Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00028 

 

М.Г-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00203 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Барах сүйндик овогт Мархабагийн Г-ы нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Ители овогт Хавдалын А-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.Г, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Х.А, түүний өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х.А-ы Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2 давхар үйлчилгээтэй, амины орон сууцны барилгын өргөтгөлийг албадан нүүлгэх тухай.  

 

Нэхэмжлэлд: “Миний бие М.Г нь 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Зарыкканы Даянгүлээс Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Заман орос мебель дэлгүүрийн 2 давхар байрнаас 1 өрөө бүхий 16 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр, худалдан авсан.

Мөн 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эд хөрөнгө өмчлөх 0213000443 дугаартай гэрчилгээг өөрийн нэр дээр авсан. Миний дэлгүүр 1 давхарт байрладаг. Тухайн үед тус 2 давхар дэлгүүрийн 1 давхар дахь баруун талын том заалыг иргэн X.А, иргэн Т.Көпжасар нар худалдаж авсан.

Гэтэл иргэн Х.А нь 2006 онд миний дэлгүүрийн дээд тал буюу 2 дугаар бүрэн дунд сургуулийн хашаа руу харсан хэсгийн газрыг эзэмшилдээ авч, миний дэлгүүрийн складын гадна тал руу харсан хаалгыг хааж, 2 давхар барилгад наалдуулж барилга барьж авсан. Тухайн үед Газрын албаны дарга Саясид очиход “би зөвшөөрөөгүй, зөвшөөрөл олгоогүй” гэж хэлж байсан ч намайг 3 дахь удаа очиж уулзахад аймгийн Засаг даргаас тушаал ирсэн байгаа, зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон гэж хэлж байсан учраас хууль хяналтын байгууллагад хандаж маргаагүй.

Миний дэлгүүр 2012 он хүртэл нийтийн халаалтад холбогдож байсан. Дараа нь иргэн Х.А нь 2012 оны 2 дугаар сард нийтийн халаалтын шугам хагарсан байна, бүгдээрээ хамтарч засуулъя гэхэд би хувиасаа 300 мянган төгрөгийг төлсөн боловч, намар нь халаалтаа Х.А хувиараа татаж, бага оврын зуух тавихаар боллоо гээд миний халаалтын шугамыг тасалж, намайг 3 жил халаалтгүй суулгасан.

Энэ хугацаанд хүйтэн дэлгүүрт сууж чадахгүй, дэлгүүрийн байраа шалны халаалт, тень залгаад дулаацуулж чадаагүй. Энэ байдал нь миний орлогын эх үүсвэрийг хаахаар барахгүй, миний эрүүл мэндэд маш их нөлөөлж, бөөр ихэд өвддөг болсон. 2016 онд Х.А нь миний цонхны урьд талд өргөтгөл байр барьсан. Тухайн үед миний цонхыг хааж юу барьж байгаа гэж асуухад мөн хэрүүл үүсгэсэн. Машины гарааж барьж байна, чиний цонхыг халхлахгүй гэж хашхирсан.

Зуны цагт цонхоор нар тусаж, дэлгүүр дулаацдаг байсан боловч Х.А-ы барьсан өргөтгөл нь миний цонхыг хааснаар дэлгүүрт нар тусахгүй, агаар орохгүй, өвөлдөө ч зундаа ч хүйтэн болж хувирсан. Өвөлдөө байрны халаалт муутай, зундаа хүйтэн байдлаас болж би хэсэг хугацаанд Апекс худалдааны төвд сарын 350 мянганаар 6 сар, Буянт худалдааны төвд 1,5 жил гаран сарын 175 мянган төгрөгөөр байр хөлсөлж суусан.

Иргэн Х.А-ы дээрх үйлдлүүдээс болж би дэлгүүрт удаан хугацаагаар сууж бараагаа зарж чадахгүй, миний орлогын эх үүсвэр хумигдаж, өнөөдөр зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд байна. 2018 онд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт, мөн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаж, Х.А-ы өргөтгөл байраа хуулийн дагуу бариулсан эсэхэд дүгнэлт гаргуулахад дээрх 2 мэргэжлийн байгууллагаас иргэн Х.А нь өргөтгөл барилгаа зөвшөөрөлгүйгээр барьсан, байрыг ашиглалтад оруулах комиссын акт гараагүй, Барилгын тухай хуулийн 14.1.4, 14.4.4-т заасан зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн Х.А нь 2 давхар дэлгүүрийн доорх газрыг бүхэлд нь 2004 онд эзэмшилдээ авч, улмаар иргэн Т.Көпжасард миний дэлгүүрийн доорх газрыг өөрийн хөрөнгийн хамтаар худалдсаныг саяхан мэдэж, Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Х.А, Т.Көпжасар бид гурав дэлгүүрээ 2005 оны намар буюу ойролцоо хугацаанд худалдаж авсан боловч дэлгүүрийн газраа 2004 онд буюу хөрөнгөө худалдаж аваагүй байхад эзэмшилдээ авсан байдлыг өргөдөлдөө дурдсан байгаа. Энэхүү байдлаас болж өрхийн орлого буурсан байдлаас болж зээлээ төлж чадахгүй байдалд хүрч байгаа бөгөөд дэлгүүрээ зарж зээлээ барагдуулахаар зарласан боловч миний өмчлөлд байгаа дэлгүүрийн доорх газрыг өөр хүн эзэмшдэг, мөн худалдан авахаар ирсэн хүмүүс цонхыг далдалсан барилгатай байна, нарны гэрэл тусдаггүй гэж зарж чадахгүй байна.

 

Иргэн Х.А миний тог, халаалтыг тасалж, дэлгүүрийн доорх газрыг хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, миний дэлгүүрийн хаалга, цонхыг хааж барилга барьж, миний эрхийг ноцтой зөрчиж, намайг басамжлан доромжилж ирлээ. 2012 оноос хойш миний худалдаа наймаа хийх үйл ажиллагаанд цаад хийж, миний орлогыг бууруулж сэтгэл санааны болон материаллаг хохирол учруулж ирсэн. Миний эрх ноцтой зөрчигдөж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв. 

 

Хариуцагчийн тайлбарт: “1.Х.А надад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай захирамжаар 288 м.кв газрыг 50 жилийн хугацаатай 2 давхар дэлгүүрийн хажууд өргөтгөл барих зориулалтаар эзэмшүүлсэн ба газарт 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх 75 дугаартай зөвшөөрлийн дагуу Айсунхар ХХК-ны худалдааны төвийн өргөтгөл барьж, 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барилга байгууламжийг улсын комисс ашиглалтад хүлээн авч улмаар уг газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авч тухайн объектод 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/33 дугаартай захирамжаар 615 м.кв газрыг 41 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэхээр буюу Х.А надад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд уг газарт амины орон сууцны өргөтгөлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр 2016 онд өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад өгсөн. Өргөтгөл барилга байгууламжийг барих үед эрх бүхий байгууллагуудаас барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, барилга хариуцан бариулагчийн баталгаа, суурийн нүх ухсан акт, суурь хийсэн акт, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зэрэг барилга барихтай холбогдох бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн учраас Х.А би ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй.

Өөрөөр хэлбэл 2006 онд анх 2 давхар барилга байгууламжийг өргөтгөх үед зарим өргөтгөлийн хэсгүүдийн зураг төсөл нь байгаа боловч санхүүгийн боломжоос шалтгаалан бүрэн гүйцэд баригдаагүй байсан. Ингээд санхүүгийн боломж гарахаар буюу 2016 онд 2006 оны дутуу үлдсэн барилгын өргөтгөлийг гүйцээн барьсан.

3.Маргаан бүхий гэх объектын өргөтгөлийг 2016 онд барьж дуусган ашиглалтад өгсөн ба тэр үед нэхэмжлэгч М.Г нь уг барилгын өргөтгөл барьж байсныг мэдэж байсан боловч 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.

4.Нэхэмжлэгч М.Г-ы нэхэмжлэлд дурдсан түүний өмчлөлийн гэх Өлгий сумын 5 дугаар багт 2 давхар дэлгүүрийн 1 өрөө бүхий байр нь социализмын үед баригдахад агуулах буюу ногоо хадгалах зориулалтаар баригдсан нь уг барилга байгууламжийн анхны зураг схемээр нотлогдож байгаа. М.Г-ы одоогийн амьдарч буй 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байр байрлаж буй газар нь зэргэлдээ худалдаа эрхэлж буй Т.Көпжасарын эзэмшилд байгаа ба М.Гд төрөөс хууль ёсоор эзэмшүүлсэн газар байхгүй болно. 

5.Х.А би уг барилга байгууламжийн өргөтгөлийг хууль ёсоор эзэмшиж байгаа ба бусдын эзэмшлийн газарт өргөтгөлийн барилгыг бариагүй буюу М.Гы 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байранд хэвийн амьдрах асуудалд ямар нэгэн саад хийгээгүй.

6. М.Г-ы орон сууцны халаалтын хувьд 2004 оны өмнөөс инженерийн халаалтад холбогдсон байсан. Х.А би уг объектыг 2004 худалдаж авснаар төвийн халаалтыг тасалж, хувийн уурын зуух барьсан ба одоо хүртэл ажиллаж байна. М.Гы орон сууцны халаалтыг манай уурын зуухнаас авч байгаа ба одоо хүртэл ямар нэгэн төлбөр аваагүй. 2010 оны үед халаалтын газар доорх шугамыг солих үед Х.А Т.Көпжасар, М.Г бид дундаасаа хөрөнгө мөнгө гарган халаалтын шугамыг янзалсан. Энэ үед М.Г нь 300,000 төгрөгийн зардал гаргасан. Гэтэл төвийн халаалт хэвийн ажиллаагүй учраас дараа нь хувийн халаалтын зуух тавьсан ба одоо хүртэл ажиллаж байна. Ингэхээр би М.Г-ы байрын халаалтад ямар нэгэн саад хийгээгүй, харин цахилгааны асуудал нь тус тусдаа байдаг. Х.А би хөрш болох М.Г-ы уг байранд амьдрахад ямар нэгэн саад учруулаагүй, харин ч өнгөрсөн жилүүдэд түүнд байнга тусалж ирсэн. Иймд нэхэмжлэгч М.Гы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00203 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дүгээр зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.А-ы Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2 давхар үйлчилгээтэй, амины орон сууцны барилгын өргөтгөлийг албадан нүүлгэхээр шийдвэрлэжээ.    

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс дэлгүүрт хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэдэгт хариуцагч Х.А-ы буруутай үйл ажиллагаа байсан нь тогтоогдоогүй буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нь ямар нэгэн байдлаар саад учруулж байсан нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.    

 

1. М.А-д Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай захирамжаар 288 м.кв газрыг 50 жилийн хугацаатай 2 давхар дэлгүүрийн хажууд өргөтгөл барих зориулалтаар эзэмшүүлсэн ба тус газарт 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх” 75 дугаартай зөвшөөрлийн дагуу “Айсунхар” ХХК-ны худалдааны төвийн өргөтгөл барьж, 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барилга байгууламжийг улсын комисс ашиглалтад хүлээн авч улмаар уг газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авснаар тухайн объектод 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А\33 дугаартай захирамжаар 615 м.кв газрыг 41 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэхээр буюу Х.А-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд уг газарт амины орон сууцны өргөтгөлийг тэрээр 2014 онд өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад өгсөн. Өргөтгөл барилга байгууламжийг барих үед эрх бүхий байгууллагуудаас барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, барилга хариуцан бариулагчийн баталгаа, суурийн нүх ухсан акт, суурь хийсэн акт, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зэрэг барилга барихтай холбогдох бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн учраас Х.А нь ямар нэгэн байдлаар Барилгын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2006 онд анх 2 давхар барилга байгууламжийг өргөтгөх үед зарим өргөтгөлийн хэсгүүдийн зураг төсөл нь байгаа боловч санхүүгийн боломжоос шалтгаалан бүрэн гүйцэд баригдаагүй байсан учраас 2014 онд санхүүгийн боломж гарахаар 2006 оны дутуу үлдсэн барилгын өргөтгөлийг гүйцээн барьсан түүхтэй.

 

2. Нэхэмжлэгч М.Г-ы нэхэмжлэлд дурдсан түүний өмчлөлийн гэх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт 2 давхар дэлгүүрийн 1 өрөө бүхий байр нь социализмын үед баригдахад агуулах буюу ногоо хадгалах зориулалтаар баригдсан нь уг барилга байгууламжийн анхны зураг схемээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ. М.Г-ы одоогийн амьдарч буй 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байр байрлаж буй газар нь зэргэлдээ худалдаа эрхэлж буй Т.Көпжасарын эзэмшилд байсан ба тэрээр 2021 оны эхээр өөрийн эзэмшилдээ шилжүүлж авчээ. 

 

3. Нэхэмжлэгч М.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "... Миний дэлгүүр 2012 он хүртэл нийтийн халаалтад холбогдож байсан. Дараа нь иргэн Х.А нь 2012 оны 02 дугаар сард нийтийн халаалтын шугам хагарсан байна, бүгдээрээ хамтарч засуулъя гэхэд би хувиасаа 300 мянган төгрөг төлсөн боловч, намар нь халаалтаа А хувиараа татаж, бага оврын зуух тавихаар боллоо гээд миний халаалтын шугамыг тасалж, намайг 3 жил халаалтгүй суулгасан. Энэ хугацаанд хүйтэн дэлгүүрт сууж чадахгүй, дэлгүүр байраа шалны халаалт, тень залгаад дулаалцуулж чадаагүй. Энэ байдал нь миний орлогын эх үүсвэрийг хаахаар барахгүй, миний эрүүл мэндэд маш их нөлөөлж, бөөр их өвддөг болсон” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч М.Г-ы дэлгүүрийг халаалтын шугамтай холбох, дулаан дамжуулах асуудалд Х.А-ы буруутай үйл ажиллагаа байгаа нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Хэрвээ Х.А нь М.Г-ы байранд халаалт өгөөгүй, халаалтын шугамыг тасалсан асуудал гаргасан тохиолдолд эрх бүхий байгууллагын дүгнэлт гарах ёстой. Х.А нь уг объектыг 2004 онд худалдаж авснаар төвийн инженерийн шугам сүлжээний халаалтыг зогсоож, хувийн уурын зуух барьсан. М.Г нь дэлгүүрийн халаалтыг Х.А-ы уурын зуухнаас авч байгаа ба одоо хүртэл ямар нэгэн төлбөр авдаггүй. 2010 оны үед халаалтын газар доорх шугамыг солих үед Х.А, Т.Көпжасар, М.Г нар дундаасаа хөрөнгө мөнгө гарган халаалтын шугамыг янзалж байсан. Иймд М.Г-ы дэлгүүр одоо хэвийн халаалт авч байгаа.

 

4. Нэхэмжлэгч М.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ .. Би тус дэлгүүртэй тусдаа тоолууртай, хэрэглэсэн цахилгааны төлбөрийг өөрөө төлж ирсэн билээ. Тухайн үед цахилгааны нэг шугамаар дамжиж ирж байгаа цахилгааныг Х.А надаас цахилгаанаа авч байгаа гэж тасалсан. Х.А нь цахилгааны төлбөрөө тоолуураар төлж байгаад итгэхгүй, хардалтаар тасалсан. Тухайн үед би Цахилгаан шугам сүлжээний газраас хүн гуйж ирээд дэлгүүрийн гадна талын шонгоос цахилгааны шугамаа татуулсан, шугамаас гал гарвал би хариуцахгүй гэж анхааруулж хэлж байсан. Үнэндээ нэг байр доторх өрөөний цахилгааныг тасалж, өөр шугамаар татуулахыг Цахилгаан шугам сүлжээний газраас арай гэж зөвшөөрсөн гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх” гэжээ. М.Г-ы дэлгүүрт хариуцагч М.А нь эрчим хүч түгээх асуудалд саад тотгор учруулсан нь тогтоогдоогүй, энэ тухай эрх бүхий байгууллагын шаардлага, дүгнэлт гараагүй байна. Ингэхээр Х.А нь М.Г-ы байрын халаалтад ямар нэгэн саад хийгээгүй, харин цахилгааны асуудал нь тус тусдаа байдаг. Х.А нь хөрш болох М.Г-ы уг байранд амьдрахад ямар нэгэн саад учруулаагүй, харин ч өнгөрсөн жилүүдэд түүнд байнга тусалж ирсэн гэдгийг хэлье.

 

5. Нэхэмжлэгч М.Г-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... Өвөлдөө байрны халаалт муутай, зундаа хүйтэн байдлаас болж би хэсэг хугацаанд Апекс худалдааны төвд сарын 350 мянгаар 6 сар, Буянт худалдааны төвд 1,5 жил гаран сарын 175 мянган төгрөгөөр байр хөлсөлж суусан. Иргэн Х.А-ы дээрх үйлдлүүдээс болж би дэлгүүрт удаан хугацаагаар сууж бараагаа зарж чадахгүй миний орлогын эх үүсвэр хумигдаж, өндөө\р зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд байна” гэжээ. Нэхэмжлэгч М.Г-аас дэлгүүрт худалдаа хийхэд хариуцагч М.А-ы буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс өөр газар нүүж байрны түрээс төлж байсан, орлого нь буурсан гэдгийг нотлох баримтуудаар нотолж чадаагүй болно.

6. Маргаан бүхий гэх объектын өргөтгөлийг Х.А 2014 онд барьж дуусган ашиглалтад өгсөн ба тэр үед нэхэмжлэгч М.Г нь уг барилгын өргөтгөл барьж байсныг мэдэж байсан боловч 6 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж үзэж байна.

 

7. Х.А нь уг барилга байгууламжийн өргөтгөлийг хууль ёсоор эзэмшиж байгаа ба бусдын эзэмшлийн газарт өргөтгөлийн барилгыг бариагүй буюу М.Г-ы 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байранд хэвийн амьдрах асуудалд ямар нэгэн саад хийгээгүй гэж үзэж байна. Түүний дэлгүүрийн цонх нь дэлгүүрийн суурь хэсэгт маш ойрхон, торлосон, маш жижиг, ердийн үед ч гэсэн нар тусдаггүй байрлалтай. Ингэхээр түүний дэлгүүрийн цонхон талд ойрхон өргөтгөл барьснаар дэлгүүрт хэвийн үйл ажиллагаа явуулах буюу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд бодитой саад учруулах ямар ч боломжгүй гэж үзэж байна.

 

8. Иргэн Х.А нь 2014 онд барьсан өргөтгөлийг барилга барихад эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нэг үндэслэл болгож анхан шатны шүүхээс дүгнэжээ. Гэтэл Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Дүрэм батлах тухай” 151 дүгээр тогтоолын хавсралтын 1.2 “Инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй, 2 давхар хүртэл, 3600 м3 эзлэхүүнтэй иргэний барилга болон амины орон сууцны инженерийн барилга“ гэсэн хэсэгт эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл шаардахгүй барихаар тогтоожээ. Тухайлбал тухайн өргөтгөлийн барилгын халаалт нь тухайн үед хувийн уурын зуухнаас авдаг буюу төвийн нэгдсэн халаалтад холбогдоогүй, бохир болон цэвэр усны байгууламж нэгдсэн шугамд холбогдоогүй байсан. Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаартай тогтоолоор “Барилга байгууламжийн төлөвлөлтийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д зааснаар орон сууцны зориулалттай 7 метр хүртэл өндөртэй, 400 м.кв талбайтай нэг айлын орон сууцыг барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид тооцсон байгаа. Иймээс Х.Аы 2014 онд барьсан өргөтгөлийн барилга байгууламж барихад тусгай зөвшөөрөл аваагүй гэж анхан шатны шүүхээс буруутгаж байгаа асуудлыг зөвшөөрөхгүй байна.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэл болсон гэх Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 24 дугаартай, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 04\56 дугаартай дүгнэлтүүдийг тухайн үед иргэн Х.Ад эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй буюу танилцуулаагүй, нэхэмжлэгч уг дүгнэлтүүдийг тухайн үед Х.А-д хүргүүлсэн буюу мэдэгдсэн гэдгийг нотолж чадаагүй, Х.А нь дээрх бичиг баримтуудыг нэхэмжлэгч М.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед шүүхээс үзэж мэдсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангах нотлох баримтууд эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна.

 

Иймээс анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Г нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд М.А нь саад учруулсан нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад түүний нэхэмжлэлийн шаардлагыг ханган хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” зарчмыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч М.Г-ы нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Х.Г-ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, 106 дүгээр зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.А-ы Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2 давхар үйлчилгээтэй, амины орон сууцны барилгын өргөтгөлийг албадан нүүлгэх шийдвэр гаргажээ.

 

1. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагч Х.А нь “маргаан бүхий объектын өмчлөгч, эзэмшигч нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээний дагуу миний бие болон миний эхнэр Т.Мара бид юм. Тийм учраас маргаан бүхий объектыг чөлөөлөхийг Х.А ганц надад даалгаж шийдвэрлэх учиргүй” гэж давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 2 дугаар давхарт 232м.кв талбайтай амины сууц, 1 дүгээр давхарт 110м.кв талбай дэлгүүрийн зориулалттай, Y20213002932  дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Х.А болон иргэн Т.Мара нар хууль ёсоор өмчилж байгаа нь хэрэгт цугларсан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Гэтэл тухайн хэрэг маргааны улмаас иргэн Т.Марагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлагатай нь баримтаар тогтоогдсоор байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан журмыг хэрэгжүүлэхгүйгээр хоёр иргэний өмчлөлийн барилгыг албадан буулгах шийдвэр гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзэхгүй.

 

2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгосны эцэст түүний үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын агуулгад нийцнэ.

 

Гэтэл шүүх ... өргөтгөлийг хариуцагч өмчилж авч байсан талаар ямар нэгэн нотлох баримтгүй” гэж дүгнэсэн атлаа, нэхэмжлэлийн шаардлагыг “Х.А-ы Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2 давхар үйлчилгээтэй, амины орон сууцны барилгын өргөтгөлийг албадан нүүлгэх” гэж тодорхойлон хангаж шийдвэрлэсэн нь зөрчилтэй дүгнэлтэд үндэслэгджээ. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа анх шүүхэд мэдүүлэхдээ “Х.А-ы барилгыг /бүхэлдээ/ албадан нүүлгэх” тухай нэхэмжилсэн бол анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад шаардлагаа “Х.А-ы хууль зөрчиж барьсан 2 давхар өргөтгөлийн барилга, хананд наалдуулж барьсан зуухыг буулгах шийдвэр гаргаж, миний дэлгүүрийн цонхыг нарны гэрэл тусгаж, агаар орох боломжоор хангаж өгнө үү” гэж, “Цонхыг өргөтгөл халхлаад, хажууд нь зуух барьчихсан. Тэр өргөтгөлийг албадан буулгахыг хүсэж байна” гэх зэргээр тодорхойлж байжээ.

 

            Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний үндэслэлийг /барилгыг бүхэлдээ, эсхүл өргөтгөлийг нүүлгэх эсэх, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн хананд нааж барьсан зуухыг нүүлгэх эсэх, хэрвээ барилгыг бүхэлдээ, эсхүл өргөтгөлийг нүүлгэхээр бол ямар хэмжээтэй эсэх гэх мэт/ тодорхой болгож, нэхэмжлэгч М.Г-ы өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн цонхыг халхалж баригдсан гэх Х.А, Т.Мара нарын хоёр иргэний 342 м.кв талбайтай барилгын өргөтгөл нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт заасан тухайн барилгын салгаж үл болох бүрдэл хэсэг мөн эсэхэд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйг тэмдэглэж байна.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв. Харин шүүх хариуцагч Х.А-ы маргааны үйл баримттай холбоотой гаргасан давж заалдах гомдолд урьдчилсан байдлаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00203 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулан хариуцагч Х.А-д буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

                       

С.ӨМИРБЕК