Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/42

 

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн өмгөөлөгч Х.Ургаа,

иргэний хариуцагч “П” ХК-ийн өмгөөлөгч Ч.Билгүүн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Б-т холбогдох эрүүгийн 2303 00144 0173 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ийн Б, 1977 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

            Д.Б- нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уурхайчдын зам, хуучин Баянзүрхийн товчооны хяналтын цэгийн зүүн талд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагийн үед “Toyota Probox” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч буюу хохирогч Э.М-ыг мөргөж, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газар: Д.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э- нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Б болон иргэний хариуцагч “С” ХК, иргэний хариуцагч Р.Т- нараас жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж, шүүгдэгч Д.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-т оршуулгын зардалд 11.654.592 төгрөг, иргэний хариуцагч “С” ХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид амь хохирогчийн буцалтгүй тусламжаар 27.303.519,60 төгрөгийг, мөн шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э- нь замын зардал болох 185.400 төгрөгийг баримтаар нэхэмжлэхэд шүүгдэгч Д.Б- тус тус нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн сиди 2 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 11111111 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Д.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхээр, шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд хуулийн зорилтыг хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хохирол учирсан нь 554 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдсоор атал энэхүү байдалд ямар ч дүгнэлт хийлгүйгээр зохих шинжилгээний байгууллагад дүгнэлт гаргаагүй учир сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд дэлгэрэнгүй хуульчилсан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Энэ аргачлалын 3.3-д хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг ...тооцон шүүхээс тогтооно, 3.4-д амь хохироход 100 хувь байх ба бусад байдлаар гэмтсэн бол 5 зэрэглэлийн аль тохирохоор тогтоохоор тогтоолд тусгасан. Иймээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйл болон Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолоор амь хохирогчийн ар гэрт учирсан сэтгэцийн гэм хор, хор уршгийг арилган нөхөн төлүүлэх төлбөрийг гаргах боломжтой байсан. Хүний амь нас эрсэдсэн хэрэгт зэрэглэл тогтоох асуудал огт яригдахгүй бөгөөд Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор 100 хувь байна гэдгийг тайлбарлан гаргасан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар журам хүснэгт батлах тухай тушаалын 2.10 дугаар зүйлд “Энэ журмын 2.1.1-2.1.5 зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж журамласан бөгөөд анхан шатны шүүхийн дүгнээд байгаа шиг шинжилгээний байгууллага дүгнэлт гаргах шаардлагагүй юм. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах 124.800.000 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч “П” ХК-ийн өмгөөлөгч Ч.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн өмгөөлөгч Х.Ургаагийн байр суурьтай санал нийлэхгүй байна. Нэгдүгээрт, “П” ХК нь сэтгэл санааны хохирлыг төлөх үүрэгтэй этгээд биш юм. Иргэний хуулийн зохицуулалт нь гэм буруутай этгээд болон түүний үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо үүсэж, үүнээс үүдсэн хохирлыг хохирогчид нөхөн төлөхтэй холбоотой зохицуулалт юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн өмгөөлөгч Х.Ургаагийн зүгээс үйлдвэрлэлийн ослын акт үйлдсэнтэй холбоотойгоор “П” ХК гэм буруутай гэсэн зүйл ярьдаг. Гэм буруутай эсэхийг Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн зарчмын дагуу шүүхээс тогтоох ёстой. Хэрэв манай компанийн салбар хариуцсан менежерийг гэм буруутайд тооцож, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан бол “П” ХК хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн төлөх үүрэгтэй. Гэтэл шүүхээс салбар хариуцсан менежерийг гэм буруутайд тооцоогүй байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар үйлдвэрлэлийн хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад хүчин зүйлсийн улмаас ажилтан гэмтэж бэртэх, амь насаа алдсан тохиолдолд үйлдвэрлэлийн ослын акт гардаг. Ажилтан ажилдаа ирэх, ажлаасаа гэртээ харих замдаа биед нь гэмтэл учирсан тохиолдолд ч үйлдвэрлэлийн ослын акт үйлдэж, тэтгэмж олгодог. Тиймээс үйлдвэрлэлийн ослын акт нь “П” ХК-ийг гэм буруутай гэж тогтоож байгаа баримт бичиг биш юм. Хоёрдугаарт, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг шаардсан гэж байна. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тухайн ажилтан өөрийн мэргэжил, ур чадварт нийцсэн, эсвэл бие махбод, физиологийн хувьд гүйцэтгэх боломжтой ажлыг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар гэж үзэж, түүнийг биелүүлэх үүрэгтэй. Хохирогч нь өөр салбараас сүү авахаар явж байхдаа осолд орсон байдаг. Энэ нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэг юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс зөвхөн дэлгүүрт бараа, бүтээгдэхүүн зарах үүрэгтэй гэж тайлбарладаг боловч “С” сүлжээ дэлгүүр нь хүргэлтийн аппликейшнтэй бөгөөд дэлгүүрийн худалдагч ойр орчмын айлуудад хүргэлт хийдэг. Иймд сэтгэл санааны хохирлыг “П” ХК хариуцан төлөх үүрэгтэй этгээд биш гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох журам нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан байдаг. Осол 2023 оны 02 дугаар сард гарсан тул хууль буцаан хэрэглэхгүй. Анхан шатны шүүхээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...Мэдэгдэл өгсөн. ...Өмнө нь зам байгууламжтай холбоотой осол гарч, шалгах ажиллагаа явагдаж байсан. 2019 оны 11 дүгээр сард Засгийн газраас тухайн замыг нээх шийдвэр гарсан боловч улсын комисс хүлээж аваагүй. Тухайн осолд барилга байгууламж нөлөөлөөгүй гэж үзсэн. ...Гүүр гэж төлөвлөсөн боловч явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ, босоо тэмдэглэгээг хийж тавьсан байдаг. Шүүгдэгч тухайн замаар өдөр бүр зорчдог байсан. ...Зохих журмын дагуу мэдэгдэл хүргүүлж ажиллаж байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Д.Б- нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уурхайчдын зам, хуучин Баянзүрхийн товчооны хяналтын цэгийн зүүн талд 2023 оны 02 дугаар сарын  20-ны өдрийн 11:00 цагийн үед “Toyota Probox” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. "Явган хүний зохицуулдаггүй rapц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.", мөн дүрмийн 16.3 "Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч буюу хохирогч Э.М-ыг мөргөж, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх 26/,
  • иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Т-ын: “...Би тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сард “Т" ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж худалдаж авсан. “Т” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй боловч миний өөрийн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч, урд крило хагарсан, зүүн урд буфер хагарсан, зүүн урд хаалга онгойхгүй байсан. Өөр ямар эвдрэл гэмтэл байгааг сайн мэдэхгүй. Надад тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хуулийн дагуу бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. …” /1хх 56, 59/,
  • гэрч Э.С-ийн осол болсон зам барилгын гэрээ, барилгын ажлын зураг төсөл, замыг улсын комисс бүрэн хүлээж аваагүй байгаа талаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх 61/,
  • гэрч Б.Ж-ийн осол болсон зам дээр гүүрэн гарц байгуулахаар зураг төсөл, төлөвлөгөөнд тусгагдсан боловч гүйцэтгэгч компанитай санхүүжилтийн асуудлаар санал зөрсний улмаас гүүрэн гарц баригдаагүй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаас гаргасан хүсэлтийн дагуу 5 байршилд явган хүний гарцыг шинээр хийсэн талаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх 66/,
  • гэрч Н.С-ын: “...Би Э.М-ыг ... дүгээр салбар луу бараа авчруулахаар явуулсан байсан юм. Тэгээд бараагаа авахаар 10 цаг 55 минутын үед гарч яваад манай дэлгүүрийн хойд талд явган хүний гарц дээр тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байсан. Миний албан тушаал бол дэлгүүрийн менежер ба дэлгүүрийн дотоод зохион байгуулалтыг хариуцаж, ажилтнуудаа удирдан чиглүүлдэг үүрэгтэй. Манай ажилтнууд дэлгүүрт хэрэгцээтэй барааг өөр салбараас авч ирэх шаардлага гардаг. Өнөөдөр Э.М- 269 дүгээр салбараас кофены машины 4 ширхэг сүү авч ирэхээр явж байсан юм. …” /1хх 72/,
  • насанд хүрээгүй гэрч Б.Т-ын: “...Тээврийн хэрэгслийг миний аав Д.Б- жолоодоод, би урд суудалд суугаад явж байсан. Налайхаас Улаанбаатар орох шинэ замаар зүүнээс баруун чиглэлд явж байсан. ...Гэнэт түс хийх чимээ гарсан. Дараа нь аав тээврийн хэрэгслээ зогсоосон. Би машин зогссоны дараа машинаас буугаад хартал зам дээр хүн хэвтэж байсан. Очиход нүүр, хамраас нь цус гарсан байдалтай байсан. ...” /1хх 74/ гэсэн мэдүүлгүүд,
  • “Toyota Probox” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Д.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөн, харин амь хохирогч Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 435 дугаартай магадлагаа /1хх 160-62/,
  • амь хохирогчийн биед дагзны хуйханд няцарсан шарх, цус хуралт, дагз, зүүн чамархай, бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархай, өнчин тархинд няцрал, дагз ясны шугаман хугарал, баруун, зүүн уушгинд няцрал, ил шарх, дух, баруун хацар, зүүн сарвуу, баруун гуя, зүүн шилбэ, зүүн өвдгөнд зулгаралт, баруун сарвуу, баруун тохой, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдсон, энэ нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой бөгөөд тэрээр гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 647 дугаар дүгнэлт /1хх 81-90/,
  • шүүгдэгч Д.Б-ийн жолоодон явсан 00-00УУУ улсын дугаартай “Toyota Probox” загварын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх, түүний эд ангиудад эвдрэл гэмтэл байгаа эсэх, тээврийн хэрэгслийн урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн, стандартын шаардлага хангаж байсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ нь стандартын шаардлага хангахгүй байсан боловч бусад явах эд ангид эвдрэл гэмтэл байгаагүй, жолооны механизмын ажиллагаа хэвийн байсныг тогтоосон “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 39158828 дугаар дүгнэлт /1хх 142-148/,
  • шүүгдэгч Д.Б-ийн жолоодон явсан 00-00УУУ улсын дугаартай “Toyota Probox” загварын тээврийн хэрэгсэлд нийт 2.830.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны 302 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 155-156/,
  • хэргийн газарт үзлэг хийсэн /1хх 4-10, 12-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 16-18/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Б-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Б-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан Э.М-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “Хууль буцаан хэрэглэх” ойлголт нь мөн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан “Хууль үйлчлэх цаг хугацаа” гэсэн эрх зүйн нийтлэг хэм хэмжээнээс урган гарсан тусгай зохицуулалт бөгөөд гагцхүү шинээр батлагдсан хуулийн хэм хэмжээг хууль батлахаас өмнөх үйл баримтад хэрэглэхтэй уялдан үүсдэг.

Гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хууль болон сүүлд батлагдсан хуульд зааснаар тодорхой гэмт хэргийн шинж өөрчлөгдөөгүй, эсхүл шинэ хууль агуулгын хувьд хөнгөн хуульд тооцогдохгүй байгаа бол Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тусгайлсан зарчим, ойлголт хөндөгдөхгүй, шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу зүйлчлэн шийдвэрлэх ёстой.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл нь “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчлагдсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинжийг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялын санкцитай байсан.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих” ял шийтгэхээр зааснаас үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг нэмэгдүүлжээ.

Эрүүгийн хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг буруу баримталсан байх тул дээрх байдлаар хууль зүйн тайлбар хийж “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамласан” өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, мөн тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ээс баримтаар нэхэмжилсэн хохирлоос тодорхой хэсгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар өөрчлөлт оруулав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргээс чухам ямар тодорхой нөхцөл байдлыг шүүх ял оногдуулахдаа харгалзсан, хуулийн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан хэд хэдэн ялын төрлөөс тухайн ялыг сонгон хэрэглэсэн үндэслэлийг тодорхой заах нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ “...гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлалгүйгээр эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангаж, шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй...” хэмээн хорихоос бусад төрлийн ял оногдуулах мэтээр дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, эрх зүйн алдаатай, логикийн зөрчилтэй дүгнэлт хийснийг буруутган дүгнэж байна.

  1. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийг сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч, иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг эс зөвшөөрч түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг байна. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна. 

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

Нэгэнт хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн /2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр/ гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн нь ...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...хууль зүйн туслалцаа авах, ...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах...” эрхтэй тул хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч, иргэний хариуцагч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан.

Урьд энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ДШМ/1101 дүгээр магадлалд “...гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар орчмын замын бүтээн байгуулалт, явган хүний гарц гаргасан нөхцөл байдал нь Монгол Улсын эрх бүхий байгууллагаас баталсан стандартад нийцсэн эсэх нь тодорхойгүй, энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байж болзошгүй байх тул гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар” хүртэлх авто замыг улсын комисс хүлээж авахгүй байгаа шалтгааны талаар зохих мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлж, зохих арга хэмжээ аваагүй...” талаар заасан ба энэ удаагийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор “Мэдэгдэл хүргүүлсэн” гэснээс өөрөөр энэ талаар баримт авагдаагүй, магадлалд заасан ямар ажиллагаа, шалгалт явуулсан нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.”, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.” гэж заасан.

Энэхүү зам тээврийн осол гарсан замын бүтээн байгуулалтын ажил бүрэн гүйцэд хийгдээгүй, явган хүний гүүрэн гарц зураг төсөлд заагдсанаар хийгдээгүй, хийгдсэн гэх гарц нь стандарт, шаардлагад нийцсэн эсэх нь тодорхой бус, зам ашиглалтыг улсын комисс хүлээн аваагүй байхад ашиглалтад оруулсан нь осол гарах, хүн амь нас, хуулийн этгээд эд хөрөнгөөр хохирох шалтгаан нөхцөл болсон эсэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч нарын хэн аль нь дүгнэлт хийгээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж,

Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “Прокурор үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зармыг баримтална”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна.”, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах мэдэгдэл бичнэ.” гэж тус тус заасны дагуу хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар бодитой, үр дүнтэй нөлөөллийн арга хэмжээ авч ажиллах шаардлагатай болохыг дурдаж байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, тус шийтгэх тогтоолд “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах 124.800.000 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулсан өөрчлөлт оруулах” агуулга бүхий хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Давж заалдах шатны шүүх ийнхүү өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг...” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар ...” гэсэн хэсгийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар...” гэж,

4 дэх заалтын “...3 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэсэн хэсгийг “...2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж,

8 дахь заалтын “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг...” гэсэн хэсгийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 76 /далан зургаа/ хоногийг эдлэх ялд  оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

                                                  

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ