2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/03591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, байранд байрлах “Ж” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух Х овогт Ч Э/РД: /-д холбогдох,

 7,012,507 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Ч.Ээд холбогдуулан 7,012,507 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Хариуцагч Ч.Э, нэхэмжлэгч “Ж” ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч GMG нэртэй дэлгүүр газраар дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 7,012,507 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримт үйлдэж, төлбөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан. Гэвч хариуцагч “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-аар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд төлбөрийн үлдэгдэл 7,012,507 төгрөг байна. Хариуцагч Ч.Эээс “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримтаар баталгаажсан, төлбөрийн үлдэгдэл 7,012,507 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Ч.Эхариу тайлбартаа: “Хариуцагч Ч.Энь “Ж” ХХК-ийн бүтэгдэхүүнийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Жанцан” худалдааны төвд худалдан борлуулахаар лангуу түрээслэн ажиллуулж байсан асуудлын хувьд маргах зүйл үгүй. Дээрх лангууг түрээслэн Г.Мт тодорхой хэмжээний цалин өгч худалдагчаар 2023 оны 09 сараас эхлэн ажиллуулсан боловч ажилд орсон эхний сараас эхлэн хариуцагчийн үүсгэн байгуулсан “Т т э” ХХК-ий тамгыг ашиглан бусад байгууллагаас бараа бүтээгдэхүүн авч санхүүгийн баримт үйлдэх замаар бүтээгдэхүүн борлуулж, орлогыг нь хувьдаа авч завшиж үрэгдүүлж байсан болохыг олж мэдэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст Г.Мийн хууль бус үйлдлийг мөрдөн шалгуулахаар өргөдөл өгч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Хариуцагч Ч.Энь дээрх хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгч, хэрхэн хохирсон талаарх баримтыг гаргаж өгсөн байгаа болно. Энэхүү нэхэмжлэлд дурдагдсан 7,012,507 төгрөгийн тооцооны баталгаанд худалдагч Г.МЧ.Эийн нэрийн өмнөөс тодорхой эрх, итгэмжлэл олгогдоогүй байхад гарын үсэг зурж “Т т э” ХХК-ийн тамга дарсан байна.” гэж маргажээ.

 3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Харилцагчийн авлагын дэлгэргүй гүйлгээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.

 Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “Ж” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч Ч.Эээс “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримтаар баталгаажсан, төлбөрийн үлдэгдэл 7,012,507 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч Ч.Энэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Нэхэмжлэлд дурдагдсан 7,012,507 төгрөгийн тооцооны баталгаанд худалдагч Г.МЧ.Эийн нэрийн өмнөөс тодорхой эрх, итгэмжлэл олгогдоогүй байхад гарын үсэг зурж тамга дарсан байна.” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 2024.02.29-ний өдөр нэхэмжлэгч “Ж” ХХК, хариуцагч Ч.Энар харилцан тохиролцож Тооцооны үлдэгдлийн баталгааны маягтыг үйлдсэн байх бөгөөд уг тооцооны үлдэгдлийн баталгаагаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн бараа бүтээгдэхүүний өглөг, авлаг өр төлбөрт хариуцагч Ч.Энь 7,012,507 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-7/

 

5.  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “манай үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдан авсан боловч хариуцагч бараа бүтээгдэхүүний төлбөрийг өгөөгүй учир төлбөрөө авах” гэж тодорхойлсон, хариуцагч нь “Ж” ХХК-ийн бүтэгдэхүүнийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Жанцан” худалдааны төвд худалдан борлуулахаар лангуу түрээслэн ажиллуулж байсан, энэ талаар маргахгүй” гэсэн тайлбараас үзвэл талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

7. Талуудын хооронд бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний хүрээнд 2024.01.01-ний өдрөөс 2024.07.03-ны өдрийн хоорондох харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, мөн нийлүүлсэн барааны төлбөрийн үлдэгдлийг тооцож, тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг үйлдэж харилцан тохиролцсон баримтууд хэрэгт авагдсан бөгөөд энэ үйл баримт нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэсэн ба хариуцагчаас бараа бүтээгдэхүүний нийт төлбөр 17,580,194 төгрөгөөс 10,567,687 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэх 7,012,507 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 7,012,507 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

8. Хариуцагчаас “…7,012,507 төгрөгийн тооцооны баталгаанд худалдагч Г.МЧ. Эийн нэрийн өмнөөс тодорхой эрх, итгэмжлэл олгогдоогүй байхад гарын үсэг зурсан...” гэсэн тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар шүүхэд хүсэлт гаргаагүй болно. Хэргийн оролцогч нь тайлбар, татгалзалтай холбоотой баримтаа өөрөө шүүхэд цуглуулж гаргах үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан боловч тэрээр уг хурлын дараа товлогдсон шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт ирүүлсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх боломжгүй юм.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.

 

9. Иймд хариуцагч Ч.Эээс 7,012,507 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 127,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Эээс 7,012,507 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 127,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ