| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/00104/И |
| Дугаар | 192/ШШ2025/04601 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/04601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: : Булган аймгийн гудамж, тоот хаягт оршин суух, Б овогт Н Г /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух, Б овогт Ц М /ИБД: /,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байрлах, “А у ш” ХХК /РД: /-д холбогдох
30,100,000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч И.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Н.Гнь хариуцагч Ц.М, “А у ш” ХХК нарт холбогдуулан 30,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Миний бие нь найз С.Эын хамт 2010 оноос хойш одоог хүртэл бага оврын гинжит Doosan 55 маркийн экскаваторыг уул уурхайн компани болон хувь иргэнд түрээслүүлэх буюу ажил гүйцэтгэх гэрээ хийж үйл ажиллагаа явуулдаг. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “А у ш” ХХК-ийн ажилтан Ц.М нь надтай уулзаж Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд эрчим хүчний өндөр хүчдэлийн шонгийн нүх ухах ажилд танай техникийн түрээслэх шаардлагатай байна гэж ярьсны дагуу 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр надтай “Машин механизмын түрээсийн гэрээ”-г 1 /нэг/ сарын хугацаатай 15,000,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан. Тухайн ажил нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дуусах байсан боловч Ц.М нь ажил хугацаандаа дуусах боломжгүй байна, цаашид үргэлжлүүлэн ажиллаж байгаад ажил дуусан үед нэг мөр ажилласан хоногоор тооцож тооцоо хийе гэж ярилцсаны үндсэн дээр уг ажлыг цааш үргэлжлүүлэн хийж 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Ц.М нь гэрээнд дурдсаны дагуу шатах, тослох материал болон тухайн тээврийн хэрэгслийг зөөвөрлөх зардлыг тухай бүрт төлж байсан. Гэтэл тухайн тус ажил нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусаж, гэрээний дагуу техник ашигласан түрээсийн төлбөр болох 54,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй болно. Иймд иргэн Ц.М, “А у ш” ХХК нараас “Машин механизмын түрээсийн гэрээ”-ний дагуу 2024 онь 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр болох 54,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
1.2 Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Үүнд: Түрээсийн гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дууссан боловч 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл техник ажиллаж байсанд талууд маргадаггүй. “Машин механизмын түрээсийн гэрээ”-ний дагуу 1 сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг, 2024.12.07-ны өдрийг хүртэл 3 сар 16 хоног техникийг ашигласны түрээсийн төлбөр 53,000,000 төгрөг болох ба хариуцагч нар түрээсийн төлбөрт 22,900,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Иймд “Машин механизмын түрээсийн гэрээ”-ний дагуу хариуцагч нараас 30,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Ц.М, “А у ш” ХХК нар хариу тайлбартаа: “Миний бие нь “А у ш” ХХК-ий захирал ажилтай бөгөөд нэхэмжлэгч И.Гтай 2024 оны 09 сарын 21-ний өдрөөс 55 экскаватор машиныг түрээсийн гэрээний дагуу түрээсэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч, түрээслэгчээр Н.Гөөрөө ажилласан бөгөөд түрээсийн төлбөр болон жолоочийн цалин хөлсийн хамт 1 сарын 15,000,000 төгрөг байхаар гэрээг байгуулсан. Н.Гтай Сүхбаатар аймагт 2024 оны 9 сарын 21-ний өдрөөс 2024 оны 12 сарын 7-ны өдрийг хүртэл 55 экскаватор машиныг түрээсэлсэн. 2024 оны 12 сарын 7-ны өдрийг хүртэл түрээсэлсэн ажиллах хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл 2024 оны 11 сарын 02-ны өдрөөс 11 сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл саатаж 5 өдөр сул зогссон. Манай зүгээс техникийн 10 хоног саатал гарч сул зогсолт хийсэн. Түрээслэгчээс түрээслүүлэгчтэй 70 хоног ажилд гарсан бөгөөд ажилд гарсан өдрийг 500,000 төгрөгийг тооцоход 35,000,000 төгрөгийн тооцоо гарч байгаа юм. Манай компанид захиалагч талаас санхүүжилт орж ирээгүйтэй холбоотойгоор түрээсийн төлбөрийг боломжит байдлаар өгч ирсэн. Манай байгууллагын инженер М.Цолмонбаяраас түрээслэгч Н.Гд 2,500,000 төгрөгийг, А у ш ХХК, Н.М нарын данснаас нэхэмжлэгч ч Н.Гд 23,800,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Н.Гд нийт 26,300,000 төгрөгийг баримтаар төлсөн. Н.Гантулгын нэхэмжлэлийн шаардлага болох 54,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Машин механизмын түрээсийн гэрээ, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Итгэмжлэл, Дансны дэлгэрэнгүй хуулга баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Хариу тайлбар, Мемориалын баримт, Дансны хуулга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н.Гдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “А у ш” ХХК-ийн ажилтан Ц.М “Машин механизмын түрээсийн гэрээ”-г 1 сарын хугацаатай 15,000,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дууссан боловч 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл техник ажиллаж байсанд талууд маргадаггүй. “Машин механизмын түрээсийн гэрээ”-ний дагуу 1 сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг, 2024.12.07-ны өдрийг хүртэл 3 сар 16 хоног техникийг ашигласны түрээсийн төлбөр 53,000,000 төгрөг болох ба хариуцагч нар түрээсийн төлбөрт 22,900,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт байдаг. Иймд “Машин механизмын түрээсийн гэрээ”-ний дагуу хариуцагч нараас 30,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч “А у ш” ХХК, Ц.М нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Нэхэмжлэгч Н.Гтай Сүхбаатар аймагт 2024 оны 9 сарын 21-ний өдрөөс 2024 оны 12 сарын 7-ны өдрийг хүртэл 55 экскаватор машиныг түрээсэлсэн. Ажиллах хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл 2024 оны 11 сарын 02-ны өдрөөс 11 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл саатаж 5 өдөр сул зогссон. Түрээслэгчээс түрээслүүлэгчтэй 70 хоног ажилд гарсан бөгөөд ажилд гарсан өдрийг 500,000 төгрөгийг тооцоход 35,000,000 төгрөгийн тооцоо гарч байгаа юм. Манай байгууллагын инженер М.Цолмонбаяраас түрээслэгч Н.Гд 2,500,000 төгрөгийг, “А у ш” ХХК, Н.М нарын данснаас нэхэмжлэгч ч Н.Гд 23,800,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Н.Гд нийт 26,300,000 төгрөгийг баримтаар төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Н.Г, “А у ш” ХХК нар 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Машин механизмын түрээсийн гэрээ”-гээр түрээслүүлэгч Н.Гнь Doosan 55 маркийн экскаваторыг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд түрээслүүлэх, түрээслэгч “А у ш” ХХК нь экскаваторын түрээсийн 1 сарын төлбөрт 15,000,000 төгрөг, урьдчилгаа 50 хувь 7,500,000 төгрөгийг ажлын талбай дээр очоод төлөх, гэрээ байгуулагдсанаас хойш 15 хоногийн дараа 50 хувь буюу 7,500,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон байна. /хх3-5/
5. Талууд 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Машин механизмын түрээсийн гэрээ”-ний дагуу түрээслүүлэгчээс техник хэрэгслийг түрээслүүлсэн, энэхүү гэрээний хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дуусч гэрээг талууд сунгаагүй боловч түрээслэгч нь түрээсийн зүйлийг 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашигласан үйл баримтад маргаагүй. Харин экскаваторыг түрээслэх хугацаанд 5 хоног сул зогссон, түрээсийн төлбөрийг төлсөн эсэх талаар маргажээ.
6. Зохигчдын хооронд байгуулагдсан 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Машин механизмын түрээсийн гэрээ”-ний 1.1, 2.1-т заасан агуулга, шинж, нөхцөл, талуудын хүлээсэн эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч буюу хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь экскаваторыг ашиглуулсан хугацааны хөлсийг шаардах эрхтэй байна.
Тухайлбал дээрх гэрээгээр 55 маркийн экскаваторыг 1 сарын 15,000,000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч нь түрээсийн техникийг өөрөө жолоодон ажилласан ба түрээслэгч буюу хариуцагчийн өмнө үүргээ биелүүлсэн, хариуцагчаас 55 маркийн экскаваторын түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээж 2024.08.21-ний өдрөөс 2024.12.16-ны өдрийг хүртэл нийт 27,800,000 төгрөгийн төлбөрийг “А у ш” ХХК гэх гүйлгээний утгаар төлсөн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчийн “нэхэмжлэгчийн дансаар манай ажилтнаас Utga, tsoomoo, ts, Уламбаяр Амарсайхан гэсэн гүйлгээний утгаар түрээсийн гэрээний төлбөрийг төлсөн, нэхэмжлэгчийн дансны хуулганы өмнөх тоог нь дугуйлсан байгаа...” гэх тайлбар үндэслэлгүй юм. /хх35-37/
Түүнчлэн, хэргийн 19-31 дүгээр талд авагдсан хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн мемориалын баримтаар нэхэмжлэгч Н.Гд “Машин механизмын түрээсийн гэрээ”-ний төлбөрт 27,800,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгчээс “…Түрээсийн гэрээнд түрээсээр ажиллах хугацаанд түрээслэгч экскаваторын түлш шатахууныг хангана гэж заасан тул хариуцагчаас дансаар “экскаваторын зардал” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн мөнгийг түрээсийн төлбөрт оруулахгүй…” гэсэн тайлбарыг үгүйсгэж хариуцагч “А у ш” ХХК-аас “...экскаваторын түлшийг тухайн орон нутгийн хүнээс худалдаж авдаг, өдөр өдөрт нь мөнгийг шилжүүлдэг байсан гэх агуулгаар тайлбарлан Голомт банкны дансны хуулга баримтыг ирүүлснийг нэхэмжлэгч үндэслэл бүхий баримтаар няцаагаагүй.
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн зүйл эвдэрч, ажил 5 хоног саатсан тул түрээсийн төлбөрөөс хасах учиртай гэж хариуцагч маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан “Машин механизмын түрээсийн гэрээ”-ний 2.5-д “Түрээсэлсэн техник гэмтэл саатал гарсан тохиолдолд түрээслүүлэгч талын эрх бүхий албан тушаалтанд яаралтай мэдэгдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдсэн баримтгүй, мөн хэрэгт авагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэрт дээрх өдрүүдэд Н.Ггарын үсэг зураагүй гэх боловч экскаваторын ажилласан бусад өдрүүдэд ч Н.Гнь гарын үсэг зураагүй байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм.
9. Иймд түрээсийн төлбөр 53,000,000 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн 27,800,000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 25,200,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч “А у ш” ХХК, Ц.М нараас түрээсийн гэрээний үүрэгт 25,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 283,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А у ш” ХХК, Ц.М нараас 25,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 283,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ