Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 84

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Оюунсүрэн

Улсын яллагч Ч.Мөнхзул  

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Б.М холбогдох эрүүгийн 1821001520063 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжлгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг ..........тойрог гэх газарт  оршин суух, ял шийтгэл: 2015 оны 04 сарын 17-ны өдөр Сум дундын 10 дугаар шүүхийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй, Харгана овогт Б.М /РД: ЖЕ                 /

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 02 сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Наран” буудлын гадна Р.Э  “буудалд хамт орсонгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодож биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал, баруун хацрын цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Хохирогч Р.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 02 сарын 16-ны өдөр Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтад дүүгийндээ очоод шинэлчихээд өдөр 14 цагийн орчимд гараад М руу баяр болж байна мэнд мэдэх гэж утсаар нь залгасан чинь хүрээд ирье гэхээр нь урагшаа явж байгаад Хар байшингийн тэр хавьцаа М такситай ирж авсан юм. Тэгээд хаашаа явах гэж байгаа юм бэ? гэхээр нь СМУ-д ээжийнх рүү очихоор явж байна гэсэн чинь цуг ээжтэй чинь золгоё гээд бид хоёр нөгөө таксинаас нь буугаад СМУ-гийн голоор алхаж байтал Наран, Саран зочид буудлын хажууд ирээд М хоёулаа ойрд уулзаагүй, би чамайг санаад, хүсээд байна буудалд оръё гэхээр нь би орохгүй гээд тэгээд хоорондоо маргалдсан. Тэгтэл надад өмнө нь авч өгсөн гар утсаа авъя гэхээр нь байхгүй гэсэн чинь ... халаас руу минь гараа хийх гэхээр нь гарыг нь бариад автал миний нүүр рүү цохьсон. Тухайн үед зодуулчихаад уурандаа цагдаад утсаараа дуудлага өгсөн.... буудалд оръё гэхээр нь би орохгүй гэснээс болж уурандаа миний баруун талын хацар руу нэг удаа, мөр болон цээж рүү 3-4 удаа цохьсон юм гэжээ. /хх-ийн 15-16/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 24-ны өдрийн 182 тоот дүгнэлтэд: "1. Р.Э биед буруун нүдний зөөлөн эдийн няцрал, баруун хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 19/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20/

-Шүүгдэгч Б.М  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 Шүүгдэгч Б.М нь 2018 оны 02 сарын 16-ны өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Наран” буудлын гадна хохирогч Р.Э хувийн таарамжгүй харьцаа буюу “буудалд хамт орсонгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодож биед нь баруун нүдний зөөлөн эдийн няцрал, баруун хацрын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хоёулаа ойрд уулзаагүй юм чинь буудалд оръё гэсэн чинь үгүй гэхээр нь утсаа авъя гэсэн чинь өгөхгүй гэсэн. Тэгэхээр би ... баруун хацар руу нь нэг удаа, цээж рүү нь 3-4 удаа цохьсон.... гэж /хх-ийн 27-28/, түүнийг давхар нотолсон хохирогч Р.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 24-ны өдрийн 182 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Р.Э биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.М хохирогчийн баруун хацар болон цээж рүү нь гараараа 2-3 удаа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Б.М  холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.М .............регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Харгана овогт Б.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг / жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.М ЖЕ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг шүүгдэгчид буцаан олгосугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР