| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/07703/И |
| Дугаар | 192/ШШ2025/03236 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03236
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоот хаягт байрлах “А х м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, өөрийн байранд байрлах “У”-д холбогдох,
Эзэмших эрх бүхий газраа ашиглахад саад учруулахгүй, нэвтрэх гарц гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “А х м” ХХК нь хариуцагч “У”-д холбогдуулан эзэмших эрх бүхий газраа ашиглахад саад учруулахгүй, нэвтрэх гарц гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Манай “А х м” ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Өтай худалдах худалдан авах гэрээг байгуулж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах, нэгж талбарын * дугаар бүхий, 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн * дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан болно. Дээрх газрыг худалдан авахдаа цахим газрын мэдээллийн санд /www.egazar.gov.mn/ орсон эсэх, зөрчилтэй эсэх, газрын төлбөрөө бүрэн төлсөн эсэх зэргээр шалгаж, тухайн газар дээр нь очиж үзсэний үндсэн дээр төлбөр тооцоог бүрэн дуусгаж худалдан авч, газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаж, татвараа төлж шилжүүлэн авсан.
Тухайн газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Амгалан вагон өртөөний баруун хойд талд байршдаг бөгөөд өртөөний автомашин нэвтрэх хэсгээр орох, гарах боломжтой юм. Өөрийн эзэмшил газраа ашиглах гээд орох гэхэд Амгалан вагон өртөөний холбогдох ажилсагсад нэвтрүүлэхгүй төв байгууллагад ханд гэсэн тул “У" ХНН-ийн дарга Х.Хд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хандаж, төмөр замын хамгаалалтын бүсэд манай эзэмшил газрын кадастрын зураг орсон эсэх талаарх лавлагааг гаргаж өгөхийг хүссэн.
“У” ХНН-ийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10/3491 тоот албан бичгээр “...1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрүүдэд "...төмөр замын бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ...”,“...Албан тоотод дурдсан, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах * нэгж талбар газар нь дээрх хэлэлцээрүүдэд заасан төмөр замын зурвас газартай давхцаж байна...” гэсэн хариуг өгсөн. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хандаж дээрх нэгж талбарын *дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн Э-*дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг У ХНН-ийн төмөр замын хамгаалалтын бүсэд эзэмшил газрын кадастрын зураг орсон эсэх талаарх лавлагааг гаргаж өгөхийг хүссэн.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/2418 тоот албан бичгээр “...төмөр замын хамгаалалтын зурвастай давхцалгүй байна...” гэсэн хариуг өгсөн. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-т “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй”, 138.2-т “Энэ хуулийн 138.1-0 заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ”, 138.4-т “Эзэмшигч өөрийн эзэмшил газрын нийтийн ашиглалтын зам, шугам, хоолойтой холбогдсон хэсгийг өөр этгээдийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд эзэмшил газрын үлдсэн хэсэг нь нийтийн ашиглалтын зам, шугам, хоолойд холбогдох шаардлагатай бол шинэ эзэмшигч нь өөрийн газар дээгүүр дамжин өнгөрөх зам, шугам хоолой тавих, байрлуулах зөвшөөрөл олгох үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн эзэмшил газраа зориулалтын хүрээнд ашиглах гэхэд хууль бусаар ашиглуулахгүй, үйл ажиллагаа явуулах эрхийг ноцтой зөрчиж байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно. Хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасан байна. “У” ХНН нь “А х м” ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах эзэмших эрх бүхий газартаа нэвтрэх эрхийг хааж, зориулалтын дагуу ашиглах эрхийг хууль бусаар хязгаарлан Иргэний тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.
Иймд Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.2, 138.4-т заасны дагуу “А х м” ХХК-ийн газар эзэмших эрхийн * дугаар гэрчилгээтэй газрыг зориулалтын дагуу ашиглах гэхэд Амгалан өртөөний нийтийн эзэмшлийн замаар дамжин өнгөрүүлэхгүй, улмаар үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж байгаа тул эзэмших эрх бүхий газраа ашиглахад саад учруулахгүй, нэвтрэх гарц гаргаж өгөхийг “У” ХНН-т даалгаж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч “У” хариу тайлбартаа: “А х м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Баянзүрх дүүргийн * тоот хаягтай * дугаартай гэрчилгээ бүхий газартаа зөвхөн тус нийгэмлэгийн Амгалан өртөөний нийтийн эзэмшлийн замаар дамжин өнгөрдөг гэсэн байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн Амгалан өртөөний хашааны зориулалт нь тухайн өртөөгөөр үйлчлүүлж буй иргэд зорчигч ба угтан авагч үдэн гаргагч нарын авто зогсоол бөгөөд Төмөр Замын тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “үйлчилгээний хүртээмж, чанар аюулгүй байдлыг хангах” зориулалт бүхий талбай юм. Тухайн талбай нь ертөнцийн зүгээр урд ба баруун хойд, баруун талаараа төмөр замтай хойд талаасаа авто замтай бол зүүн талаасаа төмөр замын Амгалан өртөөний нийтийн эзэмшлийн авто зогсоолтой газар байна. Уг газарт ертөнцийн зүгээр хойд талаасаа төв замтай холбогдох 3 гарцтай байхад “өртөөний автомашин нэвтрэх хэсгээр орох гарах боломжтой” хэмээн илт худал нэхэмжлэл гаргасан байна. Тухайн газрын талаар нэхэмжлэгч тал манай байгууллагаас лавлагаа хүссэн бөгөөд бид тухай газар нь УБТЗ ХНН зурвас газартай давхцаж байгаа талаар 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 10/3491 дугаартай албан тоотоор хариу өгсөн болно.
Төмөр Замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т "төмөр замын зурвас газар" гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг” хэлэх бөгөөд төмөр замаар зорчигч тээврийн технологийн онцлог үйл ажиллагаанд тухайн зогсоол хамаарах ба зорчигчдын аюулгүй чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь У ХНН-ийн үүрэг юм. Нэхэмжлэгч нь ямар учраас тухайн газраа “4 ба түүнээс дээш давхрын орон сууцны зориулалтай” гэж бичсэн нь ойлгомжгүй бөгөөд тухайн газар нь урд талаар байнгын галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөнтэй, баруун талаараа 5 дугаар ДЦС ба амгалан бүсийн үйлдвэрлэлийн төмөр замын хөдөлгөөнтэй тул хүн амьдрах орон сууц барих газар биш юм. Мөн нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй этгээдийн газар нь Иргэний хуулийн 138.1 заасан бусдын газраар хүрээлэгдсэн газар биш тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Мөн Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт мөн хамааралгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм, Итгэмжлэл, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Кадастрын зураг, “А х м” ХХК-ийн хүсэлт, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын албан бичиг, Кадастрын зураг, “У”-д гаргасан хүсэлт, “У”-ын Албан бичиг, Барилга угсралтын гэрээ, Барилгын зураг төсөл, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албан бичиг, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албад гаргасан хүсэлт, Фото зураг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албан бичиг, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газрын албан бичиг кадастрын мэдээлэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “А х м” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Өөрийн эзэмшил газраа ашиглах гээд орох гэхэд Амгалан вагон өртөөний холбогдох ажилсагсад нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд “А х м” ХХК нь эзэмших эрх бүхий газартаа нэвтрэх эрхийг хааж, зориулалтын дагуу ашиглах эрхийг хууль бусаар хязгаарлан Иргэний тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.” гэжээ.
3. Хариуцагч “У” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Амгалан өртөөний хашааны зориулалт нь тухайн өртөөгөөр үйлчлүүлж буй иргэд зорчигч ба угтан авагч үдэн гаргагч нарын авто зогсоол бөгөөд төмөр замаар зорчигч тээврийн технологийн онцлог үйл ажиллагаанд тухайн зогсоол хамаарах ба зорчигчдын аюулгүй чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь У ХНН-ийн үүрэг юм. Уг газарт ертөнцийн зүгээр хойд талаасаа төв замтай холбогдох 3 гарцтай байхад “өртөөний автомашин нэвтрэх хэсгээр орох гарах боломжтой” хэмээн илт худал нэхэмжлэл гаргасан байна.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар Дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн * тоот хаягт байрлах, * дугаар бүхий нэгж талбарын 3496 м.кв газрыг 4 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-* дугаарт бүртгэж “А х м” ХХК-д * тоот газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-9/
4.2 Хариуцагч “У”-аас “А х м” ХХК-д 2024.08.22-ны өдөр “Албан тоот хариу”-г хүргүүлжээ. Үүнд: "У" ХНН нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949.6.06-ны өдрийн болон 1952.9.15-ны өдрийн хэлэлцээрүүдэд “..төмөр замын бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ" гэж заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газрыг ашигладаг билээ. Албан тоотод дурдсан, Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутагт байрлах * нэгж талбар газар нь дээрх хэлэлцээрүүдэд заасан төмөр замын зурвас газартай давхцаж байна гэжээ. /хх-17/
4.3 Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн ерөнхий газраас нэхэмжлэгч “А х м” ХХК-д 2024.09.12-ны өдөр “... Тус газар нь “У” 2024.02.29-ний өдөр ирүүлсэн төмөр замын хамгаалалтын зурвасын тоон мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн болно. Газрын кадастрын мэдээллийн сангийн 2024.09.12-ны өдрийн мэдээллээс нэгж талбарын 1331501620 дугаараар хайлт хийж дээр дурдсан мэдээлэлтэй давхцуулан үзэхэд уг нэгж талбар нь тус газарт хадгалагдаж байгаа төмөр замын хамгаалалтын зурвастай давхцалгүй.” гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна. /хх-16/
4.4 Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2025.01.31-ний өдөр нэхэмжлэгч “А х м” ХХК-д “...Баянзүрх дүүргийн төмөр замын баруун-1 гудамж, 3 тоот хаягтай нэгж талбарын 1331501620 дугаар бүхий газрын орц, гарц нь эзэмшил газрынхаа зүүн талд төлөвлөгдсөн байна.” гэсэн хариу хүргүүлжээ. /хх-64/
4.5 Мөн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025.02.24-ний өдрийн 07-14/330 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн төмөр замын баруун-1 гудамж, 3 тоот хаягтай нэгж талбарын * дугаартай “А х м” ХХК-ийн эзэмшиж буй газрын орц, гарцын тойм зургийг шүүхэд ирүүлсэн байна. /хх88-89/
5. Талуудын маргааны зүйл нь Баянзүрх * тоот хаягтай нэгж талбарын * дугаар бүхий газрын орц, гарц хэрхэн төлөвлөгдсөн болон нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа эзэмшихдээ хариуцагчийн эзэмшлийн газраар дайран өнгөрөх эрхтэй эсэх байна.
6. 2025.02.05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас “...нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь ертөнцийн зүгээр хойд талаасаа төв замтай холбогдох 3 гарцтай байхад Уын аюултай болон хамгаалалтын бүсээр дамжин орц, гарц гаргах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн болон 1952 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрүүдэд “...төмөр замын бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ” гэж заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газрыг ашигладаг.” гэж талууд уг асуудлаар маргаж, мэтгэлцсэн болно.
7. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй.”, 48.3 дах хэсэгт “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана.” гэж заасан байна. Ийнхүү газрыг ашиглахдаа “А х м” ХХК нь дээрх хуульд заасан журмын дагуу газар эзэмшигч, ашиглагчтай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах боломжтой байжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь уг асуудлаар хариуцагч байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй боловч нэхэмжлэгч “А х м” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг ашиглахдаа хариуцагч “У”-ын Амгалан өртөөний авто зогсоолоор дайран өнгөрөхөөр буюу эзэмшил газрын зүүн талаар орц, гарц төлөвлөгдсөн болох нь Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн ерөнхий газар болон Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албан бичгүүд, орц гарцын тойм зураг зэргээр тогтоогдож байна. /хх88-90/
8. Мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн * дугаартай нэгж талбар бүхий газар нь хариуцагчийн “У”-ын зурвас газар, мөн хамгаалалтын зурвастай давхцалгүй байрладаг болох нь Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн ерөнхий газрын албан бичгүүд, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албан бичиг, газрын кадастрын зураг, болон хавсралт зургуудаар нотлогдож байх тул хариуцагчийн “Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутагт байрлах * нэгж талбар газар нь хэлэлцээрүүдэд заасан төмөр замын зурвас газартай давхцаж байна” гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй.
9. Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Төмөр замын суурь бүтцийг гадны сөрөг хүчин зүйл, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдах, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалах зориулалт бүхий хэсэгчилсэн хамгаалалтын бүстэй байж болно,
мөн МУ-ын Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолын хавсралт Төмөр замын зурвас газрын аюулгүйн бүсийн дэглэмийн 2 дугаар зүйлийн 2.1.2-т “Хамгаалалтын нэмэлт зурвас газар гэж (цаашид "хамгаалалтын зурвас газар" гэх) байгалийн болон бусад аюултай хүчин зүйл (элс, цас, ус, салхи, хөрсний шилжилт, зэрлэг амьтны нүүдэл гэх мэт)-ийн нөлөөллөөс үндсэн зурвас газарт байрлаж байгаа төмөр замыг хамгаалах, сэргийлэх түүнчлэн төмөр замын шугам, өртөө зөрлөгийг өргөтгөх шаардлагыг харгалзан үндсэн зурвас газар дээр МNS 6060:2010 стандартын дагуу нэмж тогтоосон газрыг хэлнэ.”,
2.2-т “Суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь холбогдох хууль тогтоомж болон дүрэм журам, стандарт, ажлын зургийг үндэслэн боловсруулсан төмөр замын зурвас газрын зургийг төмөр замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.” гэжээ.
Хариуцагчаас “...Төмөр замын зурвас газар, аюултай бүсэд объект байршуулахыг Төмөр замын тээврийн тухай хуульд зааснаар Зам тээврийн яамнаас зөвшөөрөл авдаг...” хэмээн тайлбарлаж байна. Гэтэл энэ тайлбарыг нэхэмжлэгчээс “А х м” ХХК-аас “...Манай компани нь хариуцагч байгууллагын хамгаалалтын зурваст суурь бүтэц буюу барилга барих гээгүй тийм учраас хариуцагч талын тайлбараар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах шаардлага байхгүй...” гэж тайлбарлан няцаасан нь үндэслэлтэй байна.
Учир нь Газрын тухай хуулийн дагуу эзэмших эрх үүссэн газарт өөрийн эд хөрөнгөө хэвийн ашиглах нөхцлийг бүрдүүлж өгөхийг газар эзэмшигчээс шаардах эрхтэй бөгөөд өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бусдын газар дээгүүр дайран өнгөрөх ... гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшилд байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй.
10. МУ-ын Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолын хавсралт Төмөр замын зурвас газрын аюулгүйн бүсийн дэглэмийн 3 дугаар зүйлийн 3.9-т Төмөр замын зурвас газрыг нэвтрэн өнгөрөх, уг газартай огтолцох болон зэргэлдээ газрыг ашиглах тохиолдолд шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдон гарах төмөр замын зурвас газрын хаалт хамгаалалтын нэмэгдэл зардлыг тухайн этгээд хариуцна гэж заасныг энэ тохиолдолд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлавал үгийн шууд утга нь Төмөр замын зурвас газрыг нэвтрэн өнгөрөх тохиолдолд төмөр замын зурвас газрын хаалт хамгаалалтын нэмэгдэл зардлыг тухайн этгээд хариуцахаар журамласан гэж үзэх бөгөөд тухайн аюулгүйн бүс буюу хамгаалалтын зурвасаар зэргэлдээ газрыг ашиглах тохиолдолд нэвтрэн өнгөрөхийг тухайлан хориглосон зохицуулалтгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмшил газар нь хариуцагчийн эзэмшлийн хамгаалалтын зурвастай давхцалгүй, орц гарц нь зүүн талаараа төлөвлөгдсөн болох нь эрх бүхий байгууллагын албан бичгүүдээр тогтоогдсон, Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2 дах хэсэгт Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ ... бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэж зааснаар нэхэмжлэгчид нэвтрэн өнгөрөх орц, гарц гаргахгүй байснаар эзэмшлийн зүйл рүүгээ нэвтрэх эрхийг хязгаарлах эрх хариуцагч “У”-д олгогдохгүй.
11. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”-ээр иргэний эрхийг хамгаална гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, Газрын тухайн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх маргааныг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд буюу эзэмших эрх бүхий газраа ашиглахад саад учруулахгүй, нэвтрэх гарц гаргаж өгөхийг хариуцагчид даалгахаар шаардлага гаргах эрхтэй байна гэж үзлээ.
12. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд “У”-ын Амгалан өртөөний авто зогсоолоор дайран өнгөрөх орц, гарцыг нээж өгч чөлөөтэй нэвтрүүлж байхыг хариуцагч “У”-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
13. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А х м” ХХК-ийг эзэмших эрх бүхий газраа ашиглахад дайран өнгөрөх, нэвтрэх орц, гарц гаргаж өгөхийг хариуцагч “У”-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ