Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/427

 

П.Д-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч П.Д-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2308 03168 2064 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Н овгийн П-ын  Д, 1958 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

П.Д- нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ... дүгээр байрны ... дүгээр орцны үүдний шатан дээр хохирогч Г.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар баруун гараараа хүрэмнийх нь зүүн мөрнөөс барьж шатнаас түлхэж унагаан эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: П.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овгийн П-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-ид 1 сар 15 хоногийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч П.Д- нь 924.378 төгрөгийг хохирогч Г.Э-д төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгэр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-оос 3.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Э-д олгож, хохирогч Г.Э- нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Д-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр хохирогч Г.Э- миний ажлын байранд орж ирэхдээ согтуу, намайг өөрөөсөө даруй “20 гаруй насны залуу эмэгтэйтэй явалдаад байна, та сууц өмчлөгчдийн холбооны байцаагчаар ажиллах боломжгүй, манай нөхрийн ах гэж мэдэх болохоор эндээс зайл” гээд чангаар орилж, миний ажил хэргийн болон хувийн нэр хүндэд халдаж, намайг ямар нэгэн байдлаар эндээс зайлуулна гэж хэлээд байсан. Би хохирогчид гар хүрч, шатны уруу түлхсэн асуудал огт болоогүй, өөрөө согтуу, хөл дээрээ зогсож чадахгүй эмэгтэй байсан. Энэ байдлыг намайг зодсон, надаас учирсан гэмтэл гээд байгааг үнэн зөвөөр нь шалган тогтоож чадаагүй. Г.Э- нь өөрөө миний куртикнээс зуураад унахдаа өөрөө унасан. Миний гар, хөлийн үйлчлэл огт явагдаагүй. Тухайн үед байсан гэрчүүдийг асуулгах талаар Гансүмбэрэл мөрдөгчид удаа дараа хэлсэн, прокурорт хүсэлт гаргахад “хугацаа дууссан, шүүх рүү шилжүүлсэн” гэж хэлээд аваагүй. Иймд нэмэлт ажиллагаа хийлгэж, Г.Э- нь өөрөө унасан, мөн хүний гар хөлийн хүчин зүйлээр цохиж, зодох, түлхэх аль хэлбэрээр тухайн хэрэг үйлдэгдсэн болохыг тогтоон шалгаагүй гэж үзэж байна. Шүүхээс хохирогч Г.Э-д 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчилсэн баталсан бөгөөд 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан хохирлыг тооцох, арилгуулахтай холбоотой зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгааг, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн нэмэлт оруулсан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Уг аргачлалын 3.4-д гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба уг аргачлалын 3.4-д гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1 дүгээр зэрэглэл 0-3%, 2 дугаар зэрэглэл 2-8%, 3 дугаар зэрэглэл 9-15%, 4 дүгээр зэрэглэл 15-30%, 5 дугаар зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно гэж заасан. Г.Э-д хөнгөн гэмтэл учирсан байх ба нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын 2 дугаар зэрэглэлд хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул хохирогчид учирсан хохирлын байдлыг харгалзан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 550.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлж, 3.300.000 төгрөгийг шинжээчийн дүгнэлт гаргахгүйгээр шүүгч өөрөө нотлох баримтгүйгээр нөхөн төлбөрийг тооцсон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Сэтгэцийн шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Би анх удаа шүүхээс гэм буруутай гэж хэлэлцүүлэгт орж, энэ явцдаа өөрийн эрх ашгийг өмгөөлөгчөөр хангуулж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхийг заасаар байтал аль ч шатанд надад өмгөөлөгч авах эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна. Эрх зүйн мэдлэг байхгүй учраас тус хэрэгт би гүтгэгдээд байна. Г.Э- нь согтуу хөл алдаж, шатны уруу өөрөө унасан хүнийг зодсон болгоод байгаад гомдолтой, үнэн зөвөөр шалгуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...Би цагдаад энэ талаар хэлсэн, болсон үйл явдлыг үзүүлсэн. Г.Э-гийн скочидсон байсан хаалгыг нэмж өшиглөж цөмлөснийг Гансүмбэрэл байцаагч ирж үзсэн. Мөн би цус дуссан байсан газрыг зааж үзүүлсэн. Намайг өмгөөлөгчөөр хангаагүй, мөн баримтуудыг аваагүй. Би анхны мэдүүлэгтээ болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. ...Миний анх өгсөн мэдүүлгийг үнэн, зөвөөр ойлгоно гэж бодсон. Би цагдаад итгэсэн. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Нэгдүгээрт, П.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүн зодох, түлхэх гэмт хэрэг үйлдэгдээгүй. Хавтаст хэргийн 1 дүгээр талд авагдсан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолд “Г.Энхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэв” гэж бичсэн бөгөөд Г.Э-гийн талаар огт дурдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлд заасан хэрэг бүртгэлтийн ажиллагаа Г.Э гэх хүнтэй холбоотой гэж үзэж байна. Хоёрдугаарт, Г.Э-гийн мэдүүлэг үнэн, эрүүл, ажил үүргээ гүйцэтгэж байсан П.Д-ийн мэдүүлгийг худал гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан мөрдөгчийн тэмдэглэлд “Г.Э- гэх хүн согтуу байна, тухайн хүн шатнаас унасан байна, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх тул мэдүүлэг авалгүй охин Саруулд хүлээлгэж өгөв” гэсэн байдаг бөгөөд Г.Э- тухайн үеийн нөхцөл байдлыг огт мэдэхгүй байж бусдыг гүтгэсэн мэдүүлэг өгсөн. Г.Э-гийн “намайг зодоод байна” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл шүүх шинжилгээний байгууллагаас унах үед үүсэх гэмтэл гэж дүгнэсэн байдаг. П.Д- “Г.Э- согтуу байдалтай өөрөө унасан” гэж тогтвортой мэдүүлдэг. П.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоогүй. Шүүх хуралдаанд П.Д- тухайн үед өмсөж байсан куртикээ өмсөж, өөрийнхөө үйлдлийг харууллаа. П.Д- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огт эрх зүйн туслалцаа аваагүй бөгөөд Ариунзаяа, Баасанжав гэх хүмүүсийг асуулгах талаар удаа дараа хэлсэн боловч авч хэлэлцээгүй байдаг. П.Д- шүүх хуралдаанд “ёс зүйд найдаж ийм шийдвэрийг гаргалаа” гэж мэдүүлсэн нь “би хэрэг үйлдээгүй тул энэ хэргийг даалаа” гэсэн утгаар хэлсэн. Учир нь, Г.Э- нь П.Д-ийн төрсөн дүү П.Даваасамбуугийн эхнэр буюу садан төрлийн хүмүүс тул энэ асуудлыг өөрөө даах гэж ингэж хэлснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд хохирогч Г.Э-гийн нэрийг буруу бичсэн нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад засагдаад явсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч Г.Э- “би тухайн үед согтуу байгаагүй, хэрэв согтуу байсан бол намайг цагдаа аваад явах байсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч П.Д-ийн “би баруун гараараа куртикнийх нь зүүн мөрнөөс барьж байгаад хүчтэй түлхсэн чинь Г.Э- шатны уруу 2-3 шат явж байгаад хий гишгэж унаад автозам дээр хэвтчихсэн” гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүгдэгч П.Д- нь хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа шүүгдэгч П.Д-ид эрх, үүргийг нь тайлбарлаж өгч, өмгөөлөгч авах эсэхийг асуухад өмгөөлөгч авахгүй гэж гарын үсэг зурсан. Мөн яллах дүгнэлт гардуулж өгөх үед өмгөөлөгч авах эсэхийг асуухад өмгөөлөгч авахгүй гэж хэлсэн байдаг. ...Шүүдэгч П.Д-ийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 69-70 дугаар талд авагдсан. ...Иймд өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч П.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч П.Д- нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... дүгээр орцны үүдний шатан дээр хохирогч Г.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар баруун гараараа хүрэмнийх нь зүүн мөрнөөс барьж түлхэн Г.Э-г шатнаас унагаасны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Г.Э-гийн: “...П.Д- “Чи намайг цохих гээд байгаа юм уу” гээд миний куртикнээс заамдаж авсан. Тэгснээ заамдахаа болиод хүрэмний зүүн мөрөн дээрээс баруун гараараа базаж байгаад намайг шатны уруу түлхсэн. Тухайн байрны орц 8 гишгүүртэй байдаг ба би нэг мэдэхэд доор байсан. Хамраас цус гарчихсан байсан. ...Миний хамар хугарсан, зүүн гарын хуруу, бугуй хэсгээр гэмтсэн. ...” /хх 39-40/,
  • шүүгдэгч П.Д-ийн: “...буцаад орц руугаа орох гэж байхад “Миний биед халдлаа” гэж хэлээд миний араас дайраад, намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би хүрэмнийх нь хоолойноос заамдаад өөрөөсөө холдуулсан. Тэгээд Г.Э- “Миний биед халдлаа” гэж хэлээд миний гараас зууралдаад байхаар нь би намайг татаж унагах гэж байна, шатнаас буулгая гэж бодоод гарыг нь тавиулаад, баруун гараараа хүрэмнийх нь баруун мөрнөөс барьж байгаад түлхчихсэн. Тэгсэн чинь Г.Э- 2-3 хий гишгэж байгаад шатнаас унасан ба унахдаа авто зам дээр уначихсан. ...” /хх 70/ гэсэн мэдүүлгүүд,
  • хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, дух, хамар, дээд уруул, баруун өвдөгт зулгаралт, зүүн сарвуу, баруун өвдөгт цус хуралт, зүүн эгэм орчмын зөөлөн эдийн няцрал бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, унах үед үүсэх боломжтой гэмтэл учирсан бөгөөд эдгээр гэмтлүүдээс хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт нь хөнгөн зэргийн, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг тогтоосон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13116 дугаартай дүгнэлт /хх 24-25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Шүүгдэгч П.Д-ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ” гэжээ.

Харин тус хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүсгэсэн эрүүгийн хэрэгт гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий баримт байгаа хүнийг сэжигтнээр тооцох талаар журамлан зохицуулж байсан.

Гэтэл прокуророос 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2308 03168 2064 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, П.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татахаас 6 хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 09-ний өдөр П.Д-оос сэжигтнээр мэдүүлэг авч, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн байх бөгөөд энэхүү сэжигтнээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх үүнийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгч П.Д- давж заалдах гомдолдоо “...Тухайн үед байсан гэрчүүдийг асуулгах талаар мөрдөгчид удаа дараа хэлсэн, прокурорт хүсэлт гаргасан...” талаар дурдсан байх ба шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримт бүрэн нотлогдсон, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзэв.

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ...эрхтэй...” гэж заасан.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд даргалагчаас шүүгдэгч П.Д-ид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг тайлбарлаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эсэхийг асуухад тэрээр “Өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно” хэмээн өмгөөлөгч авахаас татгалзсан байх тул түүний өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийснээр шүүгдэгч П.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч П.Д-ийн хохирогч Г.Э-г санаатай түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль бус үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч П.Д- нь “Миний куртикнээс Г.Э- нь өөрөө зуураад унахдаа өөрөө унасан. Миний гар, хөлийн үйлчлэл огт явагдаагүй. ...Г.Э- нь өөрөө унасан, ...хохирогчийг би гар хүрч, шатны уруу түлхсэн асуудал огт болоогүй, өөрөө согтуу, хөл дээрээ зогсож чадахгүй эмэгтэй байсан. ...” хэмээн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо дурдаж, гэм буруугийн асуудлаар маргасан.

Гэмт хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгч П.Д-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгтэй цаг хугацаа, болсон үйл явдлын дараалал, агуулгын хувьд тохирч байгаа, шүүгдэгч нь яллагдагчаар татсан тогтоол, хуульд заасан яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцсаны дараа мэдүүлсэн мэдүүлгээрээ хохирогч Г.Э-г түлхэн унагаасан болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх тул “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан шүүгдэгч П.Д-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхдээ уг ялыг сонгон хэрэглэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял шийтгэжээ.

  1. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгчөөс хохирогч Г.Э-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг тогтоон, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогчид танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсны дагуу анхан шатны шүүх Шүүх шинжилгээний тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.

Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.

“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Дээрх жишиг аргачлалын 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, уг аргачлалд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч дүгнэлт гаргах шаардлагагүй, хүснэгтээр тогтоохоор заасан болно.

Хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба анхан шатны шүүхээс уг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг харгалзан хохирогч Г.Э-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр тооцож, гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэхдээ “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасан хүснэгтэд сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулахаар заасны дагуу хохирогчид учирсан хохирлын байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлэн, 3.300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Тодруулбал, “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 1.2-т “Гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас илүү, эсвэл багаар тогтоосон бол үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгана” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор зэргийг харгалзан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд заасан нөхөн төлбөрийн хэмжээг тус тусын зэрэглэлд зааснаас ихээр, эсвэл багаар тогтоох боломжтой буюу ийнхүү тогтоохыг хязгаарлаагүй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч Г.Э- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, энэ талаараа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн /хх 8-9/, мөн хохирогч Г.Э- нь шүүгдэгч П.Д-той хэрүүл маргаан үүсгэсэн буюу түүний буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн, мөн хохирогч Г.Э-д гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн мөнгөнөөс 855.000 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар багасган өөрчлөв.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Д-ийн “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч П.Д-оос 3.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Э-д олгож...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч П.Д-оос 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Э-д олгож...” гэж өөрчилсүгэй.
  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ