| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0407/З |
| Дугаар | 128/ШШ2025/0591 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2025/0591
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК /РД:/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Д.Х нарын хоорондын Татварын Улсын байцаагчийн 2024 оны 10 сарын 31-ны өдрийн НА-34 дугаар нөхөн ногдуулалтын актын 4 болон 5 дахь хэсгийн нийт 91,974,883.17 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагч Б.А, Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гэрч Э.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Д.Х нарт холбогдуулан Татварын Улсын байцаагчийн 2024 оны 10 сарын 31-ны өдрийн НА-34 дугаар нөхөн ногдуулалтын актын 4-т нөхөн татвар 23,895,910.09 төгрөг, торгууль 9,558,364.36 төгрөг, алданги 13,890,931.97 төгрөг нийт 47,345,207.24 төгрөг, 5-д нөхөн татвар 23,895,910.09 төгрөг, торгууль 7,168,773.27 төгрөг, алданги 13,564,991.75 төгрөг нийт 44,629,675.93 төгрөг, нийт 91,974,883.17 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Д.Х, Б.А нарыг Г ХХК-ийн 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалт хийхээр 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс ажлын 38 өдөр хийхээр томилжээ.
3. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-34 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ын 4-т 2020 онд тоот регистрийн дугаартай "Д" ХХК-аас 10 ширхэг 238,959,109 09 төгрөгийн үнийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар хасалт хийж төлөх татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг
Актын 5-д 2020 онд бодит худалдан авалт хийгээгүй атлаа хийсэн мэтээр 238,959,109.09 төгрөгийн дүнгээр төлбөрийн баримт үйлдүүлж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тайлагнан, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:, 16.1.1 энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал, 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэн Татварын ерөнхий хуулийн 42.1, 79.1, 79.4.3, 73 дугаар зүйлийн 73 2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2 болон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д заасныг тус тус үндэслэн 23,895,910.09 төгрөг, торгууль 9,558,364.36 төгрөг, алданги 13,890,931.97 төгрөг нийт 47,345,207.24 төгрөг, 5-д нөхөн татвар 23,895,910.09 төгрөг, торгууль 7,168,773.27 төгрөг, алданги 13,564,991.75 төгрөг нийт 44,629,675.93 төгрөг, нийт 91,974,883.17 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчээс тус нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрөн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдолд гаргасныг тус зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-34 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Г (РД:) ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан...2019-2020 онд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамжинд байрлах Х төслийн А блокийн барилга угсралтын ажлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд тус барилгыг одоогоор Улсын комисс хүлээн авч тухайн барилга ашиглалтад ороод байна. Манай компанийн хувьд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэхдээ шууд худалдан авалт хийх буюу бэлэн мөнгөөр барилгын үндсэн түүхий эд материал (арматур, бетон, цемент гэх мэт)-ыг худалдан авдаг байсан. Ингэхдээ 2019-2020 онд Д ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж арматур авсан болно. Ингэхдээ худалдагчийн нийлүүлсэн арматурын үнийг тухай бүрд нь бэлнээр болон дансаар төлж ирсэн ба дээр дурдсанчлан одоо тухайн барилга маань баригдаж дуусаад ашиглалтанд орсон байгаа билээ.
Гэвч дээрх худалдан авалтыг хариуцагчийн зүгээс хий бичилт хэмээн дүгнэж татварын нөхөн ногдуулалтын акт тавьсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.1 дахь хэсэг "хуульд үндэслэх", 4.2.5 дахь хэсэг "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 40 дүгээр зүйл 40.2.3 дахь хэсэгт "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 4-ийн тухайд:
"Г" ХХК болон "Д" ХХК нарын хооронд Арматур худалдах худалдан авах харилцаа үүссэн ба манай компанийн зүгээс 2019 онд гэрээний урьдчилгаа төлбөрийг бэлнээр болон дансаар худалдагчид шилжүүлж 2020 оноос эхлэн худалдагч нь худалдан авагчид арматурыг нийлүүлж эхэлсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд Худалдах, худалдан авах харилцааг зохицуулж өгсөн ба 243.1 дэх хэсэгт "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" хэмээн заасан. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээ нь аман болон бичгийн хэлбэртэй байж болох бөгөөд талууд гэрээний гол нөхцөлийг тохиролцсоноор гэрээ байгуулагдсанд тооцохоор хуульчилж өгсөн байдаг.
Ийнхүү худалдагч "Д" ХХК нь бараагаа бэлтгэн нийлүүлэхдээ компанийн тамга, тэмдэг бүхий анхан шатны баримт болох зарлагын баримтуудыг манай компанид өгч, манай компанийн зүгээс материалыг тонн, жинг тулган хүлээн авдаг байсан. Худалдагч "Д" ХХК-ийн зүгээс 2020 онд нийт 4 удаагийн үйлдлээр нийт 172 тонн арматурыг манай компанид нийлүүлсэн байдаг. Тодруулбал:
2020 оны 03 сарын 17-ны өдөр Д" ХХК-ийн зарлагын 049 дугаартай баримтаар 51644 кг арматур
2020 оны 04 сарын 05-ны өдөр Д" ХХК-ийн зарлагын 043 дугаартай баримтаар 26940 кг арматур
2020 оны 04 сарын 26-ны өдөр "Д" ХХК-ийн зарлагын 181 дугаартай баримтаар 53242 кг арматур
2020 оны 08 сарын 15-ны өдөр "Д" ХХК-ийн зарлагын 209 дугаартай баримтаар 40503 кг арматур тус тус нийлүүлсэн.
Харин манай компанийн зүгээс "Д" ХХК-д арматурын төлбөрийг Хаан банкны 52 тоот дансанд дараах байдлаар 248,355,020 төгрөг шилжүүлсэн. Үүнд:
2020 оны 01 сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөгийг Хаан банкны кассын бэлэн орлогоор
2020 оны 01 сарын 22-ны өдөр 27,855,190 төгрөгийг Хаан банкны кассын болон орлогоор 2020 оны 01 сарын 24-ны өдөр 60,499,830 төгрөгийг Хаан банкны кассын бэлэн орлогоор
2020 оны 03 сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 47 тоот дансанд кассын бэлэн орлогоор
2020 оны 04 сарын 24-ны өдөр 10,000,000 төгрөгийг Хаан банкны 51 тоот дансанд кассын болон орлогоор
2020 оны 04 сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөгийг Хаан банкны 51 тоот дансанд кассын бэлэн орлогоор
2020 оны 05 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөгийг Хаан банкны 51 тоот дансанд кассын бэлэн орлогоор
2020 оны 07 сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг Хаан банкны 51 тоот дансанд кассын бэлэн орлогоор буюу нийт 248,355,020 төгрөгийг худалдагч "Д" ХХК-д шилжүүлсэн байдаг.
Ийнхүү талууд хоёр талаас нийлүүлсэн болон буцаасан арматур, мөн төлбөр төлсөн баримт зэргээ харилцан тооцож худалдагч "Д" ХХК-иас манай компанид нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг дараах байдлаар шивсэн болно.
2020 оны 01 сарын 20-ны өдөр 31,009,830 төгрөг
2020 оны 01 сарын 20-ны өдөр 25,750,190 төгрөг
2020 оны 01 сарын 20-ны өдөр 24,805,000 төгрөг
2020 оны 01 сарын 20-ны өдөр 27,300,000 төгрөг
2020 оны 01 сарын 20-ны өдөр 29,490,000 төгрөr
2020 оны 03 сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөг
2020 оны 03 сарын 31-ны өдөр 20,000,000 төгрөг
2020 оны 04 сарын 24-ны өдөр 10,000,000 төгрөг
2020 оны 04 сарын 27-ны өдөр 44,500,000 төгрөг
2020 оны 05 сарын 31-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 262,855,020 төгрөгний нэмэгдсэн өртгийн албан татварын баримт тус тус шивсэн байдаг.
Түүнчлэн "Д" ХХК-тай гэрээний гол нөхцөлөө тохиролцох үед тухайн компанийн нь "төмрийн худалдаа, барилгын материалын худалдаа"-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд байсан тул манай компанийн зүгээс 2020 онд "Д" ХХК-аас арматур худалдан авсан болно. Бидний зүгээс тухайн худалдан авсан арматурандаа НӨАТ шивүүлж тайландаа тусгах замаар хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн тул тухайн компанийг хий бичилт хийдэг эсэх, үгүй эсэхийг нэхэмжлэгчийн зүгээс мэдэх боломжгүй буюу мэдэх, тодруулах эрх хэмжээ байхгүй болно.
Гэтэл татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад бидний зүгээс холбогдох баримт болох арматур нийлүүлснийг хүлээн авсан болохыг нотлох анхан шатны баримт, төлбөр төлсөн баримт, манай компани руу НӨАТ-ын бичилт хийсэн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгөөд байхад дээрх баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж судлалгүйгээр нөхөн ногдуулалт акт үйлдэж арга хэмжээ авч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.1 дэх хэсэгт заасан "хуульд үндэслэх" зарчмыг зөрчөөд зогсохгүй Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах тухай журам"-ын "Хоёр"-ын 2.1 "Албан татварын хасалт (цаашид "хасалт" гэх) 2.1.1 "албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдаж авсан, эсхүл импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн байх;" 2.1.2.хуульд заасны дагуу хасалт хийхийг зөвшөөрсөн бараа, ажил, үйлчилгээнд төлсөн байх гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.2-т "бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг" гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйл 14.4 дэх хэсэгт "Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ гэж заасан. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт "анхан шатны баримт гэж ажил үйлчилгээ гарсныг нотолж, бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон, бусад нотолгоог ойлгоно" гэж заасан бөгөөд худалдагч, худалдан авагч нарын хооронд арматур хүлээлгэж өгсөн болон хүлээн авсан баримт, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн кассын болон дансны хуулга зэргээр талуудын хооронд ямар харилцаа үүссэн, харилцаа хэрхэн биелэгдсэн зэрэг байдал нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байхад НӨАТ-ын хий бичилт хийсэн гэх үндэслэлээр нийт 47,345,207.24 төгрөгний нөхөн ногдуулалтын акт тогтоож байгаа нь илтэд үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү.
Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 5-ын тухайд:
...Хяналт шалгалт хийж байх хугацаанд хий бичилт бүхий "Д" ХХК-иас худалдан авалт хийсэн гэх байдал үүссэн тул...зөрчлийг үгүйсгэх нотолгоог гаргаж өгөх, үндэслэлээ өөрөө нотлох үүргийн дагуу тус компанийн захиралтай холбогдон татвараас биднийг арматур аваагүй гэх асуудал гарч байгаа тул та бидэнд худалдан борлуулсан тухайгаа албан бичиг болгон өгөх хүсэлт тавьсан. Улмаар "Д" ХХК-ийн тамга тэмдэгтэй захирлын гарын үсэгтэй албан бичиг ирсэн бөгөөд тэрхүү албан бичигт "Г" ХХК нь манай компаниас арматур худалдан авсан нь үнэн болно" гэх утга бүхий байсан. Энэхүү албан бичгийг мөн л нотлох баримт болгон өгсөн байхад бодит худалдан авалт хийгээгүй атлаа хийсэн мэтээр баримт үйлдүүллээ гэх зөрчил, тайлбар, үндэслэлийг актад дурдсан байна. Хуулийн этгээд компанийн тамга тэмдэгтэй албан бичгийг бид үйлдэх боломжгүй ба "Д" ХХК-д "баримт бичиг хуурамчаар үйлдсэн" гэх Эрүүгийн хуульд заасан асуудал үүсэх нөхцөл байдал байхад хуурамчаар албан бичиг үйлдэж өгөх боломжгүй юм.
Мөн зөрчилд дурдсанаар худалдан авалт хийгээгүй атлаа хийсэн мэтээр 238,959,109.09 төгрөгийн дүнгээр төлбөрийн баримт үйлдүүлсэн гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-т "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" гэж заасныг зөрчсөн байна. Тухайн компани нь борлуулсан арматурандаа төлбөрийн баримтыг шивсэн тухай дээр дурдсан. Түүнчлэн арматурыг ашиглан манай компани бодитоор барилга угсралтын ажил хийсэн ба тус барилгаа барьж дуусан одоо ашиглалтанд орсон байгаа нь Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дэх хэсгүүдэд заасан нөхцөл, шаардлагыг хангасан зардал юм. Мөн хуулийн 13.1.3-т зааснаар бодитой зардал гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт холбогдох бүртгэлээ баталгаажсан байдаг.
Бидний зүгээс тухайн барилгыг буюу Хын А блокийг барьж байхад Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу буюу төсвийн тооцоолол, зураглалаар нийт 170,513.94кг арматур орохоор байсан ба манай компанийн Д" ХХК-иас авсан арматураа ашиглан барилгаа барьсан. Үүнийгээ нотлох зорилгоор А даалгаврын зураг төслийг хавсаргаж Маргаан таслах зөвлөлд өгсөн болно.
Мөн энэхүү ажил, үйлчилгээтэй холбоотойгоор бодит гарсан зардлаа нотлох үүргийг хүлээн төлбөр төлсөн дансны хуулга, банкны теллерийн тамга тэмдэгтэй баримтыг өгсөн. Гэтэл ямар үндэслэлээр "худалдан авалт хийсэн мэтээр баримтыг үйлдүүлсэн" гээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд хариуцагчийн энэхүү дүгнэлт нь "Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна" гэж заасныг зөрчсөн байна. Түүнчлэн ямар үндэслэлээр арматурыг ашиглан барилгаа бариагүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй юм.
Мөн худалдан авалт хийсэн мэтээр баримт үйлдүүлсэн, арматур худалдан аваагүй гэдэг зөрчлийг хэрхэн нотолж байгаа нь эргэлзээтэй бөгөөд энэхүү үйлдлийг тогтоох эрх бүхий байгууллага нь татварын хэлтэс мөн эсэх, нөгөөтэйгүүр хэрвээ хуурамчаар баримт үйлдүүлсэн гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллагаар тогтоолгох ёстой. Гэвч дээрх нөхцөл байдлыг харьяалан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаар шалгуулаагүй атлаа худалдан авалт хийсэн мэтээр баримтыг үйлдсэн гэж дүгнэж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. Ингээд нөхөн ногдуулалтын акт тавихдаа татвар төлөгчийн эрхийг хөндсөн, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг бүрэн үзээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй, хэт нэг талыг барьж акт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.5 дахь хэсэг "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэж заасныг зөрчсөн байна.
Хууль хэрэглээний хувьд, Зөрчлийн тухай хуулийн 11.19.1, Татварын ерөнхий хуулийн 73.2.1, 82.1.2, 84.1.2 дах хэсгүүдийг үндэслэсэн нь хууль зүйн хувьд илэрхий алдаатай байна. Тодруулбал: Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу шийдвэрлэнэ хэмээн заасан. Гэтэл маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын аль хэсэг нь Зөрчлийн хуулинд заасан зөрчил болсон ба аль хэсэг нь Татварын ерөнхий хуулийг зөрчиж нөхөн ногдуулалтын акт ногдуулсан болох нь тодорхойгүй.
Нэгэнт татварын байцаагч нар хяналт шалгалтын явцад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1-т заасан зөрчил илэрсэн гэж үзсэн тохиолдолд тухайн зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу шалган шийдвэрлэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасанчлан шийдвэр нь "шийтгэх хуудас" хэлбэртэй гарах хуулийн зохицуулалттай ба энэ нь эрх зүйн өөр үр дагаврыг үүсгэх юм. Тухайлбал:
А) Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.15-д заасны дагуу Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх ба холбогдсон хуулийн этгээд буюу манай байгууллага Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж зөрчлийн хэрэгтэй танилцах болон нотлох баримт гаргаж өгөх, шалгуулах болон бусад эрхүүдээ хэрэгжүүлэх ёстой байсан.
Б) Зөрчлийг зөрчил гэж тооцох, хянан шалгах ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдах шаардлага тавигддаг. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно хэмээн заасан ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй хэмээн заасан зэргээс үзэхэд хариуцагчдийн зүгээс нэхэмжлэгч байгууллагын татвар ногдуулалт, төлөлтийг шалгаад "зөрчил үйлдсэн" хэмээн үзэж шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд Татварын хуульд заасан хариуцлага бус тухайлан Зөрчлийн хуульд заасан шийтгэл, хариуцлагын хүрээнд шийдвэр гаргах ба хариуцлага хүлээлгэх хуулийн зарчим үйлчилнэ.
В) Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулах шийтгэл, албадлын арга хэмжээг хөнгөрүүлсэн, хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх учиртай. Энэхүү зохицуулалт нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тухайн шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэх боломжтой байдаг. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд 2019 оны 03-р сард нэмэлт өөрчлөлт орсон нь 2020 оны 01 сараас хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй зохицуулалт буюу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон "тайлбар" хэсэгт зааснаас үзвэл татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд тухайн торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байхаар заасан ба алданги гэж хариуцлага байхгүй байх тул гомдол гаргагч хуулийн этгээдийн хувьд хариуцлагыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Татварын Улсын байцаагчийн 2024 оны 10 сарын 31-ны өдрийн НА-34 дугаартай Нөхөн ногдуулалтын акт"-ын тэмдэглэх нь хэсгийн 4 дэх хэсэгт заасан нөхөн татвар 23,895,910.09 төгрөг, торгууль 9,558,364.36 төгрөг, алданги 13,890,931.97 төгрөг нийт 47,345,207.24 төгрөг, 5 дахь хэсэгт заасан нөхөн татвар 23,895,910.09 төгрөг, торгууль 7,168,773.27 төгрөг, алданги 13,564,991.75 төгрөг нийт 44,629,675.93 төгрөг, нийт 91,974,883.17 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
6. Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын хяналт шалгалт хийх 34 тоот томилолтын дагуу хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд Татварын хяналт шалгах хийх тусгай удирдамжийн дагуу Г ХХК дээр дахин 2024 оны 03 сарын 04-ний өдөр 34 тоот томилолт /хялбаршуулсан-хэсэгчилсэн/ татварын улсын байцаагч М.Э, Ч.М нарт олгогдон ирснийг нэгтгэн ирсэн мэдээллийн хамт Татварын улсын байцаагч Д.Х, Б.А нар хүлээн авч шалгалтын ажлыг дуусгасан болно. Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээлэлд НӨАТ-ын падааны хий бичилт /хуурамч падаан/ үйлдэгч тоот регистрийн дугаартай Д ХХК-аас 2020 онд 10 ширхэг 238,959,109.09 төгрөгийн үнийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт хийж төлөх татвараа бууруулсан болох нь дурдагдсан байв. Татварын улсын байцаагч нар 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Нацагдорж Бямбаа мэйлээр ирсэн чиглэл хүргүүлэх тухай, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 08/594 албан тоот, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамж, Татварын ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжуудыг удирдлага болгон ажилласан. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газарт Д ХХК-ийн дансны хуулгыг ирүүлэх хүсэлт гаргасны дагуу Хаан банк ХХК-ийн 52 тоот дансны хуулгыг хянаж үзэхэд дансаар орсон орлого нь тухайн өдрөө буюу маргааш нь бөөн дүнгээрээ УХ регистрийн дугаартай иргэн Б овогтой Мын 51 тоот данс руу болон бэлнээр арматурын үнэ, буцаалт гэсэн зарлагын гүйлгээ хийгдсэн, 2020 оны 07 дугаар сарын 03-наас хойш гүйлгээ хийгдээгүй, компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад зардлууд огт гарахгүй байгаа нь Д ХХК дээр ямар нэг үйл ажиллагаа явагддаггүй гэдгийг нотолж байна.
Түүнчлэн НДМТЗ-ийн тогтоолд Д ХХК нь Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 07/2996 тоотын дагуу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.С, Т.Б нар тус ХХК-ийн 2016. 12 12-с 2020.10.31-ний хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд нягтлан шалгах ажиллагаа явуулж 10,341,445,145.00 төгрөгийн үнийн дүн бүхий 495 ширхэг НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж бусад татвар төлөгчдийн төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулах боломж олгосон зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж танилцуулга бичигдсэнийг дурдсан байна. Мөн Д ХХК-ийн цахим санхүүгийн тайлангийн и-баланс системд 2019 оны 02 дугаар улирлаас хойш баталгаажсан тайлангүй, сураггүй алга болсон төлөвтэй, мөн Монголын татварын албаны www.mta.gov.mn цахим хуудсанд хий бичилттэй падаан бичсэн аж ахуйн нэгжийн жагсаалтын 91 дугаарт бүртгэгдэн зарлагдсан болохыг дурджээ. Иймд Татварын Ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдагдсан 238,959,109.09 төгрөгийн зөрчилд үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн дагуу хариуцлага тооцон ажилласан болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Г ХХК-иас Татварын Улсын байцаагчийн 2024 оны 10 сарын 31-ны өдрийн НА-34 дугаартай Нөхөн ногдуулалтын акт"-ын тэмдэглэх нь хэсгийн 4 дэх хэсэгт заасан нөхөн татвар 23,895,910.09 төгрөг, торгууль 9,558,364.36 төгрөг, алданги 13,890,931.97 төгрөг нийт 47,345,207.24 төгрөг, 5 дахь хэсэгт заасан нөхөн татвар 23,895,910.09 төгрөг, торгууль 7,168,773.27 төгрөг, алданги 13,564,991.75 төгрөг нийт 44,629,675.93 төгрөг, нийт 91,974,883.17 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч нарын гаргасан, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-34 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ын 4-т 2020 онд тоот регистрийн дугаартай "Д" ХХК-аас 10 ширхэг 238,959,109 09 төгрөгийн үнийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар хасалт хийж төлөх татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг, актын 5-д 2020 онд бодит худалдан авалт хийгээгүй атлаа хийсэн мэтээр 238,959,109.09 төгрөгийн дүнгээр төлбөрийн баримт үйлдүүлж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тайлагнан, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1 Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал, 13.1.3-д зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэн Татварын ерөнхий хуулийн 42.1, 79.1, 79.4.3, 73 дугаар зүйлийн 73 2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д заасныг үндэслэн нийт 91,974,883.17 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож шийдвэрлэсэн.
Хэрэгт буй нотлох баримтуудаас үзвэл Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 08/594 дүгээр Чиглэл хүргүүлэх тухай албан тоотоор ...бодит бус хий бичилттэй газруудаас нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авсан, борлуулалтаа тайлагнаагүй...татвар төлөгчдөд эрсдэлийн үнэлгээ тооцож, хялбаршуулсан хяналт шалгалтад хамруулах чиглэл өгсөн,
Татварын хяналт шалгалт хийх 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаар томилолтоор Татварын улсын байцаагч Ч.М, М.Э нар Г ХХК-ийн 2020.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдрийн татварын тайланд хэсэгчилсэн хяналт шалгалт хийхээр томилогдсон,
Тус татварын байцаагч нарын гаргасан НӨАТ-ын хий бичилттэй падаан худалдан авсан татвар төлөгчдийг татварын хяналт шалгалтад хамруулах судалгаа-нд Худалдан авагч Г ХХК, Борлуулагч Д ХХК хий бичилттэй падаан нь 2020-05-31-ний өдрийн 40, 2020-04-27-ны өдрийн 40, 2020-04-24-ны өдрийн 40*******, 2020-03-31-ны өдрийн 40*******, 2020-03-17-ны өдрийн 40*******, 2020-01-21-ны өдрийн 40*******, 2020-01-21-ны өдрийн 40*******, 2020-01-20-ны өдрийн 40*******, 2020-01-20-ны өдрийн 40*******, 2020-01-20-ны өдрийн 40******* дугаар падаан гэж тэмдэглэн Зөрчил хүлээлгэн өгсөн Татварын улсын байцаагч Ч.М, М.Э, Зөрчил хүлээн авсан Татварын улсын байцаагч Д.Х, Б.А тус тус гарын үсэг зурцгаасан,
Мөн ...НӨАТ-ын падааны хий бичилт /хуурамч падаан/ үйлдэж худалдан авагчийг татварын эрсдэлд оруулан татварын хууль тогтоомж зөрчсөн болохыг хууль хяналтын байгууллагаас тогтоосон гэх нэр бүхий 320 татвар төлөгчийн жагсаалтын 91 дүгээрт Д ХХК-г дурдсан нь тогтоогдсон,
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.С, Т.Б******* нар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 07/2996 тоот албан бичгийг үндэслэн "Д" ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд нягтлан шалгах ажиллагаа явуулж 10,341,445,145.00 төгрөгийн үнийн дүн бүхий 495 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан үйлдэж бусад татвар төлөгчдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах боломж олгосон зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичсэн, энд дурдсан 495 ширхэг падаан дотор Г ХХК-д өгсөн хий бичилттэй гэх падаанууд багтсан, хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай маргаагүй.
2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-34 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ын 4-т заасны тухайд:
Татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын явцад Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас "Д" ХХК-ийн Хаан банк дахь 52 тоот харилцах дансны хуулгыг авч хянахад дансаар орсон орлого нь тухайн өдөртөө болон маргааш нь тухайн дүнгээрээ УХ регистрийн дугаартай иргэн Б овогтой Мын 51 тоот данс руу болон бэлнээр арматурын үнэ, буцаалт гэсэн зориулалтаар зарлагын гүйлгээ хийгдсэн, мөн 2020 оны 07 дугаар сарын 03-наас хойш гүйлгээ хийгдээгүй, компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад зардлууд огт гараагүй болохыг тогтоосон байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс "Д" ХХК-ийн Хаан банк дахь 52 тоот харилцах дансанд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 50,000,000.00 төгрөг, мөн өдөр 27,855,190.00 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 60,499,830.00 төгрөг, нийт 138,355,020.00 төгрөгийг бэлнээр, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000.00 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 10,000,000.00 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 40,000,000.00 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000.00 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000.00 төгрөг, нийт 110,000,000.00 төгрөгийг бэлэн бусаар, нийт 248,355,020.00 төгрөг шилжүүлснийг нотлох Хаан банкны орлогын мэдүүлэг,"Г" ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 309,036,350.00 төгрөгийн дүн бүхий Бараа материалын зарлагын баримтыг ирүүлсэн ба 2020 оны 2,411,761,661.60 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний дүнд "Д" ХХК-ийн үйлдсэн 238,959,109.09 төгрөгийн дүнтэй маргаан бүхий 10 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тусгасан болох нь мөн тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь хэдийгээр ...аман гэрээ хийж бодитоор арматурыг авсан, бид Х А блокийг ашиглалтанд оруулсан гэж маргаж байх боловч бодит байдалд худалдан авалт хийгдсэн нь нотлогдохгүй байх ба хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй.
Тодруулбал, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй бөгөөд бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримт, түүнчлэн худалдан авагч талын...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, ажил, гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредит бичилт, журнал, бүртгэл гэх мэт санхүүгийн анхан шатны баримт, бүртгэлд уг гүйлгээ гарсан нь тусгагдсан тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох журамтай.
Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно, 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэж дүгнэн нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр тогтоосон Улсын байцаагчийн акт хуульд нийцсэн гэж шүүх дүгнэв.
Мөн өдрийн НА-34 дугаар Нөхөн ногдуулалтын акт-ын 5-д заасны тухайд:
Хариуцагч нар 2020 онд бодит худалдан авалт хийгээгүй атлаа хийсэн мэтээр 238,959,109.09 төгрөгийн дүнгээр төлбөрийн баримт үйлдүүлж хасагдах зардлаар тайлагнан, татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгчид нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг нэхэмжлэгчээс ... барилгаа барьж дуусган одоо ашиглалтанд орсон байгаа нь хуулийн нөхцөл, шаардлагыг хангасан зардал,...зураг тооцооллоор нийт 170,513.94 кг арматур орохоор байсан, бодит худалдан авалт хийсэн... гэж маргасан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 "Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно гэж, 13.1.1-д тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх, 13.1.2-т албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдох гарсан байх, 13.1.3-д зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4-т доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх" гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй: 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал тус тус заасан.
Үүнээс үзвэл хуульд заасан эдгээр нөхцөлийг бүгдийг хангасан зардлыг л татвар ногдох орлогоос хасах учиртай бөгөөд "Г" ХХК-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2020 оны 4 дүгээр улиралд тайлагнасан хасагдах зардлын зарим хэсэг нь бодит бус ажил, гүйлгээний төлбөрийн баримтад үндэслэсэн нь тогтоогдсон байх тул энэ үндэслэлээр тус компанид 238,959,109.09 төгрөгийн зөрчилд 23,895,910.91 төгрөгийн нөхөн татвар, 7,168,773.27 төгрөгийн торгууль, 13,564,991.75 төгрөгийн алданги, нийт 44,629,675.93 төгрөгийн төлбөр ногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хариуцагч нарын гаргасан Нөхөн ногдуулалтын актад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д заасныг баримталсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх үзсэнийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д заасныг тус тус баримтлан Г ХХК-иас гаргасан Татварын Улсын байцаагчийн 2024 оны 10 сарын 31-ны өдрийн НА-34 дугаартай Нөхөн ногдуулалтын акт"-ын тэмдэглэх нь хэсгийн 4 дэх хэсэгт: нөхөн татвар 23,895,910.09 төгрөг, торгууль 9,558,364.36 төгрөг, алданги 13,890,931.97 төгрөг нийт 47,345,207.24 төгрөг, 5 дахь хэсэгт: нөхөн татвар 23,895,910.09 төгрөг, торгууль 7,168,773.27 төгрөг, алданги 13,564,991.75 төгрөг нийт 44,629,675.93 төгрөг, нийт 91,974,883.17 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН