| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04347/И |
| Дугаар | 192/ШШ2025/02961 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/02961
2025 04 15 192/ШШ2025/02961
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух Н.С /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоотод оршин суух Ц.Б /РД:*/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов. Нэхэмжлэгч хариуцагчийн хэн аль нь шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүй ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.С надаас Ц.Б нь 2023 оны 1 сараас 2023 оны 10 сарын 01 хүртэл хугацаанд найзад нь мөнгө хэрэг болчихлоо чамаас өөр гуйх хүн байхгүй, манай эгч АНУ-д амьдардаг надад гар утаснууд явуулсан байгаа, утсаа зарахаар удахгүй буцааж өгнө гэж 100 000 төгрөгөөс 7 000 000 төгрөг хүртэл мөнгийг цувуулан нийтдээ 30 000 000 төгрөг зээлсэн бөгөөд 10 000 000 төгрөгийг цувуулан буцаан өгсөн боловч үлдсэн 20 000 000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу 20 000 000 төгрөгийг Ц.Б-аас гаргуулан өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б би Н. С-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр танай байгууллагад гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбарыг хүргүүлж байна. Би Н.С-тэй 2020 оны 03 сард танилцсан. Түүнээс хойш цахимаар харилцаж, уулздаг болсон. Бидний харилцаа 2023 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд дээрх хугацаанд бид харилцан ярилцаж санхүүгийн асуудлаа шийддэг байсан. Би өөрийн нэр дээр приус 30 маркийн авто машинтай байсан ба Санжаасүрэн машинаа томруулж өөрчилье, зээлийн төлөлтийг хоёулаа хамтраад төлж байя гэсэн санал хэлсэн. Ингээд бид 2 2023 оны 02 сард приус 41 маркийн машиныг миний нэр дээр урьдчилгаа төлбөрийг төлж 31 500 000 төгрөгийн үнэ бүхий машиныг лизингээр авсан. Харилцан ярилцсаны үндсэн дээр авто машины лизингийн сар бүрийн төлбөрийг хуваан хийдэг байсан машин шаардлагатай болсон үед С надтай ээлжлэн хэрэглэдэг байсан. Бидний хооронд ямар нэг зээлийн гэрээ болон хугацаатай мөнгө зээлсэн асуудал байхгүй. Н.С нь намайг харддаг байсан ба энэ ааш зангаас нь болж бид маш олон удаа муудалцаж байсан. 2023 оны 10 сард бид муудалцаж С-ийн утасны дуудлагыг хориглож, фейсбүүкийг мөн хориглосон. Үүнээс хойш би С-тэй холбоо тогтоохгүй байсан ба С өөрөө залгаж уучлалт гуйж бэлэг сэлт хүргүүлж байсан. 2024 оны 1 дүгээр сараас миний приус 41 маркийн авто машины дугуй гэрийн гадна зогсоолд байхдаа 7 хоногт 2-3 удаа хийгүй болсон байдаг. Энэ үед би С-тэй утсаар холбогдож ойрхон явж байвал дугуй засаад өгөөч гэж ярьдаг байсан. С ч ирээд дугуй засварлаж өгдөг байсан ба 2023 оны 01 сард миний дугуйг засварлахаар Сутай зах руу явлаа гэж хэлээд 3-4 цаг холбоо барилгүй алга болсон. Ингээд миний машиныг авчирч өгөөд явсан. Үүнээс хойш С-тэй холбогдохгүй байсан ба миний явсан газар бүрийг мэдэж, таарч, машиндаа хүмүүстэй ярьсан яриаг хүртэл мэдээд байхаар нь би 2024 оны 04 сард Да хүрээ зах дээр очиж машиндаа ямар нэг төхөөрөмж байгаа эсэхийг шалгуулахад машины салон дотор зохион байгуулалттайгаар байршил тогтоогч болон дуу хураагуур суурилуулсан байсан. 2024 оны 4 сард Найрамдал руу явж хоноод ажлын газрын эгчтэйгээ ирэх үед Сонгинохайрхан дүүргийн замын цагдаа руу * УЕМ авто машины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна гэсэн худлаа дуудлага өгч 5 шарын уулзварт цагдаа нар намайг дуудлагын дагуу согтолтын зэргийг хянасан боловч төхөөрөмжөөр согтолтын зэрэг илрээгүй. Өмнө нь би ийм асуудлаар дуудлагаар цагдаад шалгагдаж байгаагүй тул маш хүндээр тусаж, цочирдсон. Энэ мэтчилэн хаа явсан газар мөрдөж мөшгөөд амар тайван байдлыг алдагдуулж, удаа дараа утсаар айлган сүрдүүлж дарамталж байсан. Авто машинд байршил тогтоогч, дуу хураагуур байршуулж хүний эрхэнд халдсан асуудлаар би 2024 оны 05 дугаар сард цагдаагийн газар өргөдөл өгсөн ба уг асуудлаар Нийслэлийн Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа. Авто машинаас төхөөрөмжийг салгуулсан байхад хүртэл өөрийн биеэр шөнийн цагаар авто машиныг байнга тойрч манай хотхоноор байнга эргэлдэж амар тайван байдлыг алдагдуулж байнга айдастай байлгаж байна. С болон бидний хооронд зээлийн гэрээ, хүүтэй хугацаатай мөнгө зээлсэн асуудал байхгүй. Зарим тохиолдолд С-ийн данс руу ээж Ц.-ын данснаас гүйлгээ хийж байсан бөгөөд шаардлагатай гэвэл хуулгыг авч хүргүүлж болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, дансны хуулга, хариуцагчаас данс хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчид 30 000 000 төгрөг зээлүүлсэн. 10 000 000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэх 20 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй...” гэж тодорхойлжээ.
4. Хариуцагч “...Н.С-тэй 2020 оны 03 сард танилцаж, үерхэж байсан. Намайг харддаг ааш зангаас нь болж 2023 оны 10 сард муудалцаж, харилцаагаа тасалсан. Бидний хооронд ямар нэг зээлийн гэрээ болон хугацаатай мөнгө зээлсэн асуудал байхгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлжээ.
5. Нэхэмжлэгч Н.С-ийн Хаан банк дахь * тоот дансны хуулгаас үзэхэд хариуцагчийн эзэмшлийн * тоот дансанд 2023.05.01-ны өдөр 100 000 төгрөг, “98” гэх утгаар, 2023.05.05-ны өдөр 100 000 төгрөг “9811” гэх утгаар, 2023.05.08-ны өдөр 250 000 төгрөг “9811” гэх утгаар, 2023.05.11-ний өдөр 500 000 төгрөг “туяад” гэх утгаар, 2023.05.14-ний өдөр 50 000 төгрөг “хайраа” гэх утгаар, 2023.05.27-ны өдөр 7 500 000 төгрөгийг “EB-t” гэх утгаар, 2023.05.28-ны өдөр 200 000 төгрөгийг “EB-t” гэх утгаар тус тус шилжүүлсэн байна.
6. Дээрх шилжүүлгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагчийн татгалзлыг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.
7. Тодруулбал, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Ц.Б-г зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шаардлага гаргасан байх боловч хэргийн баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохирсон буюу гэрээний гол нөхцөлийг агуулсан нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрснөөр тэднийг харилцан тохиролцсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар зохигчид ийнхүү тохиролцож, тэдгээрийн хороонд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.С-ийн хариуцагч Ц.Б-д холбогдуулан гаргасан 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ