| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0059/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/56 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Э.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Буянхишигт холбогдох эрүүгийн 1836000000049 дугаартай, 178/2018/0059/Э/ индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 10-16 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан гэх, ПВ88060412 регистрийн дугаартай, Боржгон овогт Элбэгдоржийн Буянхишиг
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Буянхишиг нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт Г.Болдбаатартай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Буянхишиг шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Э.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би зах дээр Бүлтүүш, Алтай хоёртой архи хувааж уучихаад бид гурав Г.Болдбаатарынд очсон. эхнэр нь ирээд аваад явсан. Г.Болдбаатар бид хоёр маргалдаад гэрээс гарцгаасан. Намайг яв энэ тэр гээд байсан шиг санагдаж байна би зарим зүйлийг сайн санахгүй байна.Тэгээд би Г.Болдбаатарын зүүн нүд орчимд гараараа нэг удаа цохисон, эхнэр нь гарч ирээд Алтай бид хоёр явсан гэх мэдүүлэг / хх32-33/
Хохирогч Г.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байтал Э.Буянхишиг хажуудаа Алтай гэх залуутай хамт манайд ирсэн. Тэр хоёрт манай эхнэр цай хийж өгсөн чинь Э.Буянхишиг манай эхнэр лүү “ чи надад цайны шавхруу хийж өглөө” гээд намайг гарч уулзъя гэхээр нь би гэрээс гараад Э.Буянхишигийг “ чи их согтуу байна, ахын дүү одоо харьж амар” гэхэд миний үгэнд орохгүй надтай хэрүүл маргаан хийгээд байсан.Тэгтэл манай эхнэр Лхагвасүрэн гэрээс гарч ирээд намайг дагуулаад орох гэтэл Э.Буянхишиг газраас жижиг чулуу аваад манай эхнэр лүү шидэх гэхээр нь би “ чи яаж байна аа” гэсэн чинь чулуугаа хаячихаад надтай зуураад юм ярьж байснаа миний зүүн нүд орчим гараараа цохиод авсан...энэ өвөл би Буянхишигийн жижиг тэргийг машинаараа ухарч байгаад мөргөөд янзалж өгсөн.Манай гэрт ирээд тэр талаар яриад байсан.Тэгэхээр нь чи согтуу байна эрүүлдээ ирж уулз гэсэн. Тэрнээс болж намайг зодсон гэх мэдүүлэг / хх-8-9,11/
Гэрч Н.Алтайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зах дээр Э.Буянхишигтэй 1 шил архи хувааж уучихаад Г.Болдбаатарынд хамт очсон.Тэднийд очоод цай уугаад сууж байтал Э.Буянхишиг Г.Болдбаатар нар хоорондоо маргалдаад гараад явсан.Би хамт гараад бие засчихаад хүрээд ирсэн чинь Г.Болдбаатар явган сууж байсан, эхнэр нь “муу хар архичид зайлцгаа” гээд орилж байхаар нь Э.Буянхишигийг аваад явсан.Тухайн үед Э.Буянхишиг, Г.Болдбаатар нарыг зодолдохыг хараагүй, Г.Болдбаатар “Буянхишиг намайг цохичихлоо” гэж байсан гэх мэдүүлэг /хх12-13/
Гэрч М.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед манайд Э.Буянхишиг, Алтай нар ирсэн. Би цай хийж өгөхөд Э.Буянхишиг “чи хүйтэн цай хийж өглөө” гээд ууж байсан цайгаа тавьчихаад манай нөхрийг гарч уулзая гээд дагуулаад гарсан.Удаад байхаар нь би араас нь гараад хашааны үүдэнд очиход манай нөхөр гэр лүүгээ орох гэхэд Э.Буянхишиг хашаанд дагаад ороод ирсэн. Тэгснээ Э.Буянхишиг манай нөхрийг заамдаж барьж аваад хашааны хаалгаар татаж гаргаад нүүр лүү нь цохиод авсан.Энэ үед хамт явсан Алтай нь бие засчихаад ирсэн байсан.Энэ өвөл манай нөхөр том машинаараа Э.Буянхишигийн машиныг шүргээд машиныг нь будаж янзалж өгсөн. Тэрнээс болж манайд согтуу ирж манай нөхрийг зодсон гэх мэдүүлэг / хх-14-р/
2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:Г.Болдбаатарын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний доод зовхины баруун хэсэгт 0.5х0.3 см зулгаралт, хамрын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Г.Болдбаатарын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой. Г.Болдбаатарын биед үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Г.Болдбаатарын биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-21/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Э.Буянхишиг нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр иргэн Г.Болдбаатарын гэрийн гадна түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Буянхишигийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Буянхишиг нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Г.Болдбаатарын “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Буянхишигиийн хувийн байдлын талаар гэрч Б.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Э.Буянхишигийг 2000 оноос хойш мэднэ.Манай хоёр ойролцоо олон жил өвөлжиж байсан.Э.Буянхишиг нь хүнтэй эелдэг,дотно зан харьцаатай, нийтэч, тусархуу,айлын хамгийн том хүүхэд учраас багаасаа амьдралын эрхэнд хөдөлмөр хийж ирсэн ажилсаг залуу.Одоо Ховд аймагт эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг,зах дээр хувийн машинаараа тээвэр хийж амьдардаг,тамхи татдаг, хааяа архи уудаг,архи уусан үедээ элдэв гаж буруу зан ааш байхгүй гэх мэдүүлэг /хх-16-17/
Гэрч О.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: би Э.Буянхишигийг 2010 оноос хойш мэддэг болсон.Одоо найз нөхдийн холбоотой.Бид нар Буянт сумын Цагаан гол багт хамт хадлан бордоо хийдэг байсан.Хааяа архи уусан үедээ ямар нэгэн догшин зан авир гаргадаггүй гэх мэдүүлэг /хх-18-19/ зэрэг баримт хавтаст хэрэгдсэн авагдсан байна.
Шүүгдэгч Э.Буянхишиг нь 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан нь ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны сангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх хэдий ч өнгөрсөн хугацаанд 2006 он, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай удаа дараагийн хууль батлагдан гарсан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Буянхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Дээрх гэмт хэрэг нь хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ойлголцол, харьцааны соёлгүй байдал нөлөөлсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Буянхишиг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөр байхгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн эзэмшлийн 14-37 ХОА улсын дугаартай HYUNDAI маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/45 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржгон овогт Элбэгдоржийн Буянхишигийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгон овогт Элбэгдоржийн Буянхишигийг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Буянхишиг нь 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Э.Буянхишигт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
6.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Буянхишигийн эзэмшлийн14-37 ХОА улсын дугаартай HYUNDAI маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/45 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Буянхишигт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form