| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2024/0674/З |
| Дугаар | 128/ШШ2025/0405 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2025/0405
2025 05 28 128/ШШ2025/0405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г*******” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б*******, Б.Б
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, Г.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т, Х.А
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нарын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн НА******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, Б.Б, хариуцагч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нарын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн НА******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Татварын Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтарсан “Хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-тайгаар хариуцагч нар нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай томилолттой нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн 2018-2021 он хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг хийжээ.
2.2.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА******* дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
2.3.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зохих журмын дагуу төлөөгүй байна гэж үзэж, 1,301,834,113.67 төгрөгийн нөхөн татвар, 491,864,851.97 төгрөгийн торгууль, 367,420,661.58 төгрөгийн алданги, нийт 2,161,119,627.22 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
2.4.Нэхэмжлэгч “Г*******” ХХК нь маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолоор маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.5.Хариуцагч татварын улсын байцаагчид нөхөн ногдуулалтын актаар 2019 оны 05-12 дугаар сард экспортод гаргасан 4,883.03 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалд 2,663,495,416.66 төгрөгийн, 2020 онд экспортод гаргасан 7,981.18 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалд 7,412,284,092.72 төгрөгийн, 2021 онд экспортод гаргасан 3,987.20 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалд 1,247,818,768.55 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр дутуу ногдуулсан зөрчилд нийт 2,161,119,627.22 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
2.6.Тус шүүх “Г*******” ХХК-аас гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нарын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн НА******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нарт холбогдуулан 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т "Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана.” гэж хуульчилжээ. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А дүгээр тушаалын 01 хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 1.3.-т Татварын хяналт шалгалт гэдэгт /цаашид "хяналт шалгалт" гэх/ олон улсын гэрээ, татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг, татварын албаны баталсан дүрэм, журам, заавар, зөвлөмжийг мөрдлөг болгон "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-ын дагуу эрсдэлийн үнэлгээ тооцож хийсэн хяналт шалгалтыг ойлгоно. Мөн журмын 2.9.1-д “хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжээс ирүүлсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслэн энэ журмын 3.5- д заасан томилолт олгогдсоноор хийнэ", 3.5-д “Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн төлөвлөгөөний мэдээлэлд үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно.” гэж тус тус заажээ.
Манай компанийн татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, тухай бүр төлж байсан. Гэтэл татварын хяналт улсын байцаагчид татварын алба хүлээн авч баталгаажуулан, тухайн тайлангаар ***-ыг төлж байсан манай компанийг олон жилийн дараа буруутгаж ***-өө буруу гаргаж байсан мэтээр биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үнэхээр манай татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахгүй хаана байдаг нь мэдэгдэхгүй, мөн ямар зорилгоор ажиллуулдаг эсэх нь тодорхой бус бирж гэх зүйлийн мэдээ, үнийг баримтлах ёстой гэж үзэж байсан бол манай компанийн тайланг хүлээн авахгүй буцаах эрх боломж нь татварын албанд бүрэн байсан, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3.-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх;” гэснийхээ эсрэг Монголын татварын алба татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, үйлчилгээг үзүүлж /татварын албаны бүтцэд татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх нэгж байдаг байна./ чадахгүй биднийг ноцтой эрсдэл орууллаа.
Түүнчлэн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй ба харин түүний оронд хүчингүй болсон түүнчлэн үндэслэл болсон хууль Цэц дээр хүчингүй болсон зэрэг олон шалтгаанаар хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг ямар онол, сургаалын дагуу мөрдөх ёстой зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Эрх зүйн онолын суурь зарчим болох “хуулийг буцаан хэрэглэх талаар тухайлан заагаагүй бол тухай хуулийг буцаан хэрэглэхгүй “гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэж байх үед хүчингүй байсан Засгийн газрын тогтоолыг ямар хэм хэмжээний актаар амилуулж зөрчил гэж үзсэнийг тааж мэдэхгүй байна...
Хүчингүй болсон 2008 оны Татварын ерөнхий хуулийн "48 дугаар зүйл. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох “ гэсэн зохицуулалт 2019 оны Татварын ерөнхий хуулийн зохицуулалтаар илүү нарийвчилсан, ойлгомжтой болсон. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна.
Тиймээс татварын улсын байцаагч хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох Татварын ерөнхий хуулиар хүлээсэн нотлох баримт цуглуулах үүрэгтэй байна. Эцэст нь тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үүрэгтэй. Татварын алба ямар мэдээллийг ашиглах үүрэгтэй, эрхтэй вэ? гэсэн асуулт гарч ирэх ба Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж заасны дагуу: Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын " 3.3. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлохдоо тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй, ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг, харьцуулалт хийх боломжтой татвар төлөгч олон байгаа тохиолдолд хэд хэдэн татвар төлөгчийн этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоотой харьцуулалт хийн татварын ногдлыг тодорхойлж болно. Манай “Г*******” ХХК нь 2019 онд "Г*******" ХХК-с №*** тоот худалдах худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэлээр 1,667.80 тонн, “Ш” -с 3,213.23тонн жоншийг худалдан авсан. Мөн 2020 онд “М” ХХК-с №*** тоот худалдах худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэлээр 6,482.90 тонн жонш болон жоншны хүдрийг, “Ш"-с №*** тоот бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу гүйцэтгэлээр 9,825.81 тонн жоншны хүдэр, иргэн Ө.Мөнхсаруулаас №*** тоот худалдах худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэлээр 9,327.48 тонн жонш болон жоншны хүдрийг, иргэн Л.Эрдэнэчимэгээс 2,338.42 тонн жоншны хүдрийг тус тус худалдан авсан. Нийт 2019 - 2021 онуудад 32,856.03 тонн жонш болон жоншны хүдрийг худалдан авсан болно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах. Гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3.-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх;” гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэж болох ба манай тохиолдолд бидний зүгээс ***-ийг огт төлөөгүй биш төлсөн, гагцхүү бидний төлөлтийг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсныг ойлгох хэрэгтэй. Иймд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц. О, Г. Б нарын 2024 оны 03 дугаар арын 19-ний өдрийн НА******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт"-ыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн үйлдсэн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн НА******* дугаартай нөхөн ногдуулалтын ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т татварын алба эрсдэл эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн хууль тогтоомжид хүлээсэн үүргийн биелэлтийг шалгана гэж хуульчилсан байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А дүгээр тушаалын хавсралтаар татварын хяналт шалгалт, үйл ажиллагааг журамлаж өгсөн. Энэ журам дээр мөн адил эрсдэлийн үнэлгээг тооцож хийсэн хяналт шалгалтыг ойлгоно. Өөрөөр хэлбэл нэг дэх үндэслэлээрээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо татварын алба Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг зөрчиж тодорхой эрсдэл буюу татвар төлөгчийн хүсэлт дээр үндэслэхгүйгээр хоёр агентлагийн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн. Удирдамж дээр эрсдэлийн үнэлгээний журмаар татвар төлөгчийн эрсдэлийг тооцох үнэлгээ татвар төлөгчид нууц байх боловч нотлох баримтаар Маргаан таслах зөвлөл дээр ч, шүүхэд ч гаргаж өгсөнгүй гэдэг асуудлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.
Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд монгол улсын татвар гэж хуульчилсан байгаа. Монгол улсын татвар гэж хуульчилсны 7.2.6-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ордог. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуульчилсан, батлагдсан, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Татварын ерөнхий хуулийн онцлог зохицуулалт энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т орж ирж байгаа. Энэ заалтад "тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна" гэж хуульчилсан байгаа. Тухайн татварын хууль илүү нарийвчилсан зохицуулалттай гэдэг байдлаар татварын алба хэрэглэж хэвшчихсэн энэ ойлголтыг Татварын ерөнхий хуулийн 7.3 эвдэж орж ирсэн. Зарим нарийвчилсан харилцаа тухайн төрлийн хууль дээр байдаггүй, тийм учраас Татварын ерөнхий хуулийн 7.3 дугаар зүйлийг хэрэглэх ёстой гэдэг агуулгаар нэхэмжлэгч орж ирж байгаа. Татварын ерөнхий хуулийн 28.3-т заасан ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулах эрх тодорхойлно. Өөрөөр хэлбэл тухайн төрлийн харилцааг зохицуулж байгаа Ашигт малтмалын хуулийн 47 дугаар зүйлээс илүү ногдлыг тодорхойлох эрх, үүрэгтэй гэж байгаа боловч татварын албад хууль тогтоогч ногдлыг тодорхойлоорой гээд хуульчилсан байдлаар үүрэг болгоод өгчихсөн байдаг. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд "татвар төлөгчийн ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ", 36 дугаар зүйлийн 36.2-т "татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэл дээр үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно" гэж заасан байна. Татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан бүрдүүл хөтлөөгүй, татвар төлөгч тайлан бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн гээд аргачлалыг нь заагаад өгчихсөн байна. Жишиг үнийн арга гэдэг цаашлаад Сангийн сайдын тушаал болж хувирна. Сангийн сайдын тушаал дээр ямар эх үүсвэрээр жишиг үүргийн аргыг тодорхойлох боломжтой вэ гэдэг тухай Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаал дээр мөн хуульчилсан байдаг. Энэ нь татварын ногдлыг жишиг үүргийн аргаар тодорхойлохдоо тухайн татвар төлөгчийн харилцаа хамааралгүй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг харьцуулалт хийх боломжтой татвар төлөгч олон байгаа тохиолдолд хэд хэдэн татвар төлөгч этгээдийн орлого, зарлагын болон бусад бодит байдлыг харьцуулалт хийх журмаар ногдлыг тодорхойлно гээд хуульчилчихсан. Энэ тушаалын 2.2-т уул уурхайн бүтээгдэхүүнийг ямар эх сурвалжаас мэдээ авах вэ гэдэг байдлаар тус тус хуульчилж өгсөн байдаг. Манай тохиолдолд Монгол улсын нутаг дэвсгэр дээр, Монгол улсаас ашигт малтмалыг экспортолж байгаа аж ахуйн нэгжүүдийн ойролцоогоор ямар орлого олох боломжтой байдлыг харьцуулан үзэх журмаар тодорхойлох байсан. Улсын байцаагч нарын барьж байгаа Засгийн газрын тогтоол өрсөлдөх хэм хэмжээгээр бол өмнө нь үйлчилж байгаа эрх олгосон заалт байна. Сүүлд хүчин төгөлдөр болсон Татварын ерөнхий хуулиа бариад холбогдох журмаараа татвар төлөгчийн ойролцоо хүчин чадал гэх мэт бусад харьцуулагдах боломж нөхцөлөөр нь харьцуулан үзэж татварын ногдлыг тодорхойлох бүрэн боломжтой байсан.
Ашигт малтмалын хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дугаар зүйлийг тодорхойлохдоо дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэнэ гээд тус тус хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл жишиг үнийг тодорхойлох боломжгүй гэдэг нь манай тохиолдолд шороо экспортлоод байгаа. Тухайн жоншны хүдэр агуулсан шорооны олон улсын жишиг үнэ байдаггүй.Татварын улсын байцаагч нар Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоол буюу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг 2018, 2019 оны эхэн үед буцаан хэрэглэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 47.2.3 нь "тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн" гээд хуульчлаад өгчихсөн байгаа. Засгийн газрын дөрвөн 467 дугаар тогтоол үйлчлэх боломжгүй байна гэдэг байдлаар харж болно.
Шүүхээр нэгэнт Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын 322 дугаар тушаалыг захиргааны хэм хэмжээний актад эрх олгосон Засгийн газрын тогтоол хүчингүй болчихсон учраас хүчингүй болгох тухай тогтоол нь Legalinfo.mn сайт дээр байгаа. Нөхөн ногдуулалтын акт гаргаж байсан цаг хугацаанд тухайн захиргааны хэм хэмжээний акт байх хууль зүйн үр дагавраа нэгэнт алдчихсан байсан. Тухайн баримт нь нийтэд илэрхий баримт байгаа учир нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Мөн энэ тогтоол нөхөж үйлчлэх боломжгүй байсан. Хариуцагчийн үйлдсэн маргаан бүхий актын үндэслэл болсон Засгийн газар 2016 оны 81 дүгээр тогтоолын тавдугаар хавсралтад заасан "I*******" сайтын эх сурвалж нь бодит эх сурвалж биш. Хууль дээр “хууль хэрэглэхэд бирж, мэдээллийн эх сурвалж" гээд заагаад өгчихсөн байгаа. Засгийн газрын тогтоолын үндсэн үгийг нь хөөгөөд үзэхээр “бирж” гэсэн үгээр холбогдож “I*******” сайд өөрөө бирж мөн гэсэн мөн гэсэн агуулгаар мэдээллийн эх сурвалж гээд зарлагдаж байсан боловч Монгол улсад мөрдөгдөж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Уул уурхайн биржийн тухай хуульд заасан "бирж" гэдэг нэр томьёо, агуулгыг "I*******" сайд хангахгүй байгаа. Энэ агуулгаараа энэ тогтоолыг түдгэлзүүлсэн гэсэн боловч хэргийн үйл баримт дээр нэхэмжлэгч н.Б******* өмгөөлөгч нарын гаргаад мэтгэлцсэн үндэслэл нь зөв байна. Нэхэмжлэгчийн зүгээс татварын хяналт шалгалтын хугацаанд 32856 тонн жоншийг экспортолсон. Эдгээрээс жишиг үнэ буюу Засгийн газрын 81 дүгээр тогтоолын тавдугаар хавсралтад нэр нь байдаггүй, зарлагддаггүй бүтээгдэхүүнийг 24411 тонныг экспортолсон. 2019 онд экспортолсон нь 2252 тонн байгаа. Энэ нь Засгийн газрын 465 дугаар тогтоолд хамаарахгүй гэж маргаж байгаа.” гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Татварын ерөнхий хуулийн 41.2. Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 3.5. "Төрийн албаны бусад байгууллагуудтай тусгай удирдамжаар хамтарсан хяналт шалгалт хийж болно." заасны дагуу Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн хүрээнд Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хэсэгчилсэн хяналт шалгалтыг удирдамжид заасан ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын явцад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсээс тус компанид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул хяналт шалгалтад хамруулан үр дүнг ирүүлэх тухай 2022 оны 04 сарын 06-ны өдрийн *** дугаартай албан тоот ирсэн тул Эрсдэлийн удирдлагын газраас хэсэгчилсэн хяналт шалгалтын төрлийг иж бүрэн хяналт шалгалт болгон өөрчилсний дагуу тус компанийн 2018-2021 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 41.5. "Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ." гэсний дагуу татвар төлөгчийн татварын албанд бүртгэлтэй, утас болон цахим хаягаар хяналт шалгалтын томилолтыг хүргүүлж мэдэгдэж, баримт бичгийн хүсэлт хүргүүлэн, татвар төлөгчөөс цахимаар ирүүлсэн санхүүгийн бүртгэл, татварын албаны хөндлөнгийн мэдээллийн сангаас авсан мэдээлэл, цахим тайлангийн системд илгээсэн татварын тайлан, санхүүгийн тайланд үндэслэн "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-д заасны дагуу хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн.
Татвар төлөгчийн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл зэрэг нь гаалийн байгууллагаас татварын байгууллагад мэдээлэл солилцох журмын дагуу ирүүлдэг мэдээлэлд тодорхой тусгагдсан байдаг. Татвар төлөгчийн гомдолд дурдсан "жишиг үнийн арга"-аар татварын ногдлыг тодорхойлох тухайд, Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйл. Татварын ногдлыг тодорхойлох боломжгүй байх. 36.1. Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ. 36.2. Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно. 36.2.1. татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй. 36.2.2.татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн, 36.2.3.татвар төлөгчийн тайлан, бүртгэл алдагдсан буюу устсан, 36.2.4.татвар төлөгчийн татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа; гэж заасан байдаг. “Г*******” ХХК-ийн хувьд тайлан бүртгэлээ бүрэн хөтөлсөн, татварын албанд тайлангаа ирүүлсэн байдаг. Мөн татвар ногдуулах бараа, ажил үйлчилгээний нэр төрөл тоо хэмжээ, үнэ тодорхой тул жишиг үнийн аргаар татварын ногдлыг тодорхойлох шаардлагагүй юм. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны / 47 дугаар зүйлийн 47.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө, 47.2 Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, “47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, мөн Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, 47.2. Энэ хуулийн 47.16д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар тус тус батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д заасныг үндэслэн тус компанийн экспортод жоншинд ашигт малтмалын төлбөр ногдуулсан.
“Г*******” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд гаалийн мэдээгээр 2019 онд 4,883.03 тонн жонш экспортод гарган борлуулсан боловч Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-гаар 2,641.55 тонн жоншны 581,746,123.80 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс тооцож төлбөр ногдуулж, 2,241.48 тонн жоншийг тайлагнаагүй, төлбөр ногдуулаагүй байсан. 2020 онд 7,981.18 тонн жонш экспортод гаргаж, 1,434,449,852.24 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээнээс 71,722,492.60 төгрөгийн үндсэн төлбөр, 4,256,870.59 төгрөгийн нэмэлт төлбөр ногдуулж, “М*******" ХХК-аас худалдаж авсан жоншны өмнөх шатанд төлсөн ***-ыг хасаж тооцон 15,979,363.21 төгрөгийн төлбөр ногдуулж төлсөн байсан. 2021 онд 3,987.20 тонн жонш экспортод гаргаж 377,096,354.68 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээнээс 18,854,817.74 төгрөгийн үндсэн төлбөр төлөхөөр тус тус тайлагнасан. “Г*******” ХХК нь 2018-2021 онд өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлолт хийгээгүй. Санхүүгийн анхан шатны баримтаар 2020 онд нийт 29,985.80 тонн жоншийг 2,907,872,780.02 төгрөгөөр худалдан авч 7,981.18 тонн жоншийг “Г*******” ХХК өөрийн нэр дээр, 16,005.2 тонн жоншийг “С*******" ХХК-ийн нэр дээр экспортод гарган борлуулж, “Г*******” ХХК-ийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд нийт 23,986.38 /16,005.2+7,981.18/ тонн жонш борлуулсны 3,824,696,880.33 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнасан байдаг. Нийт худалдаж авсан жоншноос гарал үүсэл нь тодорхой “М*******” ХХК-аас авсан 6,482.90 тонн жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дутуу ногдуулсан зөрчилд нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Үлдсэн 28,664.91 тонн жоншны гарал үүсэл нь тодорхойгүй тул гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж үзэж 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "танилцуулга” бичиж Цагдаагийн байгууллагад шилжүүлснийг хууль хяналтын байгууллага хянаж үзээд Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 303 тоот Прокурорын тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хаасан байна. Иймд татварын алба дээрх прокурорын тогтоолыг 2023 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авсны үндсэн дээр 2024 оны 02 сарын 08-ны өдөр "татварын хяналт шалгалт хийх томилолт" олгож “Г*******” ХХК-д “танилцуулга”-д хамаарах зөрчил буюу гарал үүсэл тодорхойгүй гэж үзсэн экспортод гаргасан жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дутуу ногдуулсанд төлбөрийг нөхөн ногдуулж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Татварын ерөнхий хуулийн 28.1 "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.”, 28.10. "Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй." гэж заасны дагуу татварын ноогдлоо өөрөө тодорхойлох үүрэгтэй. Татварын алба татвар төлөгчийн тайланг хүлээн авахдаа Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл. “Татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх. 30.2. Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ. 30.2.1-30.2.9"д заасан 30.3. Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно.” гэж заасны дагуу тайланг хүлээн авч баталгаажуулдаг.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлд татвар ногдох зүйлийг тодорхойлсон байдаг. Газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц зэрэг татвар ногдох зүйл гээд тодорхойлсон байгаа. Үүний дагуу тус компанийн 2018-2024 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хянан шалгалт хийгээд, нэхэмжлэгч компани Монгол улсын хилээр 16,8 мянган тонн хайлуур жоншны хүдэр баяжмалыг гаалийн мэдүүлгээр Хятад болон Оросын холбооны улс руу экспорт хийсэн нь гаалийн мэдүүлгээр нотлогддог. Ашигт малтмал экспортолсон бол олон улсын жишиг үнийг барина гэж заасан. Үүний дагуу Засгийн газрын тогтоол гарсан. Засгийн газрын 81 дүгээр тогтоолын дагуу зах зээлийн үнийг зарладаг. Зарлагдсан 16.8 тонн хайлуур жоншийг зах зээлийн үнээр бодож тайлагнаагүй гэдэг нь татвар төлөгчөөр илгээсэн тайлангаараа нотлогддог. Жишиг үнээр тайлагнаагүй учир энэ хоёрын хооронд зөрүү үүссэн байгаа. Энэ зөрүү үнэ дээр нь татварын акт тавьсан байгаа. Татварын алба хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгалтыг хийдэг.
Үүний дагуу 2019-2021 онуудад үйлчилж байсан Засгийн газрын 2010 оны 39 дүгээр тогтоолыг үндэслээд Татварын ерөнхий газрын 322 дугаар тогтоол гарсан. Үүнээс хойш 342, 220, 465 гэсэн Засгийн газрын тогтоолууд гарсан. Энэ тогтоолууд тухайн цаг хугацаандаа үйлчилж байсан. Өнөөдөр 2019 оны 12 дугаар сард батлагдсан 465 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Дурдсан тогтоолууд тухайн цаг хугацаандаа хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын хэм хэмжээний тогтоолууд байгаа. Монгол улсын хилээр гарсан бол жишиг үнийг барина гээд заачихсан. Жишиг үнийг Засгийн газраас тогтоогоод тогтоол гарчихсан. Яг ногдуулах талаар дурдсан тогтоолууд дээр заагаад өгчихсөн. Татварын ерөнхий газрын 322 дугаар тогтоолын 2.3 дээр "цахим хуудсанд тавигдсан тухайн бүтээгдэхүүн агуулгын хувиас ялгаатай бол цахим хуудсанд тавигдсан агуулга болон үнийн мэдээллээс нэгж хувьд ногдох үнийг гаргана" гээд заачихсан. Зах зээлийн үнийг бирж дээр заагаад өгчихсөн. Тэгэхлээр тухайн онд гарсан агуулга, гаалийн мэдүүлгээ үндэслээд үнэлгээ харьцуулаад, хувь тэнцүүлээд тооцож гаргаж байгаа. Өршөөлийн хууль тухайн онд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотой гарсан. Энд хяналт шалгалтын акт хамаарахгүй. Татвар төлөгчийн тайлангаар тайлагнасан өрөн дээр хөнгөлөлт үзүүлж байсан.” гэв.
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс “... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнийн дүнгээс тооцон суутган төлөх ёстой.” гэж, хариуцагчаас “... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасны олон улсын зах зээлийн үнээр төлөх ёстой.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч “Г*******” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нарын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн НА******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Татварын Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтарсан “Хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-тайгаар хариуцагч нар нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай томилолттой нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн 2018-2021 он хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг хийжээ.
5.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА******* дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
6.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зохих журмын дагуу төлөөгүй байна гэж үзэж, 1,301,834,113.67 төгрөгийн нөхөн татвар, 491,864,851.97 төгрөгийн торгууль, 367,420,661.58 төгрөгийн алданги, нийт 2,161,119,627.22 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
7.Нэхэмжлэгч “Г*******” ХХК нь маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолоор маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
8.Хариуцагч татварын улсын байцаагчид нөхөн ногдуулалтын актаар 2019 оны 05-12 дугаар сард экспортод гаргасан 4,883.03 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалд 2,663,495,416.66 төгрөгийн, 2020 онд экспортод гаргасан 7,981.18 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалд 7,412,284,092.72 төгрөгийн, 2021 онд экспортод гаргасан 3,987.20 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалд 1,247,818,768.55 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр дутуу ногдуулсан зөрчилд нийт 2,161,119,627.22 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
9.Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн гаалийн мэдээгээр “Г*******” ХХК нь 2019 онд 4,883.03 тонн, 2020 онд 7,981.18 тонн, 2021 онд 3,987.20 тонн нийт 16,851.41 хайлуур жоншны хүдэр, баяжмалыг ** ширхэг гаалийн мэдүүлгээр БНХАУ, ОХУ-д экспортод гарган худалдан борлуулсан нь тогтоогдсон байх бөгөөд дээрх үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
10.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл.“Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”, 47.1.“Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:”, 47.2.“Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:”, 47.2.1.“экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;”, 47.14.“Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэж тус тус заажээ.
11.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо олон улсын зах зээлийн үнийг баримтлахаар байх бөгөөд энэ үнийг Засгийн газар нийтэд зарлахаар байна.
12.Монгол Улсын Засгийн газар нь хуулийн дээрх заалтын дагуу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар хайлуур жоншны зах зээлийн үнийн эх сурвалжийг нийтэд нэрлэн зарлажээ.
13.Дээрх үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох ёстой гэж үзсэн хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй гэж үзэв.
14.Харин нэхэмжлэгч “Г*******” ХХК нь 2019 онд нийт 4883.03 тонн хайлуур жонш, хайлуур жоншны хүдэр борлуулсан байх бөгөөд үүнээс ФК-65 хувиас дээш агуулгатай хайлуур жонш 2632.15 тонн, хайлуур жоншны хүдэр буюу ФГ-64.99 хувиас доош агуулгатай хайлуур жоншны хүдэр 2250.88 тонн байжээ.
15.Дээрхээс үзвэл, хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актаар ФГ-64.99 хувиас доош агуулгатай хайлуур жоншны хүдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг ФК-75 хувийн зах зээлийн жишиг үнээс хувь тэнцүүлж тооцсон нь үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн 2019 онд экспортолсон 2250.88 тонн хайлуур жоншны хүдэрт ноогдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнийн дүнгээр тооцож ногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
16.Хэргийн оролцогч нараас дээрх жишиг үнийн болон гэрээний үнийн дүнгийн зөрүү нөхөн татвар 122,202,581 төгрөг, торгууль 37,315,085 төгрөг, алданги 25,767,564 төгрөг, нийт 185,285,230.00 төгрөг гэж үзсэн бөгөөд үнийн дүн дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
17.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн НА******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 1,301,834,113.67 төгрөгийн нөхөн татвараас 122,202,581 төгрөгийн нөхөн татвар, 491,864,851.97 төгрөгийн торгуулиас 37,315,085 төгрөгийн торгууль, 367,420,661.58 төгрөгийн алдангиас 25,767,564 төгрөгийн алданги, нийт 185,285,230.00 төгрөгийг хасаж, 1,179,631,532.67 төгрөгийн нөхөн татвар, 454,549,766.97 төгрөгийн торгууль, 341,653,097.58 төгрөгийн алданги, нийт 1,975,834,397.22 төгрөгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.3, 47.14-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн НА******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 1,301,834,113.67 төгрөгийн нөхөн татвараас 122,202,581 төгрөгийн нөхөн татвар, 491,864,851.97 төгрөгийн торгуулиас 37,315,085 төгрөгийн торгууль, 367,420,661.58 төгрөгийн алдангиас 25,767,564 төгрөгийн алданги, нийт 185,285,230.00 төгрөгийг хасаж, 1,179,631,532.67 төгрөгийн нөхөн татвар, 454,549,766.97 төгрөгийн торгууль, 341,653,097.58 төгрөгийн алданги, нийт 1,975,834,397.22 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ