2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/02537

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо,   тоотод байршилтай “М д ц” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоот хаягт оршин суух М Б /РД: /-д холбогдох,

 

33,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Г.Т, хариуцагч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч М.Бд холбогдуулан 31,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Н.Д би иргэн М.Бтай 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан “Драгон айя” тоглолтод тасалбар борлуулах эрхийг нэг бүрийг нь 35.000 төгрөгөөр тооцож 2023 оны 10 сарын 29-ны өдрийн дотор гүйлгээ хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу 210.000.000 төгрөгийн гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа төлбөр төлөлт хугацаандаа хийгдээгүй. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” хийж хариуцагч талаас 40.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч 8.500.000 төгрөгийг 5 удаа салгаж шилжүүлсэн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч “Удахгүй өгнө, шилжүүллээ” гээд одоо болтол хөлсийг минь өгөхгүй байгаа тул миний ажлын хөлсний үлдэгдэл болох 31.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Д нь нэхэмжлэгчийг “М д ц” ХХК-аар сольж хариуцагч М.Бд холбогдуулан 33,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. “Манай компани нь хариуцагч М.Бтай харилцан тохиролцож 2023 оны 10 дугаар сарын 14-29-ний өдрүүдэд “U”-д зохион байгуулагдах “Dragon еуе” циркийн тоглолтын 28, 29-ний өдрүүдийн тасалбарыг худалдан борлуулах эрхийг олгон 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж нэг бүр нь 35,000 төгрөгийн үнэтэй 6000 ширхэг тасалбарыг хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч тоглолт зохион байгуулагдах өдрийг хүртэл нэг ч ширхэг тасалбар борлуулаагүй байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүх тасалбарыг нэхэмжлэгчид буцааж өгчээ. Нэгэнт цаг хугацаа тулсан учир тасалбарыг худалдан борлуулж чадалгүй 210,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Хариуцагчид энэ тухай мэдэгдэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн байна. Гэвч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул удаа дараа сануулсны эцэст 40,000,000 төгрөгийг 4 хуваан нэхэмжлэгчид төлөхөөр болж 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Хариуцагч нь энэ гэрээг байгуулснаас хойш 4 удаагийн нийт 6,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд дахиж мөнгө төлөөгүй. Нэхэмжлэгч “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид удаа дараа сануулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд хариуцагчаас “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 33,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 3. Хариуцагч М.Б хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээг үндэслэн надаас 35,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би болон бидний хэсэг нөхдүүд нийлж нэхэмжлэгчээс тасалбар борлуулах эрх авч тодорхой хэмжээний тасалбарыг худалдан борлуулж мөнгийг нь иргэн Н.Дийн хувийн харилцах дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл тасалбарыг Н.Д ба түүний компанийн хамтран ажиллаж байсан “Ш” ХХК-д аваачиж хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш Н.Д нь намайг фейсбүүкээр тааглан дарамталж эхэлсэн бөгөөд би арга буюу Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Би ашиг орлого аваагүй, тоглолт дөхсөн учраас санаа зовоод яаралтай билетийг аваачиж өгсөн. Үүнийг гэрчүүд нотолно. Нэхэмжлэгч нь надаас ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

  4. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Төлбөр барагдуулах тухай гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Төлбөр барагдуулах гэрээний график, Хамтран ажиллах гэрээ, Итгэмжлэл, Дансны хуулга, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, “М д ц” ХХК-ийн дүрэм, “М д ц” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Нэхэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбар, Харилцах дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас хүсэлтээр “Ш” ХХК-аас ирүүлсэн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг  зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “М д ц” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч М.Бтай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж 6000 ширхэг тасалбарыг хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч тасалбар борлуулаагүй байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл тасалбарыг нэхэмжлэгчид буцааж өгсөн. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул удаа дараа сануулсны эцэст 40,000,000 төгрөгийг 4 хуваан нэхэмжлэгчид төлөхөөр болж 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан бөгөөд 6,500,000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагчаас “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 33,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ.

 3. Хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Би болон бидний хэсэг нөхдүүд нийлж нэхэмжлэгчээс тасалбар борлуулах эрх авч тодорхой хэмжээний тасалбарыг худалдан борлуулж мөнгийг нь Н.Дийн хувийн харилцах дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл тасалбарыг Н.Д ба түүний компанийн хамтран ажиллаж байсан “Ш” ХХК-д аваачиж хүлээлгэн өгсөн. Төлбөр барагдуулах гэрээг арга буюу хийсэн. Би зарсан билетийн үнийг өгсөн, харин үлдэгдэл билетийг хүлээлгэн өгсөн байхад үндэслэлгүй 40,000,000 төгрөгийн гэрээг дарамтад оруулж хийсэн нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 4.1 Талууд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр зохион байгуулагч “М д ц” ХХК-аас “U”-д 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл болох “D” тоглолтын 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19:00 цагийн бүх тасалбар, 10 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагийн бүх тасалбарыг хамтрагч тал М.Бд хүлээлгэн өгөх, хамтрагч тал болох  М.Б онцгой эрхтэй бүтээгдэхүүн буюу тасалбарыг борлуулах, тасалбарыг хүлээн авахдаа тасалбар хүлээн авах акт үйлдэх, борлуулсан тасалбар бүрээс 15 хувийн шимтгэлийг авах, борлуулсан тасалбарын үнийг зохион байгуулагчид гэрээний дагуу шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх10-12/

 4.2 Мөн зохигчид 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, төлбөр төлөгч буюу хариуцагч М.Б 40,000,000 төгрөгийг үл маргах журмаар гэрээний графикт заасан 4 сарын хугацаанд төлбөр авагчид буюу нэхэмжлэгч “М д ц” ХХК-д бүрэн төлж барагдуулна гэжээ. /хх6-10/

 5. Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.3.-т даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй гэж заажээ. Даалгавар гүйцэтгэгч буюу хариуцагч борлуулсан билетийн орлогыг гэрээгээр тохирсон хугацаанд даалгавар өгөгчид шилжүүлэхээр тохиролцсон агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1. дэх хэсэгт зааснаар даалгаврын гэрээний харилцаа үүссэн ба дээрх “Хамтран ажиллах гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 6. Харин талуудын маргааны зүйл нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний хүчин төгөлдөр байдал, уг гэрээний дагуу шаардах эрхтэй үүсэх эсэх талаар маргасан.

 7. Нэхэмжлэгчээс ...Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул удаа дараа сануулсны эцэст 40,000,000 төгрөгийг 4 хуваан нэхэмжлэгчид төлөхөөр болж 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан, тасалбарыг худалдан борлуулж чадалгүй 210,000,000 төгрөгийн алдагдал учруулснаа хүлээн зөвшөөрсөн гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 Гэвч төлбөр барагдуулах хэлцэл хийх үндэслэл болж буй, Хамтран ажиллах гэрээнээс үүссэн үүргийг хариуцагчаас шаардсан шаардлагыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодруулахад түүнийг цахим орчинд айлгасан үг хэллэг хэрэглэсэн нь хариуцагчийн тайлбараар илэрхий байх тул дээрх хэлцэлд гарын үсэг зурсан нь 40,000,000 төгрөгийн үүргийг хүлээснийг тодорхойлох баримт болох үндэслэлгүй.

 Учир нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.1-д  ...“М д ц” ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19:00 цагийн бүх тасалбар, 10 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагийн бүх тасалбарыг М.Б борлуулалт хийж хамтран ажиллах, 2.1.2-т Зохион байгуулагч хамтрагчид дараагийн тасалбарыг хүлээлгэн өгөхдөө өмнө хүлээн авсан тасалбарын борлуулалт хийсэн тайланг дараа тооцоо, бэлэн борлуулалтыг шаардах эрхтэй, мөн 3.2.3-т Хамтрагч зохион байгуулагчаас тасалбарыг хүлээн авахдаа хүлээн авсан акт үйлдэж авах гэж тус тус заасан боловч нэхэмжлэгчээс дээрх гэрээнд бүх билет гэж зааснаар нэг бүрийн хэдэн төгрөгийн үнэтэй болон хэдэн ширхэг билетийг хариуцагчид хүлээлгэн өгөх талаар тодорхой заагаагүй, хариуцагчаас хэдэн ширхэг билетийг худалдан борлуулсан талаар тооцоо тайланг үйлдээгүй, талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 8. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М д ц” ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тасалбар, 10 дугаар сарын 29-ний өдрийн нийт 6,000 ширхэг тасалбарыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ба хариуцагч тоглолт зохион байгуулах өдрийг хүртэл нэг ч ширхэг тасалбар борлуулаагүй бөгөөд хүлээлгэн өгсөн тэрхүү тасалбаруудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзсан болно.

 9. Гэрч Б.Уаас “...Бид тоглолтын билетийг боломжоороо зарсан, ашиг орлого аваагүй, зарсан бүх билетийн мөнгөө Н.Д болон “М д ц” ХХК-ийн ажилтны дансруу шилжүүлсэн, үлдэгдэл бүх билетээ Ш дээр авчаад өгсөн...” гэж мэдүүлсэн.

 Нэхэмжлэгч “М д ц” ХХК болон “Ш” ХХК нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд “Ш” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19:00 цагийн тоглолтын 329 ширхэг биетийг борлуулсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагийн тоглолтын 630 ширхэг билетийг тус тус борлуулсан үйл баримт тогтоогдсон ба харин талуудаас “Ш” ХХК-аад хэдэн ширхэг тоглолтын билетийг хүлээн өгсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 Хэргийн 78 дугаар талд авагдсан гэрч Б.Угийн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд хариуцагчийн төлөөлөгч Н.Дийн эзэмшлийн дансанд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4,345,000 төгрөгийг /гүйлгээний утга: * Baigali/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 630,000 төгрөгийг /гүйлгээний утга: Baigalаа */, 700,000 төгрөгийг /гүйлгээний утга: 10/28-ni 19tsag 20 bilet */ нийт 5,675,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх ба нэхэмжлэгчээс дээрх баримтыг үгүйсгээгүй бөгөөд хэдэн билет хүлээлгэн өгсөн болон хэдэн билетийг хүлээн авсан талаар маргахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан зохицуулалтад аливаа этгээдийн байгуулсан хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчсөн буюу анхнаасаа хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хууль зүйн ойлголтыг зохицуулсан. Хууль зөрчсөн гэж үзэхийн тулд хэлцэл хийгч талууд хэлцэл хийхдээ ямар хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөнийг тодорхойлохоос гадна энэ нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг үүснэ.

 

Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний нөхцөл байдлыг тодруулан харгалзалгүй дан ганц төлбөр барагдуулах гэрээнд суурилан хариуцагчаас 33,500,000 төгрөгийг нэхэмжилсэн учир дутагдалтай. Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-ний агуулга, нөхцлөөс үзэхэд ямар үүргийн хэлцэлд суурилсан болон хамаарах нь тодорхойгүй энэ талаар тусгаагүй, энэхүү гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээтэй холбоотой уг гэрээг дүгнэж байгаа эсэх нь ойлгомжгүй, нэхэмжлэгчээс удаа дараа сануулсны эцэст хариуцагч М.Б Төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зурсан нь өөрийн үйлдлийн талаар нягтлах, тооцооллыг хийх боломж олгосон гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, хэлцэлд оролцогчдын боломжийг давсан шаардлага нь хариуцагч этгээдийн хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд өөрийн чадавхи чадамжийн хязгаарыг тогтоож зөв үнэлэх, мөн хариуцагчийг айлган энэхүү байдлыг өөрийн ашиг сонирхолд санаатайгаар ашиглаж хийсэн хэлцэл нь зан ёс суртахууны хэм хэмжээнд илт харшлахаар байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан нөхцлийг бий болгожээ.

 

Иймээс энэхүү удаа дараа албадан шаардлагын үндсэн дээр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийн төрөлд хамаарахаар байх ба нэхэмжлэгч “М д ц” ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүрэгт хариуцагч М.Байгалиас 33,500,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

11. Иймд хариуцагч М.Бд холбогдуулан 33,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “М д ц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.Бд холбогдуулан 33,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “М д ц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ