Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2021/00054

 

М.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00474 дугаар шийдвэртэй, М.Б-ий нэхэмжлэлтэй,  Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Арманбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ерхасым, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ержан, хариуцагч байгууллагын өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар бүхий тушаалын М.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийн хоолны их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие М.Б нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 193 дугаар бүхий тушаалаар тус эмнэлгийн ариутгалын тасагт хор судлаач их эмчээр бүр томилогдон ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан билээ. Ажиллах явцад ажлын аливаа алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр амаржиж охинтой болсон бөгөөд энэ өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл амаржсаны 60 хоногийн чөлөөтэй байгаа билээ. Гэтэл манай байгууллагын шинээр томилогдсон дарга Маншүк нь дур мэдэн зарим ажилчдыг ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэн томилж эхэлсэн бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар бүхий тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байх юм. Би 2021 оны 02-р сарын 06-ний өдөр төрсөн 1 сартай бага насны хөхүүл хүүхэдтэй бөгөөд намайг ийнхүү амаржсаны чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлөн миний хөдөлмөрлөх эрхийг маань ноцтойгоор зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд эмэгтэй хүний хөдөлмөртэй холбоотой зарим асуудлыг тусгайлан зохицуулж өгсөн байх ба тус зүйлийн 100.1 дэх хэсэгт "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байна. Миний ажиллаж буй ажлын байранд ямар нэг байдлаар бүтэц орон ооны өөрчлөлт ороогүй бөгөөд миний ажлын байр болох хор судлалын их эмчийн албан тушаал хэвээр байгаа боловч намайг энэхүү үндэслэлгүй үүрэгт ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхэд халдан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар бүхий тушаалын М.Б надад холбоотой хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийн хоолны их эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч байгууллагын тайлбарт: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан М.Б-ы нэхэмжлэлдээ танилцаад дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: 1.Гомдол гаргагч М.Б нь Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 153 тоот тушаалаар хор судлаач их эмчээр түр томилогдон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 193 тоот тушаалаар ариутгалын тасгийн хоолны их эмчээр түр томилогдсон ба уг орон тоонд урьд нь ажиллаж байсан их эмч Е.А нь нарийн мэргэшлийн сургалтад хамрагдан төгсөж ирсэн тул оронд нь хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 36.1.3 дахь заалтын дагуу урьд ажиллаж байсан хоолны их эмчээр эгүүлэн томилж, оронд түр ажиллаж байсан их эмч М.Б нарыг Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. Иймд түр ажиллаж байсан их эмч М.Бы шүүхэд гаргасан гомдол ямар ч үндэслэлгүй тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн тайлбарт: “Миний бие Е.А М.Б-ы нэхэмжлэлтэй, аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Би аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар хоолны эмчээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сараас эхлэн аймгийн Нэгдсэн эмнэлгээс Эрүүл мэндийн хөгжлийн төвд өгсөн захиалгын дагуу Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургуульд Нүд судлал мэргэжлээр суралцан 2020 оны 10 дугаар сард төгсөж ирсэн юм. Би тухайн үед 2017 оны 9 дүгээр сард суралцахаар явахад намайг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гаргаагүй, шууд чөлөө олгох хэлбэрээр сургалтад явуулж, аймгийн Нэгдсэн эмнэлгээс сар бүр миний нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон Нийгмийн даатгалын санд төлж байсан юм. Гэтэл энэ хугацаанд ажил олгогч аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нь би сургалтад явсан хойгуур түр орон тоо болох Хоолны эмчээр хэд хэдэн хүнийг томилон ажиллуулсан байна. Тэгвэл миний 2017 оны 09 дүгээр 08-ны өдрийн 01 дугаартай Эрүүл мэндийн хөгжлийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ-ний 3.4 дүгээр зүйлийн 3.4.6-д Суралцагчийн ажлын байрыг хадгалах, эсвэл эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулах гэж заасны дагуу тухайн үед аймгийн Нэгдсэн эмнэлгийг төлөөлж, надтай гуравласан гэрээ байгуулсан дарга Т.Серикжан нь өмнөх ажлын байрыг хадгалаагүй, өөр хүнийг томилсон бол төгсөж ирсний дараа намайг Нүд судлал мэргэжлээр тус эмнэлэгт тогтвор суурьшилтай 5-аас доошгүй жил ажиллуулах үүрэгтэй байжээ. Гэтэл би сургуулиа төгсөж ирэх үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Т.Серикжан нь тодорхой шалтгааны улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөж, үүний оронд Нэгдсэн эмнэгийн даргаар томилогдсон Х.Манчук нь намайг төгсөж ирсэн мэргэжил болох Нүд судлал мэргэжлээр ажиллуулаагүй, дээрээс нь өмнөх ажиллаж байсан ажлын байрыг хадгалаагүй, өөр хүнийг томилсон тул би аргагүйн эрхэнд шүүхэд хандсанаар ажил олгогч нь намайг нүдний эмчээр томилон ажиллуулах боломжгүй гэж, өмнөх ажиллаж байсан ажлын байр болох хоолны эмчээр томилж, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 25 дугаартай тушаал гаргасан юм. Гэтэл би сургуулиа төгсөж ирэхэд төгссөн мэргэжлээрээ ажиллаж чадаагүй бол өмнөх орон тоонд ажиллах учир миний суралцсан хугацаанд миний оронд түр ажиллаж байсан М.Б нь үг дуугүй ажлаас гараад явах ёстой байтал шүүхэд хандаж, маргаан үүсгэж байгаа нь ямар ч хуулийн үндэслэлгүй юм. Учир нь тухайн үед ажил олгогч нь надтай гуравласан гэрээ байгуулж, сургалтад явуулахад намайг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гаргаагүй учир миний оронд ямар ч хүнийг түр томилон ажиллуулж, би сургуулиа төгсөж ирээд төгссөн мэргэжлээрээ томилогдож, өмнөх орон тоо сул болсон тохиолдолд жинхлэн томилох учиртай юм. Иймд ажил олгогч нь өөрөө хуулийн алдаа гаргаж, түр орон тоонд М.Б-ыг бүр тушаалаар томилсонд ажилтан би буруугүй бөгөөд нөгөө өнцгөөс нь харах юм бол түр орон тоонд бүр томилсон ажил олгогчийн тушаал өөрөө эрх зүйн алдаатай эрхийн акт байна. Хэрэв ажил олгогч намайг төгссөн мэргэжил болох нүдний эмчээр томилон ажиллуулах юм бол би энэ орон тоонд ямар нэгэн маргаан үүсгэхгүй байх байсан боловч ажил олгогч нь янз бүрийн шалтгаанаар намайг төгссөн мэргэжлээрээ ажиллуулахгүй байгаа тул би өмнөх ажлын байранд хэвээр үргэлжлүүлэн ажиллах эрхтэй юм. Мөн би шүүхэд хандсаны дараа ажил олгогч аймгийн Нэгдсэн эмнэгийн дарга нь намайг хоолны эмчээр томилж, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2021/00242 дугаартай захирамж гарч, уг захирамжийн 3 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан юм. Нэг ёсондоо энэхүү хоолны эмчийн ажлын байрны талаар урьд нь шүүхийн шийдвэр гарсан байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон асуудлыг дахин нотлох шаардлагагүй учир мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан шууд хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай юм. М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хөхүүл хүүхэдтэй тул ажлаас халах эрхгүй гэж дурсан боловч түүний ажиллаж байсан орон тоо нь түр ажлын байр учраас ямар ч тохиолдолд уг орон тоонд ажиллаж байсан хүн эргэж ороход ажлаас чөлөөлөгдөх учиртай ба ажил олгогчоос М.Быг өөр ажлын байраар хангах эрх нь нээлттэй болно. Иймд нэхэмжлэгч М.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох, эсхүл түр орон тоонд ажиллаж байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00474 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б-ы Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар бүхий тушаалын М.Б надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийн хоолны их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  “Нэхэмжлэгч М.Б би Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10-р сарын 01-ний өдрийн 193 дугаар бүхий тушаалаар тус эмнэлгийн хоолны их эмчээр бүр томилогдон, ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад жирэмсний амралт авсан билээ. Гэтэл би хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажил олгогч энэхүү хоолны их эмчийн ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан билээ. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргаж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна Энэ маргааны гуравдагч этгээд Е.Аийн нөхөр Ерлан нь энэ маргааныг шийдвэрлэсэн шүүгч Бүлдиргений туслахаар 6-7 жил ажилласан гэх мэдээлэл надад тухайн үед байсан хэдий ч шүүхэд итгэх иргэн хүний итгэл үнэмшил байсан тулдаа шүүгч шударгаар шийдэх байх гэсэн итгэл найдвараа хөтлөгдөн татгалзлын асуудлыг хөндөөгүй билээ. Гэтэл маргааныг хэлэлцэж эхэлсэн шүүх хуралдаан эхлэнгүүт шүүгчийн зүгээс намайг буруутгасан аястай, надаас бус ажил олгогчоос тодруулах ёстой асуудлыг чи мэдэх ёстой хариул гэх мэтээр шахан сандарган харьцаж эхэлснээр нэхэмжлэгч надад сонин мэдрэмж төрүүлсэн гэдгийг нуугаад яах вэ Эцэст дүгнэж хэлэхэд шүүгч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруугаар гуйвуулан мушгин тайлбарлаж нэг талын барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би зохих журмын дагуу нэгдсэн эмнэлэгт байнгын ажлын байранд томилогдон ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулснаараа буруутан болж иргэн би хохирох учиргүй юм. Харин бага насны 3-хан сартай хөхүүл хүүхэдтэй надад Хөдөлмөрийн тухай хуулийн 100-р заалт хамааралгүй гэж шүүх дүгнэж суугааг ойлгохгүй байх юм.

 Иймд Баян-Өлгий аймаг дахь иргэний анхан шатны шүүхийн 2021 оны 05-р сарын 12- ний өдрийн 120/ШШ2021/00474 дугаар бүхий шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт М.Б намайг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Ариутгалын тасгийн хоолны их эмчийн ажилд эгүүлэн тогтоож миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.гэж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар бүхий тушаалын М.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийн хоолны их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ”амаржсаны чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлөн миний хөдөлмөрлөх эрхийг маань ноцтойгоор зөрчсөн” гэж тайлбарлажээ. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ “уг орон тоонд урьд нь ажиллаж байсан их эмч Е.А нь нарийн мэргэжлийн сургалтад хамрагдан төгсөж ирсэн тул уг оронд нь эгүүлэн томилж, тухайн орон тоонд түр ажиллаж байсан их эмч М.Б-ыг ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласан байна.

 

 Гуравдагч этгээд Е.А нь нарийн мэргэжлийн сургалтад хамрагдан төгсөж ирсэн тул ажил олгогч 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дугаар зүйл болон Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.6 дахь заалтад заасан үүргээ хэрэгжүүлж, Нүд судлалын мэргэжлийн резидентийн сургалтад хамрагдан төгсөж ирсэн хүний их эмч Е.Аийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ариутгалын тасгийн хоолны их эмчээр үргэлжлүүлэн томилсон үйл баримт тогтоогджээ.

 

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нь нэхэмжлэгч М.Б-ыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3 дахь заалтууд, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, тус эмнэлгийн хамтын гэрээний 2.20 дахь заалт, Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.6 дахь заалт, Нэгдсэн эмнэлгийн бүтэц MNS5095:2017 стандарт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472, 25 дугаар тогтоолуудыг тус тус баримтлан ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад нийцсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, Е.А-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох тус эмнэлгийн хоолны эмчээр үргэлжлүүлэн ажиллуулахыг үүрэг болгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нэгдсэн эмнэлэг нь нэгдсэн эмнэлгийн хоолны эмчээр үргэлжлүүлэн ажиллуулахыг үүрэг болгох тухай нэхэмжлэгч Е.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 242 дугаартай “Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр тул анхан шатны шүүхийн дээрх агуулга бүхий дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.   

Нэхэмжлэгчийн “Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 1 сартай бага насны хөхүүл хүүхэдтэй бөгөөд намайг ийнхүү амаржсаны чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлөн миний хөдөлмөрлөх эрхийг маань ноцтойгоор зөрчиж байна” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажил олгогч ажилтан М.Быг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр ажлаас чөлөөлөөгүй, харин мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтаар ажил, албан тушаал нь ажилтан Е.А болон ажил олгогч нарын хооронд байгуулагдсан Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлсэн тогтоосон тул түүний оронд ажиллаж байсан М.Б-ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Ажил олгогч нь ажилтан М.Б-ыг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул түүнд холбогдох маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан  зохицуулалт хэрэглэгдэхгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна.

Иймээс нэхэмжлэгч М.Б-ы хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар бүхий тушаалын М.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийн хоолны их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00474 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Б-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                       

                                                                                              Д.КӨБЕШ