнэлтийг өөрөө хариуцан гаргуулах, зардлыг өөрөө төлөхөөр хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргасан байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байгаа тохиолдолд худалдагч доголдолгүй эд хөрөнгө шилжүүлснээ нотлох үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбар, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй, 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэжээ.

 Худалдан авагч буюу нэхэмжлэгч эд хөрөнгийг 2024 оны 08 сарын 30-ны өдөр хүлээн авч, үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөх үед эрхийн зөрчилтэй, гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэлтэй, улмаар өмчлөх эрхийг*т шилжүүлэн өгч зохих байгууллагад бүртгүүлэн гэрчилгээг гарган өгөх боломжгүй болохыг эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш мэдсэн, талууд энэ талаар харилцан тохиролцож 14 хоногийн хугацаанд эрхийн зөрчлийг арилган холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэхээр тохиролцсон нь талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог.

Худалдан авсан автомашин нь шатахуун тээвэрлэх зориулалттай, өөрийн өмчлөлд бүртгүүлснээр ачаа тээвэрлэх, улмаар зохих байгууллагын зөвшөөрлөөр ачаа тээвэрлэх нөхцөл шаардлагууд тавигддаг тул ашиглах, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал няцаасан тайлбарыг гаргаагүй тул уг тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч * ГЧ улсын дугаартай цистерн чиргүүлийг хариуцагчид буцаан шилжүүлж, автомашины үнэд төлсөн 30,000,000 төгрөг, бусад зардалд тооцон 1,834,000 төгрөг гэж тодорхойлон нийт 31,834,000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгчээс цистерн чиргүүлийн үнэд шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 1,834,000 төгрөгийн шаардлагыг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *оос 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *оос 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,834,000/ нэг сая найман зуун гучин дөрөв/ төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч*ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *оос 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.НЯМСҮРЭН