Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/01363

 

Э.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 184/ШШ2016/00233 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 1583 дугаар магадлалтай,

Э.Баярсайханы нэхэмжлэлтэй

Ш.Лхагватулгад холбогдох,

16 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат, хариуцагч Ш.Лхагватулга, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Лхагватулгатай хамтран 2012 оноос паб түрээслэн ажиллуулж байх явцад Ш.Лхагватулга өрөнд орчихлоо, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэсэн шалтгаанаар баарны орлогоос 16.000.000 төгрөгийг хувьдаа авч өр төлбөрөө төлсөн. Зохигч хамтран данс нээж баарны орлогоос 16.000.000 төгрөгийн өрийг төлсөн. Ингээд Ш.Лхагватулга өөрөө уг мөнгийг төлнө гэж баталгаа гаргаж өгсөн. 2 тал хамтран ажиллах талаар амаар тохирсон. 2013 оны 6 сараас нэхэмжлэгч хамтран ажиллах боломжгүй болсон бөгөөд Ш.Лхагватулга нь харилцан тохиролцож 16.000.000 төгрөгийг надад баарны орлогоос гаргаж өгөхөөр болсон юм. Тохирсон ёсоор мөнгөө төлөөгүй удсан, мөнгөө нэхэхэд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзаж жилийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөнгийг бүрэн төлнө гэсэн батламж гаргаж өгсөн. Гэвч уг хугацаа дуусахад мөнгөө өгөөгүй.  Хариуцагч Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар үүргээ гүйцэтгэнэ гэж батламж хийж өгсөн. Талуудын хооронд итгэлцлээр л харилцаа үүссэн байсан. Уг нь хамтарч баар ажиллуулаад ашгаа хувааж авья гэж тохирсон боловч баарны ашгаас Ш.Лхагватулгын өрийг төлөөд байсан. Мөн баар ажиллуулаад 1 жил гаран болохдоо нэхэмжлэгч ашиг огт авч байгаагүй. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Лхагватулгаас  16.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Лхагватулга шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Баярсайханаас 16.000.000 төгрөг авч байсан удаа байхгүй. Уг 16.000.000 төгрөгийн өрийг би ганцаараа ажиллаж байхдаа 2014 оны 6 сараас 11 cap хүртэл 9.800.000 төгрөг Спирт бал бурамд төлж байсан. Бид анх 2013 оны 3 сараас эхлэн “Цогт-Тэнгэр” караокэг түрээслэн ажиллуулж эхэлсэн. Харин 2014 оны 6 сараас хойш Э.Баярсайхан надтай хамтарч ажиллахаа больсон юм. Энэ хугацаанд олсон орлогоо бид зардалдаа өгөөд үлдэгдлийг нь хувааж авдаг байсан. Тооцож үзвэл нэг сард ойролцоогоор 6.000.000 төгрөгийн орлого ордог бөгөөд үүнээс түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, ажилчдын цалин 500.000 төгрөг, тог хогны мөнгө 100.000 төгрөг, бараанд нийт 3.000.000 орчим төгрөг зарцуулдаг байсан. Ингээд үзвэл 900.000-1.000.000 төгрөг орчим цэвэр ашиг ордог байсан бөгөөд үүнийг л тэнцүү хувааж авдаг байсан юм. 2014 оны 6 сард намайг хуучин ажлаасаа гарахад Э.Баярсайхан хамт караокэд ажиллахаа больсон. Хуучин ажлаасаа гарахдаа би өртэй гарсан юм. Тэгээд түүнийг ажиллахаа больсноос хойш өр төлбөрөө төлж эхэлсэн бөгөөд түүнийг хамт ажиллаагүй учир тэр төлбөрийг түүнээс авсан гэж үзэхгүй байна. Батламж бичгийн хувьд Э.Баярсайхан миний гэр бүлийг байнга дарамталж, агсан согтуу тавьж, ажил хийлгэхгүй, тайван амьдруулахгүй байсан учраас арга буюу хийж өгсөн. Харин 6.000.000 төгрөгийг 1 жилийн дотор цувуулаад эсвэл 13.000.000 төгрөгөөр үнэлэгдэх байшингийн дүнзэн торхыг 2016 оны 7 сард багтаан өгөх байдлаар эвлэрч болох юм. Тухайн үед найзаа гэж бодон итгэж байсан, нөгөөтэйгүүр түүний дарамт шахалтаас залхаж батламж хийж өгсөн болохоос биш түүнд тийм хэмжээний мөнгө өгөх үүрэгтэй гэж бодохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 184/ШШ2016/00233 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Лхагватулгаас 16.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Баярсайханд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Лхагватулгаас улсын тэмдэгтийн хураамжид 237.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 1583 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/00233 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “16.000.000 төгрөг” гэснийг “6.000.000 төгрөг” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагч Ш.Лхагватулгаас улсын тэмдэгтийн хураамжид 237.950 төгрөг...” гэснийг “...хариуцагч Ш.Лхагватулгаас улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Лхагватулгын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт нь хамтын үйл ажиллагааны ашиг алдагдалыг хуваарилсан гэх байдлыг нотлоогүй байна. нэхэмжлэгч уг байдлыг өөрөө нотлох үүрэгтэй гэжээ. Миний бие өөрт ногдох ашгийг Ш.Лхагватулгын өөрөө хүлээн зөвшөөрч, өөрийн гараар бичиж өгсөн “Батламж гаргах” бичгээр бүрэн нотолсон болно. Харин ч эсрэгээрээ хариуцагч нь өөрийн татгалзсан үндэслэлээ нотлоогүй, "Батламж гаргах” бичгийг ямар үндэслэлээр гаргаж өгсөн, яагаад түүнээсээ татгалзаж байгаа талаар ямар ч тайлбар байхгүй байхад давж заалдах шатны шүүх энэхүү баримтыг огт анхаарч үзээгүй нь өөрийн гаргасан ИХШХШТХ-ийн 40.2-т заасан үндэслэлээ өөрөө үгүйсгэж байна.

Мөн ИХШХШТХ-ийн 37.2-т заасны дагуу зохигчдын тайлбар нь нотлох баримтыг тогтоох нотолгооны хэрэгсэл болно гээд хариуцагч Ш.Лхагватулгын шүүх хуралдаанд гаргасан "... анх баар нээхдээ оруулсан 3.000.000 төгрөг, ашиг 3.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг 1 жилийн дотор цувуулж төлөх эсвэл 13.000.000 төгрөгийн үнэ бүхий дүнзэн торх өгье...” гэсэн тайлбарт үндэслэн 6.000.000 төгрөг нь нотлогдсон гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нь хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Э.Баярсайхан нь хариуцагч Ш.Лхагватулгад холбогдуулан хамтран ажилласан хугацаанд олсон ашгаас авах байсан 16.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “батламж” гэх баримтыг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ашигтай ажиллаагүй, ...уг баримтыг дарамт шахалтанд орж бичсэн, ...дангаар ажиллаж байх хугацаандаа 9.800.000 төгрөгийн өр төлсөн” гэсэн агуулгатай тайлбар гаргажээ.

Талууд 2013 оны 3 дугаар сард ашиг олох зорилгоор тус бүр 3.000.000 төгрөгийн хураамж төлж баар түрээсэлж хамтран ажиллахаар тохирсон, энэ талаар маргаагүй байна.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх бөгөөд зохигчид хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т нийцжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Батламж” гэх баримтад 16.000.000 төгрөг нь юуны төлбөр болох талаар тодорхой заагаагүй бөгөөд энэ нь хамтран ажиллаж байх хугацааны ашиг гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан  шатны шүүх уг баримтыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 6.000.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрхэн шийдвэрлэснээ магадлалд дурдаагүй байна.

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-т “гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно”, 479.3-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Э.Баярсайхан  2014 оны 6 дугаар сард гэрээнээс гарснаар талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон, энэ тохиолдолд талууд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх байдлаас дүгнэвэл зохигчид хамтран ажиллах хугацаанд хэдий хэмжээний ашиг олсон нь тодорхой бус бөгөөд нэхэмжилж буй 16.000.000 төгрөгийг хамтран ажиллах хугацаанд олсон ашиг гэж үзэх, мөн хариуцагч уг мөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь  хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4, 478.8.-т зааснаар дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байх ба гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна.

Нэхэмжлэгчийн “...Ш.Лхагватулга нь Спирт бал бурам ХХК-д төлөх  9.800.000 төгрөгийн өрийг баарны орлогоос авч төлсөн...” гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байх тул талуудын хамтран ажиллах хугацаандаа олсон ашгийг мөн хэмжээгээр тооцож 50 хувь болох 4.900.000 төгрөг, хураамжид төлсөн 3.000.000 төгрөгийн хамт нийт 7.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хууль зөрчихгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 1583 дугаар магадлалын нэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 184/ШШ2016/00233 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг баримтлан хариуцагч Ш.Лхагватулгаас 7.900.000 /долоон сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Баярсайханд олгож, нэхэмжлэлээс 8.100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...хариуцагч Ш.Лхагватулгаас улсын тэмдэгтийн хураамжид 237.950...” гэснийг “хариуцагч Ш.Лхагватулгаас улсын тэмдэгтийн хураамжид 141.370...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 10-ний өдөр төлсөн 237.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ