2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/02960

 

2025              04             15                                                 192/ШШ2025/02960                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, Б овогт Г.Х /РД:*/,

 

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, Б овогт Г.С /РД:*/,

 

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, Б овогт Г.Э /РД:*/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * тоотод оршин суух, Д овогт Т.Э /РД:*/,

 

Хариуцагч: * тоотод оршин суух, Д овогт Т.Э /РД:*/ нарт холбогдох

 

* тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас хариуцагч нарт ногдох хэсгийг тогтоолгох, хариуцагч нарт ногдох хэсгийн үнийг төлж, орон сууцнаас гаргах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д "Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.", "130 дугаар зүйлийн 130.3-т "Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно.", 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар "Ногдол хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг нь төлнө" гэснийг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. * тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг таван /хариуцагч нар нэмэгдээд/ хамтран өмчлөгч дундаа хамтран өмчилж байгаа бөгөөд дээрх орон сууцны 3/4 буюу 75 хувийг нь нэхэмжлэгч нэр бүхий гурван иргэн өмчилдөг билээ. Гэтэл нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 148 дугаар зүйл /Орон сууц өмчлөгчийн эрх, үүрэг/-ийн 148.1.2-т "дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах" эрх зөрчигдөж, өмчлөгч хэр нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нар нь зориуд саад учруулж уг орон сууцандаа амьдарч ч чадахгүй, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх маань ч тодорхой хэмжээнд зөрчигдөж байгаа болно. Нэхэмжлэгч нарын хувьд цаашид уг орон сууцандаа өөрсдөө амьдарч, 1/4 буюу 25%-ийг өмчлөгч болох хариуцагч нарт орон сууцны зах зээлийн үнэлгээний 1/4 буюу 25%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр тооцон олгох боломжтой бөгөөд Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар "Ногдол хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг нь төлнө" гэснийг баримтлан шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна. Маргааны бүхий байрны ногдох хэсэг нь тодорхой болчихвол мөнгөн төгрөг нь тодорхой болох учраас ногдох хэсгээ төгрөгөөр гаргуулж авах, эсвэл тухайн байрыг худалдан борлуулаад тэнцүү хуваагаад авч болно. Энэ хүмүүс бид нар насаараа амьдарсан харин биднийг амьдарч байгаагүй гэж яриад байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Би 10 жилдээ тухайн байранд амьдарч байсан. Намайг иргэнийхээ үнэмлэх авах гэж байхад энэ хаягаар авахгүй шүү гэж байсан. Тэгээд шүүхэд холбогдолтой нотлох баримтуудыг хорооноос авах гэхээр хүн 16 нас хүртлээ ээжийнхээ харьяаллаар явдаг. Тэгээд энэ хаяг дээр иргэний үнэмлэхээ аваагүй учраас миний бүртгэл энд байхгүй гэж гарч ирж байна. Хорооны бүртгэлийн дэвтэр дээр анхнаасаа Э, Э, Ц амьдарч байгаагүй нь харагдаж байгаа. Тэгээд ямар үндэслэлээр энэ байрыг өгөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Тэгээд одоо бол хэрвээ хариуцагч нар тухайн байрандаа амьдарна гэвэл өөрт ногдох хэсгээ төгрөгөөр гаргуулсан ч болно гэв.”

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын оногдох хувийг гаргаад өгвөл болно гэж байна. Анх уулзаж ярилцахдаа оногдох хэсгийг нь тодорхой хугацаа заагаад гаргаад өгье гэдэг байдлаар анх хариуцагч нар хандсан байдаг. Тэгээд нэхэмжлэлийн шаардлага дээрээс хэлэхэд тухайн орон сууцыг оногдох хэсгийг нь тухайн 2 өмчлөгчдөд өгөөд тухайн орон сууцыг чөлөөлж авах байдлаар нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн гэж ойлгосон. Тэгээд хариу тайлбараа гаргаж өгөхдөө тухайн байрыг өгөх боломжгүй яагаад гэвэл төрсөн цагаасаа хойш амьдарсан. Харин тухайн байрны үнэлгээг үнэн зөв гаргасан бол нэхэмжлэгчид оногдох хэсгийг гаргаж өгөх боломжтой гэдэг байдлаар хариу тайлбараа өгсөн. Одоо бол манай зүгээс тухайн байрны оногдох хэсгийг 3 нэхэмжлэгчид төгрөгөөр гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй юм шиг байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/00718 дугаар шийдвэр, тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2023/200887 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, гомдол хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч нараас итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, оршин суугаа газрын тодорхойлолт, үнэлгээний тайланг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилсон болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Г.Х, Г.С, Г.Э нар хариуцагч Т.Э, Т.Э нарт холбогдуулан * тоот хаягт бүртгэлтэй, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас хариуцагч нарыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны үнээс хариуцагч нарт оногдох хэсгийг төлж, өмчлөгчөөс хасуулах гэж шаардлага үндэслэлээ өөрчилсөн.

 

3. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулахдаа орон сууцны үнээс нэхэмжлэгч бидэнд ногдох хэсгийг хариуцагч нараас гаргуулж, орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Т.Э, Т.Э үлдээхэд татгалзахгүй гэж шаардлага үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэв.

 

4. Хариуцагч нар орон сууцнаас ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр өгөхөд татгалзахгүй. Харин орон сууцны үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс өндөр гарсан гэх үндэслэлээр шүүх хуралдаанд тайлбар гаргасан.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрх өвийн журмаар нэхэмжлэгч, хариуцагч нарт шилжсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй болно.

 

5.2. Тодруулбал, нэхэмжлэгч Г.Х, Г.С, Г.Э, хариуцагч Т.Э, Т.Э нарын хооронд дундын өмчлөлийн харилцаа өв залгамжлалын үндсэн дээр үүссэн байна.

 

5.3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэсгээр өмчлөх дундын өмчийн харилцаанд өмчлөгчийн өмчлөх эрхийн хувь хэсэг тодорхой байдаг бол хамтаар өмчлөлд оролцогчдын хувь хэсэг нь тодорхойгүй байдаг.

 

5.4. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001280242 дугаар гэрчилгээгээр Т.Э, Т.Э, Г.Х, Г.С, Г.Э /таван иргэний өмч/ гэж өмчлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдсэн байгаагаас үзэхэд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хамтаар өмчлөх дундын өмчлөлийн зүйл гэж үзэх үндэслэлтэй.

 

5.5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д “дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д “өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч тус бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй.” гэж тус тус заасан.

 

5.6. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд шинжээч Хас үнэлгээ ХХК 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 015 дугаар дүгнэлтээр “...үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 сарын байдлаар 176 431 818 төгрөгөөр тодорхойлов.” гэжээ.

 

5.7. Хариуцагч нар 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх үнэлгээ 124 618 158 төгрөгөөр тооцон хуваахыг зөвшөөрнө гэх тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзэв. Учир нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй.   

 

5.8. Иймд дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн маргааны зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэг өмчлөгчид ногдох хэсэг 35 286 200 төгрөг байх бөгөөд Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүтгэлтэй орон сууцны өмчлөх эрхийн хариуцагч нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Т.Э, Т.Э нараас нийт 105 895 090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Х, Г.С, Г.Э тус бүр 35 286 200 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Т.Э, Т.Э нарыг өмчлөлд үлдээж, хариуцагч Т.Э, Т.Э нараас орон сууцны үнээс ногдох хэсэгт 105 895 090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Х, Г.С, Г.Э нарт тус бүр 35 286 200 төгрөгийг олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 617 225 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч Т.Э, Т.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 687 420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Х, Г.С, Г.Э нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ