| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 101/2023/07892/И |
| Дугаар | 191/ШШ2025/04543 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/04543
| 2025 05 20 | 191/ШШ2025/04543 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд илүү олгосон 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Хариуцагч Б.,
Гэрч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд илүү олгосон 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ассет ******* ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 135 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны 100 хувийн эзэмшлийн Төрийн өмчит компаниар анх үүсгэн байгуулагдсан.
Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолоор тус компанийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Монгол Улсын хөгжлийн банкны ажилтнуудаас ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-ийг татан буулгах зорилго бүхий комисс томилж ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.той 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан.
Гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл холбогдох ажилтнуудад цалин хөлсийг бүтнээр олгосон байх бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Үндэсний аудитын газраас 138/A0150053, ΑΧΓ-2022/18/НА-СТА-ТӨА дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг тавьсан.
Тус актад ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-г татан буулгаснаар Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөх эрсдэл үүссэнийг Хувьцаа эзэмшигч цаг тухайд нь шийдээгүйгээс компанийг татан буулгах комиссын үйл ажиллагаа удааширч, Монгол Улсын Хөгжлийн банкнаас ажилласан ажилтнуудад 2021 онд 159,300,000 төгрөгийн цалинг илүү тооцож олгосон гээд холбогдох төлбөрийг барагдуулж Үндэсний аудитын газрын дансанд төвлөрүүлэхийг үүрэг болгосон.
Иргэн Б. болон татан буулгах комисс нь ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийн дагуу үүсгэн байгуулагдсан бөгөөд тус шийдвэрийн хавсралтын дагуу 2020 оны 08, 09 дүгээр сард гүйцэтгэж дуусгахаар Төлөвлөгөөг батлуулсан байсан ч Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 252 дугаар тогтоолоор ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-ийн үйл ажиллагааг 2021 оны 08 дугаар сард сэргээсэн бол татан буулгах комисс 2021 оны 09 дүгээр сар дуустал ажилласан.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, хөлсөөр ажиллах гэрээний 5.2 дугаар зүйлд ажиллагч хүндэтгэх шалтгаангүйгээр хариуцсан ажил, үүргээ хангалттай гүйцэтгээгүй бол тухайн ажлын гүйцэтгэлээс хамаарч ажиллуулагчийн зүгээс ажлын хөлсийг бүтэн эсхүл зарим хэсгийг олгохгүй байж болно гэж тус тус заажээ.
Үүний дагуу Үндэсний аудитын газраас болон ажил олгогчийн зүгээс зарим хэсгийг буюу гэрээний дагуу олгох хөлсний 40 хувийг олгож 60 хувийг буцаан төлүүлэхээр акт тогтоосон байна.
1.2. Б.ийг хүчээр хэн ч ажиллуулаагүй. Өөрөө ******* ҮЦК ХХК татан буулгах комиссын дарга тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад гарын үсэг зурсан. Хүчээр зуруулаагүй. Тэгэхээр хөдөлмөрийн мөлжлөг биш юм.
Хөгжлийн банкнаас өөрийг нь заавал ажиллуулна гэсэн шийдвэр байна гэдэг. Гэтэл өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад болон бусад мэдээллээр Б.ийг ганцаар нь заавал ажиллуул гэсэн тийм зүйл байхгүй.
Хөлсөөр ажиллах гэрээний хамгийн эхний заалтыг харах юм болбол бол ******* ҮЦК ХХК төлөөлж Б.той гэрээ байгуулсан байдаг. Тэгэхээр яагаад Хөгжлийн банктай хутгаж байгаа юм бэ гэдгийг асуумаар байна. Хэрвээ үнэхээр ******* ҮЦК ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй бол энэ хүн хэнтэй ямар үндэслэлээр гэрээ байгуулаад хэнээс ямар үндэслэлээр мөнгө авчихсан бэ гэдгийг тодорхой болгох ёстой. Учир нь Б. нь бид нар маргаад байгаа 2021 оны 1 дүгээр сараас 9 есдүгээр сар хүртэлх хугацаанд Хөгжлийн банкнаас цалин аваад явж байдаг. ******* ҮЦК ХХК-иас бас цалин аваад явж байгаа. Тэгэхээр яг энэ хүн аль хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэж хэлээд байгаа. Гэрээний дагуу 3,000,000 төгрөгөө ямар үндэслэлийн дагуу авсан юм бэ гэдгийг нь тодорхой хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.
Хөөн хэлэлцэх хугацаа бол актаас өгсүүлээд өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацааг тоолоход болоогүй. Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн шийдвэр хавтаст хэрэгт байдаг. Татан буулгах комиссыг байгуулаад төлөвлөгөө тодорхой хугацаанд гаргаад энэ үед Б. өөрөө ч гэсэн оролцсон. Анх 2020 оны 9 сараас 3 сарын хугацаанд татан буулгах төлөвлөгөөгөө батлуулаад тэрнийхээ хооронд ажил хийгээд тэр хугацаанд ажил хийсэн гэж үзэж байгаа үеийн цалинг нэхэмжлээгүй. Дараа жилийн буюу 2021 оны 1 сараас 10 сар хүртэл энэ хүмүүс яг юу хийсэн юм гэхээр хийсэн ажил нь тодорхойгүй байгаа. Хавтаст хэрэгт Б.оос гаргасан тайлан дүгнэлтүүд материалуудыг харахаар тэр хугацаанд өөрсдөө бид хэд тайлангаа өгөөд яваад байсан гэдэг. Гэтэл үлдсэн 5 хүн нь харилцан зөвшөөрөөд төлбөрөө төлдөг. Татан буулгах комиссын дарга гээд байгаа болон Б. нар хүлээн зөвшөөрөхгүй маргаад явж байгаа. Өмнөх 3 сарын хугацаанд хийсэн зүйлийг нэхэмжлээгүй. Энэ 9 сарын хугацаанд яг ямар ажил үүрэг гүйцэтгэсэн талаар тайлбарыг хавтаст хэрэгт манай зүгээс байхгүй гэж үзэж байна. Тэрийг ч гэсэн Үндэсний аудитад өөрсдөө шалгаад тодорхой актыг нь тавиад энэ хүмүүсээс эргүүлж ав гэсэн ойлголттой.
Үндэсний аудитын газрын тамга тэмдэг болон бусад дүрэм журам яриад байна. Энэ манайтай холбоотой асуудал биш. Хэрвээ үнэхээр тийм асуудал байсан бол тухайн актыг гаргасан хүмүүс дээр нь одоо хариуцлага тооцуулна гэдэг юм уу гомдол гаргаад явах эрх нь Б.т байсан. Иймд 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар хэлье. Шаардах эрх үүсээгүй. ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй. ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК болон бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Татан буулгах комиссыг байгуулсан этгээд нь Хөгжлийн банк юм. Надтай гэрээ байгуулсан этгээд нь татан буулгах комисс юм. Монгол Улсын Хөгжлийн банкнаас татан буулгах комисс байгуулагдсан. Ажиллуулагч нь татан буулгах комисс. Энэ компани нь хөлсөөр ажиллах гэрээнд ямар ч хамааралгүй компани. Надад ажлын хөлс олгоогүй. Гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон. Компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон байсан. ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК нэхэмжлэгч биш ажлын хөлс нэхэмжлэх эрх байхгүй.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Татан буулгах комисстой хөлсөөр ажиллах гэрээг 2020 оны 9 сарын 23-ны өдөр байгуулсан. Нэхэмжлэлийг 2023 оны 11 сарын 16-ны өдөр гаргасан. Иргэний хууль 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй. Нэхэмжлэлд Иргэний хуулийн 359.1.Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн заалтыг үндэслэл болгосон. Гэвч энэ нь ажиллагч, ажиллуулагч гэрээний талуудын харилцаа юм. ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК гэрээний нэг тал биш учраас хамааралгүй. Энд заасны дагуу би ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Ажиллуулагч ажлаа бүрэн хийсэн гээд хөлсөө төлсөн. Ажил бүрэн дууссанаар гэрээ дуусгавар болсон. Талуудын хэн аль нь ч гомдол гаргаагүй.
Хөлсөөр ажиллах гэрээний 5.2-т ажиллагч хүндэтгэх шалтгаангүйгээр хариуцсан ажил үүргээ хангалттай биелүүлээгүй бол тухайн ажлын гүйцэтгэлээс хамаарч ажиллуулагчийн хөлсийг бүтэн эсвэл зарим хэсгийг олгохгүй байж болно гэсэн энэ заалтыг үндэслэсэн. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн бол тухайн үед хөлсийг олгохгүй байх боломжтой байсан. Энэ нь ажлын хөлсийг буцаан гаргуулах тухай заалт биш. Цалин хөлсийг олгохгүй байх, буцаан гаргуулах хоёр нь хоёр өөр ойлголт юм.
Ажиллуулагч буюу татан буулгах комисс тухайн үед миний ажлыг тогтмол шалгаж явдаг байсан. Хангалтгүй гэж нэг ч удаа дүгнэлт гаргаж байгаагүй. Ажлаа хангалтгүй хийсэн гэж үзсэн бол хөлсийг бүтэн эсвэл зарим хэсгийг олгохгүй байж болох байсан. Цалин хөлсийг сард 2 удаа олгож байсан.
Үндэсний аудитын газрын актыг үндэслэл болгосон гэдэг. Энэ акт нь өөрөө будилаан үүсгэсэн. Үндэсний аудитын газрын акт нь өөрөө хууль зөрчиж гаргасан. Үндэсний аудитын газар нь төрийн байгууллага боловч Үндэсний аудитын газрын актад Гранд торнтон аудит ХХК буюу хувийн байгууллага гарын үсэг зурсан. Байгууллагын албан бланкыг ашиглаад тамга дарсан байдаг. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 24.6-д төрийн аудитын байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж заалтыг зөрчсөн.
Мөн Монгол Улсын засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тамга, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх журмыг зөрчсөн. Хувийн компани хэвлэмэл хуудас, тамга, тэмдгийг нь ашиглах тухай зохицуулалт байхгүй. Энэ актад Төрийн аудитын тухай хуулийг үндэслэсэн. Төрийн байгууллага биш учир Гранд торнтон аудит ХХК-ийн хувьд энэ үндэслэл хамаарахгүй.
Төрийн аудитын тухай хуулийн 21.2-ийг үндэслэсэн. Шалгагдагч этгээд зөрчил гаргасан бол акт тогтоох тухай заалт. Шалгагдагч этгээд нь Б. биш. Шалгагдагч этгээд нь ******* ҮЦК ХХК байсан. Акт нь мөн Төсвийн тухай хуулийн 6.4 дэх заалтыг үндэслэсэн. Төсвийг үр ашигтай байхаар зохицуулсан. Гэтэл ******* ҮЦК ХХК төсвийн байгууллага биш бөгөөд төсвөөс санхүүждэггүй. Актад 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан гэж алдаатай оруулдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 15 хүнийг томилсон. Актад буруутай этгээдийг, зөрчилтэй нь шууд заасан. ******* ҮЦК ХХК-ийг татан буулгаснаар Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөх эрсдэл үүссэнийг хувьцаа эзэмшигч цаг тухайд нь шийдээгүйгээс компанийг татан буулгах комиссын үйл ажиллагаа удааширч, Хөгжлийн банкнаас ажилласан ажилтнуудад 2021 онд 159,300,000 төгрөгийн цалин илүү тооцож олгосон байна гэж заасан. Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөх нөхцөл үүссэн. Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээ нь 4,4 их наяд төгрөгийн гэрээ байгаа. Энэ эрсдэлийг хувьцаа эзэмшигч нар шийдэж чадаагүй юм байна. Ажилтнууд нь ажлаа хийсэн гэдгийг энэ актад заасан. Хувьцаа эзэмшигч нар нь буруутай гэж заасан байхад Б.оос нэхэмжилж буй нь утгагүй байна. Актад Б.оос гаргуулах үг өгүүлбэр байхгүй. Хэрэв надад хамааралтай байсан бол тухайн үед надад мэдэгдэх байсан. ******* актад нь гомдол гаргах байсан.
Актад цалин гэж дурдсан байгаа. Татан буулгах комиссоос надад цалин өгөөгүй. Нэхэмжлэгч үндэсний аудитын газрын актад нэр томьёо хуулийнхаа зүйл заалтуудыг маш их хольж хэрэглэсэн. Цалин гэж нэг дурдана, цалин хөлс гэж нэг дурдана ажиллагч, ажил олгогч, ажилтан гээд бүгдийг нь хольчихсон. Хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ гэсэн байдаг. ******* татан буулгах комисстой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Аудитын дүгнэлтийг хэрвээ ******* ҮЦК ХХК-ийн зүгээс зөв гэж үзсэн юм бол хувьцаа эзэмшигч буюу тодорхой албан тушаалтнуудаас бурууг нь хайж мөнгөн дүн хохирол учирсан гэж үзэж байгаа тэрийг нэхэмжлэх хэрэгтэй. Үндэсний аудитын газрын акт нь буруу гэж үзсэн бол тухайн үед гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.
Хөлсөөр ажиллах гэрээний 1.3-т гэрээний хугацаанд ******* ҮЦК ХХК-г улсын бүртгэлээс хасах хүртэл хугацаанд энэхүү гэрээний хугацааг үйлчилнэ. Энэ хугацаанд буюу улсын бүртгэлээс хасах хүртэл нэг тал ажил гүйцэтгэж нөгөө тал хөлс төлөх үүргээ биелүүлж байсан, биелүүлсэн. Яагаад гэхээр тухайн үед эзэнгүй гүйцэтгэх удирдлага нь байхгүй байсан учраас татан буулгах гээд удирдлагыг нь хэрэгжүүлээд маш их хөрөнгө 4,4 их наяд төгрөгийн хөрөнгө мөнгө, арилжааны банкнуудад байгуулсан хадгаламж зэрэг маш олон асуудлууд үүсэж гарч ирсэн. Компанийн хөрөнгө шилжүүлэх гээд олон асуудлуудыг болбол шийдэхээс нааш татан буулгах комисс ажлаа зогсоож болохгүй байсан.
Магадгүй бид нар өөрсдөө санаачилгаараа ажлаа зохицуулж явах юм бол эргээд бид нар маш том хариуцлагад унана. Тийм учраас олгосон цалин хөлсийг буцааж авна гэдэг зохицуулалт хөлсөөр ажиллах гэрээ, иргэний хуульд ч байхгүй.
Харин ажлын дутуу гүйцэтгэсэн юм уу, хангалтгүй гүйцэтгэсэн байсан бол олгохгүй байж болох байсан. Зорилго нь ажилд нь тохируулж цалин хөлсийг нь тохируулж өгөх. Хөлсөөр ажиллах гэрээний 4.1-д гэрээ цуцлах ноцтой зөрчлийг заасан. 4.1.2-т ажиллагч нь гүйцэтгүүлж зохих ажил үүргийг бүрэн биелүүлээгүй буюу чанаргүй гүйцэтгэсэн энэ талаар хоёроос дээш удаа үндэслэл бүхий гомдол гаргасан буюу мэргэжлийн хувьд ажилдаа тэнцэхгүй нь нотлогдсон бол гэрээг цуцалсан боломжтой байсан. Саяын тэр дурдаад байгаа үндэслэлээр хэрвээ тухайн үед үүссэн бол намайг шууд ажлаас нь чөлөөлөх боломжтой байсан. Хариуцлага тооцох боломжтой байсан. Хэрвээ гэрээний ноцтой зөрчил гаргасан байлаа гэхэд тухайн үедээ шийдээд дараа сарын цалинг нь олгохгүй. Гэрээний зохицуулалт ийм л байсан.
Гэрээний 5.1-д нь ажил олгогч нь ажиллагчид гэрээний хугацаанд 3,000,000 төгрөгийн хөлс төлнө гэж ажил олгогчийн үүргийг заасан. Гэрээний хугацаа дуусаагүй байсан. Ажил дутуу гүйцэтгэсэн, гомдол санал гараагүй. Гэрээний ноцтой зөрчил гэж үзээгүй байсан тул ажил олгогч цалинг олгосон. Гэрээний 5.2-т ажиглагч хүндэтгэх шалтгаангүйгээр хариуцсан ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүй тухайн ажлын гүйцэтгэлээс хамаарч ажил олгогчийн төлсөн ажлын хэсгийг бүтэн хэсгийг зарим хэсгийг бол тохируулж болно заасан. Хангалтгүй гэж үзээгүй. Тэгээд цалин хөлсийг бүрэн олгосон.
Хөлсөөр ажиллах гэрээний 6.1-д ажиллагч нь үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоох дүрэм журам энэхүү хүрээндээ хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол ажил олгогчийн зүгээс гаргасан зөрчлийн шинж чанар түүнийг давтан учирсан тохиолдолд хугацаа гаргах сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Шаардлагагүй бол комиссын гишүүнээс чөлөөлөх саналуудыг бүх этгээдэд хүргэж мэдэгдэнэ гэж тухайн үед гэрээгээр тодорхой зохицуулчихсан.
Тэгээд энэ заалтынхаа дагуу аль ч тал нь гомдол санал гаргаагүй байж 3 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжилж байна. Тухайн үед хувьцаа эзэмшигч буюу Хөгжлийн банкны зүгээс комиссын дарга болон гишүүний ажилд тогтмол хяналт тавьж байсан. Цалинг нь нэмж хасаж байсан. Гишүүдэд хариуцлага тооцож, чөлөөлж ч байсан. Комиссын зарим гишүүдийг ажлын хэсэгт томилж чөлөөлж байсан. ******* анхнаасаа татан буулгах комисст ороогүй. Ажлын дундаас намайг томилсон.
Тухайлбал 2020 оны 9 сарын 21-ний өдрийн 2-р тогтоолоор , , нарыг чөлөөлөөд мөн мэргэжилтэн болон намайг томилж байсан. Намайг томилохдоо тухайн үед Хөгжлийн банкны захирал одоо Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга хийж байгаа тэр хүн татан буулгах комиссын үйл ажиллагаанд хяналт тавих, арилжааны банканд байршуулсан хадгаламжууд болон хадгаламжууд ямар журмаар яаж байршиж байгаа мэдээллийг надад тогтмол өгч бай гэж намайг тусгайлан томилсон.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 8 дугаартай чиглэл өгөх тухай шийдвэр гарсан. Энэ нь комиссын үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны үндсэн ажилтнаас бусад ажилтныг комиссын гишүүнээс чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулна гэсэн.
Өөрөөр хэлбэл тухайн үед Хөгжлийн банканд намайг ажиллаж байсан учир бүгдийг нь бэлд гэж дахиж шийдвэрлэсэн байдаг. Хөлсөөр ажиллах гэрээнд Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг баримталсан.
Нэхэмжлэлд Үндэсний аудитын газраас болон ажил олгогчийн зүгээс зарим хэсгийг буюу гэрээний дагуу олгох цалин хөлсний 40 хувийг олгож, 60 хувийг буцаан төлүүлэхээр акт тогтоосон байна гэж байгаа. Актад 40, 60 гэсэн тоо байхгүй. Нэхэмжлэл худлаа зүйл бичсэн.
Хөгжлийн банкны давхар ажиллах тухай ярьж байна. Хөгжлийн банкны тухайд тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн дотоод журам 2018 оны А/383 дугаар тушаалаар батлагдсан. Хөдөлмөрийн дотоод журам 2.16-д банктай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтан төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирлын зөвшөөрснөөс бусад тохиолдолд давхар ажил эрхлэхийг хориглоно гэсэн заалтынхаа дагуу ч намайг өөрсдөө хөгжлийн банкнаас томилсон. Одоо ч гэсэн Хөгжлийн банканд олон компаниуд давхар ажиллаад явж байгаа.
Хохирол гэж нэхэмжлээд байгаа. Хэн нэгэн хохирсон асуудал байхгүй. Энэ бол хохирол биш. Намайг ажиллуулсан би хөдөлмөрлөсөн. Шударгаар хөдөлмөрлөсөн. Зохих ёстой ажлаа гүйцэтгэсэн хөлсөө авсан. Хөгжлийн банкнаас намайг томилон ажиллуулсан. Миний хөдөлмөрийн үр шимийг хүртсэн. Эрсдэлээс сэргийлсэн. ******* ҮЦК ХХК хохирсон зүйл байхгүй.
Татан буулгах гэж байснаа татан буулгах комисс нь зөв ажиллаад асуудлыг зөв дэвшүүлэх учир эргээд сэргэсэн. Нэг тал нь ажиллаад ажлын үр шимийг хүртэж, нөгөө тал нь цалин хөлсөө авсан энэ харилцаанд ямар нэгэн хохирол байхгүй.
Харин намайг шүүхээр дуудаж явуулж байгаа. Эцэстээ хохирогч нь би өөрөө гэж үзэж байгаа. ******* үүнийг албадан хөдөлмөр эрхлэх буюу хөдөлмөрийн мөлжлөг хийх оролдлого гэж үзэж байгаа. ******* тухайн үед шударгаар ажиллаад хөдөлмөрлөхөд цалин, ажлын хөлсөө авсан. Тэгээд Азийн Хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөлд 1,3 тэрбум доллар буюу 4,4 их наяд орчим төгрөг болсон. Хэрвээ энэ гэрээний заалт зөрчигдсөн бол Монгол Улс Олон улсын гэрээний үүргээ зөрчих байсан. Энэ үүрэг зөрчигдөх юм бол Монгол Улсын хэмжээний асуудал болох байсан. Харин хуульч ажиллаж энэ асуудлаа сэргээж чадсаны ачаар тухайн үед татан буулгах шийдвэр гаргачихсан байж байснаа буцаагаад байгуулах шийдвэр гараад одоо хэвийн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа. Буцаагаад сэргээхэд нь хувь нэмрээ оруулсан хуульчтайгаа шүүхээр явж байгаа асуудал байна.
Ажил хийлгээд, дараа нь ажлын хөлс буцааж авна гэж байгаа бол албадан хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөг гэж үзэхэд хүргэнэ. ******* боол биш. Миний хийсэн ажлын хөлсийг буцааж авна гэж байгаа бол эхлээд намайг боол гэж нотлох хэрэгтэй. ******* үүнийг боолын нийгэм эхлүүлэх оролдлого гэж үзэж байгаа. Хүний ажиллуулаад дараа нь мөнгөө нэхэж болдог юм бол хэнээс ч дуртай үедээ нэхэмжлээд байж болох уу. ******* 20 гаруй жил хуулийн салбарт ажиллаа. Олон хэрэг маргаанд орж үзлээ. Ийм сонин нэхэмжлэлийг анх удаа үзлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх 3/
3.2. Итгэмжлэл /1-р хх 4, 5-р хх 187, 196/
3.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх 5, 5-р хх 188, 197/
3.4. ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020.08.10-ны өдрийн 01 дугаар Татан буулгах үйл ажиллагааг дуусгавар болгох зарим арга хэмжээний тухай шийдвэр /1-р хх 6-8/
3.5. 2020.09.21-ний өдрийн 13 дугаар хөлсөөр ажиллах гэрээ /1-р хх 9-10/
3.6. ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /1-р хх 11-20/
3.7. Төлбөрийн даалгавар, цалингийн хүснэгт /1-р хх 21-52/
3.8. Үндэсний Аудитын Газрын 2022.03.15-ны өдрийн 138/20150053 дугаар Төлбөр барагдуулах тухай акт /1-р хх 53/
3.9. ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023.03.31-ний өдрийн 01 дугаар дүрэм шинэчлэн батлах тухай шийдвэр, дүрэм /1-р хх 54-61/
3.10. ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020.09.21-ний өдрийн 02 дугаар Компанийг татан буулгах комиссын бүрэлдэхүүний талаар авах арга хэмжээний тухай шийдвэр /1-р хх 62/
3.11. Монгол Улсын Засгийн Газрын 2021.08.18-ны өдрийн 252 дугаар тогтоол /1-р хх 63/
3.12. Монгол Улсын Засгийн Газрын 2020.04.29-ний өдрийн 155 дугаар тогтоол /1-р хх 64/
3.13. 2018.001.01-ний өдрийн ХГ/18/72 дугаар Хөдөлмөрийн гэрээ /1-р хх 65-69/
3.14. Ажлын байрны тодорхойлолт /1-р хх 70-72, 5-р хх /
3.15. Монгол Улсын Хөгжлийн Банкны Хөдөлмөрийн дотоод журам / 1-р хх 73-82/
3.16. Үндэсний Аудитын Газрын 2024.12.06-ны өдрийн 07/2319 дугаар албан бичиг /5-р хх 199/.
3.9. 2022.01.25-ны өдрийн барилгын заслын ажлын гүйцэтгэлийн тайлан /хх 59-106/
3.10. Ажил гүйцэтгэсэн акт /хх 107-114/
3.11. Шуудангийн илгээмжийн төлбөр төлсөн баримт, ******* ХХК-ийн албан бичгүүд /хх 176-191/
3.12. ******* ХХК-ийн Голомт банкны дансны хуулга /хх 192-221/
4. Хариуцагчаас нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Хариу тайлбар /1-р хх 94-95/
4.2. Итгэмжлэл /хх 148-149/
4.3. Хариу тайлбар /хх 154/.
5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч ******* ҮЦК ХХК-иас дараах нотлох баримтыг гаргуулсан. Үүнд:
5.1. ******* ҮЦК ХХК-ийн 2022.09.29-ний өдрийн 3/95 дугаар Төлбөр барагдуулсан тухай албан бичиг /1-р хх 112/
5.2. ******* ҮЦК ХХК-ийг татан буулгах комиссын тайлан /1-р хх 209-250, 2-р хх 1-250, 3-р хх 1-250, 4-р хх 1-250, 5-р хх 1-158/.
Монгол Улсын Хөгжлийн Банкнаас:
5.3. Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2021.04.02-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, итгэмжлэл /5-р хх 176-179/
Мөн хариуцагчийн хүсэлтээр ТАТАН БУУЛГАХ КОМИСС /ХОМК/ нэртэй вайбер групп дэх ажлын чатад үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлсэн. /5-р хх 163-170/
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр , нарыг асуусан.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ҮЦК ХХК нь хуулийн этгээдийн нэрээ ******* ХХК болгосныг улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, 2025.04.16-ны өдөр дахин гэрчилгээ олгосон байна.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд илүү олгосон 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолоор тус компанийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Монгол Улсын хөгжлийн банкны ажилтнуудаас ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-ийг татан буулгах зорилго бүхий комисс томилж ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан ба Б.той 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Үндэсний аудитын газраас ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-г татан буулгаснаар Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөх эрсдэл үүссэнийг Хувьцаа эзэмшигч цаг тухайд нь шийдээгүйгээс компанийг татан буулгах комиссын үйл ажиллагаа удааширч, Монгол Улсын Хөгжлийн банкнаас ажилласан ажилтнуудад 2021 онд 159,300,000 төгрөгийн цалинг илүү тооцож олгосон үндэслэлээр 138/A0150053, ΑΧΓ-2022/18/НА-СТА-ТӨА дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг тавьсан.
Татан буулгах комисс нь 2020 оны 08, 09 дүгээр сард татан буулгах ажлыг гүйцэтгэж дуусгахаар төлөвлөгөөг батлуулсан ч 2021 оны 09 дүгээр сар дуустал үр ашиггүй ажилласан. Б. нь Хөгжлийн банканд ажилладаг атлаа хөлсөөр ажиллах гэрээгээр давхар ажилласан тул хөлсийг банкнаас авдаг үндсэн цалингийн 40 хувиар тооцвол 2021 оны 1-9 сарыг дуустал 9,000,000 төгрөгийн хөлс олгох байтал 27,000,000 төгрөг олгож, 18,000,000 төгрөгийг илүү олгосон учир Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Б.оос буцаан шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК болон бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Үндэсний аудитын газрын акт нь хууль зөрчиж гарсан, шалгагдагч этгээд нь Б. биш, актад буруутай этгээдийг, зөрчилтэй нь шууд заасан, намайг хөгжлийн банкнаас томилсны дагуу ажилласан учир давхар ажил эрхэлсэн гэдэг үндэслэлгүй, би зохих ажлаа гүйцэтгэж хөлсөө авсан, ******* ҮЦК ХХК хохирсон зүйл байхгүй гэх үндэслэлээр маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн Банкны охин компани хэлбэрээр байгуулагдсан ******* ҮЦК ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсний дагуу ******* ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор татан буулгах комиссын бүрэлдэхүүнийг баталж, комиссын даргаар Н.ыг томилсон байна. /1-р хх 6-8, 64/
4.2. Улмаар ******* ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоолоор татан буулгах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, комиссын гишүүнээр Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль тусгай активын газрын хуулийн хэлтсийн хуульч Б.ийг томилжээ. /1-р хх 62/
4.3. Б.той ******* ҮЦК ХХК-ийг төлөөлж татан буулгах комиссын дарга Н. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 13 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна. /1-р хх 9-10/
Гэрээгээр ажиллагч Б. нь компанийг татан буулгах үйл ажиллагааг хэрэгжүүлж, комиссын баталсан төлөвлөгөөнд тусгагдсан өөрт хамаарах ажил, үүрэг болон ажиллуулагчаас хариуцуулсан үүрэгт ажлыг гүйцэтгэх, ажиллуулагч буюу ******* ҮЦК ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг журмыг баримтлан ажиллагчийг аятай нөхцөлөөр хангах, албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай нөхцөл, техник хэрэгсэл, бичиг хэргийн материал, ажил, үүргийн онцлогт тохируулан аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн зүйлээр бүрэн хангах үүргийг тус тус хүлээж, гэрээний 5.1-д зааснаар ажиллуулагч нь ажиллагчид гэрээний хугацаанд сард 3,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байна.
4.4. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2-д Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заасан бөгөөд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Учир нь дээрх гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсгээ зурсан, эрх зүйн чадамжтай, гэрээний нөхцөл, үүрэг, эрх зүйн үр дагаврыг ойлгох чадвартай этгээдүүд байх ба Иргэний хуулийн 56, 57, 58 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгчийн Н. компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй тул хөлсөөр ажиллах гэрээ хүчин төгөлдөр бус гэх, хариуцагчийн ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй, татан буулгах комисстой гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь гэрээний нэг тал биш гэх тайлбарууд үндэслэлгүй байна.
4.5. Талуудын гэрээний 1.3-т Гэрээний хугацаа нь Компанийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага ******* ҮЦК ХХК-ийг улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд энэхүү гэрээний хугацаа үргэлжилнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл талууд ******* ҮЦК ХХК-ийг улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан татан буулгах комиссын тайлан, түүнтэй холбоотой баримтууд, татан буулгах комиссын гишүүдийн групп чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр татан буулгах комиссын үйл ажиллагаанд Б. оролцож, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж байсан нь нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч нь гэрээний 5.1-т заасны дагуу 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал сар бүр 3,000,000 төгрөгийг хөлсийг хариуцагчид төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. /1-р хх 21-52/
Улмаар Монгол Улсын Засгийн Газрын 2021.08.18-ны өдрийн 252 дугаар тогтоолоор татан буулгахаар шийдвэрлэсэн ******* ҮЦК ХХК-н үйл ажиллагааг сэргээж, компанийн татан буулгах ажиллагааг зогсоож, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрхээс дүгнэхэд Б. нь ******* ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоолоор татан буулгах комиссын бүрэлдэхүүнд томилогдож, мөн өдөр ******* ҮЦК ХХК-тай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулснаар ажиллаж эхэлсэн байх ба Монгол Улсын Засгийн Газрын 2021.08.18-ны өдрийн 252 дугаар тогтоолоор ******* ҮЦК ХХК-г компанийн татан буулгах ажиллагааг зогсоосноор талуудын гэрээний 1.3-т заасан гэрээний хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдэж, Хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т зааснаар дуусгавар болсон байна.
4.6. Нэхэмжлэгчээс Үндэсний Аудитын Газрын актаар хариуцагчид илүү цалин олгосон болохыг тогтоосон гэж мэтгэлцэж, татан буулгах комисст давхар ажилласан Монгол Улсын Хөгжлийн банкны ажилтан болох Б.оос хөлсөөр ажиллах гэрээний дагуу олгосон цалинг буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болж байна.
Гэтэл Үндэсний Аудитын Газраас ******* ҮЦК ХХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд аудит хийснээр 2022.03.15-ны өдөр 138/20150053, АХГ-2022/18/НА-СТА-ТӨА дугаар төлбөр барагдуулах акт нь ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК нь Засгийн газар болон Монгол Улсын Хөгжлийн Банкны Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-ийг 2020 онд татан буулгах шийдвэр гарч, 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилсон ба үүнээс 7 хүнийг МУХБ-наас давхар ажиллуулахаар шийдвэрлэсэн. ******* ******* ******* ассет ******* ҮЦК ХХК-ийг татан буулгаснаар Азийн Хөгжлийн Банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөх эрсдэл үүссэнийг Хувьцаа эзэмшигч цаг тухайд нь шийдээгүйгээс компанийг татан буулгах комиссын үйл ажиллагаа удааширч, МУХБ-наас ажилласан ажилтнуудад 2021 онд 159,300,000.00 төгрөгийн цалинг илүү тооцож олгосон байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үндэслэлээр гарсан байна. /1-р хх 53/
Тодруулбал энэхүү акт нь талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ, түүний биелэлттэй хамааралгүй буюу компанийг татан буулгах комиссын үйл ажиллагаа удааширсан нь Хувьцаа эзэмшигчээс шалтгаалсан болохыг тогтоосон байх тул нэхэмжлэгчийн татан буулгах комисс нь батлагдсан төлөвлөгөөний дагуу 2020 оны 08, 09 дүгээр сард татан буулгах ажлыг хийж гүйцэтгэх ёстой байтал хугацаа хэтрүүлж 2021 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал ажил үүргээ гүйцэтгээгүй нь тус актаар тогтоогдсон гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.
4.7. Мөн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээнд ажлын үр дүнг шаардахгүй. Харин мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт зааснаар ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана. Мөн зүйлийн 367.3 дахь хэсэгт зааснаар ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж заасан.
Харин талуудын байгуулсан гэрээ дуусгавар болсон байх ба гэрээ цуцлагдсан үйл баримтгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлсөн хөлсөө буцаан шаардах эрхгүй байна.
Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.
Талууд харилцан тохиролцож хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан, гэрээний үргэлжлэх хугацаа, олгох хөлсний хэмжээг тохиролцсон нь дээрх гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн хариуцагч Б. нь давхар ажил эрхэлсэн тул хөлсийг 40 хувиар тооцох ёстой гэх тайлбар үндэслэлгүй.
Иймээс ******* ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар мэтгэлцсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүйг дурдав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Б.т холбогдох хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд илүү олгосон 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА