Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч Ч.А  нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэр-Од Ч.А- холбогдох эрүүгийн 1821000000032 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 07 сарын  05-ны  өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн,  35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Дэнжийн 0-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сэр-Од овогт  Ч.А /ЖЭ  регистрийн дугаартай/

Шүүгдэгч Ч.А  нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Smile” гоёл чимэглэлийн дэлгүүрийн агуулахын хаалганы цоожийг лоомоор хөшиж онгойлгож, 2018 оны 1 сарын 13-ны өдрийн 19 цагийн орчим “Тоёото Калдина” маркийн ....................улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 11 хайрцаг дэвтэр, 1 хайрцаг А4 хэмжээтэй бичгийн цаас хулгайлж хохирогч Ж.Э 966000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ж.Э  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төв дотор талд үйл ажиллагаа явуулдаг “Смайл” гоёл чимэглэлийн дэлгүүрт эрхлэгчийн ажил гүйцэтгэдэг. Би уг дэлгүүрийг бүрэн хариуцдаг бөгөөд хэрэг болдог өдөр буюу 2018 оны 1 сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл дэлгүүрийнхээ бараандаа БНХАУ руу явсан бөгөөд намайг гадаадад байхад манай дүү Мөнгөнгинж “Weсhat”-аар /ви чатаар/ залгаад дэлгүүрийн агуулахад хулгай орсон байна. 12 хайрцагтай бичгийн хэрэгсэл алга болсон, тухайн эд зүйлийг манай дэлгүүрт 17 жил ажиллаж байгаа А нь авсан гэсэн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

Гэрч Р.Мөнгөнгинж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 1 сарын 14-ны өдрийн 09 цагийн орчимд агуулахаас юм авахаар ороход цоож  нь эвдэрсэн байхаар нь “Шүр” захын хяналтын камер шүүж үзэхэд 2018 оны 1 сарын 13-ны орой 19 цагийн орчимд манайд 10 гаруй жил туслахаар ажиллаж байгаа А гэх залуу машинтай ирээд эд зүйл зөөж байсан. ...А агуулахын түлхүүр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/

-Эд мөрийн баримт хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23-25, 30/

-Шүүгдэгч Ч.А  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ч.А  нь 2018 оны 1 сарын 13-ны өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулдаг “Смайл” гоёл чимэглэлийн дэлгүүрийн агуулахын хаалганы цоожийг лоомоор хөшиж онгойлгож, “Тоёото Калдина” маркийн............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 11 хайрцаг дэвтэр, 1 хайрцаг А4 хэмжээтэй бичгийн цаас хулгайлж, хохирогч Ж.Э 966000 /есөн зуун жаран зургаа мянга/ төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ч.А  хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2018 оны 1 сарын 13-ны өдрийн 19 цагийн орчим агуулахын гадна очоод төмөр хадаасны лоомоор тухайн хар өнгийн цоожийг цохиж онгойлгоод ... агуулахаас 12 ширхэг хайрцаг эд зүйлс зөөж хүргэн ахын эзэмшлийн  ............  улсын дугаартай “Тоёото Калдина” маркийн тээврийн хэрэгсэлд  ачаад Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 1-1 тоот хашаа руугаа оруулаад байшингийн гадна байрлах жижиг амбаарт хурааж орхиод маргааш нь Улаанбаатар хот руу явах автобусанд тухайн хайрцагтай эд зүйлсийг ачаад  ...Наран туул худалдааны төв дээр очиж тухайн хайрцагтай бичиг хэргийн хэрэгслүүдийг бүгдийг нь зарж борлуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Ж.Э  өгсөн: “...2018 оны 1 сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл дэлгүүрийнхээ бараандаа БНХАУ руу явсан бөгөөд намайг гадаадад байхад манай дүү Мөнгөнгинж “Weсhat” -аар /ви чатаар/  залгаад дэлгүүрийн агуулахад хулгай орсон байна. 12 хайрцагтай бичгийн хэрэгсэл алга болсон, тухайн эд зүйлийг манай дэлгүүрт 17 жил ажиллаж байгаа А  авсан  гэсэн “ гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч Р.Мөнгөнгинжийн өгсөн: “...2018 оны 1 сарын 14-ны өдрийн 09 цагийн орчимд агуулахаас юм авахаар ороход цоож  нь эвдэрсэн байхаар нь “Шүр” захын хяналтын камер шүүж үзэхэд 2018 оны 1 сарын 13-ны орой 19 цагийн орчимд манайд 10 гаруй жил туслахаар ажиллаж байгаа Атарсайхан гэх залуу машинтай ирээд эд зүйл зөөж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38/, эд зүйлийн үнэлгээ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.А холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Ч.А  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.А агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч Ч.А үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хүнд гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Ч.А  1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500000 төгрөгийн үнэ бүхий “Тоёото Калдина” маркийн ...............ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч ....................буцаан олгож, харин уг тээврийн хэрэгслийн үнэ 500000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. 

Тогтоол хүчин  төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 61 см урттай төмөр лоом 1 /нэг/ ширхэг, хар өнгөтэй төмөр цоож /эвдэрсэн/ 1 /нэг/ ширхэг зэргийг тус тус устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.А............. ЖЭ.......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сэр-Од овогт Ч.А агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч Ч.А  нь цагдан  хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5.  Тогтоол хүчин  төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 61 см урттай төмөр лоом 1 /нэг/ ширхэг, хар өнгөтэй төмөр цоож /эвдэрсэн/ 1 /нэг/ ширхэг зэргийг тус тус устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.А ЖЭ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.3.4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.А  гаргуулж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар С.Х эзэмшлээс “Тоёота Калдина” маркийн ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 1 сарын 26-ны өдрийн  Прокурорын  тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Х-д олгосугай.                                  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 4 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЭНХБААТАР