Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгч Ц.Зэнээмэдэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Ц.З холбогдох эрүүгийн 1821001530082 дугаартай хэргийг 2018 оны 4 сарын 02-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 7 сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын 3-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 сарын 21-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, регистрийн дугаартай, Хатагин овогт Ц.З

 

Шүүгдэгч Ц.З нь 2018 оны 02 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Чойбалсангийн 2-04 тоот хашааны гандна иргэн Б.Б  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 02 сарын 19-ний өдрийн орой буюу Цагаан сарын шинийн 4-ний өдрийн орой 19 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсангийн 2-04 тоотод оршин суух найз хүүхэн болох Мөнхцэцэгийнд шинэлэхээр очиход тэднийд гаднаас 4 залуу шинэлээд архи уугаад сууж байсан. Тэгэхэд нэг нь зүс танидаг залуу /нэрийг нь мэдэхгүй байна гэх/ байсан ба тэр залуутай юм яриад сууж байсан чинь хажуугаас З гэх залуу дуугүй бай, чи зайл гэж хэлэхээр нь түүнд  би найзынхаа гэрт байна, найзынхаасаа чамд хөөгдөх болоогүй шүү муу банди минь гэсэн чинь Зэнээмэдэр би банди явж үзээгүй шүү, хоёулаа гаръя гэсэн ба би гадагшаа түрүүлж гарахад өөдөөс машин ирж байсан тул машины гэрэл тусах үед ахынх нь гар муу шүү хоёулаа больё гэж хэлж дуусаагүй байхад намайг нүүр рүү цохиод унагаасан ба би ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд найзынхаа хашааны гадаа ганцаараа сэрсэн ба гэр рүүгээ гүйгээд эхнэрийнхээ утсаар цагдаа руу дуудлага өгч буцаад тэр айлын гадаа очиж цагдаа ирэхийг хүлээсэн. ...Одоо миний хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 24-ний өдрийн 184 тоот дүгнэлтэд: "1. Б.Б биед баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 20/

-Шүүгдэгч Ц.З н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

     Шүүгдэгч Ц.З нь 2018 оны 02 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Чойбалсангийн 2-04 тоот хашааны гандна хохирогч Б.Б  зодож, биед нь баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.З н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Намайг хоёулаа гаръя гэхээр нь гарсан чинь эхлээд намайг нэг цохисон, тэгэнгүүт нь би буцаагаад нэг цохисон, тэгтэл ойчоод өгсөн, чам шиг гөлөгнүүд гай болох юм байна аа гээд орох гээд буцаад явсан чинь надаас ирж тэвэрч аваад байсан юм, тэгэнгүүт нь би түүнийг тонгорч унагаагаад доороо хийгээд дээрээс нь хоёр удаа  лцохисон...“ гэж /хх-ийн 29-30/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Б  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 24-ний өдрийн 184 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Б.Б  биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.З хохирогчийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Ц.З  холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Ц.З  нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Зэнээмэдэрийн ЖЖ92072812 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Хатагин овогт Ц.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хатагин овогт Ц.З-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З  орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг / жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.З-н регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг шүүгдэгчид буцаан олгосугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.З  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР