| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00029/Э |
| Дугаар | 00034 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Бт холбогдох 1732001130019 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт * тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Төрбатын Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Т.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг дэвсгэр Халуун рашаан гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “37-17” СБА улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2.1-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Мяын эрүүл мэндэд хүнд, Ц.Доын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Амгийн “37-17” СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгсэлтэй уул руу самарт явсан. Тухайн үед кабин дотор Э.Ам, Т.Ба, В.Болормаа, Түвшинсайхан нар сууж явсан. Би эхэндээ машины тэвшин дээр явж байсан. Гэтэл Ерөөгийн халуун рашааны нилээн наана Ерөө голыг гараад Ам нойр хүрээд байна чи жоохон машин бариад явчих Халуун рашаан дээр очиж хоноё гэсэн. Тэгээд би машиныг бариад рашааны наана мөргүй хэсгээр тойрч очиход огцом байсан нь харанхуйд сайн харагдаагүй. Тэгээд би явж байсан хурдаараа дээр нь гарсан чинь хий эргээд, араагаа хүндрүүлсэн чинь дийлэхгүй, тормоз гишгэсэн чинь усаар гарсан байсан болохоор тормоз гацаад байсан. Тэгээд карданаа татах гэтэл кабинд олон хүн суусан байсан болохоор татах боломжгүй байсан. Их богинохон зайнд байсан болохоор машин хойшоогоо ухраад унасан. Гэтэл Мя, До, Мө нар бэртчихлээ гэсэн. Тэгээд тэд нарыг замын машинд суулган Мандал сумын эмнэлэг рүү хүргүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг.
Хохирогч Б.Мя мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бидний явж байсан машин зогсоод “Бие засах нь бие засаарай” гэж хэлэхээр нь би Болд- Эрдэнэ ахтай хамт машинаас бууж бие зассан. Бид хоёрыг хамт тамхи татаад зогсож байтал машины жолооч Амараа ах ирээд Бо ахад “за ах нь нойр хүрээд байна, Бошоо одоо машин барина, лебодка залгах хэрэг гарвал чи сайн гүйнэ шүү” гэж ярилцаад машиндаа сууцгааж цааш явж байгаад ойролцоогоор яг харанхуй болж байхад машин өөдөө өгсөж яваад хүч алдаад хойшоогоо алдаад уруудаж онхолдсон. Машин онхолдож хөрвөөхөд бүх хүмүүс тэвшин дээрээс унасан. Машин хөрвөөгөөд зургаан дугуй дээрээ зогссон. Тухайн үед миний хэвлий юманд цохигдож гэмтсэн, амьсгал авч чадахгүй “би яг үхлээ” гэж хэлсэн чинь Амараа ах хажууд ирээд “Миний дүү гайгүй юу” гэж хэлээд уйлж байгаад ухаан алдаад уначихсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-36 дугаар тал/
Хохирогч Ц.До мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үдээс хойш манай машин Ерөө голыг гарч цааш явсан ба би тэвшин дээр нь хэвтээд хөнжлөө дээгүүрээ нөмрөөд явсан. Тэгтэл машин нэг удаа зогсож зарим хүмүүс бие зассан тэгээд цааш явж байгаад хүч алдаад хойшоогоо алдаад онхолдож зургаан дугуй дээрээ зогссон. Осол болсноос миний зүүн хөл шилбээрээ хугарчихсан санжигнаж байсан. Ерөө голыг гарахад Амараа жолоодож байсан цааш явж байгаад зогсож бие засахад жолоогоо шилжүүлсэн байж магадгүй гэх мэдүүлэг /Хх-ийн 19-20 дүгээр тал/
Гэрч Н.Мө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Зил-131 машины ачаан дээр нийт 20 орчим хүн явсан тухайн машины жолооч Амараа гэх залуу машинаа бариад кабин дотор нь 3 хүн суугаад явсан замдаа явж байгаад Шарлангийн пост өнгөрөөд өгсүүр газар машин хүч алдаад арагшаа ухарсан ухрахдаа 2-3 удаа эргэлдэж өнхөрсөн. Тэгээд 6 дугуй дээрээ зогссон гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р тал/
Гэрч Э.Ам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... бид Нэвшээ гэх газар самар түүхээр өөрийн Зил-131 загварын тээврийн хэрэгслээ жолоодоод явсан. Шөнөжин яваад 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө үүрээр хонин нугын Ерөө гол дээр ирсэн тэгээд голоор гарахдаа дотор нь машинууд суугаад нэг нэгийгээ татсаар байгаад үдээс хойш Ерөө голыг гарч цааш явсан. Би шөнөжин машин бариад өдөр нь унтаагүй байсан болохоор нойр хүрээд байхаар нь Ерөөгийн халуун рашаан орохоос ойролцоогоор 5-6 километрийн наана Зүүнхараагийн Бошоо гэдэг залууг дуудаж жолоогоо шилжүүлж өгөөд өөрөө би кабинд жолоочийн хажуу талд хэсэг унтсан. Тэгтэл миний машин хойшоогоо алдаж онхолдож байхад нь сэрсэн. Миний машин онхолдож хөрвөөгөөд зургаан дугуй дээрээ тогтсон. Тэвшин дээр байсан хүмүүс газар уначихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-33-р тал/
Гэрч Т.Ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Амгийн нойр нь хүрээд байна гээд Бошоо гэж дууддаг Б гэдэг залууд жолоогоо шилжүүлсэн. Би шөнөжин нойргүй явчихсан болохоор машины кабин дотор үүрэглэж унтаад явж байсан. Тэгтэл машин онхолдож байхад сэрсэн, машин онхолдож хөрвөөгөөд зургаан дугуйн дээрээ тогтсон байсан. Би онхолдож хөрвөөгөөд зогсоход би кабин дотор байсан, тэр үедээ шоконд ороод юу болоод байгааг мэдэхгүй байсан. Тэгтэл машины тэвшин дээр байсан хүмүүс газарт уначихсан байсан. Хэсэг хугацааны дараа миний ухаан санаа гайгүй болж юу болсон талаар ажиглахад Улаанбаатар хотоос ирсэн До гэдэг хүний хөл нь шилбээрээ хугарчихсан байх шиг байна гэж байсан, нэг залуугийн /Мя/ бие өвдөөд байна гэж ярьж байсан. Ихэнх нь хүмүүсийн биед гэмтэл учраагүй гайгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-38-р тал/
Гэрч Б.Бо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Ам ах надад “Ах нь нойр хүрээд байна, жоохон амраадахъя, Бошоо ах чинь машин жолоодоно, чи лебодка залгах юм гарвал гялс бууж ирээд туслаарай гэж хэлсэн би ч за гэж хэлчихээд буцаад тэвшин дээрээ гарч суусан. Ингээд нэлээд хол явж байгаад машин нэг эвгүй жижигхэн өөд газарт явж байгаад хүч алдсан уу? Эсвэл хий эргэсэн үү хойшоогоо алдаж ухраад онхолдож хөрвөөгөөд зургаан дугуйн дээрээ зогссон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-р тал/
2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Замын цагдаагийн шинжээчийн №58 дугаартай дүгнэлт: …
Замын хөдөлгөөний дүрмийн 21.3-т “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангилалын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорх шаардлагын дагуу тоноглосон байна. а/ тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 03-0,5 метр, хашлаганы дэд ирмэгээс 0,3 метрээс багагүй байх, мөн дүрмийн 21.8-д “хүн тээвэрлэхийг хориглох б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт....гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Жолооч Т.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.1 а/ гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэв гэх дүгнэлт /ХХ-ийн 45 дугаар тал/
2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №235 дугаартай Шинжээчийн дүгнэлт:
1. Б.Мяын биед дэлүү гэмтэж авахуулсан, дотор цус алдаж, баруун зүүн сүвээ, шилбэнд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэргийн зааврын 3.5.2-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /ХХ-ийн 51-р тал/
2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №416 дугаартай Шинжээчийн №416 дугаартай дүгнэлт: …
1. Ц.Доын биед зүүн шаант, тахилзуур ясны 1/3-ийн хэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /ХХ-ийн 100 дугаар тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Т.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 142 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /144-146 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Халуун рашаан” гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “37-17” СБА улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2.1-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Мяын эрүүл мэндэд хүнд, Ц.Доын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Мяын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34-36 дугаар тал/, Хохирогч Ц.Доын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар тал/, Гэрч Н.Мөийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р тал/, Гэрч Э.Амгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-33-р тал/, Гэрч Т.Баийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 37-38-р тал/, Гэрч Б.Болд-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 41-р тал/, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Замын цагдаагийн шинжээчийн №58 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 45 дугаар тал/, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №235 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 51-р тал/, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №416 дугаартай Шинжээчийн №416 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 100 дугаар тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Т.Быг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Халуун рашаан” гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “37-17” СБА улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2.1-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх байх гэснийг тус тус зөрчиж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Мяын эрүүл мэндэд “дэлүү гэмтэж авахуулсан, дотор цус алдаж, баруун зүүн сүвээ, шилбэнд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн гэмтэл бүхий” хүнд, Ц.Доын эрүүл мэндэд “ зүүн шаант, тахилзуур ясны 1/3-ийн хэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мяас ... Т.Бт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /ХХ-ийн 165 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Э.Амгаас ... хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /ХХ-ийн 111 дүгээр хуудас/ гэсэн нотлох баримтыг тус тус гаргаж хавтаст хэрэгт хавсаргасан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.До нь хавтаст хэрэгт хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт шинээр гаргаж өгөөгүй ч шүүгдэгч Т.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Дод 700000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баримт /ХХ-ийн 178 хуудас/ үйлдэж хэрэгт хавсаргасан байна. Иймд энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Төрбатын Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
5. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.