| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 181/2024/04910/И |
| Дугаар | 191/ШШ2025/04233 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04233
| 2025 05 13 | 191/ШШ2025/04233 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С давхарт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 237,329,798 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 237,329,798 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компани нь ******* ХХК-тай 2021.09.23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Хөшигтийн хөндийд иргэний нисэхийн хоол үйлдвэрлэлийн барилгын дотор заслын ажил хийж гүйцэтгэсэн. Манайх ажлаа гэрээний дагуу хүлээлгэж өгөөд үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл аваагүй байгаа. Төлбөр нэхэмжлэхээр хариуцагчаас манайд тоймтой хариу хэлдэггүй. Албан тоот явуулаад төлбөрөө хэзээ яаж барагдуулах вэ гэхээр огт хариу өгдөггүй.
Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д Гэрээний нийт үнийг 303,966,164 төгрөг гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөх журмыг гэрээндээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 1. Гэрээний нийт үнийн дүнгийн 30% буюу 91,189,849 төгрөгийг ажил гүйцэтгэгч болох ******* Констракшн ХХК-ийн дансанд шилжүүлэх,
2. Гэрээний нийт үнийн дүнгийн 25%-г нийт ажлын гүйцэтгэл 70% болон түүнээс дээш болсон нь акт, тайлангаар нотлогдсон бол гүйцэтгэгчид шилжүүлэх,
3. Гэрээт ажлын гүйцэтгэл 100% болж Захиалагч акт баримтаар бүрэн хүлээн авсны дараа гэрээт ажлын үлдэгдэл 40% буюу 121,586,466 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлэх.
Мөн гэрээний 3.5-т заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 5% буюу 15,198,308 төгрөгийг ажлын гүйцэтгэлийн баталгаанд барьцаалсан. Энэ 5 %-г ажлыг гүйцэтгэж дууссанаас хойш 1 жилийн дараа гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцсон.
******* Констракшн ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаа 2021.11.30-ны өдөр хийж гүйцэтгэж дуусаад ******* ХХК-ийн ерөнхий менежер , менежер нарт гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн.
Манай компани нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 91,189,849 төгрөгийг Голомт банкны дансаараа шилжүүлэн авсан. Харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 212,776,315 төгрөгийг одоо болтол аваагүй байна.
1.2. Мөн ******* ХХК-ийн хүсэлтээр 24,553,483 төгрөгийн нэмэлт ажлыг хийж гүйцэтгэж дууссан. Нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлыг тус компанийн ерөнхий менежер , Архитектор нар хүлээн авсан боловч ажлын гүйцэтгэлийн тайланд гарын үсэг зураагүй.
Нэмэлт ажил 2022 оны 3 сарын 04-ний өдөр анх ******* ХХК-ийн нэмэлтээр талбай дээр ороогүй ажлын жагсаалт байна. Үүнийг нэмэлтээр хийх хэрэгтэй байна гээд манайд и-мэйлээр нэмэлт ажлын тоо хэмжээг 3 сарын 16-ны өдөр нэгтгээд явуулсан. Түүн дээр манайх үнийн санал гаргаад 2022 оны 3 сарын 19-ний өдөр м-мэйлээр болон шуудангаар үнийн санал явуулсан. 2022 оны 3 сарын 29-ний өдөр нэмэлтээр хийж гүйцэтгэх ажлыг хийж дуусгаад ажил гүйцэтгэлийн тайлан нэхэмжлэлийн хамт ******* ХХК-д өгсөн. Иймд ******* ХХК-иас нийт 237,329,798 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.3. Ажлын гүйцэтгэлийг манайх хүлээлгэж өгөх гээд акт тайлангууд дээр хариуцагч талын менежерүүд хүлээж аваад гарын үсэг зурсан. Захирал нь гарын үсэг зураагүй. Актаа 3 хувь үйлдээд хувиа өгөөд нэг хувь нь надад үлдэх ёстой хувиа авъя гэсэн надад нэг хувийг минь ч өгөөгүй. Сүүлд менежерээс нь үндсэн гэрээнийхээ актыг авсан. Гэрээ байгуулсан ажил 100 хувь гүйцэтгэсэн. Актуудад менежерүүд нь гарын үсэг зураад хүлээж авсан. Нэмэлт ажлын актыг манайх ажлаа хийж дуусгаад цаасаар хэвлээд хариуцагч тал руу аваачиж өгсөн. Төсвийн дүн яагаад зөрүүтэй байгаа вэ гэхээр архитектурын гаргаж өгсөн тоо хэмжээнээс талбай дээр авчирсан тоо хэмжээнээс зөрүүтэй байсан учраас манайх гүйцэтгэлийн төсвийг гаргаж өгсөн. Гүйцэтгэлийн төсвийг манайхаас ******* ХХК-руу гаргаж өгсөн. Хариуцагч тал өөрөө хараагүй юм уу аваагүй гэж ярьж байна. Уг нь хүлээж авсан хүмүүс байгаа. Гүйцэтгэлийн төсвөөр гүйцэтгэсэн учраас 22,358,912 төгрөг нь 24,553,483 төгрөг гэж зөрүүтэй байгаа гэв.
2. Хариуцагч ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Анх ******* ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээг 303,966,164 төгрөгөөр байгуулаад урьдчилгаа 91,189,849 төгрөгийг өгсөн байдаг. Үлдэх төлбөрийг ажлын даалгаварт заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсний дараа өгөхөөр тохиролцсон. Ажлаа бүрэн хийсэн, даалгавраа бүрэн гүйцэтгэсэн эсэх талаар компанийн зүгээс тодорхойгүй байгаа учраас хүлээж аваагүй. Мөн үлдэгдэл төлбөрийг ажлын гүйцэтгэлийг тодорхой болсны дараа өгнө гэсэн байр суурьтай байсан.
Нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 24,553,483 төгрөгийн шаардлага нэмэлт ажлыг анх тайлбарлахдаа 2021 оны 12 сард эхэлж 2022 оны 2 сарын 24-ний өдөр хүртэл хийсэн. 24,553,483 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэдэг. Хэрэгт нэмэлт ажлынхаа актыг 2022 оны 2 сарын 25-ны өдөр дуусгавар болгож акт өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр хийсэн үзлэгээр энэхүү нэмэлт ажил нь 2022 оны 3 сарын 16-ны өдрөөс мэйл бичээд 2022 оны 3 сарын 19-ний өдөр дууссан. Нэмэлт ажлын төсвийг 24,553,483 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагад тавьсан үнийн дүнгээс зөрүүтэй буюу мэйлд үзлэг хийснээр 22,358,912 төгрөг гэсэн үнийн төсөв хүргүүлсэн байгаа тул тус үнийн дүнгээр даалгавар хийсэн гэж үзэх боломжгүй байна. Нэмэлт ажлыг 2022 ондоо багтааж хийсэн гэж байгаа боловч нэхэмжлэгчийн тооцоо нийлсэн актуудаар зөвхөн 212,000,000 төгрөг дээр 2 талаас гарын үсэг зурж тооцоо нийлж баталгаажуулсан байдаг. Тийм учраас нэмэлт ажлын хөлс 24,553,483 төгрөгийг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэн өгөөгүй, ажлаа бүрэн хийсэн эсэх гүйцэтгэл дээрээ талууд тохиролцож чадаагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/
3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/
3.3. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх 4-7/
3.4. ******* хоол үйлдвэрлэлийн барилгын засварын ажлын төсөв /хх 8/.
3.5. Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 10/
3.6. 2021.11.30-ны өдрийн барилгын заслын ажлын гүйцэтгэлийн тайлан /хх 11-48/
3.7. Ажил гүйцэтгэсэн акт /хх 49-56/
3.8. ******* ХХК-ийн барилгын нэмэлт ажил гүйцэтгэлийн төсөв /хх 57-58/.
3.9. 2022.01.25-ны өдрийн барилгын заслын ажлын гүйцэтгэлийн тайлан /хх 59-106/
3.10. Ажил гүйцэтгэсэн акт /хх 107-114/
3.11. Шуудангийн илгээмжийн төлбөр төлсөн баримт, ******* Констракшн ХХК-ийн ******* ХХК-д хүргүүлсэн албан бичгүүд /хх 176-191/
3.12. ******* Констракшн ХХК-ийн Голомт банкны дансны хуулга /хх 192-221/
4. Хариуцагчаас нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 156/
4.2. Итгэмжлэл /хх 148-149/
4.3. Хариу тайлбар /хх 154/.
5. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* Констракшн ХХК-ийн хаягт үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* Констракшн ХХК-ийн гэрээний үүрэгт 237,329,798 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх 001 тоот гэрээ байгуулан Төв аймаг, Хөшгийн хөндий Олон улсын нисэх буудлын зорчигчдын хоол бэлтгэх зориулалттай катерингийн барилгын засвар өөрчлөлтийн ажлыг 303,966,164 төгрөгөөр хийхээр тохиролцож манай компани гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх явцад нэмэлтээр 24,553,483 төгрөгийн ажлыг мөн хийсэн. Хариуцагч нь урьдчилгаа 91,189,849 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг одоог хүртэл төлөөгүй учир 237,329,798 төгрөгийг ******* ХХК-иас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ******* Констракшн ХХК нь хийсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, бүрэн хийсэн эсэх нь тодорхойгүй, нэмэлт ажил хийх талаар тохиролцоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ******* Констракшн ХХК болон ******* ХХК нарын хооронд 2021.09.23-ны өдөр Төв аймаг, Сэргэлэн сум, хөшгийн хөндий, олон улсын нисэх онгоцны буудлын зорчигчдын хоол бэлтгэх зориулалттай катерингийн барилгын А блокны нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* Констракшн ХХК нь хөшгийн хөндий, олон улсын нисэх онгоцны буудлын зорчигчдын хоол бэлтгэх зориулалттай катерингийн барилгын засвар өөрчлөлтийн ажлыг ажил гүйцэтгэх хуваарь, норм, дүрэм, журамд нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэн цаашид хэвийн үйл ажиллагаанд бэлтгэн, хугацаанд нь хүлээлгэн өгөх, нөгөө талаас хариуцагч ******* ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан нөхцөлөөр ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.
Талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
4.2. Харин гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн эсэх, хүлээн авсан эсэх, нэмэлт ажил гүйцэтгүүлэх талаар тохиролцсон эсэх, ажлын хөлсийг хэрхэн тохирсон зэрэг нь талуудын маргааны зүйл болсон байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Түүнчлэн, мөн зүйлийн 343.3 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.
4.3. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэснээ, мөн ийнхүү гүйцэтгэсэн ажлаа хариуцагчид хүлээлгэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.
Энэхүү үүргийн хүрээнд нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгчийн цахим хаягт үзлэг хийхэд:
2022.03.16-ны өдрийн 10 цаг 14 минутад цахим хаягаас цахим хаягт Өглөөний мэнд ******* ХХК-ийн нэмэлт ажлын жагсаалтыг явууллаа. Жагсаалттай холбоотой төсвийн өөрчлөлтийг хийгээд ирүүлж өгнө үү гээд файлаар нэмэлт ажлын тоо хэмжээ буюу ******* ХХК-ийн нэмэлтээр хийгдэх барилгын ажлын жагсаалтыг илгээсэн,
2022.03.19-ний өдрийн 22 цаг 31 минутад мэйл хаягаас мэйл хаяг руу Оройн мэнд, ******* нэмэлтээр хийх ажлын үнийн санал илгээлээ гээд файлаар ******* ХХК-ийн үйлдвэрлэлийн барилгын засварын ажлын төсвийг илгээсэн,
2022.03.29-ний өдрийн 20 цаг 06 минутад мэйл хаягаас мэйл хаяг руу Сайн байна уу, *******ийн нэмэлтээр хийсэн ажлын фото тайлан явуулж байна гээд файлаар ******* ХХК, Хоол үйлдвэрлэлийн барилгын засварын нэмэлт ажлын 2022.03.19-2022.03.28-ны өдрийн хоорондох зураг, тайланг илгээсэн байна.
4.4. Мөн нэхэмжлэгчээс ******* ХХК-ийн ерөнхий менежер , менежер нарын хянаж гарын үсэг зурсан, ******* Констракшн ХХК-ийн захирал ******* боловсруулж гарын үсэг зурсан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Төв аймаг, Зуун мод хөшигтийн хөндий Скай катерингийн барилгын заслын ажлын гүйцэтгэлийн тайлан болон 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №1 дугаар Хавтан угсрах ажил гүйцэтгэсэн акт, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №2 дугаар Заслын ажил гүйцэтгэсэн акт, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №3 дугаар Төмөр бүтээцийг угсарч гагнасан акт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №4 дүгээр Хавтан угсрах ажил гүйцэтгэсэн акт, 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №5 дугаар Өрлөгийн ажил гүйцэтгэсэн акт, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №6 дугаар Заслын ажил гүйцэтгэсэн акт, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №7 дугаар Шалны ажил гүйцэтгэсэн акт, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №8 дугаар Заслын ажил гүйцэтгэсэн актыг нотлох баримтаар гаргасан. /хх 11-57/
Дээрх актуудад ******* ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байна.
4.5. Түүнчлэн нэхэмжлэгч ******* Констракшн ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймаг, Зуун мод хөшигтийн хөндий Скай катерингийн барилгын заслын ажлын гүйцэтгэлийн тайлан-г боловсруулсан байна. /хх 59-106/
4.6. Нэхэмжлэгчээс ажлын төлбөр барагдуулах талаарх албан бичгийг хариуцагч ******* ХХК-д удаа дараа хүргүүлсэн байна. /хх 176-191/
4.7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэснээс хойш тухайн барилгад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэх тайлбарыг гаргасан.
4.8. Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримтаар талууд нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн болон нэмэлт ажлыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх бөгөөд дээрх баримтуудыг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй, өөрийн тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Иймээс ******* Констракшн ХХК нь ******* ХХК-иас ажлын хөлсөө Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
4.9. Талууд гэрээний 3.1-т нийт ажлын хөлсийг 303,966,164 төгрөгөөр тусгаж, үе шаттайгаар хуваан төлөхөөр тохиролцож байна.
Мөн хариуцагч компани нь нэхэмжлэгч рүү нэмэлт ажлын жагсаалтыг явуулж, төсвийн өөрчлөлтийг хийгээд ирүүлэхийг хүссэн байх бөгөөд нэхэмжлэгчээс нэмэлт ажлын үнийн саналыг гүйцэтгэлийн төсвөөр 24,553,483 төгрөг болох талаар хүрүүлсэн болох нь и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.
Хариуцагчаас энэхүү үнийн дүнг үгүйсгэсэн талаарх үйл баримт тогтоогдоогүй учир нэмэлт ажлын хөлсийг дээрх дүнгээр тохиролцсон гэж үзнэ.
Талууд гэрээний урьдчилгаа төлбөрт 91,189,849 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй бөгөөд энэ нь ******* Констракшн ХХК-ийн Голомт банкны дансны хуулгаар давхар нотлогдож байна.
Иймд ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 237,329,798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,344,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,344,599 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 237,329,798 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* Констракшн ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,344,599 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* Констракшн ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА