2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/02795

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,   тоот хаягт оршин суух Т овогт А И /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоот хаягт оршин суух А овогт Г Г /РД: /-д холбогдох,

 

30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагч Г.Г, түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч А.И нь хариуцагч Г.Гад холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Би Subaru Forester SH маркийн * улсын дугаартай авто машины хууль ёсны өмчлөгч байсан. Манай аавын найзын хүүхэд болох Г.Г нь 2023 оны 08 дугаар сарын 25-нд ирж уулзаж дараах тохиролцоог хийсэн. Тус тохиролцоогоор миний өмчлөлийн Subaru Forester SH маркийн * улсын дугаартай авто машиныг 30.000.000 төгрөгөөр үнэлж, Г.Гын эзэмшилд байсан Lexux GS450 маркийн * улсын дугаартай авто машиныг 40.000.000 төгрөгөөр үнэлж харилцан солилцохоор болсон. Тухайн үед Г.Гын эзэмшилд байсан Lexux GS450 маркийн * улсын дугаартай авто машин нь өөр хүний өмчлөлд байсан бөгөөд “Н” ББСБ-ын зээлийн барьцаанд мөн байсан. Зээлийн гэрээний үлдэгдэл нь 25 сая орчим төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Г.Г нь өмчлөлийн Subaru Forester SH маркийн * улсын дугаартай авто машиныг 30.000.000 төгрөгөөр зарж борлуулсан тохиолдолд уг 30.000.000 төгрөгийг надад өгснөөр Lexux GS450 маркийн * улсын дугаартай авто машиныг буцаан авахаар харилцан тохиролцсон. Эсхүл Г.Г нь өмчлөлийн Subaru Forester SH маркийн * улсын дугаартай авто машиныг Toyota Crown 210 автомашинаар сольж, улмаар уг авто машиныг А.И миний нэр дээр шилжүүлснээр Lexux GS450 маркийн * улсын дугаартай авто машиныг буцаан авахаар тус тус тохиролцсон. Эсхүл Г.Г нь өмчлөлийн Subaru Forester SH маркийн * улсын дугаартай авто машиныг худалдан борлуулсны дараа надад 10.000.000 төгрөг буюу хоёр автомашины үнийн зөрүүг шилжүүлснээр Lexux GS450 маркийн * улсын дугаартай авто машины зээлийн үлдэгдэл төлбөрийг миний бие төлж барагдуулж уг авто машины өмчлөх эрхийг шилжүүлж авахаар тус тус тохиролцсон. Ингээд миний бие 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн Subaru Forester SH маркийн * улсын дугаартай авто машины өмчлөх эрхийг Г.Гын дагуулж ирсэн хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Уг хүн тус автомашиныг Toyota Lexus LS470 автомашинаар бартердаж авч байгаа гэж хэлж байсан. Гэтэл авто машинуудыг харилцан шилжүүлснээс хойш бидний хооронд харилцан тохиролцсон дээрх тохиролцооны аль нь ч хэрэгжээгүй билээ. Үүгээр зогсохгүй Г.Г нь Lexux GS450 маркийн * улсын дугаартай авто машины зээлийн гэрээний төлөлтийг хийхгүй байсан. Ингээд миний бие Г.Гаас тус атвомашины зээлийн үлдэгдэл төлөлтийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэх талаар удаа дараа шаардаж эхэлсэн. Тэрээр ч удахгүй зохицуулна, болгоно гэж явсаар 2023 оны 12 сарын 22-ны өдөр “Н” ББСБ-аас Lexux GS450 маркийн * улсын дугаартай авто машиныг хураан авч явсан. Нэгэнт автомашины өмчлөх эрх миний нэр дээр биш байсан тул миний зүгээс ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй. Иймд А.И миний өмчлөлд байсан Subaru Forester SH маркийн * улсын дугаартай авто машины үнэ болох 30.000.000 төгрөгийг Г.Гаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Г.Г хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч А.И болон хариуцагч миний бие хоорондоо харилцан тохиролцож Subaru Forester SH маркийн *, Lexus GS450 *машинуудыг 10,000,000 төгрөгийн зөрүүтэйгээр солилцох болсон нь үнэн. Уг солилцоо 2023 оны 8 сарын 25-нд өдөр болсон. Солилцоог хийхээс өмнө А.И нь миний эзэмшлийн Lexus GS450 *автомашин нь өөр хүний нэр дээр ББСБ-н өмчлөлд 25 орчим сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг мэдэж байсан ба солилцоог хийхдээ 10 сая төгрөгийн зөрүүг өгнө гэж тохиролцсон. Гэвч 2023 оны 8 сарын 25 өдөр уулзаад ярилцахдаа А.И нь тухайн Lexus GS450 *машиныг 2 орчим жил өөрийн хувийн хэрэгцээнд унах сонирхолтой байгаа ба энэ хугацаанд миний бие зээлийн сарын төлөлт 1,600,000 орчим төгрөгийг төлж явсаар зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг болох үед юм уу эсвэл аль боломжтой үедээ А.И уг 2 машины үнийн зөрүү 10,000,000 төгрөгийг ББСБ дансанд хийнэ гэж тохиролцсон. Тухайн нэхэмжлэл дээрх Г.Г нь Subaru Forester SH маркийн * автомашиныг зарснаар өөрийн Lexus GS450 *машиныг эргүүлж авна, эсвэл Subaru Forester SH маркийн * машиныг Тоуоta Сгоwn 210 машинаар сольж өөрийн Lexus GS450 *машиныг эргүүлж авна гэж шүүх байгууллагад худал мэдээлэл өгсөнд гомдолтой байна. Бид тухайн 2 тээврийн хэрэгслийг хоорондоо солилцон хүлээлгэж өгсөн цагаас өөрсдийн эзэмшлийн машин болсон гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр уг солилцоог хийсэн. Хэрэв А.Иийн нэхэмжлэл дээрх мэдээлэл үнэн бол бидний маргаан 2023 оны 9 сарын 8 өдөр эхлэх байсан. Учир нь 2023 оны 9 сарын 8 өдөр миний бие өөрийн эзэмшлийн Subaru Forester SH маркийн * машинаа Lexus маркийн машинаар 20,000,000 төгрөгийн зөрүүтэйгээр сольж байгаагаа А.Ид мэдэгдэж Subaru Forester SH маркийн * машины өмчлөх эрхээ миний солилцоо хийж байгаа талд шилжүүлж өгөхийг хүссэн. Тухайн үед ямар ч ятгалт ашиг сонирхлын зөрчилдөөнгүйгээр А.И өөрийн биеэр ирж Subaru Forester SH маркийн * машиныг миний солилцоо хийж буй талд шилжүүлж өгсөн. Тухайн үеэс хойш 14 хоногийн дараа буюу анх солилцоо хийснээс 27 хоногийн дараа 2023 оны 9 сарын 22 өдрөөс А.И өөрийн эзэмшлийн Lexus GS450 *автомашинаа зарах болон байр, том оврын машины солилцоонд оролцуулж борлуулахаар болсноо мэдэгдэж уг машины зээлийн зөрүүг гаргаж өгөхийг шаардаж эхэлсэн ба миний бие тухайн үед гэнэтийн зардалд мөнгө гаргах боломжгүй байгаагаа тайлбарласан. Үүнээс хойш 2023 оны 10 сарын 23 ны өдрөөс А.И нь намайг машинаа эргүүлж авахыг тулгаж эхэлсэн. Би өөрөө авах мөнгөний боломжгүй байгаагаа хэлсэн бөгөөд мөн 2023 оны 11 сарын 4-ний өдрөөс Lexus машины ББСБ зээлийн хугацаа хэтэрсэн байгаа тул хураагдах магадлалтай байна, надад мөнгөний боломж гарах хүртэл зөрүүний 10 сая төгрөгөөсөө төлөлт хийх боломжтой эсэхийг асуухад И зөрүү өгөхгүй машиныг чинь анхнаасаа би аваагүй гэх утгатай зүйлийг ярьж Subaru Forester SH маркийн машины үнийн дүнг нэхэж эхэлсэн. Ийм маргаантай байсан тул миний бие Lexus * машиныг өмчилж буй Нэткапитал ББСБ-тай очиж уулзан маргаантай байгаа тухайгаа болон гуравдагч этгээдийн эзэмшилд байгааг тайлбарлан хугацаа хэтэрсэн зээлийн дүн болох 7.000.000 төгрөгийг 1 сарын дотор 2 хувааж хийхээр тохиролцож 2023 оны 11 сарын 17-ны өдөр би өөрийн данснаас 3.500.000 төгрөг төлж А.Ид мэдэгдсэн ч мөн л намайг ямар ч төлөлт хийгээгүй гэж гүтгэсэн байна. 1 сарын дараа буюу 2023 оны 12 сарын 17-ны өдрийн төлөлт хоцорсны улмаас 2023 оны 12 сарын 22 өдөр Lexus *машин ББСБ-д хураачихсан. Үүний дараанаас Lexus *машины зээлийн үлдэгдлийг бүтнээр нь хаах шаардлагыг ББСБ зүгээс тавьсан ба үүнийг миний бие А.Ид мэдэгдэхэд тэр мөнгө өгөхгүй гэсэн хариулт өгсөн. Тэр үед нь миний бие өөрийн төлөх ёстой дүнг төлж зээлийн үлдэгдлийг анх солилцсон машинуудын зөрүү болох 10,000,000 төгрөгтэй тэнцүү болгож, зээлийн гэрээг шилжүүлж өгөхгүй бол өөрийг нь хохирохыг сануулсан ч А.И нь эсэргүүцэж Subaru Forester SH * машины үнийг надаас нэхэмжилсэн байр сууриндаа байсан. Энэхүү маргаан үргэлжилж явсаар ББСБ-с 2024 оны 2 сарын 2-ны өдөр Lexus *машин зарчихсан ба ББСБ-д хураагдсан гэх хугацаанд ББСБ-н эдийн засагч тухайн Lexus *машиныг хувьдаа унаж явсаар эцэст нь үндсэн зээлдэгч болон эзэмшигч нарын зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан байгааг миний бие олж мэдээд А.Ид тухайн хэрэг нь хууль бус ба хөөцөлдөж шийдвэрлэж чадвал алдагдлаа нөхөх боломжтой гэсэн саналыг хэлсэн ч “Миний асуудал биш, өөрөө учраа ол гээд тоогоогүй”. Эцэст нь миний зүгээс А.Иийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж, Иргэний үнэмлэхийн хуулбар, Фото зургууд, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн албан тоот зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбар баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс *, * улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн лавлагаа, Нэткапитал ББСБ ХХК-аас Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ, Үзлэгийн баримт болон тэмдэглэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч А.И дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний өмчлөлийн Subaru Forester * машиныг 30,000,000 төгрөгөөр үнэлж, Г.Гын эзэмшилд байсан Lexux * автомашиныг 40,000,000 төгрөгөөр үнэлж харилцан солилцохоор болсон. Тухайн үед Г.Гын эзэмшилд байсан Lexux * улсын дугаартай авто машин нь “Н” ББСБ-ын зээлийн барьцаанд байсан, Г.Г нь авто машины зээлийн гэрээний төлөлтийг хийхгүй байсан учраас “Н” ББСБ-аас хураан авсан. Иймд миний Subaru Forester * авто машины үнэ болох 30,000,000 төгрөгийг Г.Гаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Subaru Forester *, Lexus *машинуудыг 10,000,000 төгрөгийн зөрүүтэйгээр солилцох нь үнэн. Миний бие зээлийн сарын төлөлт 1,600,000 орчим төгрөгийг төлж явсаар зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг болох үед юм уу эсвэл аль боломжтой үедээ А.И 10,000,000 төгрөгийг ББСБ дансанд хийнэ гэж тохиролцсон. Тэр үед нь миний бие өөрийн төлөх ёстой дүнг төлж зээлийн үлдэгдлийг анх солилцсон машинуудын зөрүү болох 10,000,000 төгрөгтэй тэнцүү болгож, зээлийн гэрээг шилжүүлж өгөхгүй бол өөрийг нь хохирохыг сануулсан ч А.И нь эсэргүүцэж Subaru Forester SH * машины үнийг надаас нэхэмжилсэн байр сууриндаа байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Зохигчдын хооронд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч А.И өөрийн өмчлөлийн Subaru Forester-S12 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 30,000,000 төгрөгөөр, хариуцагч Г.Г нь “Н” ББСБ ХХК-ийн өмчлөлийн Lexus маркийн *улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгт тооцон “Н” ББСБ ХХК-д зээлийн гэрээний үлдэгдэл 25,000,000 төгрөгөөс сар бүр 1,600,000 төгрөгийг төлж үлдэгдэл 10,000,000 төгрөг болоход нэхэмжлэгчээс төлөх эсхүл боломжтой үедээ 10,000,000 төгрөгийг “Н” ББСБ ХХК-д төлснөөр Lexus маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд авахаар амаар харилцан тохиролцсон байна.

 

4.2 Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн Subaru Forester-S12 маркийн * улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд, хариуцагч нь “Н” ББСБ ХХК-ийн өмчлөлийн Lexus GS450h маркийн * улсын дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд тус тус шилжүүлжээ. /хх94-97, 101,107-112/

 

4.3 Нэхэмжлэгч нь Lexus GS450h маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшиж байсны дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Н” ББСБ ХХК-аас уг тээврийн хэрэгслийг хураан авсан нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

5. Харин хариуцагч нь Subaru Forester-S12 маркийн * улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг иргэн Б.М д худалдсан болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байх ба талууд уг үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнэ болох 30,000,000 төгрөгийг буцаан шилжүүлээгүйгээс маргаан үүссэн байна.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж зааснаар арилжааны гэрээний харилцаа үүсчээ.

 

Талууд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч талуудын хооронд аман хэлбэрээр арилжааны гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

7. Мөн Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг ба хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй буюу эд хөрөнгийн эрхийн доголдолтой тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А.Ид шилжүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Н” ББСБ ХХК-аас Lexus GS450h маркийн автомашиныг хураан авснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн эзэмшилд байсан Lexus GS450h маркийн * улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг “Н” ББСБ ХХК хураан авснаар гэрээ цуцлагдсан байх ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй.

 

8. Гэвч хариуцагч нь Subaru Forester-S12 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд шилжүүлж, худалдан борлуулсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

 9. Хэдийгээр хариуцагчаас шүүх хуралдаанд “…Иргэний 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, нэхэмжлэгч гэрээний дагуу зөрүү 10,000,000 төгрөгийг “Н” ББСБ ХХК-д төлөөгүйгээс автомашин хураагдсан тул гэрээний дагуу тохиролцсон 30,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасч тооцох ёстой” гэх тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч нь Subaru Forester-S12 маркийн тээврийн хэрэгслийн гэрээгээр тохирсон үнэ болох 30,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

10. Иймд хариуцагч Г.Гаас 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ид олгох нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гаас 30,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ