| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2025/00181/И |
| Дугаар | 192/ШШ2025/05190 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/05190
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө ХХК-д холбогдох 352 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 352 650 000 төгрөгт Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн барьж, ашиглалтад оруулж байгаа “Хан вилла” хотхоны 176-ын штрих 2 дугаар барилгын 2 давхарт оффисын зориулалттай 268.91 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 54.25 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ыг 6 500 000 төгрөгт тооцож, нэхэмжлэгч Ц ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон ба хариуцагч Ө ХХК нь Хан вилла хотхоны 176-ын штрих 2 дугааp барилгын 2 давхарт оффисын зориулалттай 268.91 м.кв талбайгаас 54.25 м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2025 оны 6 дугаар сардаа багтааж Ц ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 921 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 960 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ