| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/05441/И |
| Дугаар | 192/ШШ2025/04697 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04697
| 2025 06 02 | 192/ШШ2025/04697 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: Г
Хариуцагч: Г,
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч төлөөлөгч Б.Ө
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М
хариуцагч Г
хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Ө.О
гэрч Ц.А
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
а. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* миний бие нь ******* ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулан өөрийн төрсөн эгч С.*******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох УНӨ **** улсын дугаартай Хово маркийн өөрөө буулгагчтай 20 тонны даацтай самсомолыг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар өдөрт 20 цаг ажиллах ба нэг сарын төлбөр нь 19 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Энэ гэрээний хугацаа дууссаны дараа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн захирал гэрээгээ сунгая танай тээврийн хэрэгслийг үргэлжлүүлэн түрээслэе гэсний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Техник хэрэгсэл түрээслэх гэрээг Шинэчлэн байгуулан өмнөх гэрээний гол нөхцөлүүд хэвээр үргэлжлүүлэхээр болж би өөрийн төрсөн эгч С.*******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох УНӨ **** улсын дугаартай Хово маркийн өөрөө буулгагчтай 20 тонны даацтай самсомолыг 2024 оны 01 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар өдөрт 20 цаг ажиллах ба нэг сарын төлбөр нь 19 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Сүүлийн гэрээг хийхэд түрээслэгч компанийн нэр, захирлын нэр өөрөөр бичигдсэн байсан. Учрыг лавлахад манайх нэг л компани, арай томроод өөрчлөгдсөн юмаа, нэг л компани гэрээгээ үргэлжлүүлэн байгуулж байна гэж ойлгоорой гэсэн. Үнэхээр өмнөх гэрээг байгуулсан Хан-Уул дүүргийн оффис дээр нь дараагийн гэрээгээ байгуулсан болохоор нэг компани юм байна гэж ойлгосон. Одоо ч энэ хаяг дээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хариуцагч нар гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж байгаагүй, эхэн үедээ алдаг оног дутуу хагас төлбөр хийж байгаад сүүлдээ огт төлөхөө больсон. Тухайн үедээ компани мөнгө муу байна, удахгүй ажлын хөлснүүд орж ирэхээр бөөн төлчихнө гэх байдлаар аргацааж явсаар өнөөдрийг хүрсэн. Миний хувьд төлбөр тооцоогоо бүрэн авч чадахгүй байсан ч гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж ажлыг нь алдагдуулахгүй байх талаар хичээж ирсэн. Бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон ба компаний зүгээс гэрээг сунгаж 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажиллуулсан. Миний зүгээс тээврийн хэрэгслийг компанид нийт 5 сар 19 хоног түрээслүүлсэн байх бөгөөд нийт 107 046 000 төгрөг авах ёстойгоос 31 078 000 төгрөгийг хэд хэд хуваан авсан бөгөөд 75 968 000 төгрөгийг огт төлөөгүй хугацаа алдаж намайг хохироож байна. Иймд хариуцагч компани гэрээний дагуу төлбөрийг хугацаандаа хийгээгүй учир гэрээний 6.3, 4.7-д заасны дагуу алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 50 хувиар тооцоход нэхэмжлэх алданги 37 984 000 төгрөг болж байна. Мөн хуульч, өмгөөлөгчөөс мэргэжлийн туслалцаа авч хэрэг маргаанд оролцуулсан хөлс нь 5 697 600 төгрөг болсон. Иймд нэхэмжлэгч С.******* надад хариуцагч ******* ХХК-иас 19 000 000 төгрөг, алдангид 9 500 000 төгрөг, өмгөөллийн хөлс 2 848 800 төгрөг, нийт 31 348 800төгрөг, ******* ХХК-иас гэрээний үүрэгт 56 968 000 төгрөг, алдангид 28 484 000 төгрөг, өмгөөллийн хөлс 2 848 800 төгрөг, нийт 91 300 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Техник хэрэгсэл түрээслэх гэрээний дагуу ******* ХХК-иас гэрээний үндсэн төлбөр болох 56 968 000 төгрөг, алданги 28 484 000 төгрөг нийт 85 452 000 төгрөгийг нэхэмжилсэн билээ. Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй билээ. Түүнчлэн хариуцагч тал гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо нийлж гэрээний төлбөрийг төлөх талаар удаа дараа нэхэмжлэгч талд мэдэгдэж, шаардаж байсныг хэлэх нь зүйтэй байх. Мөн талууд ***** тоот гэрээг хүчин төгөлдөр эсэх дээр маргадаггүй бөгөөд хариуцагч тал татгалзалаа нотолж шүүхэд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт буюу гэрээний 4.5-д заасны 4 "Замын хуудасны цаг бүртгэл"-ийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тус нотлох баримтаар нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д заасны дагуу гэрээний хугацаанд нэг өдөрт 20 цаг техник хэрэгслийг ажиллуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй болох нь тодорхой байхад нэхэмжлэгч нь техник хэрэгслийг бүрэн ажиллуулсан хэмээн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих 3 сарын хугацаанд ногдох нийт үндсэн төлбөр болох 56 968 000 төгрөг, алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өмгөөллийн хөлс 2 848 000 төгрөг шаардаж байгаа тухай нэхэмжлэгч нь хэдий хуульд заасны дагуу өмгөөлөгч авах, авахгүй байх эрхтэй боловч хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэний төлөө хариуцагч талаас Өмгөөллийн хөлс гэх 2 848 000 төгрөгийг төлөх үүрэгтэй мэт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэв.
3. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******ын нэхэмжлэлтэй ******* ХХК болон ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай мэдэгдэлтэй танилцаад хариуцагч ******* ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Удаанжаргал миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгч С.******* нь ******* ХХК болон ******* ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн Техник түрээсийн гэрээг байгуулж гэрээний үүрэгт 119 649 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч С.******* нь ******* ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 19 000 000 төгрөгийн үнийн дүнтэй Теник хэрэгсэл түрээслэх гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай мэдэгдэлд ******* ХХК-иас гэрээний дагуу 19 000 000 төгрөг, алданги 9 500 000 төгрөг нийт 28 500 000 төгрөг, өмгөөллийн хөлсний 50 хувь болох 2 848 800 төгрөг, нийт 31 348 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна хэмээн дурдсан байна. ******* ХХК нь нэхэмжлэгч С.*******той 2 сарын хугацаатай гэрээ байгуулж гэрээний сарын төлбөр 19 000 000 төгрөг буюу нийт 38 000 000 төгрөг төлөх ёстойгоос 31 078 000 төгрөгийг төлсөн. Энэ талаар нэхэмжлэгч 2024.08.14-ний өдөр шүүхэд гаргасан өөрийн нэхэмжлэлдээ миний зүгээс тээврийн хэрэгслийг компанид нийт 5 сар 19 хоног түрээслүүлсэн байх бөгөөд нийт 107 046 000 төгрөг авах ёстойгоос 31 078 000 төгрөгийг хэд хэд хуваан авсан гэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ талаар талууд маргаагүй. Манай төлсөн 12 078 000 төгрөгийг ******* ХХК-иас хасч нэхэмжилсэн байна. Төлбөрийн тооцооллын хувьд манайх одоо 6 922 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Манайх энэхүү үлдэлдэл төлбөртөө алданги төлөх боломжтой. Хэдийгээр манайх гэрээний хувьд маргахгүй зүйлгүй буюу 6 922 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл, үүн дээр нэмэх нь алдангийг төлөх боломжтой ч нэхэмжилж байгаа өмгөөллийн хөлс болох 2 848 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 16 дах хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхээ хууль ёсны дагуу эдлэснийх нь төлөө өмгөөлөгчөөс хууль эрх зүйн туслалцаа авсан хөлсийг бид төлөх нь үндэслэлгүй юм гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, 2023.10.28-ны өдрийн Техник хэрэгсэл түрээслэх гэрээ, 2024.01.02-ны өдрийн **** дугаар техник хэрэгсэл түрээслэх гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Ц.********, М.Төгөлдөр, С.******* нарын тодорхойлолт, гэрч Б.********ын дансны хуулга зэргийн ирүүлсэн байна. /1-хх-ийн 3-21, 243, 2-хх-ийн 3-6,19-79/
5. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн дүрэм, итгэмжлэл, хариу тайлбар, Замын хуудасны цаг бүртгэлүүд, зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 37-40, 102-237/
6. Шүүхээс талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр Ц.********, Б.******** нарыг оролцуулж мэдүүлэг авч хэрэгт хавсаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу түрээсийн төлбөрт 31 078 000 төгрөгийг хэд хэд хувааж төлсөн боловч үлдэгдэл 19 000 000 төгрөгийг төлөөгүй тул алдангийн 9 500 000 төгрөгийн хамт, мөн өмгөөллийн хөлс 2 848 800 төгрөг, нийт 31 348 800 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулахаар шаардаж байна. Мөн ******* ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр **** дугаар Техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулж, техникээ түрээслүүлсэн боловч нэг ч удаа төлбөр төлөөгүй тул гэрээний үүрэгт 56 968 000 төгрөг, алдангид 28 484 000 төгрөг, өмгөөллийн хөлс 2 848 800 төгрөг, нийт 91 300 800 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ...хариуцагч тал гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо нийлж гэрээний төлбөрийг төлөх талаар удаа дараа нэхэмжлэгч талд мэдэгдэж, шаардаж байсан. Нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д заасны дагуу гэрээний хугацаанд нэг өдөрт 20 цаг техник хэрэгслийг ажиллуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй болох нь тодорхой байхад нэхэмжлэгч нь техник хэрэгслийг бүрэн ажиллуулсан хэмээн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих 3 сарын хугацаанд ногдох нийт үндсэн төлбөр болох 56 968 000 төгрөг, алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь хэдий хуульд заасны дагуу өмгөөлөгч авах, авахгүй байх эрхтэй боловч хуульд заасан эрхээ хэрэгжүүлсний төлөө хариуцагч талаас Өмгөөллийн хөлс гэх 2 848 000 төгрөгийг төлөх үүрэгтэй мэт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан. юм гэв.
4. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ... ******* ХХК нь нэхэмжлэгч С.*******той 2 сарын хугацаатай гэрээ байгуулж гэрээний сарын төлбөр 19 000 000 төгрөг буюу нийт 38 000 000 төгрөг төлөх ёстойгоос 31 078 000 төгрөгийг төлсөн. Манай төлсөн 12 078 000 төгрөгийг ******* ХХК-иас хасч нэхэмжилсэн байна. Төлбөрийн тооцооллын хувьд манайх одоо 6 922 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Манайх энэхүү үлдэлдэл төлбөртөө алданги төлөх боломжтой. Өмгөөллийн хөлс болох 2 848 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэж тайлбарласан.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах байдал тогтоогдож байна.
5.1 Нэхэмжлэгч С.******* нь **** УНӨ улсын дугаартай HOWO маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна./1-р хх-ийн 16/
5.2 Нэхэмжлэгч С.*******, хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Техник хэрэгсэл түрээслэх гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С.*******ийн өмчлөлийн Howo маркийн, өөрөө буулгагч **** УНӨ улсын дугаартай 20 тонн хэмжээтэй, 50 литрийн түлш зарцуулалттай тоног төхөөрөмжийг 1 өдөрт ажиллах цаг 20 цаг ба нэг сарын төлбөр 19 000 000 төгрөгөөр тооцож, гэрээ 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6-10/
5.3 Хариуцагч ******* ХХК гэрээний дагуу нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ****УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсэлсэн бөгөөд түрээсийн төлбөрт 31 078 000 төгрөгийг төлсөн, 6 922 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүн дээрээ алданги төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.
6. Нэхэмжлэгч С.*******, хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр **** дугаар Техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч С.*******ийн өмчлөлийн Howo маркийн, өөрөө буулгагч **** УНӨ улсын дугаартай 20 тонн хэмжээтэй, 50 литрийн түлш зарцуулалттай тоног төхөөрөмжийг 1 өдөрт ажиллах цаг 20 цаг ба нэг сарын төлбөр 19 000 000 төгрөгөөр тооцож, гэрээ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 11-15/
6.1 Талууд дээрх гэрээг байгуулагдсан, гэрээний дагуу тээврийн хэрэгслийг ашигласан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүйн улмаас талуудын хооронд маргаан үүссэн байна.
6.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
6.3 Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч С.*******, С.******* нар нь өөрийн эзэмшлийн техникийг ашиглуулсны төлбөрийг шаардах эрхтэй байна.
7. Хариуцагч ******* ХХК татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д заасны дагуу гэрээний хугацаанд нэг өдөр 20 цаг техник хэрэгслийг ажиллуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй болох нь тодорхой байхад техник хэрэгслийг бүрэн ажиллуулсан хэмээн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих 3 сарын хугацаанд ногдох үндсэн төлбөр болох 56 968 000 төгрөг, алданги болон өмгөөллийн хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж, замын хуудасны цаг бүртгэлийн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн.
7.1 Харин хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч ...нэхэмжлэгч С.******* нь гэрээнд заасны дагуу техник хэрэгслийг ажиллуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй, гэрээний 4.5-д зааснаар талууд замын хуудасны цаг бүртгэлийг үндэслэн түрээсийн төлбөрийг тооцохоор тохирсон. гэж тайлбарлаж байх боловч хэрэгт ирүүлсэн цагийн бүртгэлийн баримтуудаар тухайн тээврийн хэрэгслийг сард хэдэн цаг ажиллуулсныг тооцох боломжгүй, түүнчлэн хариуцагч нь тооцоог гаргаж ирүүлээгүй байна.
7.2 Тодруулбал, хариуцагч ******* ХХК-аас ирүүлсэн цагийн бүртгэлийн баримтаар тухайн тээврийн хэрэгслийн ажилласан цагийг тооцох боломжгүйн дээр, талууд гэрээний 4.5, 4.6-д зааснаар сар бүр тооцоо нийлж, төлбөр тооцоог сар бүр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байх ба энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.
7.3 Нөгөөтэйгүүр, хариуцагч ******* ХХК нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч С.*******ийн өмчлөлийн Howo маркийн, өөрөө буулгагч **** УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэсэн болох нь, мөн нэхэмжлэгч нар нь дээрх хугацааны ажлын хөлсийг гэрч Б.********ын Хаан банк ХК-ийн ******** тоот данснаас түрээсийн гэрээний дагуу жолоочоор ажилласан нэр бүхий хүмүүсийн дансанд 2024.01.05-ний өдрөөс 2024.04.28-ны өдөр хүртэл хугацаанд Хово урьдчилгаа гэсэн утгаар мөнгө шилжүүлж байсан болох нь гэрч Ц.********, Б.******** нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан Б.********ын Хаан банк ХК-ийн ******** тоот дансны хуулгаар тогтоогдож байна.
8. Иймд нэхэмжлэгч С.*******, хариуцагч ******* ХХК нарын хооронд байгуулсан дээрх гэрээ 2024 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилсэн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй тул гэрээний төлбөрт 56 968 000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч С.*******, хариуцагч ******* ХХК-ийн хооронд байгуулсан Техник хэрэгсэл түрээслэх гэрээний үйлчлэх хугацаа 2 сар ба гэрээний нийт төлбөр 38 000 000 төгрөг ба үүнээс хариуцагч ******* ХХК нь 31 378 817 төгрөгийг төлсөн ба үлдэх 6 612 183 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байх тул дээрх төлбөрийг тус тус шаардах эрхтэй.
9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар талуудын байгуулсан гэрээний дагуу алдангийг тооцож, хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй.
10. Харин хариуцагч ******* ХХК-аас өмгөөллийн хөлс 2 848 800 төгрөг, хариуцагч ******* ХХК-иас өмгөөллийн хөлс 2 848 800 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй.
10.1 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохиролд тооцох үндэслэлгүй.
10.2 Дээрхийг нэгтгээд хариуцагч нь ******* ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 6 612 183 төгрөг, алданги 3 306 091 төгрөг, нийт 9 918 274 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүрэгт 56 968 000 төгрөг, алданги 28 484 000 төгрөг, нийт 85 452 000 төгрөгийг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүрэгт 9 918 274 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүрэгт 85 452 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******, С.******* нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 24 279 326 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.*******оос улсын тэмдэгтийн хураажид дутуу төлсөн 172 948 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 173 642 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 585 210 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ