МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: М ХХК,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Ч.Г,
Маргааны төрөл: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний 01 дүгээр шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Гомдол гаргагчаас Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Ч.Гт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.Гийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
- Иргэн Ё.Оээс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан М ХХК нь ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө олгоогүй, хор саармагжуулах бүтээгдэхүүний мөнгө олгоогүй, ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэрийг авч чадахгүй байгаа тухай өргөдөл, гомдол ирүүлсний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05/728 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга О.Бд өргөдлийг шилжүүлсэн байна.
- Уг өргөдөл, гомдлыг хянан үзээд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Ч.Г нь зөрчлийн 25******* дугаар хэрэг нээн шалгаж, М ХХК-д 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 01 дүгээр шийтгэлийн хуудсаар М ХХК нь ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө олгоогүй, хор саармагжуулах бүтээгдэхүүний мөнгө олгоогүй, ажлаас чөлөөлөгдөх тушаал шийдвэрийг гаргаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулжээ.
- Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.
- Гомдол гаргагч М ХХК гомдлын шаардлагын үндэслэлдээ: Халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.Г нь иргэн Ё.Отэй холбоотой ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө олгоогүй, хор саармагжуулах бүтээгдэхүүний мөнгө олгоогүй, ажлаас чөлөөлөгдөх тушаал гаргаагүй гэх гомдлын хүрээнд зөрчлийн тухай хуулийг үндэслэн М ХХК-д шийтгэлийн хуудас үйлдэж, торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь гомдол гаргагч Ё.О гэх хүн манай компанид огт ажиллаж байгаагүй буюу ажилладаггүй атал ажиллаж байсан мэтээр зөрчлийн хэрэг нээн М ХХК-д 5000 нэгж буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж компанийн эрх ашгийг шууд ноцтойгоор зөрчиж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Ч.Гийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэлийн хуудас (№01)-ыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
- Гомдол гаргагчийн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэгдүгээрт гомдол гаргагч Ё.О нь М ХХК-д ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй ажилтан байхад М ХХК-д шийтгэл ноогдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа процессын алдаатай хяналт шалгалтын горимоо зөрчсөн гэж үзэж байна. Хоёрдугаарт хяналт шалгалтын зорилго чиглэл өөр М ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байхад М ХХК-д шийтгэл ногдуулсан нь зорилгодоо нийцээгүй хяналт шалгалтын үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй. Учир нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тус тусдаа байгуулагдсан хуулийн этгээд байдал М ХХК-д шийтгэл ноогдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.Гийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
- Хариуцагч Ч.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05/728 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн Ё.О (Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3-р баг, ******* байр, ******* тоотод оршин суугч, Утас 8-ээс гаргасан гомдлыг хянан үзээд ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө олгоогүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг өгөөгүй хохирсон нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад заасны дагуу зөрчлийн шинжтэй байх тул Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, М ХХК-д 25******* дугаартай зөрчлийн хэрэг нээн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт бүртгүүлэн, Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.О******* хяналт тавин ажилласан. Зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд:
Иргэн Ё.О нь Өмнөговь аймагт байсан тул Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 130 дугаар прокурорын албан даалгавраар Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.******* мэдүүлэг авч ажилласан.
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, М ХХК-ний хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.А*******тай холбогдож танайд ажиллаж байсан Ё.Оээс өргөдөл ирсэн ирж танилцаарай гэхэд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нь гаргаж, захирлаар гарын үсэг зуруулаад, ээлжийн амралтын мэдэгдлийг санхүүдээ өгөөд, амралтын мөнгийг нь бодуулаад итгэмжлэхээ хийлгээд очиж уулзъя гэсэн хариу өгч байсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу тус компанийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А******* нь
гомдол гаргагч Ё.Оийн өргөдөл гомдол болон холбогдох материалуудтай танилцах, гарын үсэг зурах итгэмжлэл хийлгэн ирсэн.
Өргөдөл, гомдолтой танилцаж мэдүүлэг өгсөн. Ё.Оийн ажлаас чөлөөлсөн тушаал, ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө олгосон баримт (он, сар, өдөр нь өргөдөл өгснөөс хойш гаргасан байсан) зэрэг нотлох баримтуудыг авчирч өгсөн.
Ё.Оийн ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг олгоогүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаагүй нь ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй эсхүл саатуулсан нь мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдож байх тул М ХХК-ийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтын дагуу 5,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 01 дугаартай шийтгэлийн хуудсыг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А******* хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, зөрчлийг арилгуулан ажилласан нь хуулийн үндэслэлтэй болох талаар тайлбар хүргүүлж байна. гэжээ.
- Хариуцагч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Отэй холбоотой хэрэгтэй танилцаж холбогдох гарын үсэг зурах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М ХХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.А******* ирж зөрчлийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Мэдүүлэгтээ хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.А******* маань Ё.Оийн асуудлыг хүлээн зөвшөөрсөн. Манай дээр цомхотгол хийгдээд санхүүгийн хүндрэл учирсан учраас 1, 1 сараар хүмүүсээ ажиллуулах шаардлага тавихад энэ хүн хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас бид ээлжийн амралтын мөнгийг нь олгоогүй байгаа гэсэн. Мэдүүлэг дээр бүх юм нь тодорхой, М ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.А******* ирж хүлээн зөвшөөрөөд мэдүүлгээ өгчихсөн байгаа. Тэгэхээр тухайн компани яагаад Ё.Отэй холбоотой асуудалд М ХХК-иасаа хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.А*******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ хэрэгт томилж явуулсан юм. Өөрсдийнх нь томилж явуулсан асуудал байгаа. Хоёрт нь зөрчил хянан шалгах хугацаанд Ё.Оийн ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг олгоогүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаагүй байсан. Тэгээд зөрчлийн хэрэг хянан шалгах хугацаанд ээлжийн амралтын мөнгийг нөхөж олгоод ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Тухайн хүний гомдолд дурдагдсан асуудлыг зөрчлийн хэргийн явцад шийдвэрлэсэн. Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.А******* өөрийн биеэр нотлох баримтуудаа авчирч өгсөн. Тэгэхээр Ё.Отэй холбоотой асуудлыг П.А******* бүрэн хариуцаж надад бүх материалуудаа авчирч мэдүүлгээ өгсөн. Ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө олгоогүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу М ХХК-ийг төлөөлөөд П.А******* ирсэн учраас 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгосон. Торгуулийн шийдвэрийн хуудсыг хүлээн зөвшөөрөөд танилцаад П.А******* гарын үсэг зураад 1 хувиа авч явсан. Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ хүлээн зөвшөөрөхгүй гэж бичээд гарын үсгээ зурах бүрэн эрх нь байсан. Тэгээд ноцтой асуудал нь тухайн компани нь хүндрэлтэй асуудлуудаас болж Өмнөговь аймгийн салбар ажиллагсадаа 1, 1 сараар ээлжлүүлэн 1 сар цалин өгөхгүйгээр 2 хүнийг ажиллуулж байсан. Хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөний үндсэнд тухайн ажилтан гомдлоо гаргасан. Өөрийн хүсэлтээр гар эсвэл 1, 1 сараар ажилла гэдэг дарамт шахалт учруулсан нь мэдүүлгээр нотлогдож байгаа.
Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.А******* ч мэдүүлэг дээрээ дурдчихсан байгаа. Хохирогч Ё.О ч мөн мэдүүлэгтээ энэ талаар дурдчихсан байгаа. Тэгэхээр энэ бол Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн ноцтой асуудал юм. Мөн 1 удаа л хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгээд доторх охин компаниуддаа шилжин ажиллуулж байгаагаа ажилтандаа мэдэгддэггүй. Ажилтан нь аль охин компанид ажиллаад байгаагаа мэддэггүй учраас М ХХК-даа л ажиллаад байна гэдэг утгаараа хүсэлтдээ Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хүсэлт өгсөн. Үүний дагуу албан бичгээр миний хариуцсан хороонд ирсэн. М ХХК-ийн оффист охин компаниудынх нь оффис нь байрлаж байдаг. Өмнөговь аймагт хүний нөөц хариуцах мэргэжилтэн байхгүй учраас М ХХК-ийн төв оффис руу энэ бичиг шилжиж ирсэн. Тэгэхээр Ё.Оийн хувьд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн. Мөн ээлжийн амралтын цалин хөлсийг нь цаг хугацаанд нь олгоогүй саатуулсан зөрчлийн шинжтэй байсан учраас торгуулийн арга хэмжээ авагдсан байгаа. Хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
- Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Ч.Гийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 01 дүгээр шийтгэлийн хуудсыг хуульд нийцүүлэн дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
- Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйл Хөдөлмөрийн тухай хууль зөрчих-ийн 9 дэх хэсэгт Ажил олгогч:, 9.2-д ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан; бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.
- Хуулийн заалтаас үзэхэд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй эсхүл саатуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулахаар заасан байна.
- Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр, хяналтын улсын байцаагч Ч.Г нь иргэн Ё.Оээс гаргасан өргөдөл, гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад М ХХК нь цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй эсхүл саатуулсан гэх зөрчилд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 01 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад заасныг үндэслэн 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулжээ.
- Тодруулбал, иргэн Ё.Оээс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хандан ... М ХХК-ийн Өмнөговь дахь шатахуун түгээх станц 49 салбарт нефть хангамжийн операторчноор тасралтгүй 9 дэх жилдээ ажиллаж байна. ... Иймд хуулийн дагуу тухайн байгууллагаас Амралтын мөнгө бодож олгох, 4 дүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, хор саармагжуулах сүүний мөнгө нөхөж олгох, ажлаас халагдах тушаал шийдвэрийг гаргуулах зэрэг зөрчлийг хянан шалгаж миний хохирлыг барагдуулж өгнө үү ... гэх өргөдөл гаргасныг тус газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05/728 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга О.Бд өргөдлийг шилжүүлсэн байна.
- Уг өргөдлийг харьяаллын дагуу тус дүүргийн хөдөлмөр хяналтын улсын байцаагч Ч.Г хянан шалгаж, зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 01 дүгээр шийтгэлийн хуудсаар М ХХК нь ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө олгоогүй, хор саармагжуулах бүтээгдэхүүний мөнгө олгоогүй, ажлаас чөлөөлөгдөх тушаал шийдвэрийг гаргаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад заасныг үндэслэн 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан.
- Нэхэмжлэгчээс маргах үндэслэлээ ... манай компанид огт ажилладаггүй хүнтэй холбогдуулан зөрчил ногдуулсан байна ... шүүх хуралдааны явцад манай компани энэ асуудлыг мэдэхгүй болохоор тайлбар өгөх боломжгүй ... гэж тайлбарлан маргадаг.
- Гэтэл иргэн Ё.О******* нь М ХХК-д ажилладаг гэж гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагчаас ... тухайн компани яагаад Ё.Отэй холбоотой асуудалд М ХХК-иасаа хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.А*******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ хэрэгт томилж явуулсан юм. Өөрсдийнх нь томилж явуулсан асуудал байгаа. ... Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.А******* өөрийн биеэр нотлох баримтуудаа авчирч өгсөн. ... М ХХК-ийг төлөөлөөд П.А******* ирсэн учраас 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгосон. ... Мөн 1 удаа л хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгээд доторх охин компаниуддаа шилжин ажиллуулж байгаагаа ажилтандаа мэдэгддэггүй. Ажилтан нь аль охин компанид ажиллаад байгаагаа мэддэггүй ... гэж тайлбарлан маргаж байна.
- Иргэн Ё.Оийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолтоос үзэхэд 2016 оноос 2021 оны 4 дүгээр сар хүртэл МТ секьюрити ХХК гэсэн ажил олгогчоор, 2021 оны 05 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл МТ Хан-Уул ХХК гэсэн ажил олгогчийн нэрээр, 2025 оны 03-04 дүгээр сар хүртэл М ХХК гэсэн ажил олгогчийн нэрээр тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдаг.
- Шүүхэд ирүүлсэн зөрчлийн хяналт шалгалтаар авсан Ё.Оийн дансны хуулга, холбогдох баримтуудаар ажил олгогч компани нь ажилтны сүүлийн сарын цалин буюу ээлжийн амралтын мөнгийг олгоогүй болох нь тогтоогдсон.
- Энэхүү зөрчилд холбогдогчоор М ХХК-ийн татаж шалгах явцад зөрчлөө арилган цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн бөгөөд төлөхдөө М******* гэх компанийн нэрээр төлж, мөн уг компанийн нэрээр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан байна.
- Тодруулбал нийгмийн даатгалын шимтгэлийг МТ Хан-уул ХХК-аар төлдөг байсан боловч 2025 оны 03 болон 4 дүгээр саруудад МТ петеролиум ХХК болгон сольсон байдаг.
- М ХХК-иас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 422/25 дугаар албан бичгээр Хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер П.А*******т олгосон итгэмжлэлийн дагуу зөрчлийн хэрэгт холбогдогчоор оролцож тайлбар мэдүүлэг өгсөн байна. Ингэхдээ иргэний гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч, болсон нөхцөл байдлыг тодруулж, гомдол гаргагчтай хэрхэн харилцсан талаар тайлбар өгсөн байдаг.
- Үүнээс үзэхэд нийгмийн даатгал төлөгч болон ажил олгогч компани нь өөрчлөгдөөд явдаг гэдгийг нэхэмжлэгч иргэн Ё.О******* мэддэггүйгээс М ХХК-д ажилладаг гэх ойлголттойгоор гаргасан гомдол болон тус компаниас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэж, М ХХК-д Ё.О ажилладаг эсэхийг бүрэн нягтлан шалгалгүйгээр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.С******* буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь нэг хэдий ч нийгмийн даатгал төлөгч байгууллага нь МТ-Хан-Уул ХХК болох нь, түүнчлэн тус зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад заасны дагуу хариуцлага ногдуулсныг буруутгах үндэслэлгүй болох нь тус тус тогтоогдож байх боловч эрх бүхий албан тушаалтнаас үйлдсэн шийтгэлийн хуудсыг шүүх өөрчлөн компанийн нэрийг зөвтгөх замаар МТ Хан-Уул ХХК болон МТ петеролиум ХХК-иудын аль нэгт шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй.
- Мөн эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тухайн ..., хуулийн этгээд зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх-ийг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлэх хүрээнд хуулийн этгээдээс холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй байсан ч холбогдох байгууллагаас лавлагаа авах замаар холбогдогчийг зөв тодорхойлох, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжтой байхад энэхүү ажиллагааг бүрэн шалган тогтоолгүйгээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 25******* тоот зөрчлийг хэргийг М ХХК-д холбогдуулан нээж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагааг буруу явуулж М ХХК-д шийтгэл оногдуулсан нь процессын хувьд алдаатай, гомдол гаргагч болон холбогдогчийн төөрөгдөл болон тайлбараар шийтгэлийн хуудас бичигдэх нөхцөлийг бий болгосон байх ба энэхүү алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
- Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Г нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Ч.Гийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний 01 дүгээр шийтгэлийн хуудсыг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Ч.Г нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Ч.Гийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний 01 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР