| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0650/З |
| Дугаар | 128/ШШ2025/0643 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2025/0643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.А****** /РД:******/
Хариуцагч: Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргад холбогдох нийслэлийн Бизнес инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, нэхэмжлэгч Ч.А******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч******, хариуцагч Б.М******, гэрч Т.Б******, Д.А****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын иргэн Ч.А****** нь тус шүүхэд хандан Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргад холбогдуулан “…Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргад холбогдох нийслэлийн Бизнес инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Ч.А****** 2019 оноос Нийслэлийн Бизнес, инновацын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр одоог хүртэл ажилладаг.
2.2. Тус газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Б.О******ээс нэхэмжлэгч Ч.А******д холбогдуулан “…Хамт олны дэргэд намайг маш олон муухай үгээр доромжилсон нь миний нэр хүндэд халдсан ... нөхцөл байдлыг ойлгоогүй хүмүүст намайг буруутгах, намайг мэргэжил мэдлэгтээ тэнцэхгүй, аль эсвэл төрийн албан хаагч өөрт хамааралгүй хөндлөнгийн хүний асуудлаар өөрийн хувийн дүгнэлтээр хэнийг ч дайрч, доромжилж болдог, аль эсвэл байгууллагаас гарч буй шийдвэрийг ямар ч нотолгоо судалгаагүйгээр өөрийн үзэмжээр олны өмнө шүүмжилж болдог гэх мэт маш олон сөрөг нөлөөллийг үзүүлэхээс гадна дуртай нэг нь төрийн шийдвэрт нөлөөлдөг, шаардлага хангаагүй нэгнийг танилын хүрээнд төрийн албанд томилдог гэх мэт ойлголтыг төрүүлж, төрийн алба болоод байгууллагын нэр хүндэд давхар давхар халдаж байна ... Ч.А******д төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан холбогдох ёс зүйн хариуцлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдлыг тус газрын Ёс зүйн дэд хороонд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан.[1]
2.3. Уг гомдлын дагуу тус газрын Ёс зүйн дэд хорооноос гомдол гаргагч Б.О******[2], зөрчилд холбогдогч Ч.А******[3], тус газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ц******[4], Сүлжээ техник хариуцсан Б.И******[5], Олон нийт, цахим хөгжүүлэлтийн ажилтан Г.Т******[6] нараас тайлбар авч, тэмдэглэл үйлдсэн байна.
2.4. Нэхэмжлэгч Ч.А******д холбогдуулан гаргасан ёс зүйн асуудлын талаарх гомдлыг тус газрын Ёс зүйн дэд хороо нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэж, 1 дугаартай тэмдэглэл үйлдсэн.[7]
2.5. Тус газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ч.А******д холбогдох ёс зүйн зөрчлийн асуудлыг шалгах ажиллагааны дүгнэлтээр “…Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ч.А****** нь Б.О******ийг хамт олны дэргэд “орк авгай”, “чадваргүй” “танил талаараа энэ байгууллагад орсон, ******оо дагаад зайлахгүй яасан юм”, “Б******чамаас болж явсан” зэрэг байдлаар доромжилсон үйлдэл нь ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн.[8]
2.6. Дээрх үйлдэл нь “…Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.2.1, 2.2.2, 2.7.1-д заасныг тус тус зөрчсөн” гэжээ.
2.7. Тус дүгнэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 30 минутад нэхэмжлэгч Ч.А******д танилцуулж, гарын үсэг зуржээ.[9]
2.8. Дээрх дүгнэлт, байгууллагын дотоод журам болон холбогдох хуулийн заалтыг үндэслэн Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаартай “Ч.А******д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” тушаалаар “…Ажлын байранд зүй бус үг хэллэг, зан байдлаар бусдын нэр, төрд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг шаардлага, хэм хэмжээг зөрчсөн Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ч.А******д олон нийтийн /хамт олон/ өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох ёс зүйн хариуцлага ногдуулж” шийдвэрлэсэн.[10]
2.9. Дээрх тушаалыг нэхэмжлэгч Ч.А****** 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 23 минутад гардан авч, гарын үсэг зуржээ.[11]
2.10. Нэхэмжлэгч Ч.А******гээс Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга, тус газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд холбогдуулан “…Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаал болон тус газрын дэргэхэд Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан.
2.11. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2025/3070 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/4050 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.[12]
2.12. Улмаар дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШТ2025/0626 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/4050 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.[13]
2.13. Нэхэмжлэгч Ч.А******гээс 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2025/4923 дугаартай захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг 1 хоногоор сэргээж шийдвэрлэсэн.[14]
2.14. Улмаар нэхэмжлэгч Ч.А******гээс Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргад холбогдуулан “…Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2025/5119 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.[15]
2.15. Нэхэмжлэгчийн зүгээс “...Ёс зүйн дэд хороо нь үндэслэлгүй дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг нь үндэслэн Б/18 дугаар тушаал гарсан. Үүний улмаас миний бие байгууллагаас жил бүрийн эхний сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт явуулдаг төрийн албан хаагчийн зэрэг дэв нэмэгдүүлэх албан хаагчдын нэрсийн жагсаалтаас хасагдсан. Мөн Хөдөлмөрийн дотоод журамд тухайн байгууллагад тасралтгүй 5 жил (60 сар)-ээс дээш хугацаагаар тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид олгох мөнгөн урамшуулал авах, төрийн албан хаагчид ажлын үр дүнгээр тооцон олгодог улирлын мөнгөн урамшууллыг авах боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа бөгөөд шүүхээс тус тушаалыг хүчингүй болгосноор миний бие зэрэг дэвээ нэмэгдүүлэх, холбогдох урамшууллуудыг авах эрх үүсэж, хууль ёсны ашиг сонирхол минь сэргэх юм. Нийслэлийн Бизнес, инновацын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь Ч.А****** надад холбогдуулан гаргасан гомдлыг хянан шалгахдаа тухайн үед байсан гэх ахлах мэргэжилтэн С.Ц******, мэргэжилтэн Г.Т******, Б.И****** болон Ч.А******, гомдол гаргагч Ёс зүйн дэд хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга Б.О****** нараас тайлбар авч тэмдэглэл үйлдэж, тус тайлбаруудыг үндэслэн Ч.А****** нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн. Гэтэл Д.А******, Т.Б****** нараас тухайн үед яг юу болсон талаар бодит нөхцөл байдлын тогтоох зорилгоор ямар ч тайлбар авалгүй, хяналт шалгалтыг дутуу хийсэн...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.16. Хариуцагчийн зүгээс “...Нэхэмжлэгч Ч.А******гийн асуудлыг хянан шалгахад тус албан хаагч нь мэргэжилтэн ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.О******ийг олон нийтийн газар болох цахилгаан шат, ажлын байранд албан хаагчдын өмнө зүй бус үг хэллэг хэлж (орк, авгай, тушаалыг чинь хараад ой гутсан, ажлаа мэддэггүй, чадваргүй, ******оо дагаад явахгүй яасан юм) бусдыг хэл, амаар доромжилсон үйлдэл гаргасан болох нь тухайн үйл явдлыг харсан Г.Т******, Б. И******, С.Ц****** нарын тайлбар болон Ч.А******ий өөрийнх нь гаргасан тайлбар зэргээр нотлогдсон. Ч.А****** нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд дээрх байдлаар бусдын нэр төрд халдсан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 109 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-ний 2.2.1, 2.2.2, 2.4.2, 2.7.1, 2.7.5, 2.8.1, 2.10.1, 2.10.3 дахь хэсгүүдийг зөрчсөн нь тус газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүнээс хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдож, тус хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ёс зүйн зөрчил гаргасан талаарх дүгнэлт гарсан. ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгч Р.А******гээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Би төрийн албанд ажиллах хугацаандаа Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг чанд сахин мөрдөж, албан тушаалын зорилтод тусгагдсан арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх тал дээр хүчин чармайлт гарган ажилласаар ирсэн.
Гэтэл тус газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар "ажлын байранд зүй бус үг хэллэг, зан байдлаар бусдын нэр төрд халдаж, төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг шаардлага, хэм хэмжээг зөрчсөн" гэх үндэслэлээр олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох ёс зүйн хариуцлага ногдуулсан. Ингэхдээ ёс зүйн шийтгэлгүйд тооцогдох хүртэл хугацаанд улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгохгүй байхыг Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтэст даалгасан.
Энэхүү тушаалд заасан зөрчлийг миний бие гаргаагүй бөгөөд Ёс зүйн дэд хороо нь үндэслэлгүй дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг нь үндэслэн Б/18 дугаар тушаал гарсан. Үүний улмаас миний бие байгууллагаас жил бүрийн эхний сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт явуулдаг төрийн албан хаагчийн зэрэг дэв нэмэгдүүлэх албан хаагчдын нэрсийн жагсаалтаас хасагдсан. Мөн Хөдөлмөрийн дотоод журамд тухайн байгууллагад тасралтгүй 5 жил (60 сар)-ээс дээш хугацаагаар тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид олгох мөнгөн урамшуулал авах, төрийн албан хаагчид ажлын үр дүнгээр тооцон олгодог улирлын мөнгөн урамшууллыг авах боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа бөгөөд шүүхээс тус тушаалыг хүчингүй болгосноор миний бие зэрэг дэвээ нэмэгдүүлэх, холбогдох урамшууллуудыг авах эрх үүсэж, хууль ёсны ашиг сонирхол минь сэргэх юм.
Дээрх Б/18 дугаар тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургаадугаар зүйлийн 16-д заасан "... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх..." эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл болсон гэж үзэж байна.
Тодруулбал, миний бие Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйл "Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага" болон тус тушаал дээр ишлэгдсэн хууль, журмын зүйл заалтуудыг зөрчөөгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх", 37.1.3-д "... бүрэн эрхийн хүрээнд ажиллах, ...", 37.1.4-д "улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх", 37.1.6-д "харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх", 37.1.14-д "удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх" гэсэн нийтлэг үүргээ хэрэгжүүлж ажилласан учраас байнгын дарамт, шахалтад орж, маргаан бүхий Б/18 дугаар тушаал гарсан.
Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 3.1-д зааснаар Нийслэлийн Бизнес, инновацын газрын Ёс зүйн дэд хорооны дарга Б.М****** нь хуралдаанд саналын эрхгүй оролцоно. Харин 3.3.1. 3.4.3-т зааснаар дэд хорооны гишүүн болон нарийн бичгийн дарга саналын зохицуулжээ. Мөн журмын 5.7-д "Дэд хорооны бүрэлдэхүүн 3 гишүүнтэй тохиолдолд энэ журмын 5.5-д заасан үндэслэлээр гишүүн гомдол, мэдээллийг шалгахаас татгалзсан бол дэд хорооны дарга эсхүл нарийн бичгийн дарга нь энэ журмын 3.3.3-д заасан үүргийг хэрэгжүүлж болно", 3.3.3-т "Хуваарилагдсан гомдол, мэдээллийг шалгах, нотлох баримт, холбогдох бусад баримтыг цахим мэдээллийн санд оруулах, хуралдаанд танилцуулга хийж, хэлэлцүүлэх" гэж заажээ.
Үүнээс үзэхэд Ёс зүйн дэд хорооны дарга Б.М****** санал өгөх эрхгүй. Хэрвээ дэд хорооны гишүүн, нарийн бичгийн дарга, гомдол гаргагч Б.О****** 5.5-д зааснаар гомдол, мэдээллийг өөрөө гаргасан гэсэн үндэслэлээр хянан шалгахаас татгалзсан бол Ёс зүйн хорооны дарга Б.М****** гомдлыг хянан шалгах байсан. Гэтэл гомдлыг Т.Х****** шалгаж дээрх журмын 3.3.3 дахь заалтыг зөрчсөн.
Ёс зүйн дэд хороог анх байгуулах процесс хууль бусаар явагдаж, холбогдох хууль, журмыг дагаж мөрдөлгүй, байгууллагын ажилтан, албан хаагчдын сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж, илт ашиг сонирхлын зөрчилтэй Ёс зүйн дэд хороог 2025.01.09-ний өдөр байгуулсан.
Мөн Ёс зүйн дэд хороо нь нарийн бичгийн даргаа огт сонгоогүй, тус хуралдаанд нарийн бичгийн дарга оролцоогүй, шийдвэр /дүгнэлт/-т гарын үсэг зураагүй тул энэхүү 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт хүчин төгөлдөр бус бөгөөд Ёс зүйн дэд хорооны гишүүн болох Б.О****** нь надад холбогдуулан Б.М****** даргын хууль бус үүрэг даалгавраар үндэслэлгүй хүн хоорондын харилцааны маргааныг үндэслэл болгон гомдол гаргасан.
Уг гомдол болон холбогдох баримтуудтай танилцаж үзэхэд "2024.12.18" гэсэн огноотой гомдол байдаг бөгөөд тус гомдлыг өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэж авалгүй Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.М******ид 2024.12.30-ний өдөр шууд цохон шилжүүлсэн байдаг. Гэтэл энэ үед /2024.12.18/ өмнөх Ёс зүйн дэд хороо хэвийн ажиллаж, чиг үүргээ хэрэгжүүлж байсан.
Түүнчлэн, Нийслэлийн Бизнес, инновацын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо Ч.А****** надад холбогдуулан гаргасан гомдлыг хянан шалгахдаа тухайн үед байсан гэх ахлах мэргэжилтэн С.Ц******, мэргэжилтэн Г.Т******, Б.И****** болон Ч.А******, гомдол гаргагч Ёс зүйн дэд хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга Б.О****** нараас тайлбар авч тэмдэглэл үйлдэж, тус тайлбаруудыг үндэслэн Ч.А****** нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн.
Гэтэл Д.А******, Т.Б****** нараас тухайн үед яг юу болсон талаар бодит нөхцөл байдлын тогтоох зорилгоор ямар ч тайлбар авалгүй, хяналт шалгалтыг дутуу хийсэн. Иймд Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Маргаан эхлэх болсон гол шалтгаан нь гомдол гаргагч Б.О****** лифтэнд суухдаа дарааллын дагуу суугаагүй, дайрч орсноос, мөн нэхэмжлэгчийг ... нэг нь явчихаар нөгөөдөх нь үлдчих юм ... гэж албан тушаалын байдлаараа айлган, дарамталж, ялгаварлан гадуурхаж, хэл амаар доромжилсон тул нэхэмжлэгч Б.Б*******ийг үндэслэлгүй ажлаас халсан, ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй, тушаалын төсөл боловсруулах, судалгаа дутуу хийгдсэн, сахилгын шийтгэл хүндэтсэн гэж хэлснээс болсон байдаг. Б.О******ийн нэг нь явчихаар гээд байгаа нь Б.Б*******, нөгөө нь үлдчих юм гэдэг нь нэхэмжлэгч Ч.А****** юм. Энэ асуудал гэрчийн тайлбар, мэдүүлэг дээр дурдагдсан. Энэ талаар гомдол гаргагч Б.О****** ... хууль журам, нотлох баримтад үндэслэн өөрт нь биш өөр хүнд ногдуулсан сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг эсэргүүцсэн эсэргүүцлээрээ намайг доромжилж эсэргүүцсэнд гомдолтой гэсэн байдаг. Мөн Г.Т******гийн өгсөн тайлбарт маш тодорхой дурдагдсан байдаг. Нэхэмжлэгч Б.О****** өөрөө эхэлж, ажлаас халсан тушаалын талаар ярьсан болохоор нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.14-д удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх гэсэн үүргийнхээ дагуу Б.Б*******ийг үндэслэлгүй, хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн талаар анхааруулан хэлсэн.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024.02.19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан Ёс зүйн дэд хорооны ажиллах журам-ыг маш ноцтой зөрчигдсөн. Тодруулбал, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 3.1-д зааснаар Нийслэлийн Бизнес, инновацын газрын Ёс зүйн дэд хорооны дарга Б.М****** нь хуралдаанд саналын эрхгүй оролцоно. Харин тухайн журмын 3.3.1, 3.4.3-т зааснаар дэд хорооны гишүүн болон нарийн бичгийн дарга саналын эрхтэй оролцохоор нарийвчлан зохицуулжээ. Мөн журмын 5.7-д Дэд хорооны бүрэлдэхүүн 3 гишүүнтэй тохиолдолд энэ журмын 5.5-д заасан үндэслэлээр гишүүн гомдол, мэдээллийг шалгахаас татгалзсан бол дэд хорооны дарга эсхүл нарийн бичгийн дарга нь энэ журмын 3.3.3-д заасан үүргийг хэрэгжүүлж болно; 3.3.3-т "Хуваарилагдсан гомдол, мэдээллийг шалгах, нотлох баримт, холбогдох бусад баримтыг цахим мэдээллийн санд оруулах, хуралдаанд танилцуулга хийж, хэлэлцүүлэх гэж заасан. Үүнээс үзэхэд Ёс зүйн дэд хорооны дарга Б. М****** санал өгөх эрхгүй. Хэрвээ дэд хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга, гомдол гаргагч Б.О****** нь журмын 5.5-д зааснаар гомдол, мэдээллийг өөрөө гаргасан гэсэн үндэслэлээр хянан шалгахаас татгалзсан бол Ёс зүйн хорооны дарга Б.М****** өөрөө гомдлыг хянан шалгах байсан боловч шалгаагүй. Иймд журмын 3.3.3, 5.5-д заасан заалт зөрчигдсөн.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д ... Ёс зүйн дэд хорооны шийдвэр дүгнэлт хэлбэртэй байна. Шийдвэрт хуралдаан даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл дүгнэлтэд Нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй, тэгэхээр дүгнэлт хүчин төгөлдөр бус байна. Яагаад гэвэл хариуцагчаас ирүүлсэн нарийн бичгийн даргын хуваарь байна. Тэнд Б.О****** нь бүтэн жил нарийн бичгийн даргаар ажиллахаар тусгасан. Хэрвээ тухайн нарийн бичгийн даргын хуваарийг дахин шинэчлээд дахин нарийн бичгийн дарга томилоод, тэр нь тухайн дүгнэлт дээр гарын үсэг зурах ёстой байсан.
Түүнчлэн, Нийслэлийн Бизнес, инновацын газрын 2025.05.21-ний өдрийн 01/115 дугаартай хариу албан бичигт ... Хуралдааны дэг батлаагүй байна гэсэн хариуг шүүхэд өгсөн. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 126 хуудсанд байгаа. Гэтэл Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6.2-т Дэд хороо хуралдааны дэгээ баталж мөрдөнө гэж заасан. Иймд Ес зүйн дэд хороо дэгээ батлаагүй, журмын энэхүү заалтыг зөрчсөн. Энэ талаар хариуцагч өмнөх шүүх хуралдаан дээр маргахгүй, батлаагүй гэдгээ хэлсэн. Мөн хариуцагчаас Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн даргын чиг үүрэг гүйцэтгэх хуваарийг нотлох баримтаар ирүүлсэн. Гэтэл тус хуваарь баталсан Ёс зүйн дэд хорооны даргын тушаал байхгүй, хуваарь дээрх тушаалын огноо, дугаар байхгүй, сүүлд нөхөж үйлдсэн гэж үзэхээр эргэлзээ бүхий баримт байдаг. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 145 хуудсанд авагдсан. Үүнээс үзэхэд Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 2.6-д Дэд хорооны нарийн бичгийн даргын чиг үүргийг гишүүд ээлжилж хэрэгжүүлэх ба хугацааг Дэд хороо батална гэх заалт мөн зөрчигдсөн байна.
Ёс зүйн дэд хороо зарим гэрч нарын тайлбарыг үндэслэн “орк, авгай” гэж хэлсэн нь ёс зүйн зөрчил буюу зүй бус үг хэллэг хэлсэн гэж дүгнэлтээ гаргасан байдаг. Үгийг шууд утгачлан авч тайлбарладаг. Монгол хэлний их тайлбар толиос “орк” гэдэг үгийг хайж үзэхэд ийм утгатай үг байхгүй, ямар утгатай үг болох нь тодорхойгүй. Харин авгай гэдэг нь ахмад настныг хүндэтгэн дуудах үг гэж гарч ирж байна. Ер нь бид “орк” гэдэг үгийг бүдүүлэг гэдгээр нь ойлгож, хэрэглэдэг. Тэгэхээр бүдүүлэг авгай гэж хэлсэн байлаа гэхэд нь энэ нь зүй бус, нэхэмжлэгчийг доромжилсон, ялгаварлан гадуурхсан асуудал гэж үзэх боломжгүй. Гомдол гаргагч Б.О****** лифтэнд дарааллын дагуу суухгүй дайрсан учраас бүдүүлэг гэдэг утгаар нь энэ үгийг нэхэмжлэгч хэлсэн. Гэрч нар энэ үгийг хэлсэн байдаг. Мөн Ёс зүйн дэд хороо энэ үгэн дээр Хэл зүйн хүрээлэнгээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байсан. Энэ ажиллагаа огт хийгдээгүй, зөрчил гаргасан гэдгийг тогтоогоогүй. Мөн нэхэмжлэгч өмнөх дарга нь дэвшээд явсан, чадвартай байсан бол өмнөх дарга чинь өөрийг нь чинь дагуулаад явах ёстой гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Энэ талаар Ёс зүйн дэд хороонд өгсөн өөрийнх нь тайлбарт байгаа. Гомдол гаргагч Б.О******ийг өмнөх даргын хүн гэж хэлсэн нь түүнийг ялгаварлан гадуурхсан зүйл огт биш. Харин өмнөх дарга н.М******ын төрөл, садан, найз, хамаарал бүхий хүн байвал өөр асуудал бөгөөд энэ нь ч хувь хүний нууц, эмзэг мэдээлэлд мөн хамаарахгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс Ёс зүйн дэд хороо хяналт шалгалтыг дутуу хийсэн гэж маргаж байна. Гэрчээр тухайн үед байсан бодит нөхцөл байдлыг мэдэж буй Т.Б******, Д.А****** нарыг асууж тайлбар аваагүй. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, тайлбар өөр хороондоо зөрүүтэй эргэлзээтэй, ашиг сонирхлыг зөрчилтэй хүнээс тайлбар авсан байдаг. Учир нь гомдол гаргагч Б.О****** 2025.01.13-ны өдөр өгсөн тайлбартаа Д.А******, Т.Б****** өрөөнд орж ирсэн. Тэр хоёр юунаас болсон хэнээс нь эхлүүлснийг мэдэхгүй хирнээ захиргааны хэлтсийг буруутгасан өнгө аястай юм ярьж улам хэрүүлийг өдөөх маягтай захиргааны хэлтэс хов базах хэлтэс байж, хэрүүлж хийж байна гэсэн агуулгатай юм ярьсан. Тэгэхээр нь би та хоёр явж ажлаа хий, би энэ хүнтэй өөрийнхөө асуудлыг ярьж байна гэж хэлсэн" гэдэг. Үүнээс үзэхэд тухайн хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийгээгүй, зориуд Т.Б******, Д.А****** нараас тайлбар аваагүй болох нь шууд тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.Ц****** нь “...Б.О******ийг орк, лифтэнд суух соёлгүй" гэж, Г.Т****** ... хоорондоо маргалдаад байж байхдаа үгэн дундуураа орк шиг гэж хэлсэн, О****** эгч А******эгчид нэг нь явсан чинь нөгөөх нь үлдчиж гэж хэлсэн... гэх, мөн Б.И****** ... Ч.А******, Б.О****** хоёр хэрэлдээд ороод ирсэн. Д.А****** орж ирээд Б.О******ийг боль гэж хэлсэн чинь Б.О****** чиний оролцох асуудал биш, чамд хамаагүй, чи явж ажлаа хий гэж хэлсэн. Ч.А****** Б.О******д ёс бус үг хэллэг хэлээгүй гэсэн байдаг.
Тухайн маргаан лифтэнд болсон байна. Орк гэдэг үг хэлэгдсэн үү, хэлэгдээгүй юу гэдэг нь лифтэнд болсон асуудал. Лифтэнд байгаагүй 3 хүнээс гэрчийн мэдүүлэг аваад, орк гэж хэлсэн гэж зөрдөг. Ажлын өрөөнд болсон асуудалд Б.Б*******ийн ажлаас халсан тушаалын талаар ярихад Б.О****** нь нэг нь явчихаар нөгөөх нь үлдчих юм гэж хэлэхээр анхааруулаад Төрийн албаны тухай хуулийн 37.1.14-д заасныг Ч.А****** хэрэгжүүлсэн. Тушаал сөрөг үр дагавартай шийдвэр шүү гэдгийг анхааруулж хэлсэн, эрх нь хүртэл байна. Хоёр хүний хоорондын харилцааны асуудал байсан. Сүүлд гомдлоо нөхөж гаргаад шат дараалсан арга хэмжээ авах сэдэлтэй байгаа юм уу. Шууд халах гэхээр халах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийг ажлаа өг, өөрийн хүсэлтээрээ гар гэж шахдаг.” гэжээ.
3.3. Хариуцагч Б.М****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үндсэн маргааны хувьд Захиргаа төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн тогтоол шийдвэр хариуцсан мэргэжилтнээс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон үйл явдалтай холбоотойгоор 12 дугаар сарын 18-ны өдөр Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ч.А******д холбогдуулаад гомдол гаргасан. Тухайн үед энэ ёс зүйн үйлдэлтэй холбоотой гомдлыг шалгах Ёс зүйн хороо байгаагүй. Тухайн гомдлыг 12 дугаар сарын 30-ны өдөр Захиргаа төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргад шилжүүлсэн. Энэ нь албан тушаалынх нь чиг үүргийн хувьд шилжүүлж байгаа юм. Ёс зүйн хороог байгуулах асуудлыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцээд, Ёс зүйн хорооноос Захиргаа төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.М******, тогтоол шийдвэр хариуцсан мэргэжилтэн Б.О******, Т.Х****** гээд 3 хүнийг албан хаагчдаас Ёс зүйн хорооны гишүүнээр сонгосон. Энэ өдрөөс эхлээд албан ёсоор Ч.А******тэй холбоотой гомдлыг шалгах Ёс зүйн хороо хүчин төгөлдөр байгуулагдаж байгаа учраас тухайн өдөр нь Ёс зүйн хороо хуралдаад даргаар намайг сонгосон. Нарийн бичгийн даргаар Б.О******, Т.Х****** хоёрыг жил жилээр ээлжлэн явуулахтай холбоотой хуваарь гарсан. Б.О****** нь тухайн Ёс зүйн хорооны нарийн бичгийн даргаар сонгогдсон байсан учраас гомдлыг өөрт нь хуваарилалгүйгээр, Т.Х******т шилжүүлж, холбогдох хяналт шалгалтын ажлуудыг явуулсан.
Хяналт шалгалтынхаа үед эхлээд Б.О******ээс тайлбар, мэдүүлэг авсан. Тухайн үед нь хэн хэн байсан бэ гэдэг зүйлүүдийг хэлүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Ч.А******гээс өөрөөс нь мэдүүлэг, тайлбар авсан. Ч.А******гийн 01 дүгээр сарын 13-ны өдрийн тайлбарт “…би тэгж хэлсэн нь үнэн. Миний хэлсэн агуулга бол дарга нар багаа бүрдүүлдэг, чи чадвартай бол дагаад явахгүй яасан юм бэ гэж тухайн үеийн маргалдсан асуудлаас болоод эмоциор хэлсэн” гэдэг. Б.Т******гийн 01 дүгээр сарын 14-ний өдрийн мэдүүлэгт “…А******эгч О****** эгчийг үгэн дундуур орк гэж хэлсэн. А******эгч Б.Б*******ийн тушаалын тухайд халагдах тушаалыг ийм байдлаар найруулдаггүй юм. Мэргэжлийн бус чадваргүй, хуучин даргын танил талаар орж ирсэн тэр даргаа дагаад явахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тухайн үед хоорондоо маргалдаж байхдаа А******эгч О****** эгчийг Орк авгай гэж хэлсэн. Хамгийн сүүлд нь О****** эгч та битгий хүнийг доромжлоод бай, би танд гомдол гаргана гэж хэлсэн. Б.И******ий ажлаа мэддэггүй, арчаагүй, ажлаа хийж чаддаггүй юм бол энд ажиллаж яг яадаг юм бэ, ажлаасаа гараач ээ гэж Ч.А****** хэлсэн. С.Ц****** нь та 2 хоорондоо маргалдаад А******лифтэнд суух үеийг мэдэхгүй, өмнөх даргаа дагаад явахгүй яасан юм бэ” гэдгийг бас хэлсэн гэдгийг нотолж байна. Гэрч нарын мэдүүлгүүд хэрэгт авагдчихсан байна.
Эдгээр асуудлыг хянан шалгасан Ёс зүйн хорооны гишүүн Т.Х****** нь танилцуулга хийсэн. Ёс зүйн хорооноос хуралдаад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байна гэдгийг тогтоосон. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ-ний 2.2.1-д ажлын байр, олон нийтийн газар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон цахим орчинд нийгмийн сүлжээнд зүй бус үг, хэллэг хэлэхгүй, үйлдэл, зан байдал гаргахгүй байх; 2.2.2-д үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ хүний эрх болон хүн, хуулийн этгээдийн нэр төрийг хүндэтгэх, тэдэнд учирч болох эрсдэл, сөрөг үр дагаврыг урьдчилан сэргийлэх; 2.4.2-д өөрийн гаргасан ажил мэргэжлийн алдаа дутагдал, ёс зүйн зөрчлийг шударгаар хүлээн зөвшөөрөх, үйлдэлдээ дүгнэлт хийж бусдаас уучлалт гуйх, зохих хариуцлага хүлээх чадвартай байх; гэж тус тус заасан. Энэ зохицуулалтуудыг Ёс зүйн хорооны хуралдааны үед Ч.А******д нэг бүрчлэн уншиж сонсгосон. Ч.А****** мэдэж байгаа. Яагаад уншиж сонсгоод байгаа юм бэ гэхээр өөрийнх нь хэлсэн үг, үйлдлүүд нь энэ гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдчихсон. Ёс зүйн хорооны ажиллах журам дээр албан хаагчид хариуцлага тооцоод байх агуулга чухалчлах биш, соён гэгээрүүлэх чиглэлээр бас Ёс зүйн хороо хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй учраас Ч.А******г энэ үйлдлүүдээ ухамсарлаач. Нэгэнт хэлчихсэн бол нөгөө хүнээсээ уучлалт гуйгаад гаргах юм бол Ёс зүйн хороо заавал энэ хүнийг харлуулах дүгнэлт гаргаж, хариуцлага тооцох шаардлагагүй гэдэг агуулгаараа энэ хуулийн заалтуудыг уншиж сонсгосон. Ч.А****** ямар ч энэ үйлдэлд ухамсарлаж байгаа шинж байдал ерөөсөө гаргаагүй, өөрийнхөө үйлдлийг зөвтгөсөн байдлаар л тайлбарлаад байсан. Ийм учраас хамгийн сүүлийн хуралдааны үед та хоёрыг эвлэрүүлэх гээд чадсангүй, одоо ямар нэг байдлаар дүгнэлт гаргана шүү гээд хэлсэн.
Дээрх журмын 2.7.1-д албан үүрэг гүйцэтгэхдээ хүний үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, улс төрийн болон үзэл бодол, эрүүл мэндийн байдал гээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан заалтуудыг зөрчиж болохгүй, хязгаарлахгүй байх ёстой гэсэн агуулгатай заалт байгаа. 2.7.5-д албан харилцаанд нүүрний хувирал, бэлгийн биеийн хэлэмж, үг хэллэг, бусад байдлаар бусдыг үл тоомсорлох, тохуурхан даажигнах, дорд үзэх зэрэг харилцаа хандлага гаргахгүй байх гэж заасан. Өмгөөлөгч сая хэлээд байна. Би энэ үгнүүдийг хэлсэн. Гэхдээ монгол хэлний тайлбар тольд зааснаар ёс бус үг хэллэг биш гэж хэллээ. Энэ үгнүүдийг хэлсэн гэдгийг өмгөөлөгч нь хүртэл хүлээн зөвшөөрөөд байна. Нэхэмжлэгч өөрөө мөн Ёс зүйн хорооны хуралдааны үеэр тайлбар хэлж байхдаа зөвшөөрсөн. Энэ нь өөрөө тухайн байгууллагад мөрдөгдөж байгаа байгууллагын соёл, дэг журам ноцтой зөрчсөн үйлдлүүд мөн учраас энэ дүгнэлтийг гаргасан.” гэжээ.
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч.А******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Харин маргаж буй захиргааны актын бодит үндэслэлийг авч үзвэл, Ч.А****** нь ажлын байранд зүй бус үг хэллэг, зан байдлаар бусдын нэр, төрд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг шаардлага, хэм хэмжээг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.
3. Шүүхээс дээрх зөрчлийн талаар дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтүүдийг хийж байна. Тодруулахад:
4. Нэхэмжлэгч Ч.А******гийн “ажлын байранд зүй бус үг хэллэг, зан байдлаар бусдын нэр, төрд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг шаардлага, хэм хэмжээг зөрчсөн” гэх зөрчлийн тухайд:
5. Нийслэлийн Бизнес, инновацын газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Б.О******ээс нэхэмжлэгч Ч.А******д холбогдуулан “… Хамт олны дэргэд намайг маш олон муухай үгээр доромжилсон нь миний нэр хүндэд халдсан ... нөхцөл байдлыг ойлгоогүй хүмүүст намайг буруутгах, намайг мэргэжил мэдлэгтээ тэнцэхгүй, аль эсвэл төрийн албан хаагч өөрт хамааралгүй хөндлөнгийн хүний асуудлаар өөрийн хувийн дүгнэлтээр хэнийг ч дайрч, доромжилж болдог, аль эсвэл байгууллагаас гарч буй шийдвэрийг ямар ч нотолгоо судалгаагүйгээр өөрийн үзэмжээр олны өмнө шүүмжилж болдог гэх мэт маш олон сөрөг нөлөөллийг үзүүлэхээс гадна дуртай нэг нь төрийн шийдвэрт нөлөөлдөг, шаардлага хангаагүй нэгнийг танилын хүрээнд төрийн албанд томилдог гэх мэт ойлголтыг төрүүлж, төрийн алба болоод байгууллагын нэр хүндэд давхар давхар халдаж байна ... Ч.А******д төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан холбогдох ёс зүйн хариуцлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдлыг тус газрын Ёс зүйн дэд хороонд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргажээ.
6. Нэхэмжлэгч Ч.А******д холбогдуулан гаргасан ёс зүйн асуудлын талаарх гомдлыг тус газрын Ёс зүйн дэд хороо нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэж, 1 дугаартай тэмдэглэл үйлджээ.
7. Тус газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ч.А******д холбогдох ёс зүйн зөрчлийн асуудлыг шалгах ажиллагааны дүгнэлтээр “…Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ч.А****** нь Б.О******ийг хамт олны дэргэд “орк авгай”, “чадваргүй” “танил талаараа энэ байгууллагад орсон, ******оо дагаад зайлахгүй яасан юм”, “Б******чамаас болж явсан” зэрэг байдлаар доромжилсон үйлдэл нь ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.
8. Дээрх гомдлыг хянан шалгах ажиллагааны хүрээнд тус газрын Ёс зүйн дэд хорооноос гомдол гаргагч Б.О******[16], зөрчилд холбогдогч Ч.А******[17], тус газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ц******[18], Сүлжээ техник хариуцсан Б.И******[19], Олон нийт, цахим хөгжүүлэлтийн ажилтан Г.Т******[20] нараас тайлбар авч, тэмдэглэл үйлджээ.
9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Ёс зүйн дэд хороо хяналт шалгалтыг дутуу хийсэн. Гэрчээр тухайн үед байсан бодит нөхцөл байдлыг мэдэж буй Т.Б******, Д.А****** нарыг асууж тайлбар аваагүй. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, тайлбар өөр хороондоо зөрүүтэй, эргэлзээтэй” гэх агуулгаар маргасан.
10. Тиймээс шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, Т.Б******, Д.А****** нарыг шүүхэд дуудан гэрчийн мэдүүлэг авсны дараа дараах нөхцөл байдлууд тогтоогдов. Тодруулахад:
11. Нэхэмжлэгч Ч.А****** нь шүүхийн шатанд болон шүүхээс өмнөх шатанд “Б.О******ийг лифтэнд суух дараалал баримтлаагүй гэж хэлсэн болохоос “орк авгай” гэж доромжлоогүй” гэж, С.Ц****** “... Тэр хоёрын маргаанаас лифтэн дотор асуудал үүссэнийг мэдсэн. Тэр хоёр хоорондоо маргалдаад А****** О******г орк, лифтэнд суух соёл мэдэхгүй, өмнөх даргаа дагаад явахгүй яасан юм гэж хоорондоо маргалдаад байсан ..” гэж, Б.И****** “... Хараалын үг хэлээгүй. Чи бол ажлаа мэддэггүй, арчаагүй, ажлаа хийж чаддаггүй юм бол энд ажиллаж яадаг юм ажлаасаа гараач гэж хэлсэн. Лифтэнд яг юу болсон талаар мэдэхгүй байна. Лифтнээс буугаад орж ирэхдээ маргалдсан байсан ...” гэж, Г.Т****** “... Тухайн үед хоорондоо маргалдаж байхдаа А******эгч О****** эгчийг орк, авгай гэж хэлсэн. О****** эгч А******эгчид нэг нь явсан чинь нөгөөх нь үлдчиж гэж хэлсэн ...” гэж, шүүхэд дуудагдсан гэрч Д.А******гаас хариуцагч “Ч.А****** нь хамт олны дэргэд Б.О******ийг орк авгай, чадваргүй, танил талаараа орсон, ****** дагаад зайлахгүй яасан юм, Б.Б******чамаас болж явсан гэх байдлаар доромжилсон үйлдэлд ёс зүйн хариуцлага оногдуулсан. Яг энэ үгнүүдээс сонссон зүйл байна уу?” гэж асуухад гэрч Д.А****** “Лифтнээс гарсны дараа Т.Б****** эгч бид хоёр ажлын өрөөнд орсон. Дараа нь аймар хашгаралдаад байхаар нь хажуу талын байгууллагаас санаа зовоод та хоёр чимээгүй бол гээд хоёулантай аятайхан харьцсан. Б.О****** намайг чи дуугүй бай, ажилгүй юм уу, зүгээр цаашаа яв гэсэн. Т.Б****** эгч бид хоёрыг цаашаа яв гэсэн. А******эгч та болио, дуугүй бай гэхэд чи наадхаа чимээгүй болгооч гэсэн”, хариуцагч “Саяны хэлсэн үгнүүдийг яг хэлснийг сонссон уу?” гэхэд гэрч Д.А****** “Сонсоогүй” гэж, шүүхэд дуудагдсан гэрч Т.Б******гаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Ч.А****** нь Б.О******д орк авгай, Б.Б*******тэй холбоотой ажлаас чөлөөлсөн тушаалыг хараад ой гутсан, чи ямар балиар авгай вэ, энэ авгайг хэн энд чирж ирдэг байна, н.****** дагаад зайлахгүй яасан юм гэж хэлэхийг сонссон уу?” гэж асуухад гэрч Т.Б****** “Захиргаа болон төслийн хэлтэс хоорондоо шүүгээгээр зааглагдсан байдаг. Би Захиргааны хэлтэс талд зогсож байсан. Б.Б*******ийн тушаал гэдгийг л сонссон. Болиоч ээ гэх шаардлагыг тавьсан. Хооронд болж байгаа маргааныг чухалчилж сонсоогүй” гэж тус тус мэдүүлсэн.
12. Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч Ч.А****** болон Б.О****** нарын хоорондын маргаан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлын байрны лифтэнд суухаас эхэлсэн, харин лифтэнд юу болж өрнөсөн талаар дээрх гэрчүүдийн хэн нь ч мэдэхгүй (учир нь тэд лифтэнд хамт байгаагүй) болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч Ч.А****** нь Б.О******ийг “орк авгай” гэх үгээр доромжилсон гэх үйл баримт тогтоогдсонгүй.
13. Учир нь, энэ үйл баримтын талаарх гэрчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байх тул энэ хүрээнд Ч.А******г буруутгах боломжгүй.
14. Харин гэрчүүдийн мэдүүлгээс шинжлэн үзэхэд, нэхэмжлэгч Ч.А****** болон Б.О****** нар нь өөр хоорондоо маргалдах явцдаа бие биедээ харилцан зүй бус агуулга бүхий үг хэлсэн, тухайлбал, Ч.А****** нь Б.О******ийг “чадваргүй”, “танил талаараа энэ байгууллагад орсон, ******оо дагаад явахгүй яасан юм” гэж хэлсэн болох нь өөрийнх нь өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
15. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг;” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад “зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;”, 7.1.8 дахь заалтад “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;” гэж тус тус заажээ.
16. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч, Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.5-д заасан этгээдийн ёс зүйн хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно.” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний[21] 2.2.2-т “үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ хүний эрх болон хүн, хуулийн этгээдийн нэр төрийг хүндэтгэх, тэдэнд учирч болох эрсдэл, сөрөг үр дагавраас урьчилан сэргийлэх;”, 2.10.1-т “хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдын үзэл бодол, итгэл үнэмшил, мэргэшсэн байдалд хүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг шударга, эв зүйгээр шийдвэрлэхэд манлайлал үзүүлэх;” гэж тус тус зохицуулсан.
17. Нэхэмжлэгч Ч.А******гийн хувьд Б.О******ийг “чадваргүй”, “танил талаараа энэ байгууллагад орсон, ******оо дагаад явахгүй яасан юм” гэж хэлсэн нь дээр дурдсан хууль болон ёс зүйн хэм хэмжээний холбогдох хэсгүүдийг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
18. Хэдий тийм боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан “Бизнес инновацын газрын Ёс зүйн дэд хороо шийдвэр гаргах ажиллагааны хувьд алдаа гаргасан” гэх агуулгатай тайлбарыг шүүх дараах үндэслэлээр хүлээн авсан. Тодруулахад:
19. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй:” гээд, мөн зүйлийн 11.6.7 дахь заалтад “Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг батлах;” гэж заасны дагуу Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ыг[22] баталжээ.
20. Тус журмын 6.13-т “Дэд хороо нь дүгнэлтийг тухайн хуралдаан болсноос хойш ажлын 2 хоногийн дотор Ёс зүйн хорооноос баталсан загварын дагуу хэвлэмэл хуудас дээр гарган дарга, гишүүн, нарийн бичгийн дарга нарын гарын үсгээр баталгаажуулж, байгууллагын тэмдэг дарж албажуулна.” гэж, 6.16-д “Дэд хороо нь дүгнэлтийг албажсан өдөрт багтаан албан бичигт хавсарган цаасан болон цахим шуудангаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.” гэж, 6.18-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэр гаргана.” гэж тус тус заажээ.
21. Дээр дурдсан хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд, аливаа захиргааны байгууллагын дэргэд ажиллаж буй Ёс зүйн дэд хороо нь шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлэхдээ журамд заасан процедурыг зайлшгүй баримтлах үүрэгтэй байна.
22. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд, Б.О******ийн гаргасан гомдлын дагуу нэхэмжлэгч Ч.А******д холбогдох Ёс зүйн дэд хорооны хурал нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болсон[23] байхад Ёс зүйн дэд хорооны дүгнэлт нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан[24] байгаа нь Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6.13-т “Дэд хороо нь дүгнэлтийг тухайн хуралдаан болсноос хойш ажлын 2 хоногийн дотор ... албажуулна” гэсэнд нийцсэнгүй.
23. Мөн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хэзээ хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь мөн журмын 6.16-д “Дэд хороо нь дүгнэлтийг албажсан өдөрт багтаан албан бичигт хавсарган цаасан болон цахим шуудангаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.” гэсэнд нийцсэнгүй.
24. Түүнчлэн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт гарснаас хойш ажлын 6 хоногийн дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын Б/18 дугаартай тушаал гарсан нь мөн журмын 6.18-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэр гаргана.” гэж заасанд нийцсэнгүй.
25. Иймд хэдийгээр нэхэмжлэгч Ч.А******гийн хувьд зарим зөрчил тогтоогдсон (Шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 14-17) боловч маргаан бүхий Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын Б/18 дугаартай тушаал гарах үндэслэл болсон тус газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн эрх зүйн алдаатай, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
26. Мөн хэдийгээр маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн ч маргаан бүхий захиргааны актаар сонгох боломжийг буруу хэрэглэсэн болохыг шүүхээс дүгнэх шаардлагатай гэж үзсэн болно. Дэлгэрүүлбэл:
27. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж тус тус заасан.
28. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:” гэж зохицуулжээ.
29. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа төрийн жинхэнэ албан хаагчид ёс зүйн шийтгэл оногдуулахад харгалзан үзэх асуудал нь “тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдал” байхаар заасан байна.
30. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Ч.А****** нь урьд өмнө ёс зүйн шийтгэл авч байгаагүй, түүний гаргасан зөрчил нь зөрчлийн шинж байдлын хувьд Б.О******тэй маргалдсаны улмаас зөвхөн түүнд хандан гаргасан үйлдэл буюу Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад “зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;”, 7.1.8 дахь заалтад “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих ...” гэж заасныг зөрчсөн зөрчилд хариуцагч мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтад заасан “гомдол гаргагчид ... уучлалт гуйхыг үүрэг болгох;” шийтгэлийг оногдуулах боломжтой байсан байхад мөн заалтад заасан “... олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;” шийтгэл ногдуулсан нь сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
31. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт маргасан “Нийслэлийн Бизнес, инновацын газрын Ёс зүйн дэд хороог байгуулсан процесс алдаатай” гэх агуулгатай тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
32. Учир нь, Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 2.4-т “40 ба түүнээс цөөн төрийн албан хаагчтай байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь 3 гишүүн, 41 – 90 бол 5 гишүүн, 91-дээш бол 7 гишүүнтэй байна.” гэж зааснаас үзэхэд, журмаар зөвхөн Ёс зүйн дэд хорооны гишүүний тооны кворумыг тогтоож өгсөн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Бизнес, инновацын газар нь 40-өөс доош тооны төрийн албан хаагчтай байгууллага байх тул Ёс зүйн дэд хороогоо 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
33. Мөн уг журамд тухайн байгууллага Ёс зүйн дэд хороогоо байгуулахдаа ямар зарчим, аргаар байгуулахыг хатуу тогтоогоогүй байх тул тухайн 3 гишүүнийг сонгох зарчим, аргыг захиргааны байгууллага өөрөө дотооддоо журамлан тогтоох боломжтой гэж үзнэ.
34. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэлийн Бизнес, инновацын газар нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шинээр Ёс зүйн дэд хороогоо байгуулахдаа 2 шат бүхий санал асуулга буюу сонгуулийг явуулсан[25] болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь дээрх журамд нийцээгүй гэж үзэх боломжгүй.
35. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт маргасан “журмын 5.7-д Дэд хорооны бүрэлдэхүүн 3 гишүүнтэй тохиолдолд энэ журмын 5.5-д заасан үндэслэлээр гишүүн гомдол, мэдээллийг шалгахаас татгалзсан бол дэд хорооны дарга эсхүл нарийн бичгийн дарга нь энэ журмын 3.3.3-д заасан үүргийг хэрэгжүүлж болно; 3.3.3-т "Хуваарилагдсан гомдол, мэдээллийг шалгах, нотлох баримт, холбогдох бусад баримтыг цахим мэдээллийн санд оруулах, хуралдаанд танилцуулга хийж, хэлэлцүүлэх гэж заасан. Үүнээс үзэхэд Ёс зүйн дэд хорооны дарга Б. М****** санал өгөх эрхгүй. Хэрвээ дэд хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга, гомдол гаргагч Б.О****** нь журмын 5.5-д зааснаар гомдол, мэдээллийг өөрөө гаргасан гэсэн үндэслэлээр хянан шалгахаас татгалзсан бол Ёс зүйн хорооны дарга Б.М****** өөрөө гомдлыг хянан шалгах байсан боловч шалгаагүй” гэх тайлбарыг шүүх мөн хүлээн авах боломжгүй.
36. Учир нь, маргаан бүхий энэ тохиолдолд гомдол гаргасан Б.О****** нь Нийслэлийн Бизнес, инновацын газрын Ёс зүйн дэд хорооны гишүүн бөгөөд тус хорооны Нарийн бичгийн даргын чиг үүргийг гүйцэтгэх хуваарьтай /2025.01.10-2026.01.10/[26] ажилладаг бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч Ч.А******гийн эсрэг ёс зүйн гомдол гаргасан тул Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 5.5-д “Гишүүн дараах үндэслэлээр гомдлыг шалгахаас татгалзаж болно:”, 5.5.1-д “Гомдол, мэдээллийг өөрөө гаргасан;” гэж тус тус заасны дагуу Ч.А******гийн ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан нь үндэслэлтэй ба гомдлыг шалгах ажиллагааг Ёс зүйн дэд хорооны гишүүн Т.Х******т шилжүүлснийг буруутгах боломжгүй.
37. Тиймээс энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Ёс зүйн хорооны дарга Б.М****** өөрөө гомдлыг хянан шалгах байсан боловч шалгаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.
38. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчаас хэлсэн “Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхтэй холбоотой асуудал дээр нэхэмжлэгч хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн. 2 сарын дараа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх асуудлаар хүсэлт өгсөн атлаа хагалгаанд орсон эмчилгээний баримтыг үзүүлээд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэсэн” гэх агуулгатай тайлбарын тухайд:
39. Нэхэмжлэгч Ч.А******гээс Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга, тус газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд холбогдуулан “…Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаал болон тус газрын дэргэхэд Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан.
40. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2025/3070 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/4050 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.[27]
41. Улмаар дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШТ2025/0626 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/4050 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.[28]
42. Нэхэмжлэгч Ч.А******гээс 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2025/4923 дугаартай захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг 1 хоногоор сэргээж шийдвэрлэсний[29] дагуу захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсныг дурдах нь зүйтэй.
43. Хэрэв хариуцагч “хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхтэй холбоотой асуудал дээр нэхэмжлэгч хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн” гэж үзэж байгаа бол тэр талаарх нотлох баримтын хамт шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг зохих журмаар гаргах хууль зүйн боломж нээлттэй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.8 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, 11.6.7 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.А******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 39 дэх тал
[2] Хх 41-42 дахь тал
[3] Хх 43-44 дэх тал
[4] Хх 49-50 дахь тал
[5] Хх 47-48 дахь тал
[6] Хх 45-46 дахь тал
[7] Хх 51-54 дэх тал
[8] Хх 55-60 дахь тал
[9] Хх 61 дэх тал
[10] Хх 62 дахь тал
[11] Хх 63 дахь тал
[12] Хх 15-23 дахь тал
[13] Хх 24-27 дахь тал
[14] Хх 28-31 дэх тал
[15] Хх 32-33
[16] Хх 41-42 дахь тал
[17] Хх 43-44 дэх тал
[18] Хх 49-50 дахь тал
[19] Хх 47-48 дахь тал
[20] Хх 45-46 дахь тал
[21] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141630877621&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/
[22] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17089853705821&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/
[23] Хх 51-54 дэх тал
[24] Хх 55-60 дахь тал
[25] Хх 159-172 дахь тал
[26] Хх 151 дэх тал
[27] Хх 15-23 дахь тал
[28] Хх 24-27 дахь тал
[29] Хх 28-31 дэх тал