Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/368

 

Б.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

яллагдагч Б.Г-ын өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 379 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаярын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар эсэргүүцэлд үндэслэн Б.Г-ад холбогдох 2208 02496 0095 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Б-ын Г, 1980 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын ... дугаар хэлтсийн ... хариуцсан ахлах байцаагч ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.Г- нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны ахлах байцаагчаар ажиллах хугацаандаа ажлын байрандаа “эрүүлжүүлэх саатуулах байранд ойр зуурын юм авна, засвар хийнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр:

  1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Д.Б-д 2019 оны 10 дугаар сард үндсэн цалингийн 20 хувийн буюу 149.620 төгрөгийн нэмэгдлийг нэмж, улмаар өөрийн “Хаан банк”-ны 5555555555 тоот данс руу 105.000 төгрөгийг,
  2. тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Д.Б-д 2020 оны 01 дүгээр сард 20 хувиар буюу 161.589 төгрөгийг нэмж өөрийн “Хаан банк”-ны 5555555555 тоот данс руу 120.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сард 20 хувийн буюу 161.589 төгрөгийг нэмж өөрийн “Хаан банк”-ны 5555555555 тоот данс руу 120.000 төгрөг буюу нийт 345.0000 төгрөгийг,
  3. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Д-ид 2020 оны 10 дугаар сард үндсэн цалингийн 20 буюу 155.252 төгрөгийн нэмэгдлийг нэмж, өөрийн “Хаан банк”-ны 5555555555 тоот данс руу 140.000 төгрөгийг,
  4. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Ч-ад 2021 оны 6 дугаар сард 20 буюу 155.252 төгрөгийг нэмж, улмаар өөрийн “Хаан банк”-ны 5555555555 тоот данс руу 130.000 төгрөгийг,
  5. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаагийн ахлах ахлагч Х.Ц-ад 2021 оны 4 дүгээр сард үндсэн цалингийн 20 хувийн буюу 155.252 төгрөгийг нэмж, өөрийн “Хаан банк”-ны 5555555555 тоот данс руу 110.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 725.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт "Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй." гэж заасан. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Г-ын Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн байх боловч /2хх 18-33/ үзлэг хийх ажиллагаанд оролцсон гэх хөндлөнгийн гэрч М.Ө нь гарын үсэг огт зураагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэж, мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна." гэж тус тус заасан. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Г-ын Хаан банкны дансны хуулганд үзлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн гэрч гэх М.Ө нь гарын үсэг зураагүй байгаа нь түүнийг үзлэг хийх ажиллагаанд оролцсон гэж үзэх боломжгүй, дээр дурдсанаар үзлэг хийх ажиллагаа нь хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

2. Мөрдөн байцаалтын шатанд Б.Т-ын Хаан банкны дансны хуулганд үзлэг хийх ажиллагааг явуулсан байна /2хх 173-177/. Үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хаан банкнаас иргэн О.Х, Б.У, Б.Т нарын эзэмшлийн харилцах болон хадгаламжийн дансны хуулгуудыг гаргаж *********[email protected] хаягаар ирүүлсэн ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 28.1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон дансны хуулганд үзлэг хийв...” гэжээ. Гэвч энэхүү үзлэг хийх ажиллагааны эх сурвалж болсон Б.Т-ын дансны хуулга цахим эсхүл цаасан хэлбэрээр хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шалгаж үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

3. Прокуророос тогтоосон хэргийн үйл баримтаас үзвэл яллагдагч Б.Г- нь нэр бүхий хохирогч нарын үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдэл олгож, улмаар өөрийн данс руу авч байсан талаар дурдсан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Цагдаагийн байгууллагын албан хаагчийн ажлыг үнэлэх нарийвчилсан журам нь “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 111 алба хаагчийн ажлыг үнэлэх“ гэсэн эрх зүйн баримт бичиг байна. 2 дахь хавтаст хэргийн 244-246 дахь талд энэхүү журамд 2021, 2022 онуудад нэмэлт өөрчлөлт орсон, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үед /2019-2020/ дагаж мөрдөж байсан журам нь авагдаагүй байна. Энэхүү журмыг гэмт хэрэг үйлдэгдэх цаг үед хэрхэн дагаж мөрдөж байсан нь хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход зайлшгүй шаардлагатай юм.

4. Прокуророос тогтоосон хэргийн үйл баримтад дурдсан нэр бүхий хохирогч нарын үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдэл нь хохирогч нарт олговол зохих хууль ёсны нэмэгдэл эсэх, нэмэгдэл олгох саналыг хэн гарсан, ийнхүү гаргасан санал нь хууль ёсны дагуу гаргасан эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй. Дээрх нөхцөл байдлыг шалган тогтоож, яллагдагч Б.Г-ын үйлдэл нь шунахай сэдэлтээр, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжтэй эсэх, эсхүл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай юм. ...” гэж дүгнэж, яллагдагч Б.Г-ад холбогдох эрүүгийн 2208 02496 0095 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, Хаан банкны дансны хуулга бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ууганбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “…1. Хэрэгт Б.Г-ын “Хаан банк"-ны 5555555555, 5555555555, 5555555555, 5555555555 дансны хуулга эх хувиараа хэрэгт авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх тогтоох боломжтой буюу шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар үнэлэх боломжтой.

2. Яллагдагч Б.Г- нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны ахлах байцаагчаар ажиллах хугацаандаа, ажлын байрандаа "эрүүлжүүлэх саатуулах байранд ойр зуурын юм авна, засвар хийнэ" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж, бусдад нийт 725.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь тухайн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авснаар залилах гэмт хэрэг төгсөх бөгөөд дээрх гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг хэрхэн, хэзээ, юунд зарцуулсан нь энэ хэргийн зүйлчлэлд хамааралгүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальсан, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

3. Яллагдагч Б.Г-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн шалгасан бөгөөд хэрэгт шаардлагатай хэм хэмжээний акт хэрэгт авагдсан байна.

4. Гэрч Х.У, Б.Т, Э.Э нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар албан хаагч нарт 20 хувийн нэмэгдэл хэрхэн олгогдож байсан нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх тогтоогдоогүй мэтээр мөн хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

5. Шүүхээс дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу 3-аас доошгүй хоногийн урьдчилан хэлэлцүүлгийн товыг мэдээгүй мөртлөө хохирогч нараас хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр оролцогчийн эрхийг хязгаарласан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Яллагдагч Б.Г-ын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж нотлох баримт цуглуулсан, мөн хэргийн зүйлчлэлтэй холбоотой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд байдаг тул анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсанаар 2021 оны 6 дугаар сард 20 хувийн нэмэгдлийг цагдаагийн ахлах ахлагч Ж.Ч-ад нэмж, төлөвлөсөн мөнгийг Б.Г-ын зүгээс нягтлан бодогчийн дансанд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. Дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай байна. Мөн гэмт хэрэг үйлдэгдэж буй нутаг дэвсгэрийг прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу тогтоож чадаагүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Г-ад холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Яллагдагч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны ахлах байцаагчаар ажиллах хугацаандаа ажлын байрандаа “Эрүүлжүүлэх саатуулах байранд ойр зуурын юм авна, засвар хийнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглан үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын хооронд нэр бүхий албан хаагчдад нэмэгдэл олгож, мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авч, нийт 725.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн зарим хэсэг хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  1. Хэргийн 2 дугаар хавтасны 18-33 дугаар талд авагдсан Хаан банк дахь яллагдагч Б.Г-ын эзэмшлийн дансны хуулганд үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 28.1 дүгээр зүйлийг удирдлага болгосон, мөн хөндлөнгийн гэрч Ж.О, М.Ө нарыг байлцуулсан талаар тусгасан байх боловч хөндлөнгийн гэрч М.Ө нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн нэгдүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэж, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж заасан.

Мөрдөгч дансны хуулганд үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчлийг дансны хуулгыг шүүх хуралдаанаар шинжлэн судлах замаар зөвтгөх боломжгүй, хууль ёсны зарчимд харшилна гэж үзэв.

  1. Анхан шатны шүүх нэр бүхий албан хаагчдад цалингийн нэмэгдэл олгох шийдвэр, санал гаргасан этгээд хэн болох, ийнхүү гаргасан шийдвэр, санал нь хууль тогтоомж, бусад хэм хэмжээний актад нийцсэн эсэхийг шалгаж, яллагдагч Б.Г-ын үйлдэлд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай талаар хэргийг прокурорт буцаасан захирамжид заасан нь үндэслэлтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах” зорилтод нийцнэ.

Гэмт хэргийг бүрэн дүүрэн, нарийн, зөв зүйлчлэх нь шүүн таслах эрхийг хэрэгжүүлэх, бие хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах хууль зүйн баталгааны нэг төрөл болохоос гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шударга, ялгамжтай, тохирсон ял оногдуулах нэн чухал урьдач нөхцөл болно. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгээр зүйлчилснээс ял оногдуулах асуудал шууд хамаардаг болно.

  1. Харин анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа “...Б.Т-ын дансны хуулгыг цаасан хэлбэрээр хэрэгт хавсаргах, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 111 алба хаагчийн ажлыг үнэлэх” гэсэн журмыг гэмт хэрэг үйлдэгдэх цаг үед хэрхэн дагаж мөрдөж байсан нь хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход зайлшгүй шаардлагатай. ...” гэсэн үндэслэлийг заасан байх ба эдгээр ажиллагааг хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Прокурор Б.Ууганбаярын бичсэн эсэргүүцэлдээ “...тухайн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авснаар залилах гэмт хэрэг төгсөх бөгөөд дээрх гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг хэрхэн, хэзээ, юунд зарцуулсан нь хэргийн зүйлчлэлд хамааралгүй, ... шаардлагатай хэм хэмжээний акт хэрэгт авагдсан...” гэсэн нь үндэслэлтэй байх тул энэ хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Дээрх үндэслэлүүдээр прокурор Б.Ууганбаярын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 379 дүгээр захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

  1. Прокурор Б.Ууганбаяр бичсэн эсэргүүцэлдээ “Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцож, эсэргүүцлийн хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлах болно” хэмээн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. ...” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан болох газар, товыг 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан прокурор, оролцогчид мэдэгдэнэ.” гэж зааснаар давж заалдах шатны шүүх шүүх хуралдааны товыг прокурорт 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн.

Шүүх хуралдааны товыг мэдсэн прокурор, оролцогч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд прокурор хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх тайлбар, шалтгаанаа бичгээр ирүүлээгүй тул прокурорыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг энэхүү магадлалд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 379 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ууганбаярын хэргийг хуралдаанаар хэлэлцүүлэхээр бичсэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ