Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 114/ШШ2025/0040

 


     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:  тоотод оршин суух Бн овогт Бын Бм /РД:/
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:                                                   Б.Бм
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                           С.Ч*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:    Л.А*******, Э.Х*******
Гуравдагч этгээд:                                           Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:    М.Алтантуяа нар оролцов.
                                                 ТОДОРХОЙЛОХ нь:
1.  Нэхэмжлэгч Б.Бм нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргаж маргасан.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Дархан-Уул аймаг, Шарын гол сумын т багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны ******* дүгээр сарын 06-ны өрийн ******* дүгээр тогтоолоор “Багийн Засаг даргад нэр дэвшигч Б овогтой Бм нь 121 санал буюу 66,85 хувийн санал авсан тул Шарын гол сумын т багийн Засаг даргаар томилуулахаар...” гэж,
2.2. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар захирамжаар “т багийн Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрээр т багийн Засаг даргаар Бын Бм нь сонгогдсон тул Дгийн Эийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, 
2.3. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн******* дугаар захирамжаар т багийн Засаг даргаар Бын Бмыг 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн томилж тус тус шийдвэрлэсэн байна.
2.4. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь  2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжаар “Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн *******,******* дугаар захирамжуудыг 2025 оны 08 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгожээ. /Энэхүү захирамжид *******,******* дугаар захирамжийн өдөр болох 05 дугаар сарын 01 гэх өдрийг 05 дугаар сарын 21 гэж буруу бичигдсэн байна./
        3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.Бмаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: Сумын Засаг дарга шинээр томилогдсоны дараа багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах шийдвэр гарсан байдаг. Үүний дагуу т багийн иргэдийн нийтийн хурал хуралдсан. Би иргэний хувьд т багийн иргэдийн нийтийн хуралд өөрийн нэрийг т багийн Засаг даргад нэр дэвшүүлж 121 санал буюу 66,85 хувийн олонхийн санал авсныг т багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны ******* дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор Шарын голын т багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Шарын гол сумын Засаг дарга М.М*******рт уламжилсан.
Шарын голын Засаг дарга М.М*******р нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б\07 дугаартай захирамжаараа урд ажиллаж байсан Засаг дарга Д.Эийг чөлөөлж, мөн өдрийн Б\08 дугаартай захирамжаараа Б.Бм намайг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн т багийн Засаг даргаар томилсон. Гэтэл Аймгийн Засаг дарга 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаар захирамж гаргаж  “Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн *******,******* дугаар захирамжийг 2025 оны 08 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгосон” байсан бөгөөд энэхүү захирамжаа аймгийн Засаг дарга өөрөө 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Иймд Аймгийн Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж өгнө үү. 
Харин Гуравдагч этгээдийн яриад байгаа цалин мөнгөний асуудлыг би мэдэхгүй байна. Энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна гэв. 
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дараа баг хорооны иргэдийн нийтийн хурлын хуралдааны сум дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дагуу зохион байгуулна” гэж заасны дагуу хурал хуралдаж, багийн Засаг даргын сонгууль явагдсан. Түүнээс сайн дураараа хийсэн зүйл биш. Хуулийн дагуу явагдсан процесс. 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн дагуу хурал зарлаж, өрсөлдсөн. Өрсөлдөөнд Д.Э нь унасан. Таны 20 жил Засаг дарга хийснийг ард түмэн дэмжихгүй байна. Засаг дарга хуулийн дагуу томилгоо хийсэн гэж үзэж байгаа. Багийн иргэдийн нийтийн хурлаас Б.Бмыг томилуулахаар нэр дэвшүүлсэний дагуу сумын Засаг дарга томилж батламжилсан. Түүнээс Д.Эийг ажлаас халсан зүйл байхгүй. Миний ойлгож байгаагаар Д.Э нь ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэж байх шиг байна. Та ажилгүй байгаагүй, хуулийн дагуу энэ албан тушаалаас чөлөөлөгдсөн. Мөн бие даасан шаардлага гаргаагүй. Аймгийн Засаг дарга өөрийнхөө гаргасан захирамжийг хүчингүй болгох эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд Засаг дарга буруу захирамж гаргасан гэдгээ ойлгоод алдаагаа зассан байна. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн ба өөрийнхөө гаргасан захирамжаа хүчингүй болгосон байгаа. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*******, Э.Х******* нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шарын гол сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Д.Эийг т багийн Засаг даргаар томилсон ба Д.Эийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусахаар байсан. Хуульд заасан Засаг даргыг шинээр томилох нөхцөл байдал үүсээгүй, багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад үүрэгт ажлаас нь чөлөөлж шинээр багийн Засаг дарга томилсон нь хуульд нийцээгүй байсан тул Аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний ******* дугаар захирамжаар Шарын гол сумын Засаг даргын 2025 оны *******,******* дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Гуравдагч этгээд Д.Эаас 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Шарын гол сумын Засаг дарга М.М*******р танаа гээд “Төрийн захиргааны албан тушаалд ажиллах хүсэлтэй байгаа тул т багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байгаа. Үүнээс гадна Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Энэхүү захирамжаар Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Д.Эийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ******* дугаар захирамж болон Б.Бмыг т багийн Засаг даргаар томилох тухай******* дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосон байдаг. 
Энэ ******* дугаар захирамжийг хүчингүй болгосноор т багийн Засаг даргыг томилох тухай******* дугаар захирамж сэргэсэн гэсэн үг. Гуравдагч этгээд өөрөө төрийн захиргааны албан хаагчаар ажиллах хүсэлтээ гаргасан байсан ба Гуравдагч этгээд цалин хөлстэй холбоотой асуудлаа тусдаа бие даасан шаардлага гаргах юм уу, иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Анх хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан, үүнээс хойш нэхэмжлэгчтэй ярилцаад эвлэрэх саналыг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
5. Гуравдагч этгээд Д.Эаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хариу тайлбараа явуулсны дараа аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болсныг мэдсэн. Би 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажилгүй байсан ба үүний дараа Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэнээр Шарын гол сумын т багийн Нийгмийн ажилтнаар 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр томилогдон ажиллаж байгаа. Тэгэхээр Сумын Засаг даргаас 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 3 сарын хугацааны цалин, хөлс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж гаргуулах хүсэлтэй байгаа. Миний хувьд төрийн захиргааны албан хаагч болсон учраас 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Улс төрийн албан тушаал хийхгүй гэдэг хүсэлтээ тамгын газарт өгсөн. Цалин мөнгөө өөр шүүхээр шийдвэрлүүлнэ гэдгийг ойлгож авлаа гэв. 
                                               ҮНДЭСЛЭХ нь: 
1.Нэхэмжлэгч Б.Бмаас тус шүүхэд Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгт хуульд заасан журмаар авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хариуцагчаас маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь заалтыг тус тус баримтлан  “Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн *******,******* дугаар захирамжуудыг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. /Энэ захирамжид ... *******,******* дугаар захирамжийн өдөр буюу 05 дугаар сарын 01 гэх өдрийг 05 дугаар сарын 21 гэж буруу бичигдсэн байна./
3.Дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Бмаас Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
4.Хариуцагчаас шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр ирүүлж, Аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дүгээр “захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хавсаргасан, энэхүү захирамжаараа  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь заалтыг тус тус үндэслэн  Аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй  болгожээ.
5.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлах”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар тус тус тайлбарлаж байх бөгөөд нэгэнт хэрэг хянан хэлэлцэгдэх явцад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх маргаан дуусгавар болж, өмнөх захирамжийн эрх нь сэргэсэн, шүүхээр шийдвэрлэх эрх зүйн маргаан байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл Аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар “захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгосноор Шарын гол сумын Засаг даргын 2025 оны ******* дугаар Дгийн Эийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, мөн өдрийн 08 дугаар т багийн Засаг даргыг /Б.Бм/ батламжлах тухай захирамжийн үйлчлэл сэргэсэн байна.
6.Гуравдагч этгээд Д.Эаас “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг зөрчиж хийсэн хурлаар сонгогдсон Б.Бмын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлгүйгээр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Шүүх хуралдаанд гуравдагч этгээдээс Б.Бмыг томилсон болон маргаан бүхий Аймгийн Засаг даргын захирамжтай маргахгүй, зөвхөн ажилгүй байсан хугацааны цалингаа Шарын гол сумын Засаг даргаас нэхэмжилнэ гэж тайлбарлаж байх ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар дүгнэлт өгөх боломжгүй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн гуравдагч этгээд нь сумын Засаг даргад холбогдуулан цалин хөлс, хохирлын асуудлаа холбогдох шүүхэд жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бмын Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Д.НАРАНТУЯА