Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/399

 

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2308 00000 1616 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ийн Б, 1978 оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Орхон аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД: ... /,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот өөрийн гэртээ 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Н-тэй маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж, түүний биед хэвлийн хөндий нэвтэрч элэгний сегмент хатгагдсан шарх гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, мөн зэвсэг болох хутга хэрэглэж уг гэмт хэргийг үйлдсэн,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашаанд иргэн Г.О-тай “Гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, модоор баруун гар луу нь цохисны улмаас Г.О-ын эрүүл мэндэд нь баруун шуу ясны зөрүүтэй хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн хорих ялын хэмжээг 7 жил 2 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-аас 1.362.500 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бор шаргал өнгөтэй хутгыг тогтол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хохирогч Б.Н-, Г.О- нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлан ойлгож, мөрдөн байцаалтын үед хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байсан. Миний хийсэн үйлдэл тухайн үед тохиолдлын шинжтэй байсан буюу дээрх гэмт хэргийг би хүсэж үйлдээгүй, тухайн байдалд өөрийн биеэ хянаж чадаагүйн улмаас уг үйлдлийг гаргасан. Би хохирогч нартай урьд өмнө нь хэрүүл маргаан, өс санаж байгаагүй, хүний нөхөр, хүний харьцаатай амьдралд хөл нийлүүлэн амьдарч явлаа. Шүүхээс надад ял оногдуулахдаа хэргийн хүнд, хөнгөн байдлыг хэлэлцэх үед хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлыг өндөрт авч үзэж, хорих ялыг өндөр оногдуулж, миний эрх зүйн байдалд анхаарал хандуулаагүй дүгнэлт гаргасан. Би ойлгохдоо хүн ямар нэгэн буруу зүйл хийсэн бол тухайн үйлдлээ ойлгон ухамсарлаж, алдаа оноогоо дүгнэн нэгэнт хийсэн үйлдэлдээ гэмшин ухаарч, хийж болох бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн, хохирол гомдлыг бүрэн барагдуулах учиртай. Давж заалдах шатны шүүхэд хэргийн учиг нарийн ээдрээтэй байдал, хор уршиг, учир холбогдлууд, хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх заалтыг дахин харгалзан үзэж, ялыг дахин хэлэлцэхдээ миний эрх зүйн байдлыг дордуулахгүй, ялыг тэгш хуваарилах зарчимд хэлэлцэн авч үзэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хэлэлцэх явцад болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Б- нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргадаггүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг хөнгөрүүлж өгнө үү. Хохирогч нарт төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын санд 1.362.500 төгрөгийн төлбөртэй байгаа. Шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгч Д.Б-т оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй байх тул шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Д.Б- нь гэм буруу дээр маргадаггүй боловч 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас удаа дараа оргон зайлсан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Д.Б- нь:
    1. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Н-тэй маргалдан, улмаар зэвсэг хэрэглэж буюу хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Б.Н-ийн: “...22 цагийн үед Д.Б- уусан архиндаа согтож “Намайг цалингаа тусдаа авлаа" гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд шургуулгаас бор модон иштэй хутга аваад намайг гэрээс гарах гэж байхад миний цээж, хэвлий хэсэг рүү нэг удаа дүрсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх 14-16/,
  • хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хэвлийн хөндий нэвтэрч элэгний 3 дугаар сегмент хатгагдсан шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11177 дугаар дүгнэлт /хх 26-27/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-8/ зэрэг нотлох баримтуудаар,
    1. мөн 2023 оны 6 дугаар сарын 16-ны орой 22:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хохирогч Г.О-тай “Гэрээсээ хөөлөө” гэсэн шалтгаанаар маргалдаж, модоор баруун гар луу нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Г.О-ын: “...гэртээ нөхөр Д.Болдын хамт байж байхад манай нөхрийн төрсөн ах Д.Б- нь согтуу орж ирсэн. Би Д.Б-т хандаж “Та харьж амар, орой үдэш болсон байхад битгий орж ир” гэж хэлээд гэрээс гаргасан. Гэрийн гадаа Д.Б- миний баруун гараас барьж аваад газар унагаагаад, миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохиод, хажууд байсан банзаар баруун гарын шуу хэсэгт 1 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хх 105/,
  • хохирогч Г.О-ын эрүүл мэндэд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн баруун шуу ясны зөрүүтэй хөндлөн хугарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8065 дугаар дүгнэлт /хх 111-112/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Б-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, нотлох баримтын шаардлагыг хангасан байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Б-ыг зэвсэг хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Б-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Н-, мөн хохирогч Г.О- нарын эрх чөлөө, халдашгүй байдалд хууль бусаар халдаж, хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруу, зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

  1. Шүүгдэгч Д.Б- анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар нийт 7 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ хуульд заасан нөхцөл байдлуудыг бүрэн харгалзан үзэж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-ыг эмчлэх, түүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлснээс Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.312.500 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”-ээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шүүгдэгч Д.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 61 /жаран нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ