Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/369

 

Г.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Дэндэвдорж,

хохирогч Ц.Д,

цагаатгагдсан этгээд Г.Х, түүний өмгөөлөгч М.Хандармаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/82 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Х-т холбогдох 2211 00168 0525 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Г-ийн Х, 1981 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Я” ХХК-д эдийн засагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... , ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Г.Х- нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ... барилгын ... давхарт иргэн Ц.Д-той түрээсийн асуудлаар маргалдан, улмаар түүнийг шатан дээрээс түлхэн эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн зулайн хуйхны зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2211 00168 0525 дугаартай шүүгдэгч Т овогт Г-ийн Х-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч Г.Х нь энэ эрүүгийн хэрэгт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэргийн хамт хадгалахаар, шүүгдэгч Г.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ...  давхрын ... тоот 2 өрөө байрыг Г.Х- нь 3 жил орчим түрээсэлж байгаад сүүлийн 1 жил 6 сарын мөнгөө өгөлгүй 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр амралтын өдрийг далимдуулан эд зүйлсээ аваад, нууцаар гарахыг оролдсон. Тухайн үед би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн мөнгөө нэхээд нэхэмжлэл гаргасан байсан. Г.Х- нь шүүхэд тайлбарлахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулаад “Ц.Д- гэдэг хүнийг огт танихгүй, уг байрыг түрээслээгүй” гэж худал тайлбар өгсөн байдаг. Ийм учраас яаран гарч зугтахаар оролдсон гэж миний хувьд үздэг. Би тухайн өдөр Г.Х-ыг “гарсан он, сараа бичээд эд зүйлсээ авсан гээд, түрээсэлсэн байраа хүлээлгэж өгсөн гэсэн гарын үсэг зур” гэхэд “зурахгүй явна” гэж дайрахдаа намайг цээж рүү хэд хэдэн удаа ёворч түлхсэний улмаас би арагшаа шатны уруу унасан. Энэ үед миний биед хөнгөн гэмтэл буюу баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн зулайн хуйхны зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон гэж Шүүхийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1857 тоот дүгнэлт гарсан. Гэтэл намайг анхан шатны шүүхээс өөрөө унасан, Г.Х нь уг гэмтлийг санаатай учруулаагүй гэж үзэж цагаатгасан. Гэтэл гэрч Бямбаа болон Наранцацрал нар намайг түлхүүлээд, цохиулаад унасныг гэрчилдэг. Мөн намайг шатны уруу унавал хэн ч гэсэн гэмтэнэ гэдгийг мэдсээр байж намайг шатны уруу унагасны улмаас гэмтэл учирсан. Гэмтэл учирсан нь тодорхой, түрээсийн төлбөрөөс болоод хэнтэй муудалцсан, шатны уруу унасан нь тодорхой байхад Г.Х-ыг цагаатгасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Х-ыг гэм буруутайд тооцож, миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...Би 3 удаа хохирсон. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г.Х-тай байрны түрээсийн төлбөрөөс болж маргалдсан. Би иргэний хэргийн шүүхэд хандаж мөнгөө авсан. Би Г.Х-т хамгийн хямд үнээр байраа түрээсэлж, түүнд сайхан сэтгэл гаргаж байсан. Г.Х- намайг шатны уруу түлхэж унагаасан бөгөөд 2-3 давхрын хооронд болсон явдлыг 1 давхарт болсон мэтээр эхнэрийнхээ хийсэн бичлэгийг монтажилж, намайг толгойгоороо унаагүй гэж харагдуулсан. Би толгойгоороо унаагүй бол миний хэнгэрэг яагаад цоорох вэ. Анхан шатны шүүхээс Г.Х-ыг цагаатгаж шийдвэрлэсэн тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээр энэ асуудлыг олон удаа хэлэлцэж байна. Ц.Д- нь хуурамч нотлох баримт гаргаж өгч, гэрчүүдээр худал хэлүүлсэн байдаг. Ц.Д-ийн ярьж буй зүйл нь хавтаст хэрэгт авагдсан бичлэгтэй таардаггүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн бичлэгийг монтажлаагүй гэдгийг тогтоосон. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Д- хохирсон болж жүжиглэж байгаа нь тухайн бичлэгт тодорхой харагддаг бөгөөд мөнгө авах гэсэн арга, заль гэж үзэж байна. Ц.Д- нь надтай түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд хуурамч түрээсийн гэрээ хийж, иргэний хэргийн шүүхэд хандан надаас 7.000.000 гаран төгрөг авсан. Ц.Д-ийн шүүхэд худал мэдүүлсэн, хуурамч нотлох баримт гаргаж өгсөн асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. ...” гэв

Цагаатгагдсан этгээд Г.Х-ын өмгөөлөгч М.Хандармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэг нь 3 удаа гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанаар маргаан эхлэхээс дуусах хүртэлх хугацааны бичлэгийг шинжлэн судалсан бөгөөд шинжээчийн дүгнэлтэд заасан хохирогч Ц.Д-ийн нүүрэн тус газар болон бусад хэсэгт Г.Х- огт хүрээгүй тул тухайн гэмтлийг Г.Х- учруулаагүй нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос анхан шатны шүүх хуралдаанд Г.Х-ын гэм бурууг батлах байр сууринаас оролцож байсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ байр сууриа дэмжиж оролцож байна. Хохирогч Ц.Д-ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Хохирогч Д.Д- “Г.Х- намайг шатнаас түлхэж унагааснаас болж энэ гэмтэл учирсан.” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн тогтвортой мэдүүлдэг. Болсон үйл явдлыг харсан гэрч, мөн гар утасны бичлэг байдаг бөгөөд тухайн бичлэгт Г.Х-, Ц.Д- нар хоорондоо маргалдаж, улмаар Ц.Д- шатнаас унаж байгаа нь бичигдсэн байдаг. Иймд прокуророос Г.Х-ын үйлдэл нотлогдож байна гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Х- гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Ц.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.Х-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад хэргийн талаарх харилцан зөрүүтэй нотлох баримтуудын зааг, ялгааг тогтоох, нотлох баримтын хэрэгт ач холбогдолтой байдал, хамаарлыг харьцуулан шинжилж дараах үндэслэл бүхий дүгнэлтийг хийлээ.

  1. Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

Прокуророос Г.Х-ыг “2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ... дүгээр барилгын ... давхарт иргэн Ц.Д-той түрээсийн асуудлаар маргалдаж, улмаар түүнийг шатан дээрээс түлхсэний улмаас эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн зулайн хуйхны зулгарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Ц.Д-, гэрч Г.Б, Г.Н, Б.С, З.Ц, цагаатгагдсан этгээд Г.Х- нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг яллах үндэслэл болгожээ.

Хохирогч Ц.Д- “...Бид ам мурийгаад шатан дээр би доор нь, Г.Х- дээр нь зогсож байтал над руу дайраад тохойгоороо 2 удаа цохиод, түлхсэн чинь би шатны уруу өнхрөөд уначихсан. ...” гэсэн, цагаатгагдсан этгээд Г.Х-ын “...Тухайн үед намайг гарах гэхээр хашаад байхаар нь би хажуу талаар нь гарах гэсэн чинь миний нуруунаас зуурч байгаад шатан дээр өөрөө уначихсан. ...Би хажуугаар нь арай гэж гарч явсан. ...” гэсэн хохирогч, цагаатгагдсан эдгээд нарын зөрүүтэй мэдүүлгүүд нь Г.Х-ыг Ц.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол “санаатай” учруулсан, Г.Х- нь шууд санаатай үйлдлээр хохирол, хор уршгийг зориуд учруулсан болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна.

Хэргийн талаар өгсөн гэрч Г.Б-ийн “...Нөгөө түрээслэгч залуу нь байрны эзнийг хэл амаар доромжилж байгаад миний нүдэн дээр шатнаас түлхэж унагаагаад эхнэрийнхээ хамт яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг нь гэрч Б.С-ийн “...Манай нөхөр /Х-/ тэр ахыг “Та миний эрхэд халдаад байна, намайг явуулаадах” гэхэд гаргахгүй байсан ба түрээслэгч ахын хажуугаар явсан. Гэтэл өөрөө шатан дээр бөгсөөрөө уначихсан. Тухайн үед манай нөхөр нөгөө ахыг огт түлхээгүй. ...” гэсэн хэргийн үйл баримтын талаар өгсөн мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй буюу эдгээр мэдүүлгүүд нь нэгэн зэрэг үнэн байх боломжгүй байна.

Харин гэрч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “...залуу нь шатаар уруудаж гарах гэсэн чинь Ц.Д- ах гаргахгүй гээд урд нь зогсож байтал Ц.Д- ахыг түлхээд унагачихсан. ...” гэж /1хх 17-18/, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэхдээ “...Ц.Д- 3 давхрын шатнаас 2 давхар руу уруудаж ордог шатны гол хэсэгт зогсоод, нөгөө залуу гүйгээд гарсан. Тэгэхэд Ц.Д- эрчинд нь унаад үлдэхээр нь би гүйж очоод ...Ц.Д- ахыг босгосон. Тэгэхэд Ц.Д- “Миний толгой өвдөж байна” гэхээр нь “Та өөрөө шатны уруу ойчсон болохоор толгой чинь өвдөж байгаа байх, эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. Ц.Д-ийг Г.Х- албаар түлхсэн үйлдэл гаргаагүй гэж бодож байна. Г.Х- явах гэтэл Г.Д-той зууралдаад зогсож байхаар нь залуу хүүхэд хурдтай гүйгээд гарсан. Тэр үед Ц.Д-ид хүрээд шатны уруу ойчсон. ...” /хх 217/ гэж Г.Х- нь Ц.Д-ийг түлхэж унагаасан эсэх талаар зөрүүтэй мэдүүлсэн байх тул түүний мэдүүлгийн эх сурвалж бодитой бус, нотлох баримтын хүлээн зөвшөөрөгдөхүйц шаардлагыг хангахгүй байх тул түүнийг үнэлэх боломжгүй болно.

Хэргийн үйл баримт, болсон үйл явдлыг шууд тусгасан эх сурвалж болох камерын бичлэгийг хохирогч, цагаатгагдсан этгээд, гэрч нарын мэдүүлгүүд, тэдгээрт дурдагдсан мэдээллийг зайлшгүй харгалзан үзсэний эцэст бусад нотлох баримттай харьцуулан шинжилж, үнэлж дүгнэх учиртай.

Хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, мөн хэрэгт авагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад Г.Х-, Ц.Д- нар нь байрны түрээсийн асуудлаар маргалдаж, улмаар Г.Х- нь тухайн байрнаас гарч явах гэхэд Ц.Д- нь гар утсаараа бичлэг хийн түүнийг явуулахгүйгээр замыг нь хааж, түлхэн эсэргүүцэж, ноцолдох үедээ шатан дээр хөл алдан унасан, улмаар дахин босч Г.Х-тай байрны үүдээр гарах хүртэл зууралдан түлхэлцсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлууд, хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, цагаатгагдсан этгээд Г.Х-ын үйлдэлд гэмт хэргийн шинж, тодруулбал тэрээр бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэсэн гэмт санаа буюу субъектив шинж үгүйсгэгдэж байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан хохирогч Ц.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

  1. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн үйл явдлыг дүрслэн харуулсан бичлэгт засвар, эвлүүлэг хийсэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон байх бөгөөд Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0153 дугаар дүгнэлтээр тус бичлэгүүдэд эвлүүлэг ороогүй, дүрс бичлэгүүд үргэлжлэх хугацаанд хасагдаагүй, таслаагүй болох нь тогтоогджээ.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана” гэж заасан бөгөөд шүүхийн цагаатгах тогтоолын хэлбэр, бүтцийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд тусгасан.

Гэтэл анхан шатны шүүх Г.Х-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон боловч түүнийг цагаатгалгүй, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь буруу байх тул давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолд Г.Х-ыг цагаатгасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэгт холбогдсон хүний үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг учирсан болох нь нотлогдоогүй, хохирогчид гэмтэл учруулсан этгээдийг олж тогтоох нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдогчийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах зохицуулалттай болно.

  1. Шүүх Г.Х-ыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдээгүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих бус иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
  2. Анхан шатны шүүх Г.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хуульд зааснаас гадуур, хууль бус хэлбэрээр процесс ажиллагааг явуулсан, хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсанчлан ашиг сонирхлын зөрчилтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шүүгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хохирогч Ц.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/82 дугаар цагаатгах тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/82 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Чингэлтэй дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т овогт Г-ийн Х-ыг цагаатгасугай.” гэж,

2 дахь заалтын “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдсугай.” гэснийг “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хэрэгт гаргасан хохирогч Ц.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ