Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2021/00052  

 

А.О-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00531 дугаар шийдвэртэй, А.О-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 15 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Муталип, хариуцагч байгууллагын өмгөөлөгчид С.Нургайып, Д.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 15 дугаар цэцэрлэгийн санхүүгээс хивсэнцэр 9 метр буюу 315000 төгрөг, хувцасны өлгүүр 1 ширхэг буюу 60000 төгрөг, хоолны ширээ 2 ширхэг буюу 92000 төгрөг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхэг буюу 56000 төгрөг, цайны аяга 15 ширхэг буюу 10500 төгрөг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхэг буюу 36000 төгрөг, халбага 15 ширхэг буюу 6700 төгрөг, хөнжил давуу 10 ширхэг буюу 162200 төгрөг зэрэг эд хөрөнгийн үнэ нийт 738400 төгрөг,  ажлын 13 хоногийн цалин 484000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “А.О миний бие хүүхдийн цэцэрлэгийн багш мэргэжилтэй бөгөөд Өлгий сумын 15-р цэцэрлэгт шинээр нэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилогдон ажиллахаар аймгийн Засаг даргын өгсөн чиглэл, тус цэцэрлэгийн эрхлэгч Ш.Заукимийн санал болгосноор хөдөлмөрийн гэрээ байгуулахаар очиход тус цэцэрлэгийн эрхлэгч Ш.Зауким нь шинээр нэгдсэн бүлгийн эд хогшлыг хувиасаа мөнгө төгрөг гаргаж тохижуулан ажиллавал сүүлд цэцэрлэгийн төсвөөс нөхөн олгоно гэж тохиролцсон юм.

Нэхэмжлэгч А.О миний бие багшийн ажилд томилогдохын тулд эрхлэгч Ш.Заукимийн шаардлагыг биелүүлж тус цэцэрлэгт шинээр нээгдсэн бүлгийг тохижуулахад зориулж туслах багшаар томилогдох гэж байгаа хүний хамт шалны хивс, аяга, сав суулга, хөнжил, гудас, ор хөнжлийн давуу, хоолны ширээ 2 ширхэг,15 ширхэг хүүхдийн сандал, 4 төрлийн шүүгээ тавиур, палантай суултуур, угаагуур, үзүүлэн таниулах материал зэрэг 1806010 (нэг сая найман зуун зургаан мянган арван) төгрөгийн эд зүйлийг хувиасаа гаргаж тухайн цэцэрлэгт орлогод авхуулсан юм.

Мөн тус цэцэрлэгт нийт 18 хоног ажлын цагийг бүртгүүлэн ажиллаж, цэцэрлэгийн өрөө тасалгаа, анги танхимыг тохижуулан ажиллаж, сургалт хүмүүжил явуулж байрны бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа билээ. Гэтэл бүх зүйл бэлэн болсны эцэст Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл олгоогүй гэх үндэслэлээр намайг болон туслах багшийг ажилд томилоогүй учраас А.О миний бие тус цэцэрлэгт хувиасаа худалдан авч өгсөн эд зүйлийн үнэ болон ажилласны хөлсийг нэхэмжилсэн боловч эд зүйлийн заримыг буцаан өгч, одоо үлдсэн зарим эд зүйлийн үнэ болох 836400 төгрөг, миний ажлын хөлс болох 18 хоног (ажлын 13 хоног)-ийн цалин хөлс болох 484000 төгрөгийг өгөхгүй байна. Цалин хөлсийг Засгийн газрын тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албан тушаалын ангиллын сүлжээний дагуу нэхэмжилж байна. Иймд шүүхээс хүсэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Өлгий сумын 15-р цэцэрлэгийн санхүүгээс худалдан авч өгсөн эд хөрөнгийн үнээс үлдсэн 836400 төгрөг, тухайн цэцэрлэгийг тохижуулж ажилласан 18 хоног (ажлын 13 хоног)-ийн цалин хөлс болох 484000 төгрөгийн хамт гаргуулан өгч А.О миний хохирлыг арилгаж өгнө үү” гэжээ

 

Хариуцагч байгууллагын тайлбарт: Орон нутгийн болон Улсын Их Хурлын сонгуулийн үед аймгийн Засаг даргын Тамгын газраас танай цэцэрлэгийн орон тоог нэмж өгнө, нэг бүлэг нээж ажиллуулах шаардлагатай гэсэн билээ. Тэгээд би цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд бүлэг нэмж ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Аймгийн удирдлагууд дахин дахин шахаж шаардахаар нь өөрийнхөө албаны өрөө болон нягтлан бодогч, нярав нарын өрөөг суллаж өгсөн юм. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бүлэг нээж ажиллуулах зөвшөөрөл, дүгнэлт гаргаж өгөх талаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 18 дугаар албан бичиг хүргүүлсэн юм. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний явуулсан албан тоотын хариуг өгч, байцаагчийн дүгнэлт ирүүлсэн юм. Би тухайн үед А.О нарт байцаагчийн дүгнэлт зэргийг амаар танилцуулж бүлэг нэмж ажиллуулахыг зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Би хүчээр эд хогшил авхуулсан асуудал байхгүй. Өөрсдөө санаачилж авч ирсэн билээ.

Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөхгүй гэдгийг дахин дахин сануулсаар байхад аймгаас зөвшөөрүүлнэ гэсэн, тийм учраас бид ангийн ширээ сандал эд хогшлыг өөрсдөө авчирч тавьж байна гэсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  зөвшөөрөл олгоогүй учир А.О-ыг албан тушаалд томилох тухай тушаал гаргаагүй, цагийг бүртгээгүй, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй юм.

Надад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй юм. Харин А.О авч ирсэн эд хогшлын заримыг өөрөө авсан байгаа. Үүнд: 1.Хүүхдийн угаагуур, суултуурын үнэ болох 500.000 төгрөгийг А.О-ы нэрийн дансанд шилжүүлсэн. 2. Хүүхдийн сандал 15ш, хувин 1 ширхэг, данх 1 ширхэг, палантай түмпэн 1 ширхэг, хөнжлийн шкаф 1 ширхэг, палантай хувин 1 ширхэг зэргийг А.Назгүл авсан. Үлдсэн хөрөнгийг авахыг шаардсан боловч өөрсдөө авахгүй байгаа ба эд хөрөнгүүдийг авах юм бол бэлэн байгаа. Орлогод аваагүй, хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй юм. Мөн 13 хоногийн цалин олгох боломжгүй. Яагаад гэвэл тушаал гаргаагүй тул цалин олгохгүй юм. Цэцэрлэгийн нэг бүлгийг тохижуулан ажиллуулах талаар би ямар нэгэн гэрээ хийгээгүй хөлс өгнө гэж амлаж байгаагүй юм. Иймд А.О-ы сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00531дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 15 дугаар цэцэрлэгийн санхүүгээс хивсэнцэр 9 метр буюу 315000 төгрөг, хувцасны тавиур 1 ширхэг буюу 60000 төгрөг, хоолны ширээ 2 ширхэг буюу 92000 төгрөг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхэг буюу 56000 төгрөг, цайны аяга 15 ширхэг буюу 10500 төгрөг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхэг буюу 36000 төгрөг, халбага 15 ширхэг буюу 6700 төгрөг, хөнжил давуу 10 ширхэг буюу 162200 төгрөг зэрэг эд хөрөнгийн үнэ нийт 738400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Од олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 484000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгчтэй хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Орон нутгийн болон Улсын Их Хурлын сонгуулийн үед аймгийн Засаг даргын Тамгын газраас тус цэцэрлэгийн орон тоог нэмж өгнө ,нэг бүлэг нээж ажиллуулах шаардлагатай гэсэн. Цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд бүлэг нэмж ажиллуулах боломжгүй хариу өгсөн . Аймгийн удирдлагууд шаардахаар нь өөрийнхөө албаны өрөө, нягтлан бологч, нярвын өрөөг суллаж өгсөн байв.Мэргэжлийн хяналтын газарт бүлэг нээж ажиллуулах зөвшөөрөл ,дүгнэлт гаргуулах талаар албан тоот хүрүүлсэн байв Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч М.Дауренбекийн гаргасан дүгнэлт Хүүхэд хүлээн авах өрөөгүй,хооллох,тоглох,өрөө нэг доор цаашид бүлэг нэмж ажиллуулах боломжгүй гэж хариу өгч дүгнэлт гаргасан юм..Улсын байцаагчийн дүгнэлтийг нэхэмжлэгч А.О-д танилцуулж эд зүйл авч ирэхгүй байх талаас нь танилцуулан мэдэгдсэн байв. Хариуцагч Ш.Зауким нь нэхэмжлэгч А.О-аар эд зүйлийг авхуулаагүй өөрсдөө сайн дураараа худалдаж авчирч тус цэцэрлэгт тавьсан юм. Мөн тэдний авч ирсэн эд зүйлийг комисс гаргаж орлогод авч эрхийн акт гаргаагүй байсан юм. Мөн нярваар ажиллаж байсан Хавкейн А.О-ы нарын авч ирсэн эд хөрөнгийг орлогод авахдаа тус цэцэрлэгийн ня-бо байгууллагын дарга нарт гарын үсэг зуруулаагүй,танилцуулаагүй ,хянуулаагүй дур мэдэн орлогод авсан орлогын баримтад гарын үсэггүй байхад анхан шатны шүүх дүгнэж үзээгүй юм. Байгууллагын дансанд бүртгэж орлогод аваагүй эд хөрөнгийн үнэ болох 738400 төгрөгийг хариуцагч байгууллагын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй юм. Мөн төсвөөс эд хөрөнгийн мөнгийг гаргах боломжгүй. Иймд Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын-28-ны өдрийн 130/ШШ2021/00531 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон боловч шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.О нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 15 дугаар цэцэрлэгийн санхүүгээс хивсэнцэр 9 метр буюу 315000 төгрөг, хувцасны өлгүүр 1 ширхэг буюу 60000 төгрөг, хоолны ширээ 2 ширхэг буюу 92000 төгрөг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхэг буюу 56000 төгрөг, цайны аяга 15 ширхэг буюу 10500 төгрөг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхэг буюу 36000 төгрөг, халбага 15 ширхэг буюу 6700 төгрөг, хөнжил давуу 10 ширхэг буюу 162200 төгрөг зэрэг “эд хөрөнгийн үнэ нийт 738400 төгрөг”, ажлын 13 хоногийн цалин болох 484000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талууд шүүхэд тайлбар, нотлох баримт гаргах замаар мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэгч анх хариуцагчаас цалин хөлс нэхэмжилснээс гадна 836400 төгрөгийн эд хөрөнгийн үнийг гаргуулахаар шаардсан боловч хөнжлийн шкаф, паалантай түмпэн зэргийг иргэн А.Назгүл хүлээж авсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын уг хэсгийг 738400 төгрөг болгож багасгасан байна.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль ёсны болжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан шинжлэн судалбал, иргэн А.О болон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 15 дугаар цэцэрлэгийн хооронд хуулиар болон гэрээгээр тогтоосон, хууль ёсны ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй буюу иргэн А.О нь 738400 төгрөгийн эд хөрөнгийг цэцэрлэгт нийлүүлэх, харин цэцэрлэг нь уг хөрөнгийг А.О-аас авах, шаардах эрх, үүргийг тус тус хүлээгээгүй нь бүрэн тогтоогдож байна. Түүнчлэн А.О нь тус цэцэрлэгт хууль ёсоор ямар нэгэн ажил, албан тушаалд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон үйл баримт мөн тогтоогдоогүй болно.

 

Гэтэл талуудын хооронд хууль ёсны эрх зүйн харилцаа үүсээгүй, хуулиар болон гэрээгээр хүлээсэн ямар нэгэн эрх үүргийн нэгдэл бий болоогүй байхад 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд А.О нь хивсэнцэр, хувцасны өлгүүр, хоолны ширээ, ариун цэврийн хэрэглээний тавиур, цайны аяга, хоолны таваг, халбага, хөнжлийн даавуу зэрэг 738400 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг цэцэрлэгт нийлүүлсэн, Өлгий сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь өөрийнхөө болон нягтлан, нярав нарын албан тасалгааг суллаж өгч, дээрх эд хөрөнгийг хүлээж авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, уг эд хөрөнгүүдийг хариуцагч байгууллагын орлогод бүртгэж авсан нь тухайн үед цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан гэрч Ш.Хавыкейн мэдүүлгээр нотлогджээ.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгч А.О-ы нийлүүлсэн гэх бусад эд хөрөнгийн үнийг, тухайлбал угаагуур 2 ширхэг, хүүхдийн суултуур 2 ширхгийн үнэ 500.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Иймээс хөрөнгө олж авсан этгээд болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 15 дугаар цэцэрлэг болон хөрөнгө нийлүүлсэн этгээд А.О нарын хооронд үүрэг үүсээгүй байхад дээр дурдсанчлан нэхэмжлэгч эд хөрөнгө нийлүүлж, хариуцагч уг эд хөрөнгийг хүлээн авч байгууллагын орлогод бүртгэсэн, хүлээж авсан зарим эд хөрөнгийн үнийг буцаан төлсөн учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн, хариуцагчаас нэхэмжлэгчийн нийлүүлсэн эд хөрөнгийн үнэ 738400 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль ёсны болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмын агуулгад нийцэх тул нэхэмжлэгч шаардлагаа “эд хөрөнгийн үнэ нийт 738400 төгрөг гаргуулахаар” тодорхойлсон байдал, уг эд хөрөнгийг байгууллагын орлогод авч бүртгэсэн нөхцөл байдлыг харгалзаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн эхний заалтын “буюу” холбох үгийн хэрэглээг “үнэ” гэж өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар үндэслэлтэй зөв дүгнэж, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт нийцсэн бөгөөд энэ талаар талууд давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00531 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хивсэнцэр 9 метр буюу 315000 төгрөг, хувцасны тавиур 1 ширхэг буюу 60000 төгрөг, хоолны ширээ 2 ширхэг буюу 92000 төгрөг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхэг буюу 56000 төгрөг, цайны аяга 15 ширхэг буюу 10500 төгрөг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхэг буюу 36000 төгрөг, халбага 15 ширхэг буюу 6700 төгрөг, хөнжил давуу 10 ширхэг буюу 162200 төгрөг зэрэг эд хөрөнгийн үнэ нийт 738400 төгрөгийг гаргуулан” гэснийг “...хивсэнцэр 9 метрийн үнэ 315000 төгрөг, хувцасны тавиур 1 ширхгийн үнэ 60000 төгрөг, хоолны ширээ 2 ширхгийн үнэ 92000 төгрөг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхгийн үнэ 56000 төгрөг, цайны аяга 15 ширхгийн үнэ 10500 төгрөг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхгийн үнэ 36000 төгрөг, халбага 15 ширхгийн үнэ 6700 төгрөг, хөнжил давуу 10 ширхгийн үнэ 162200 төгрөг, нийт 738400 төгрөг гаргуулан” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                            С.ӨМИРБЕК