Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00046    

 

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2021/004116 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 13 дугаар багт оршин суух иргэн Х.Д-д холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгч С.Тилеубердийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 5 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, хариуцагч Х.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Тилеуберди нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Газрын анхны үнээс дутуу төлсөн 14.100.000 /арван дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэх тухай.

Нэхэмжлэлд: “Хариуцагч Жалбыз ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д нь 2016 онд Өлгий сумын Засаг даргын 166 дугаар захирамжаар 0.3 га газрыг цэвэр усны үйлдвэр барих зориулалтаар авч 000322206 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Анхны үнээс 900.000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл 14.100.000  төгрөгийг төлөөгүй өдий хүрчээ. Энэ асуудлаар тус аймаг дахь Төрийн аудитын газраас 2019 онд шалгалт хийж нийт 26 иргэн, ААН-д холбогдох 234.183.500 төгрөгийн үнийн дүнтэй 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 10/100 дугаартай акт тавьсан байна. Уг актад нэр дурдагдсан 26 иргэн, ААН-ээс 14 иргэн, ААН төлбөрөө бүрэн барагдуулсан боловч үлдсэн 12 нь огт төлөөгүй байна. Энэ талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 53 тоот албан бичгийн хавсралтад жагсаалтаар тодорхой дурджээ.

Нэгэнт газрыг өөрийн эзэмшилд авсан бол хуулийн дагуу анхны үнийг бүрэн төлөх нь иргэн, хуулийн этгээдийн үүрэг бөгөөд 14 иргэн уг үүргээ биелүүлж 5,6 саягаас 41 сая хүртэл өөрт оногдох төгрөгийг төлсөн байх тул үлдсэн нь мөн адил өөрт оногдох хэмжээгээр төлж төрийг хохиролгүй болгох нь шударга ёсны зарчимд нийцэх юм. Иймд газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хүсэлт үндэслэлтэй бөгөөд төр хохирсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Өнөөдрийн байдлаар хариуцагч газрын анхны үнэ болох нийт 15.000.000 төгрөгөөс Жалбыз ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д нь 900.000 төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл 14.100.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэжээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 онд эзэмшиж авсан 0.3 га газрын анхны үнээс дутуу төлөлт гэж 14.100.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.2016 оны 08-р сарын 17-ны өдрийн 166 тоот шийдвэрийг үндэслэн Газар эзэмшүүлэгчийг төлөөлж Өлгий сумын Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Бахыт овогтой Аманбектэй газар эзэмшигчийг төлөөлж Жалбыз ХХК захирал Х.Д би энэхүү гэрээг байгуулсан.Тус гэрээний 2.2-т Газрын төлбөрийн хэмжээг заасан 900.000 төгрөгийг газрын анхны үнэ гэж төл гэснээр төлж уг газрын жинхэнэ эзэмшигч болсон билээ.Тухайн үед Газрын албаны мэргэжилтэн тухайн газрын анхны үнэ гэж 15.000.000 төгрөг төлөхөөр мэдэгдсэн бол уг газрыг миний бие авахгүй байсан.Тус газрыг аваад өөрийн зардлаар их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан, жил болгон газар ашиглалтын татвараа төлөөд явж байгаа. Одоо нэхэмжилж буй 14.100.000 төгрөгийг COVID-19 өвчний улмаас үүссэн хэцүү цагт төлөх боломжгүй.

2.Тус газар эзэмших гэрээг Газрын албаны мэргэжилтэнтэй 2016 оны 08-р сарын 19-ний өдөр байгуулсан бөгөөд тус гэрээний 2.5 дахь хэсэгт эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна гэж тусгасан бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс гэрээнд шаардах хугацаа болох гурван жил өнгөрсөн энэ хугацаанд эрх бүхий байгууллагаас нэг ч удаа надад газрын анхны үнэ төлөх тухай мэдэгдэх хуудас өгч шаардаж байгаагүй.

3.Сумын Засаг даргын захирамж гарахад Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дугаар тушаалыг баримтлаагүй миний буруутай үйл ажиллагаа биш.Тухайн үед ажиллаж байсан Газрын албан холбогдох мэргэжилтнүүд тухайн газрыг өөрсдийн аргачлалаар бодож ийм үнэ төлнө гэснийг төлж тухайн үед 900.000 төгрөгийг төлж авсан юм.Тэрнээс хойш тэр газарт хөрөнгө оруулалт оруулаагүй байхад надад энэ талаар мэдэгдэх бүрэн боломж байхад тэр хугацаанд мэдэгдээгүй улмаас би хөрөнгө оруулалт оруулсан.

4.Хоёр тал газар эзэмших гэрээ байгуулсан бөгөөд тус байгуулсан хоёр талын аль нэгийн эрх ашиг хохироогүй, хохирсон тохиолдолд хохирсон тал өөрөөр хэлбэл Газрын алба намайг шүүхэд өгөх, өгөхөөр болж байгаа тухай мэдэгдэж,шаардах эрх нь байсан боловч ч тийм ажиллагаа 5 жилийн хугацаанд хийгээгүй, энэ хугацаанд миний бие уг газрыг зориулалтын дагуу ашиглаж, жил бүр татварыг нь төлж байсан тул төлөх 14.100.000 төлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2021/00416 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар Жалбыз ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Даас газрын үнээс үлдсэн 14.100.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэжээ.    

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга: “ ...Тус шүүх хуралд хариуцагч миний бие нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ газрын анхны үнэ гэж 900,000 мянган төгрөгийг төл гэснээр төлсөн бөгөөд тухайн үед газрын үнэд 15,000,000 сая төгрөг төлөхөөр мэдэгдсэн бол уг газрыг миний бие авахгүй байсан. Одоо уг газарт бүтээн байгуулалт хийсэн тул буцаах боломжгүй мөн гэрээ байгуулсан өдрөөс гэрээний үүргийг шаардах хугацаа гурван жил өнгөрсөн. Тухайн үед газрын үнийг буруу тооцсон албан тушаалтны буруу болохоос миний буруутай үйл ажиллагаа биш тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй гэсэн.Тус газрын эзэмших гэрээг Газрын албаны мэргэжилтэнтэй 2016 оны 08-р сарын 19-ний өдөр байгуулсан бөгөөд тус гэрээний 2.5 дахь хэсэгт эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна гэж тусгасан бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс гэрээнд шаардах хугацаа болох гурван жил өнгөрсөн энэ хугацаанд эрх бүхий байгууллагаас нэг ч удаа надад газрын анхны үнэ төлөх тухай мэдэгдэх хуудас өгч шаардсан зүйл байхгүй. Сумын ЗД-ын 2016 оны захирамж гарахад Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дугаартай тушаалыг баримтлаагүй миний буруутай үйл ажиллагаа биш.Тэр газарт хөрөнгө оруулаагүй байхад надад энэ талаар мэдэгдэх бүрэн боломж байхад, энэ хугацаанд мэдэгдээгүй улмаас би хөрөнгө оруулалт оруулсан.ьХоёр тал газар эзэмших гэрээ байгуулсан бөгөөд тус байгуулсан хоёр талын аль нэгийн эрх ашиг хохироогүй, хохирсон тал өөрөөр хэлбэл Газрын алба намайг шүүхэд өгөх, өгөхөөр болж байгаа тухай мэдэгдэж, шаардах эрх нь байсан боловч ч тийм ажиллагаа 5 жилийн хугацаанд хийгээгүй.

Түүнчлэн хариуцагч талаас тухайн үеийн Газрын албаны мэргэжилтэн даамал байсан Б.Аманбекийг оруулж тухайн үед мөрдөгдөж байсан Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 234 тоот тушаалыг яагаад дагаж мөрдөж ажиллаагүй юм вэ гэж асуухад тухайн тушаалыг мөн газрын м.кв бодох итгэлц үүр болон “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал” бид газрыг иргэдэд тарааж өгсний дараа бидний гарт ирсэн гэсэн тайлбар өгсөн бөгөөд өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 5 дахь заалт буюу ИХ-ийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/эс үйлдэхгүй /-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан заалтад шүүгчийн зүгээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж зааснаар дуудлага худалдаа явуулах ёстой байхад явуулахгүйгээр шийдвэрлэсэн асуудалд шүүгч хууль зүйн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч  Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь “Жалбыз” ХХК-ны гүйцэтгэх захирал Х.Д-аас газрын үнээс дутуу төлсөн 14.100.000 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд төлүүлэх шаардлага бүхий  нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх иргэн Х.Д-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс урьд нь хариуцагчаар иргэн Х.Дыг тодорхойлж нэхэмжлэл гаргасан талаар дурдаж, тус хэргийн хариуцагчаар “Жалбыз” ХХК-ийг тодорхойлсон агуулга бүхий хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлээгүй орхигдуулж, иргэн Х.Д-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн атлаа “Жалбыз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Д-аас 14.100.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр тодорхой, салаа утгагүй, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дахь хэсэгт зааснаар шүүгч захирамж гаргах бөгөөд хэрэгт авагдсан аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон бусад нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь иргэн Х.Д биш болох нь тодорхой байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу сольсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь процессын хууль ёсны зарчимд нийцэх бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг үндэслэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

Хэргийг анхан шатны шүүхэд, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар гаргасан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдолд давж заалдах шатны шүүх урьдчилж дүгнэлт хийх, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Харин шүүхийн шийдвэр хэрэг шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөний улмаас хүчингүй болсон тул хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар иргэн Х.Д-д буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2021/00416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.450 /хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулан хариуцагч Х.Д-д буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                       

С.ӨМИРБЕК