| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/00156/И |
| Дугаар | 192/ШШ2025/04556 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/04556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт оршин суух, Ө овогт Ц У /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, Ө овогт Ц А /РД: /,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, Т овогт Ж О /РД: / нарт холбогдох
14,917,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.У, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Ц.А, Ж.О нарт холбогдуулан 14,917,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Ц.У нь ах Ц.А, Ж.О нартай 2019-07-26-ны өдөр 1,000,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, 2019-09-02-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай тус тус зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн байна.
Эхний зээл буюу 2019-07-26-ны өдөр 1,000,000 төгрөгийг 2019-12-26 хүртэл 5 сарын хугацаатай зээлж дараа нь 2019-12-26-нд дахин 5 сарын хугацаатай зээлийн гэрээг сунгаж байгуулсан. Зээлийн төлөлтийн хувьд сарын 10%-ийн хүүгээр 10 сарын хүүгийн төлбөрт 1,000,000 төгрөг, үндсэн зээл 1,000,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг төлөх ёстой байснаас 7 сарын хүү 700,000 төгрөг төлж /2019 оны 8, 9,10,11,12 сар, 2020 оны 1,2-р сар/ хүүний үлдэгдэл 300,000 төгрөг үлдсэн байна. Мөн зээлийн төлбөрийг 202.05.26 өдөр хүүгийн хамт 1,300,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасан алданги, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу 1,300,000 төгрөгийн тал 650,000 төгрөг болсон байна. Нийт 1,950,000 төгрөг.
Хоёр дахь зээл буюу 2019.09.02-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийг 2020.01.02-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай анх авч дараа нь 2020.01.02-оос 2021.01.02-ны өдрийг хүртэл 12 сараар зээлийн гэрээг сунгаж байгуулсан. Зээлийн хүү сарын 10% буюу сарын 500,000 төгрөг. Нийт 16 сарын хүү 8,000,000 төгрөгийн хүү төлөх байснаас 2020.09.30-нд 755,000 төгрөгийн хүү төлсөн. Үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг төлөгдөөгүй зээлийн хүү 7,245,000 төгрөг байгаа. Мөн гэрээнд заасан алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу нийт төлөх ёстой 12,245,000 төгрөгөөс тооцвол 6,122,500 төгрөг болж байна. Нийт 18,367,500 төгрөг.
Ц.А, Ж.О нараас эхний зээлийн 1,950,000 төгрөг+дараагийн зээлийн 18,367,500 төгрөг=нийт 20,317,500 төгрөгийг нэхэмжлэх ёстой байсан боловч: Нэхэмжлэгч талаас зээлийн хүүг сарын 6% болгон бууруулж дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 2019.07.26-ны өдрийн 1,000,000 төгрөг нийт 5 сар + 5 сар =10 сарын хүүг 6%-иар тооцвол 600,000 төгрөг. Үндсэн зээл 1,000,000 төгрөг+зээлийн хүү 600,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөгөөс төлсөн 700,000 төгрөгийг хасаж зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг үүнээс алданги 450,000 төгрөг. Нийт нэхэмжлэх 1,350,000 төгрөг гаргуулах.
2019.09.02-ны өдрийн 5,000,000 төгрөг нийт 4 сар +12 сар=16 сарын хүүг 6%-иар тооцвол 4,800,000 төгрөгөөс 2019.09.30-нд төлсөн 755,000 төгрөгийн хүүг хасч 4,045,000 төгрөгийн хүү үлдсэн. Үндсэн зээл 5,000,000 төгрөг+төлөгдөөгүй зээлийн хүү 4,045,000 төгрөг=9,045,000 төгрөг болно. Үүнээс гэрээнд заасан алданги үнийн дүнгийн 50% нь 4,522,500 төгрөг болно. Нийт 13,567,500 төгрөг гаргуулах.
Иймд хариуцагч Ц.А, Ж.О нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,900,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 4,045,000 төгрөг, алданги 4,972,500 төгрөг нийтдээ 14,917,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Ц.А, Ж.О нар хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.У нь өөрийн төрсөн ах Ц.Аоос нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.У нь Д.Ут мөнгө зээлдүүлдэг байсан боловч заавал төрсөн ахынхаа дансаар дамжуулан зээлсэн нь анхнаасаа ахыгаа өөрийн дарамтад оруулах зорилготой байсан юм байна. Уийн нийт зээлсэн мөнгө нь 2019.9.02-нд 5,000,000 төгрөг, 2019.9.09-нд 3,000,000 төгрөг, 2019.10.01-нд 500,000 төгрөг, 2019.10.04-нд 2,000,000 төгрөг, 2019.10.08-нд 300,000 төгрөг гэдгийг У маш их мэдэж байгаа. 2019.9.02-ны өдрөөс эхлэн Уын данс мөн өөр бусад дансруу нийт 14,325,000 төгрөгийг Д.Уээс шилжүүлсэн байдаг. Д.Уийг гэрчээр оролцуулах гэсэн боловч ах, дүү нар хоорондоо учраа ол надаа хамаагүй, би өвчтэй гээд байгаа. Мөн зээлийн гэрээнд Ц.А гарын үсэг зураагүй, яг Ковидын үе байсан учраас гарын үсэг зуруулахгүй боломжгүй байсан. Ц.Уын энэ нэхэмжилж байгаа мөнгийг өгөх ямар ч боломж бидэнд байхгүй, аавынх нь тэтгэврийн мөнгөөр бид амьдардаг.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл, Зээлийн гэрээ, Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт сунгалт, Дансны хуулга, Зээлийн гэрээ, Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт сунгалт, Дансны хуулга, Тайлбар, Дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ц.Уын нэхэмжлэлтэй, Д.У, Ж.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон тухайн иргэний хэрэгт авагдсан нотлох баримтууд,
Хариуцагчаас Итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.17-ны 101/ШШ2024/00427 дугаар шийдвэр, баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч Ц.Уын Хаан банк ХК-ийн дансны хуулга, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, гэрч Д.Уийн талаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн илтгэх хуудас, Хөгжлийн бэршээлтэй иргэний үнэмлэх зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.У дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Нэхэмжлэгч талаас зээлийн хүүг сарын 6% болгон бууруулж байна. 2019.07.26-ны өдрийн 1,000,000 төгрөг нийт 5 сар + 5 сар сунгалт =хүү 600,000 төгрөг. Үүнээс төлсөн 700,000 төгрөгийг хасч, 1,600,000-700,000=900,000 төгрөг +алданги 450,000 төгрөг нийт 1,350,000 төгрөг.
2019.09.02-ны өдрийн 5,000,000 төгрөг 4 сар +12 сар сунгалт=хүүг 4,800,000 төгрөгөөс 2019.09.30-нд төлсөн 755,000 төгрөгийн хүүг хасч 4,045,000 төгрөгийн хүү үлдсэн. Зээл 5,000,000 төгрөг+4,045,000 төгрөг зээлийн хүү =9,045,000 төгрөг+4,522,500 төгрөг алданги нийт 13,567,500 төгрөг гаргуулах. Хариуцагч Ж.О нь санаатайгаар өөр зээл болох иргэн Д.Уийн зээлтэй холбож худлаа ярьж шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Иймд хариуцагч Ц.А, Ж.О нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,900,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 4,045,000 төгрөг, алданги 4,972,500 төгрөг нийт 14,917,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч Ц.А, Ж.О нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Ц.У нь Д.Ут мөнгө зээлдүүлдэг байсан боловч заавал төрсөн ахынхаа дансаар дамжуулан зээлсэн нь анхнаасаа ахыгаа өөрийн дарамтад оруулах зорилготой байсан юм байна. Ц.Уаас зээлсэн зээлийг Д.Уээс шилжүүлсэн байдаг. Зээлийн гэрээнд Ц.А гарын үсэг зураагүй, яг Ковидын үе байсан учраас гарын үсэг зуруулахгүй боломжгүй байсан. Иймээс Ц.Уын нэхэмжилж байгаа мөнгийг төлөх ямар ч боломж бидэнд байхгүй.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Талууд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус тус Зээлийн гэрээ байгуулж, 2019.7.26-ны өдрийн ЗГ201907 дугаар гэрээгээр зээлдүүлэгч Ц.У нь 1,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Ц.А, Ж.О нар зээлийг хугацаанд нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээг 2019.12.26-ны өдрөөс 2020.05.26-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар сунгасан байна.
Мөн 2019.09.02-ны өдрийн ЗГ201919 дугаар гэрээгээр 5,000,000 төгрөгийг 2020.01.02-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, энэхүү гэрээг 2020.01.02-ны өдрөөс 2021.01.12-ны өдрийг хүртэл 12 хугацаагаар сунгаж, зээлдэгч Ц.А, Ж.О нар дээрх 2 гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох, зээлдэгч нар зээлийг хугацаанд нь төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх4-8, 11-14/
4.2 Шүүхээс томилогдсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2119 тоот шинжээчийн дүгнэлтэд “...2019 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ/201919/ тоот гэрээний хавсралт 1, Зээлийн эргэн төлөх хуваарь” гэсэн баримтын “Зээлдэгч: Ц.А гэсний ард байх, 13 дугаар талд авагдсан 2020 оны 01 сарын 02-ны өдрийн ЗГ201919-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт, сунгалт гэсэн баримтын Зээлдэгч: гэсний доор байх, 14 дүгээр талд авагдсан “2019 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ201919 тоот нэмэлт гэрээний хавсралт 1, Зээлийн эргэн төлөх хуваарь” гэсэн баримтын “Зээлдэгч: гэсний доор байх гарын үсгүүд нь тус бүр харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Аын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна” гэжээ. /хх170-179/
5. Хариуцагч нар нь зээл авах хүсэл зориг байсан эсэх, зээлийн гэрээнд хариуцагч Ц.А гарын үсэг зурсан эсэх болон зээлийн төлбөрийг Д.У төлсөн эсэх талаар талууд маргасан.
6. Зохигчдын хооронд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг тодорхойлсон бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Ц.У нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэрээний зүйл болох 1,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлдэгч Ц.Аын дансаар шилжүүлэн гэрээний үүргээ гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-9, 15/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн зохицуулалтыг зээлдүүлэгч зээлийг бодитоор олгосноор зээлээ буцаан шаардах эрхтэй болохыг тодорхойлсон хэм хэмжээг ойлгоно. Иймээс зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
7. Хариуцагч нар нь “…зээлийг гуравдагч этгээд болох Д.Ут шилжүүлсэн, мөн Ц.А гэрээнд гарын үсэг зураагүй…” гэх тайлбар өгсөн боловч, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2119 тоот дүгнэлтээр хариуцагч Ц.А нь зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурсан болох нь тогтоосон бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг түүний дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнд хариуцагч Ц.А, Ж.О нар гарын үсэг зурснаар уг гэрээний нэг тал болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүссэн байх ба хариуцагч нар гэрээг хийх хүсэл зориг агуулга байгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.17-ны өдрийн 101/ШШ2024/00427 дугаар шийдвэрт “…Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Д.У болон Ж.О нартай 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ний 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 300,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг зээлж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнээс бусад 4 зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон болох нь зохигчийн тайлбар, “Тооцоо нийлсэн гэрээ"-нүүд зэргээр тогтоогдож байна.” гэснээс үзэхэд дээрх зээлийн гэрээний талаар Ц.Уаас Д.Ут холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэсэн нь энэ хэргийн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээтэй хамааралгүй болох нь уг шүүхийн шийдвэрээр тогтоогдох бөгөөд хариуцагчийн “...Д.Ут зээлийг шилжүүлсэн, тэрээр зээлийг төлсөн…” гэх тайлбар үндэслэлгүй юм.
9. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс 700,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс 755,000 төгрөгийг тус тус төлөгдсөн гэж нэхэмжлэгч тайлбарлан баримтыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч нар үлдэх үүргийг бүрэн биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй. /хх-64, 65/
Шүүх зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзсэн ба нэхэмжлэгчээс зээлийг олгосон, зээлийн хугацаа дуусахад талууд гэрээг хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээний хугацааг сунгасан болох нь баримтаар тогтоогдсон тул хариуцагч нар нь гэрээний дагуу үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.
10. Зохигчид анзын талаар тохирсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан. Зээлийн гэрээнүүдийн 2.6, 2.7-д зааснаар зээлдэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 1.1-т зээлдэгч нар шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.У гэрээнд заасны дагуу хариуцагч Ц.А, Ж.О нараас үндсэн зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.
Хариуцагчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 900,000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцоход 450,000 төгрөг, мөн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 9,045,000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцоход 4,522,500 төгрөг болсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нараас дээрх алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
11. Зээлийн гэрээнүүдэд заасан зээлийн хүүг нэхэмжлэгч нь сарын 6 хувийн хүү болгон бууруулж, хүү болон алдангийн хэмжээг бодитоор тооцсон байх тул 14,917,500 төгрөгийн нэхэмжлэл нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ болон хуульд нийцсэн, тооцооны хувьд үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Ц.А, Ж.О нараас 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, алданги 1,350,000 төгрөг /1,000,000зээл+600,000хүү-700,000=900,000+450,000 алданги/, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, алданги 13,567,500 төгрөг /5,000,000 зээл + 16 сарын хүү 4,800,000 - 755,000 хүү =9,045,000+4,522,500алданги/ нийт 14,917,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгох нь зүйтэй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,768 төгрөгөөс 232,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 18,233 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232,535 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.А, Ж.О нараас 14,917,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,768 төгрөгөөс 232,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 18,233 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232,535 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ