| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2020/0235/И |
| Дугаар | 212/МА2021/00048 |
| Огноо | 2021-06-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 212/МА2021/00048
А.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00432 дугаар шийдвэртэй, Д овогт А-ны Б-н нэхэмжлэлтэй, И овогт А-н Т-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ержан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: А.Т-ээс 2950000 /хоёр сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч А.Б би хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд Өлгий сумын 10 дугаар багт оршин суух А.Т надаас 2019 он 10 дугаар сарын эхэнд 100000 төгрөг зээлдэхийг хүссэнээр би түүний данс руу нь шилжүүлсэн билээ. Гэтэл А.Т үүнээс хойш нэг мөсөн мөнгөтэй болохоор нийлүүлж тооцоо хийж бүгдийг өгнө гэж элдвээр шалтаглан увуулж цувуулсаар байгаад хэд хэдэн удаагийн давтамжтайгаар надаас нийт 2950000 төгрөг зээлдэж авсан. Уг зээлсэн мөнгөнүүдийг би дараа баримт болгох үүднээс өөрийнхөө Хаан банкин дахь 5180594873 данснаас түүний Хаан банкин дахь 5077337177, 5194047133 тоот данснуудад шилжүүлж өгдөг байсан билээ. Гэтэл би А.Т-ээс тооцоо хийж зээлсэн мөнгөө өгөхийг шаардахад элдвээр шалтаглан өгөхгүй намайг хохироож байна. Иймд А.Т-ээс 2950000 төгрөг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: “А.Б нь нэхэмжлэлдээ 2950000 төгрөгийг надад зээлдүүлсэн, нэг мөсөн мөнгөтэй болохоор нийлүүлж тооцоо хийж бүгдийг өгнө гэсэн байдлаар нэхэмжлэлийг шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Би А.Б-гээс зээлээр мөнгө авч байгаагүй, бидний хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Миний бие 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс нөхөр Ш.С-тай таарж тохироогүй учир гэр орноос явсан. Тэгээд гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр танай шүүхэд хандаж 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 630 дугаартай шийдвэрээр бидний гэр бүлийг цуцалж хүү С.Авдулла, охин С.Айзере нарыг миний асрамжид үлдээж эцэг нь болох Ш.С-аар тэжээн тэтгүүлэхээр болсон. Би тусдаа амьдарч байх хугацаанд 2019 оны 09 дүгээр сард А.Б-тэй танилцсан. А.Б нь гэр бүлээ цуцлуулсан, одоо охинтойгоо амьдарч байна, хамт амьдаръя, гэрлэе гэхээр би эхэндээ татгалзсан. Дараа нь түүний хамтран амьдрах саналыг зөвшөөрч 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэр орноос явахдаа Цэргийн ангийн орон сууцнаас байр хөлслөн амьдарч байсан. А.Б нь 2019 оны 10 дугаар сард манай байранд ирж бидэнтэй хамт амьдрах болсон. 2020 оны 04 дүгээр сард цэргийн ангийн орон сууцнаас гарч Нурданеска орон сууцнаас байр хөлслөн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл амьдарсан. Тэнд амьдарч байхад А.Б нь 9 дүгээр ангид сурдаг охиноо дагуулж ирдэг байсан. Нурданеска орон сууцанд амьдарсан хугацааны байрны хөлсийг А.Б төлсөн. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс Худайбергений 11 айлын орон сууцнаас Ержан гэдэг хүний орон сууцыг хөлсөлж суусан. Тэнд амьдарч байхад хэд хоногийн дараа А.Б ирж мөн хамт амьдрах болсон. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өглөө босож байхад манай байранд миний дүү А.Асхабыл, салсан нөхөр Ш.С нар хүрч ирсэн.Энэ үед А.Б гэрт байсан ба А.Асхабыл, Ш.С нар хэрүүл маргаан үүсгэж А.Б-г зодсон. Энэ асуудлыг Цагдаагийн газраас шалгаж шүүхэд шилжүүлсний дагуу А.Асхабыл, Ш.С нар нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр нь 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн. Дээрх хэрэг гарсан өдөр А.Б-н эхнэр, түүний эцэг эх, А.Б-н эгч нар намайг А.Б-н эгчийн гэрт дуудаж Б та хоёр эр эмийн холбоотой болж хамтран амьдарч байсан байна, одоо энэ асуудлыг таслан зогсоо, энэ талаар гар баримт бичиж өг, хэрэв зогсоохгүй бол А.Б-г хуулийн байгууллагад өгч шалгуулан шоронд явуулна, мөн чамайг ажлын газарт чинь мэдэгдэж ажилгүй болгоно гэхээр нь би гарын баримт бичиж өгсөн. А.Б нь тэр өдөр охиноо дагуулж манайд хүрч ирээд одоо бүх юм ил тод боллоо, одоо хоёулаа гэрлэе гэж манайд 2-3 хоног болсон. Намайг А.Б-н эгчийн гэрт очиход миний дүү А.Асхабыл дагаж очиж болсон бүх асуудлыг сонссон байсан ба дараа нь миний төрхөмд очоод эцэг эхэд үзэж харсан, сонсож мэдсэнээ хэлсэн байсан. Үүнийг сонссон эцэг эх маань намайг дагуулж ир гээд дүү А.Асхабылыг явуулсан ба А.Асхабыл нь манайд ирээд намайг төрхөм руу авч явсан. Төрхөмд очсоны дараа эцэг эх маань намайг загнаж ингэж хүний гэр бүл үймүүлж байхаар салсан нөхөртэйгөө суу гээд Ш.С-ыг дуудуулсан. Ш.С очсоны дараа бид хоёрыг эвлэрүүлж хамтран амьдрахаар болсон. Тэрнээс хойш одоо хүртэл нөхөр Ш.С, хоёр хүүхдийн хамт амьдарч байна. А.Б бид хоёр хамтран амьдарч байх хугацаанд А.Б нь миний данс руу мөнгө шилжүүлж түүнийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж байсан. Тухайлбал миний ХААН банк дахь 5194047133 тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 100000 төгрөг, мөн өдөр барааны үнэ гэж 300000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цалин гэж 300000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 50000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 150000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 100000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын бүгд 1900000 төгрөг тус тус шилжүүлсэн. Эдгээр мөнгөнүүдийг бид хоёр гэр бүлийн хэрэгцээнд хүнсний зүйл авах зэрэг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Харин 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 1100000 төгрөг нь А.Б-н надаас түр зээлсэн мөнгөний оронд шилжүүлсэн мөнгө юм. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний амралтын 2487451 төгрөг дансанд орж ирсэн ба 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А.Б нь засварын газарт зориулан нэмж зээл авна, өмнөх зээлээ хаах ёстой гээд надаас 1100000 төгрөг зээлж авч зээл авсны дараа 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дээрх мөнгийг буцааж шилжүүлсэн. Энэ бүгд миний ХААН банкны хуулганд тодорхой байгаа. А.Б нь бид хоёр харьцаагаа тасалснаас хойш намайг дарамталж та нарыг зүгээр орхихгүй, чи намайг зам дээр хаяж эвгүй байдалд оруулсан, чиний нөхрийг ална, ажилгүй болгоно гэх мэтээр мессеж бичдэг байсан. Мөн шилжүүлсэн мөнгийг эргүүлж өг гэхээр нь би чамаас зээл аваагүй, хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан, авсан хүнсний зүйлсийг чи надтай хамт хэрэглээ биз дээ гэж хэлсэн. А.Б нь дээрх нөхцөл байдлуудаас болж надад өш хонзон санаж дансанд мөнгө шилжүүлсэн байдлыг далимдуулан дээрх мөнгийг надаас нэхэж байна. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00432 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б-н хариуцагч А.Т-ээс 2950000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын агуулга: “...Хариуцагч А.Т нь А.Б-гээс 2019 он 10-р сарын эхнээс эхлэн хэд хэдэн удаагийн давтамжтайгаар 2.950.000 төгрөгийг зээлдэж авсан бөгөөд энэхүү мөнгийг А.Б өөрийн ХААН банканд дахь 5180594873 данснаас түүний Тийн ХААН банкин дахь 5077337177, 5194047133 тоот данснуудад шилжүүлж өгсөн байх ба энэ нь хавтас хэрэгт авагдсан А.Б-н дансны хуулгаар нотлогдож байгаа билээ. Мөн хариуцагч А.Т нь шүүхэд бичгээр өгсөн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд А.Б-гээс нийт 3.000.000 төгрөг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч А.Б түүнд 2.950.000 төгрөг шилжүүлэн өгсөнд маргаагүй хэдий ч энэхүү мөнгийг хамтран амьдарч байхдаа зарцуулсан мөнгө тул буцааж өгөх боломжгүй гэсэн утга агуулга бүхий тайлбар өгч төлөхөөс татгалзсан. Гэтэл анхан шатны шүүх тэд хамтран амьдарч байсан нь нотлогдохгүй байна гэж зөв дүгнэлт хийсэн атлаа А.Б А.Т нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө шилжүүлгийн утга агуулгыг бичээгүй, энэхүү мөнгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлж байгаа тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй гэх үндэслэлээр нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаас дүгнэвэл А.Б нь мөнгийг А.Т-д шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцогдох бөгөөд хуульд зээлийн гэрээг заавал бичгээр хийхийг шаардахгүй байна. Харин зээлийн гэрээний нэмэлт нөхцөл болох хүү алданги, анз тооцох зэрэг зээлийн гэрээ нэмэлт нөхцөлтэй хийгдэх бол энэхүү нэмэлт нөхцөлийг зохицуулах үүднээс заавал бичгээр хийхээр тусгасан байна. Гэтэл хүү, хугацаа, алданги гэх мэт бусад нөхцөл тохиролцоогүй энгийн зээлийг гэрээгээр мөнгө зээлдүүлсэн зээлдүүлэгч А.Б мөнгөө хэдийд ч шаардан авах эрхтэй байсаар байтал заавал зээлсэн мөнгөө зээлийн гэрээг бичгээр байгуулж байж мөнгө шаардах мэтээр Иргэний хуулийн 281.1 заалтын буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн зээлийн гэрээний заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч А.Т нь нэхэмжлэгч А.Б-гээс мөнгө зээлж байсан тухай үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, талуудын хороонд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1100000 төгрөгийг хариуцагч А.Т-ээс нэхэмжлэгч А.Б нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлж авч 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А.Б нь буцааж хариуцагчийн данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.150 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ержаны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.150 /жаран хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ