2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/04263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, шүүгч Ч.Баярсүрэн, шүүгч Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  тоот хаягт оршин суух, Ч овогт  О О/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  тоот хаягт оршин суух, Б овогт Б Д/РД: /-д холбогдох,

 

1,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч Б.Д, түүний өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

(Зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч О.Онь хариуцагч Б.Дид холбогдуулан  1,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Шангрилла худалдааны төвийн хойд уулзвар дээр 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 55 минутын орчимд хариуцагч Баатарын Днь * улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн * улсын дугаартай, Тоёота рав 4 маркийн тээврийн хэрэгслийн ардаас мөргөн гэмтээж зам тээврийн осол гаргасан. Зам тээврийн ослыг Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс шалган хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба хариуцагчийг 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдөр 0769814 дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага тооцсон. Нэхэмжлэгч автомашины хаалгыг 1,000,000 төгрөгөөр худалдан авч, 1,200,000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэж нийт 2,200,000 төгрөгийн зардал гаргасан. Хариуцагчийн даатгуулсан даатгалын байгууллагаас 3 дугаар сарын 25-ны өдөр 870,000 төгрөг шилжин орж ирсэн ба 1,330,000 төгрөг төлөгдөөгүй байна. Нэхэмжлэгчид учруулсан хохирлыг бүхэлд нь хохирол учруулсан этгээд барагдуулах үүрэгтэй тул хариуцагч Б.Дхариуцан төлөх ёстой. Хохирлын талаар албан ёсны дистрибьютер компани болох Мөнххада ХХК-иас үнийн санал авахад эд ангийг 4,246,000 төгрөг, засвар үйлчилгээг 2,992,000 төгрөг, нийт 7,238,000 төгрөг гэсэн ба хямдыг нь бодож вьетнам засварын газраар засварлуулсан болно. Иймд хариуцагч Б. Доос 1,330,000 төгрөг гаргуулан шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчаас төлбөр шаардаж байгаа нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаатай холбогдуулан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг иргэний хэрэг үүсгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэсэн даруйд ханган шийдвэрлэж өгөхийг хүсье. Улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,330,000 төгрөг гаргуулах шаардлагад 36,230 төгрөг төлөхөөс 36,600 төгрөг төлсөн.” гэжээ.

 2. Хариуцагч Б.Дхариу тайлбартаа: “Тухайн 2024.03.18-ны өдөр зам тээврийн осол болж надад 100.000 төгрөгийн торгууль жолоочийн эрхийн 5 оноог хасах торгууль ноогдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Энэ үйл баримттай маргахгүй. Тухайн           ослын дараа А б ХХК * улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг 2024.03.19-ны өдөр гаргасан. Үнэлгээний тогтоосон дүн 870.000төгрөг болсон. Энэ хохирлыг миний автомашины жолоочийн хариуцлагын даатгалын дагуу Номин даатгалаас нэхэмжлэгч О.От 100% шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь тухайн үед хохирлын үнэлгээний тайланг өөрөө хүлээн зөвшөөрч дахин үнэлгээ хийлгэх гомдол санал гаргаагүй болно. Хэрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин үнэлгээ хийлгэн өөрөөр хохирол үнэлүүлсэн бол даатгалын компаниас төлөх боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл зөрчил хянан шийдвэрлэгдэх хугацаанд нэхэмжилж байгаа үнийн дүнтэй холбоотой нотлох баримт гаргаагүй учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Миний бие СБД-ийн Замын цагдаагийн газарт хүсэлт гарган Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгч байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол санал гаргаагүй хохирлыг үнэлгээг хүлээн зөвшөөрөөд үнэлгээнээс хэтэрсэн үнээр засварласан гэж үнийн зөрүү гарган нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг шударга ёсны зарчимд нийцүүлэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, 2024.03.18-ны өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийн хүлээн авах тухай, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай, Холбогдогчийн эрх үүргийг танилцуулсан тухай, Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст гаргасан тайлбар, Хохирогчийн эрх үүргийг танилцуулсан тухай, О.Оийн  Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст гаргасан тайлбар, ЗТО /даатгалын тохиолдол/-ын тодорхойлолт, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай, Шийтгэлийн хуудас, Вьетнам засвар авто засвар үйлчилгээний хуудас, Зарлагын баримт, Мемориалын ордер, Мөнххада нэхэмжлэх үнийн санал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн

Хариуцагчаас Хариу тайлбар, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай,  Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шийтгэлийн  хуудас, А б хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, Тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс Автотээврийн үндэсний төвөөс Тээврийн хэрэгслийн лавлагаа баримтыг бүрдүүлсэн байна.

 Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч О.Одараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Б.Днь * улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн * улсын дугаартай, Тоёота рав 4 маркийн тээврийн хэрэгслийн ардаас мөргөн гэмтээж зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас автомашины хаалгыг 1,000,000 төгрөгөөр худалдан авч, 1,200,000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэж нийт 2,200,000 төгрөгийн зардал гаргасан. Хариуцагчийн даатгуулсан даатгалын байгууллагаас 870,000 төгрөг шилжин орж ирсэн ба 1,330,000 төгрөг төлөгдөөгүй. Нэхэмжлэгчид учруулсан хохирлыг бүхэлд нь хохирол учруулсан этгээд барагдуулах үүрэгтэй тул хариуцагчаас 1,330,000 төгрөгийг шаардах эртэй.” гэжээ.

 3. Хариуцагч Б.Днэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Ослын дараа А б ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар 870.000 төгрөгийн хохирлыг тогтоосон. Энэ хохирлыг миний автомашины жолоочийн хариуцлагын даатгалын дагуу Номин даатгалаас нэхэмжлэгчид 100% шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед хохирлын үнэлгээний тайланг өөрөө хүлээн зөвшөөрч дахин үнэлгээ хийлгэх гомдол санал гаргаагүй, хохирлыг үнэлгээг хүлээн зөвшөөрөөд үнэлгээнээс хэтэрсэн үнээр засварласан гэж үнийн зөрүү гарган нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.” гэж маргажээ.

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Хариуцагч Б.Днь 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, пост 443 шангирилла хойд замд Land cruiser маркийн 1019 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нэхэмжлэгч О.Оийн жолоодон явсан Toyota RAV4 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж нэхэмжлэгч О.Оийн автомашинд хохирол учруулан зам тээврийн осол гаргасан болох нь Зам тээврийн ослын газрын үзлэг, Б.Дболон О.Онарын Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст гаргасан тайлбар, ЗТО /даатгалын тохиолдол/-ын тодорхойлолт, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Шийтгэлийн хуудас зэрэг баримтаар тогтоогдсон.

 4.2. Нэхэмжлэгч нь Toyota RAV4 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар, нэхэмжлэгч нь зам тээврийн осол гарах үед тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан, зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан зөрчлийг шалган шийдвэрлэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байх тул О.Онь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 5. Зохигч осол болж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан талаар маргаагүй. Харин “А б” ХХК-ийн хохирлын үнэлгээнээс илүү гаргасан үнийн зөрүү 1,330,000 төгрөгийг төлөх эсэх талаар талууд маргасан.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

Гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу гэм хор учруулсантай холбогдон гарсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь автомашинаа засварласан бөгөөд үнэлгээгээр тогтоосноос илүү зардал гарсан гэж тайлбарлаж, хариуцагчаас автомашиныг хаалгыг худалдан авч засвар үйлчилгээ хийлгэсэн зардлыг гаргуулахаар шаардаж байна.

 

7. Автомашины эвдрэлийг завсарлахад арын хаалгыг 1,000,000 төгрөгөөр худалдан авсан, Вьетнам авто засвараар арын хаалга задлах, будах, угсрах, гупер задлах, засах, будах, угсрах ажлын хөлсөнд 1,200,000 төгрөг нийт 2,200,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан вьетнам авто засварын үйлчилгээний хуудас, зарлагын баримт, банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байх бөгөөд  хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 870,000 төгрөгийг хасч үлдэгдэл 1,330,000 төгрөгийн бодит хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлалаа нотлохоор хариуцагчаас А б ХХК-ийн 2024.03.19-ний өдрийн 1148 дугаар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн ба тайланд үнэлгээгээр тогтоогдсон дүн 870,000 төгрөг гэжээ. Энэхүү үнэлгээгээр тогтоогдсон 870,000 төгрөгийг нэхэмжлэгч даатгалын байгууллагаас 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан талаар маргаагүй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж заажээ. Хариуцагч Б.Днь өөрийн гэм буруугүй болохыг өөрөө нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан 1,330,000 төгрөгийн хохирлыг үндэслэл бүхий баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн “…нэхэмжлэгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол санал гаргаагүй хохирлыг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн тул 1,330,000 төгрөгийг төлөх боломжгүй” гэх тайлбар нь түүнийг бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

10. Иймд хариуцагч Б.Доос 1,330,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.От олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 36,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,600 төгрөгөөс 36,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 370 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Доос 1,330,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.От олгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,600 төгрөгөөс 36,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 370 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 36,230 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ

                               ШҮҮГЧИД                                                                           Ч.БАЯРСҮРЭН

                                                                                                                              Х.ЭНХЗАЯА